Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-03
Дугаар 06
Хэргийн индекс 128/2017/0368/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч С.Б
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.Б-гын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0718 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: С.Б-гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хороонд холбогдох,

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” б/137 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дүгнэлтийн С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн авахыг, уг албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны цалин, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг тус тус даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” б/137 дугаар тушаал, мөн тус газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дүгнэлт хэсгийн С.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, С.Б-г Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-гын ажиллаагүй хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, түүний хөдөлмөрийн сарын хөлс 613669 төгрөг дээр ажилласан хугацааны болон зэрэг дэвийн холбогдох нэмэгдлийг нэмж тооцон олговол зохих нийт цалин олговроос хуульд заасан холбогдох суутгалыг хасаж, гарт олгох цалинг гарган дээр дурдсан бүх хугацааны цалин хөлсийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0718 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журамд нийцээгүй, мөн хуульд үндэслэн бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна.

Энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан ба энэ утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т “зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэж заасан ба үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд захиргааны байгууллагын сонгох боломжийн талаар заасан ба хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэхээр хуульчилсан байна. Дээр дурдсан заалтаас үзэхэд төрийн захиргааны байгууллага нь мэргэжилтэн С.Б-г үг, үсгийн алдаатай албан бичгийг удаа дараалан төлөвлөсөн үйлдэлд нь тохирсон шийтгэлийн талаар сонгох боломж ашиглан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн б/137 дугаар тушаалыг гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0718 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” б/137 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, Ашигт малтмал, газрын тосны газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1, тус газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн С.Б-г “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халжээ.

Нэхэмжлэгч С.Б нь “ёс зүйн зөрчил гаргаагүй, ...Ёс зүйн хороо хэлэлцэх ёсгүй, хамааралгүй асуудлыг авч хэлэлцэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, ...миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэж, хариуцагч нар нь “...2 удаагийн албан бичиг төлөвлөхдөө зөв бичих дүрмийн алдаа гаргасан, энэ нь ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн болон бусад байгууллагыг мэдээллээр хангах ажилдаа удаа дараа хайнга хандсан зөрчил, зөрчлийг давтан үйлдсэнийг үндэслэн Ёс зүйн хороо дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй, ...Ёс зүйн хорооны дүгнэлтээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах санал гаргасан хэдий ч удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлснийг харгалзан Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар төрийн албанаас халсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь 2016 оны 9, 11 дүгээр сард Ашигт малтмал, газрын тосны газрын даргын нэрээр боловсруулсан 2 удаагийн албан бичигтээ “зөв бичих дүрэм”-ийн алдаа гаргасан нь тогтоогдсон, “дахин боловсруулах, арга хэмжээ авах санал оруулж ирэх” үүргийг газрын даргаас өгсний дагуу уг асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар С.Б-г байлцуулан хэлэлцэж, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.2.1, 5.4.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр төрийн албанаас халах шийдвэр гаргасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “энэ хуулийн 5.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан ба уг дүрмээр тогтоосон төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулахаар хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан байна.

Нэхэмжлэгч С.Б-гын гүйцэтгэж буй албан үүргийн хүрээнд албан бичгийн төсөл боловсруулахдаа “зөв бичих дүрэм”-ийн алдаа 2 удаагийн тохиолдлоор гаргасан хэдий ч энэ нь хууль тогтоомжоор тогтоосон “ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн ёс зүйн зөрчил биш юм.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хороо өөрт хамааралгүй асуудлыг хурлаар хэлэлцэж, улмаар “ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй болсон, уг дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал нэхэмжлэгч С.Б-гын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь шийдвэр гаргахдаа захиргааны “сонгох” боломжийг хэрэглэн С.Б-г төрийн албанаас халсан гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасан нь тухайн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-т заасан “сахилгын шийтгэл”-ээс сонгох боломжийг олгосноос бус өөр үндэслэлээр, өөр хариуцлага ногдуулах боломжийг “сонгох” агуулга биш болно.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч С.Б-г “зөв бичих дүрэм”-ийн алдаа 2 тохиолдлоор гаргасан зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас хариуцлага хүлээлгэхээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх нь хөндөгдөх С.Б-гын тайлбар, саналыг сонсох ажиллагааг явуулаагүйгээс “жирэмсэн” байх үед нь түүнийг төрийн албанаас /ажлаас/ халсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заан, уг хуулиар зохицуулагдаагүй буюу жирэмсэн эмэгтэйн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж тусгайлан зохицуулжээ.

Харин С.Б-гын дээрх байдлаар гаргасан зөрчил нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн а/25 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарахгүй учир түүнийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас шууд халах боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг асуудлаар дүгнэсэн атлаа маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг хэрэглээгүй нь буруу тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох” боломжийг хэрэглэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулахгүйгээр 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0545 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0718 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 4.2.5” гэсний дараа “11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1” гэж, “27 дугаар зүйлийн 27.2.1” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1” гэж нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ