Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-23
Дугаар 390
Хэргийн индекс 128/2017/0315/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Г.С
Хариуцагч ХНХСайд
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд Ц.О
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Г.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0549 дүгээр магадлалтай, Г.С-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0494 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1,  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг тус тус баримтлан Г.С-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5.186.454 /таван сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг Г.С-д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.С-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Говьсүмбэр аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0549 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, Б.Энхцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийдлээр Г.С-ийг ажлаас чөлөөлсөн гэж дүгнэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд шинээр томилогдсон ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу  нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудал ажил олгогчийн санаачилга, хүсэл зоригоос шалтгаалахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх хуулиар тогтоосон үүргийг биелүүлэх хүрээнд гарсан ажлаас чөлөөлөх тушаал болно. Гэтэл анхан шатны шүүх уг асуудалд хамааралгүй хууль буюу Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримталж шийдвэр гаргасан.

Энэ нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг илтгэж байна. Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь заалтыг баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь заавал биелэгдэх ёстой бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдсэнээр энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гарсан цаг мөчөөс эхлэн ажлаас чөлөөлөх үүрэг хариуцагчид үүссэн, хариуцагчийн ямар ч хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа байхгүй юм.

Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүхийн шийдвэр биелэгдсэн, биелэгдээгүй талаарх ямар ч нотлох баримтад үндэслээгүйгээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм.

2. Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хохирол гэж үзэж олгосон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан нь мөн л хууль зүйн үндэслэлгүй болно.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэдэг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Уг албан тушаалд эгүүлэн томилоогүй тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирол болох 5.186.454 төгрөгийн нөхөн олгох боломжгүй болно. Түүнчлэн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх учиргүй. Учир нь Г.С Говьсүмбэр аймгийн Гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаас татгалзсан нь уг албан тушаалд өөр хүн томилсноос эхлэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

Агуулга талаас нь үзвэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа нь Л.Уранчимэгийн асуудал тул нэхэмжлэгч Г.С-ийн хөдөлмөр эрхлэлттэй хамааралгүй юм. Г.С-ийн эрх зөрчигдөөгүй. Бодит байдлаар Г.С-д хохирол учраагүй тул шүүхүүд нотлох баримтыг бодитоор харьцуулан үзэж үнэлээгүй, хууль хэрэглээний явцад бий болсон үйл явдлыг бодитоор дүгнээгүй.

Нэхэмжлэгч Г.С нь “Говьсүмбэр аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан явдал нь түүнд ажлаас чөлөөлсөн шийдвэрийн улмаас хохирол учраагүй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл уг шаардлага хангагдах боломжгүй байсан учраас нэхэмжлэгч уг шаардлагаасаа татгалзсан.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжтой байсан тохиолдолд л ажилгүй байсан хугацааны хохирлын асуудлыг авч үзэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангахдаа баримталсан хуулийн заалт нь энэ тохиолдолд мөн л хамааралгүй, нарийвчилсан зохицуулалт биш байна.

Нэхэмжлэгчид “хохирол” гэж үзэж хариуцагчаас гаргуулсан хэрнээ холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэглээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримтыг цуглуулаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байтал хариуцагчид хариу тайлбар гаргах боломжит хугацаа олголгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын нэг үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбоотой байдал давж заалдах шатны шүүхээс энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул дараах үндэслэлээр хяналтын шатны шүүх Г.С-ийн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/276 тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/726 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0594 дүгээр магадлалыг тус тус үндэслэн Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Г.С-ийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Г.С-ийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилсон боловч уг албан тушаалд өмнө нь ажиллаж байсан Л.Уранчимэгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дүгээр магадлалаар тухайн албан тушаалд эгүүлэн тогтоож, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Г.С-ийг аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох үед Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу аймгийн Засаг дарга томилох эрх хэмжээтэй байсан боловч уг хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хүүхдийн эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүчингүй болж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэрэгжүүлэх болсон талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний Б/276 тушаал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэхээр гаргасан хууль ёсны захиргааны акт байхад шүүхүүд маргаан бүхий захиргааны актаас хальж, хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, уг захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны оронд ажиллаж байсан ажилтны хөдөлмөрлөх эрх дуусгавар болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” гэж тодорхой заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэгэнт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Л.Уранчимэгийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан, тухайн албан тушаалд хоёр хүн зэрэг ажиллах боломжгүй тул хариуцагч нь Г.С-ийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болно.

Маргаан бүхий тушаалаар зөвхөн Г.С-ийг ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан тул шүүх энэ захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх ёстой атал анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаас хальж, “...бодит байдалд дээрх албан тушаалд Л.Уранчимэгийг томилоогүй нь Г.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

 Хариуцагч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, харин уг шийдвэрийн дагуу Л.Уранчимэгийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй боловч уг шийдвэрийн үр дагавар нь Л.Уранчимэгт хамааралтай болохоос нэхэмжлэгч Г.С-д хамааралгүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд тухайн тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны акт болох нь тогтоогдсон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/276 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

Дээрх байдлаар шүүхүүд маргааны үйл баримтыг буруу үнэлэн маргаан бүхий захиргааны актын улмаас Г.С-д хохирол учирсан гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.

Тодруулбал, захиргааны акт хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар хохирол гаргуулах үндэслэл бүрдэх бөгөөд харин энэ маргааны тухайд маргаан бүхий 2016 оны Б/276 дугаар акт нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.

  Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0549 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/276 тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                                Л. АТАРЦЭЦЭГ