Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-18
Дугаар 533
Хэргийн индекс 120/2017/0008/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ө а АН
Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ө а АН-ын 

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2017/0013 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0701 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Ө а АН нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

 

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сонгуулийн хороо байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Х, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ө а АН “Өнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0701 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүх хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байдал, түүний үндэслэлийг магадлалд тусгаагүй байна.

Мөн магадлалын үндэслэх хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт дахин сонгуулийг зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд нэхэмжлэгч гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тухайн тойрогт явуулсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг хурлын Тэргүүлэгчид даалгах гэж шаардлагыг ихэсгэж тодруулсан юм.

Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, тодруулсныг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан болон анхан шатны хуралдааны өмнө танилцаж, шинээр шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй болохыг илэрхийлсэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй болно. Учир нь Сонгуулийн   хороо   байгуулахыг даалгах шаардлагыг нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргасан тул хариуг хуулийн хугацаанд өгсөн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аливаа шийдвэр гаргаагүй, шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэх, татгалзах нөхцөл бүрдээгүй тул тэдгээрийн эс үйлдэхүйтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх боломж байхгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх эрх бүхий байгууллагаас цуглуулан авч хэргийг шийдвэрлэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт бүрийг үнэлсэн магадлалын үндэслэх хэсэгт дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх заалтыг анхан шатны шүүх зөрчөөгүй болно.

Аймгийн Сонгуулийн хороог дахин байгуулах шаардлагатай холбоотой бүхий л баримтыг шүүх цуглуулсан нь нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой маргааны үйл баримтыг тогтоох боломж бүрдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг дурдаж үндэслэлийг тодорхойлсон байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтад нийцэж байгаа юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлал, Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-д зааснаар шүүхийн шийтгэвэр, магадлалаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг зөрчигдөөгүй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн байна.

Давж заалдах шатны магадлалд дурдсан нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарыг хариуцагчаас бичгээр аваагүй, нэмж нотлох баримтыг шүүх цуглуулаагүй гэсэн үндэслэлүүд нь маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй байна. Иймд давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

Ө а АН нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сонгуулийн хороо байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь тодорхой захиргааны актад холбогдсон байхыг шаарддаг. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байгаа нь ойлгомжгүй, хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт нь амаар эсхүл бичгээр гаргасан байх буюу тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтан тодорхой байх, мөн тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх, хэрэв бичгээр гаргасан бол хэдний өдрийн ямар захиргааны акт болох нь нэхэмжлэлээс тодорхой харагдаж байх учиртай.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон “сонгуулийг хүчингүй болгуулах” гэх шаардлага нь тодорхой захиргааны акт байх шинжийг агуулаагүй, захиргааны ямар албан тушаалтны, хэзээ гаргасан шийдвэртэй холбогдуулан маргаж байгаа, энэ нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн зэргээр тодорхойгүй байхаас гадна сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж гаргасан шийдвэр нь тодорхой захиргааны акт болж хэлбэржих болохоос сонгуулийн үйл ажиллагаа нь өөрөө захиргааны актын шинжийг шууд агуулахгүй буюу “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн тодорхой захиргааны актад холбогдуулан гаргах хуулийн зарчимд нийцэхгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зайлшгүй шаардлагатай, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тодорхойлсон эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүхээс тодруулаагүй, Хурлын Тэргүүлэгчид болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусдаа, бие даасан байгууллага тул хариуцагч тус бүрийн шийдвэр, үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгч, холбогдох баримтыг цуглуулах нь маргааныг эргэлзээгүй, бүрэн дүүрэн шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хариуцагчийн “шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж, шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй болохыг илэрхийлсэн байхад давж заалдах шатны шүүхээс “нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарыг хариуцагчаас бичгээр аваагүй, нэмж нотлох баримтыг цуглуулаагүй” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй” гэх гомдлын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нотлох баримт цуглуулах шаардлагатай” гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байснаар дээрх гомдол няцаагдаж байх тул давж заалдах шатны шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, “нэмж гаргах нотлох баримт байхгүй” болохоо илэрхийлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу “сонгуулийг хүчингүй” болгуулах шаардлага нь тодорхой захиргааны актад холбогдож, тодорхой болсноор үүнтэй уялдаж, хариуцагчаас тайлбар, нотлох баримт гаргах нөхцөл байдал үүсч болзошгүй тул “шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодруулсны дараа шийдэгдэх асуудал болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0701 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ