Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-03
Дугаар 05
Хэргийн индекс 128/2017/0428/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "Ж" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0492 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0792 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучнаар/ даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/492 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 51 дүгээр зүйлийн 51.7, 53 дугаар зүйлийн 53.1.3, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0792 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани өөрийн хаяг өөрчлөгдсөн талаар Ашигт малтмалын газарт мэдэгдээгүй байхад тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн мэдэгдлийг “Ж” ХХК хүлээн аваагүй явдалд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй” гэжээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3, 56.4-т заасан “мэдэгдэх”, “мэдэгдлийг хянах, цуцлахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нотлох баримт шаардах” зэрэг ажиллагааг хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Цуцалсан мэдэгдэл буцсан хэдий ч өмнө нь цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг мөн адил хүргүүлэх ёстой байтал анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газрын ирсэн, явсан бичгийн бүртгэлд үзлэг хийхэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн тухай мэдээлэл огт гарч ирээгүй. Давж заалдах шатны шүүх энэхүү мэдэгдлийн тухай огт дүгнэлт хийгээгүй нь хэргийн нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байгааг илэрхийлж байна.

Шүүх хариуцагч захиргааны байгууллагын гомдлыг шийдэхдээ 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ашигласан нь хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гомдлыг шийдвэрлэсэн. 3176А тусгай зөвшөөрөл нь бусдын эрхээр хязгаарлагдсан буюу Худалдаа хөгжлийн банк зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан тухай бүртгэл мэдээллийн санд байсаар байтал энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон барьцаалагчид мэдэгдэлгүйгээр цуцалсан. Ийнхүү тусгай зөвшөөрөл цуцлах тухайгаа шийдвэр гаргахаас өмнө барьцаалагчид мэдэгдэх ёстой болох нь дараах хуулийн зохицуулалтаас харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 51.7-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Иймд Кадастрын хэлтсээс хуулийн 51.7-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй...” гэсэн нөхцөл байдал буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдаж, уг тусгай зөвшөөрлөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах талаар барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаалуулагч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал байгааг мэдэгдэх ёстой байсан. Гэвч Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах үндэслэл бүрдсэн талаар барьцаалагчид мэдэгдэлгүйгээр барьцаалагчийн эрхийг болон хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51.8-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж заасан. Энд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө заавал мэдэгдэх, түүний ач холбогдол болон уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүйгээр хуулийн шаардлага хангасан өөр хуулийн этгээдэд шилжүүлэх замаар барьцаалагчийн эрхийг хангах, цаашлаад барьцаалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, барьцаалагч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахаар хуульчлагджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг заасны дотор 53.1.3-т .”..тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж заасан байдаг. Иймд тусгай зөвшөөрлийг цуцлах замаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоос өмнө барьцаалагчид мэдэгдэх ёстой байна. Гэтэл тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны дараа Банк буюу барьцаалагч нь мэдсэнээр Ашигт малтмалын тухай хуулийн 51.7-д заасны дагуу, мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг гаргах эрхээ эдэлж чадахгүйд хүрэх юм. Өөрөөр хэлбэл нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг нэгээс нөгөөд шилжүүлэх тухай ойлголт байхгүй.

Иймд барьцаанд байгаа тусгай зөвшөөрлийг цуцлах, барьцаалагдаагүй тусгай зөвшөөрлийг цуцлах ойлголт нь өөр өөр журмын дагуу зохицуулагдахаар байна. Энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан боловч шүүхээс огт энэ талаар дүгнэлт хийгээгүй байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /тухайн үеийн нэрээр/ даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй “Ж” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 3176А тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгч “Ж” ХХК нь “цуцлах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болох барьцаалагчид мэдэгдээгүй, хууль зөрчсөн” гэх үндэслэлээр уг шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 3176А тусгай зөвшөөрлийнхөө ээлжит 9 дэх жилийн төлбөрийг 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байтал төлөөгүй, хариуцагч төрийн захиргааны байгууллага нь “төлбөр төлөөгүйгээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл тогтоогдсон тухай” мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгсөн баримтгүй, “тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр”-ийг мэдэгдсэн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6-3326 дугаар мэдэгдэл нь тодорхойгүй шалтгаанаар шуудангаас буцаж ирсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 514 дүгээр шийдвэр гарснаас хойш ашигт малтмалын ашиглалтын 3176А тусгай зөвшөөрөлтэй холбоотой ашигт малтмалын эрх зүйн харилцаа дуусгавар болсон, “Ж” ХХК нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар анх шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг нь шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2399 дүгээр захирамжаар “хүлээн авахаас татгалзсан”-ы дараагаар 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасныг “захиргааны актад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр уг маргааныг дээд шатны албан тушаалтнаас шийдвэрлээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.

Эндээс үзвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх”-өөр /уг заалтад 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ заасныг хариуцагч биелүүлээгүй буруутай боловч дээр дурдсанаар “цуцлах шийдвэр гарсан” 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч “Ж” ХХК нь 3176А тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй буюу ашигт малтмалын эрх зүйн харилцаанд ороогүй байдал нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг 2017 оны 4 дүгээр сард мэдсэн гэх нэхэмжлэл гаргах хугацааны хамаарлын асуудлаарх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл цуцлах талаар өөрт нь мэдэгдээгүйгээс “тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангах боломжийг хариуцагч олгоогүй” гэж маргаагүй, харин энэ талаар тусгай зөвшөөрлийг барьцаалагч Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдээгүй нь “барьцаалагчийн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д заасан эрхийг зөрчсөн” гэж үзжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хангалын гол” нэртэй газарт орших 135 ректар талбайн 3176А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 117 сая төгрөгөөр үнэлж Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсныг хариуцагч нь 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2354 дүгээр шийдвэрээр бүртгэж авсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс уг тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоныг барьцаалагчид мэдэгдээгүй болох нь тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдсэнийг уг тусгай зөвшөөрлийг барьцаанд авсан этгээдэд хариуцагч захиргааны байгууллага мэдэгдэх үүрэгтэй.

Гэвч энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бус харин тусгай зөвшөөрөл барьцаалагчийн ашиг сонирхол хөндөгдөх тул нэхэмжлэгч нь уг асуудлаар маргасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх, уг баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрөл “цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгох, үндэслэлгүй бол “цуцалж”, эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг төрийн захиргааны байгууллага хүлээсэн байна.

Иймд, “цуцлах үндэслэл тогтоогдсон” талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөлгүйгээр цуцалсан маргааны хувьд Ашигт малтмалын тухай хуульд дээрх байдлаар зохицуулсны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журамтай тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасанд нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрт гомдол гаргах ажиллагаа “Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж үзэхгүй тул уг шийдвэр гарснаас хойш 8 жил орчмын дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасанд нийцжээ.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад бодитойгоор дүгнэлт хийж чадаагүй, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа “захиргааны актад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр явагдаагүй байхад гомдлыг шийдвэрлэж өгсөн хариуг авснаар шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлтээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д заасныг зөрчсөн байна.

Иймд, хяналтын шатны шүүх тусгай зөвшөөрлийг цуцлах болон цуцалсан шийдвэрийг мэдэгдээгүй гэх үйл баримтад холбогдуулан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт хийхгүй, магадлалын “хянавал” хэсэгт шүүх хэрэглэсэн хуулийн нэр, огноог техникийн алдаатай бичсэн нь буруу боловч энэ нь “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарахгүй, эдгээр үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0792 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ