Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-03
Дугаар 04
Хэргийн индекс 126/2017/0014/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гишүүн Л.Б
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ц.Т
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч,

гишүүн Л.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0730 дугаар магадлалтай, “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гишүүн Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гишүүн Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компаний үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0730 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцээд 221/МА2017/0730 дугаар магадлал гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн илэрхий буруу шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд магадлалыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардаж авснаа баримтлан энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

1. “Ж” ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлд заасны дагуу компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтүүдээ бүртгүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17/01 дугаартай албан бичгээр харъяаллын дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тус хэлтэс мөн хуулийн 5 дугаар бүлгийн заалтыг баримтлан бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүхийн хэрэгт ямар ч хамааралгүй, хариуцагчийн цахим танилцуулгадаа оруулсан байсан “Ж” ХХК-ийн хувьцааг иргэн Ц.Т, Л.Б нар 50, 50 хувиар эзэмшдэг мэтээр тусгасан алдаатай мэдээллийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгосон алдааг давж заалдах шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн заалтыг баримтлан залруулсангүй. Хариуцагч уг алдаатай мэдээллээ залруулсан тухай баримт хэрэгт өгсөн байгаад ч анхаарсангүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүртгэлийн байгууллагад өгөгдсөн эх баримтад хувьцааны эзэмшлийг яаж заасан байгааг гол үндэслэл болгох ёстой юм. Энэ талаар бид давж заалдах гомдолдоо бичиж шүүх хуралдаан дээр тайлбарласаар байтал нотлох баримтыг хэрхэн үнэлэх тухай хуулийн заалтыг зөв хэрэглэсэнгүй.

2. Бид компанийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлж өгсөн. Шүүх эдгээр баримт бичгүүдийн бүрдэл хангагдсан эсэхэд л анхаарч хэргийг шийдвэрлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх Л.Б хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль зөрчин ганцаар хуралдуулсан гэж ойлгохоор ямар ч үндэслэлгүй бөгөөд шаардлагагүй дүгнэлт хийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан болон бусад нотлох баримт, нөхцөл байдлыг үндэслэн 24 дүгээр шийдвэр, 221/МА2017/0730 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Ц.Т, Л.Б нар нь анх 2009 онд “Ж” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа ... Ц.Т 10 хувь, хамтран байгуулагч Л.Б 90 хувь эзэмшихээр компанийн дүрмээ баталж шийдвэрлэсэн болох нь ... нотлогдож байна. ...Гэвч хариуцагч байгууллага нь тухайн үед буюу 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Б компанийн хөрөнгийн 50 хувь, Ц.Т 50 хувийг тус тус эзэмшдэг мэтээр бүртгэсэн байдал нь ойлгомжгүй. Харин Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 1/904 тоот албан бичгээр ... Л.Б хувьцааг 90 хувь, Ц.Т хувьцааг 10 хувиар тус тус эзэмшдэг тухай ... тайлбарын хамт өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн болно. “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Б 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлыг ганцаараа хийж, тус компанийн хувьцааг Л.Б 100 хувь дангаар эзэмшинэ гэж шийдвэрлэн компанийн дүрмэнд өөрчлөлт оруулж, Хувьцаа эзэмшигчдийн тогтоолд дангаараа гарын үсэг зурсан явдал нь гуравдагч этгээд Ц.Т-ын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэснээс үзвэл анхан шатны шүүх гуравдагч этгээд Ц.Т нь “Ж” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч байхад нэхэмжлэгч нь түүнийг оролцуулалгүйгээр Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ганцаараа хийж компанийн хувьцааг 100 хувь эзэмшихээр болсон нь хууль бус гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “анхан шатны шүүх хэрэгт ямар ч хамааралгүй, хариуцагчийн цахим танилцуулгадаа оруулсан байсан “Ж” ХХК-ийн хувьцааг иргэн Ц.Т, Л.Б нар 50, 50 хувиар эзэмшдэг мэтээр тусгасан алдаатай мэдээллийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгосон” гэсэн нь үндэслэлгүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн Зургаадугаар бүлэг, 23 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх харилцааг тусгайлан зохицуулсан байх бөгөөд  23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг заажээ. Энэхүү 23 дугаар зүйлийн 23.3.4-т “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ;” гэсэн байхад нэхэмжлэгч холбогдох гэрээг бүрдүүлж өгөөгүй тул хариуцагчаас “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Энэхүү маргааны хувьд гуравдагч этгээдийн тайлбар болон нэхэмжлэгчээс улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар өгсөн баримт бичиг /дүрмийн өөрчлөлт хийсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт гуравдагч этгээд гарын үсэг зураагүй, холбогдох гэрээ байхгүй/-ээс үзвэл “Ж” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Т нь өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх хүсэл зориг байхгүй байгаа нь илэрхий, ийм байхад уг өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх нь Компанийн тухай хуулиар хамгаалагдсан хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихөд хүргэнэ.

Иймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3.-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар заасан тул хариуцагчийн эс үйлдэхүй хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Бид Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлж өгсөн. Шүүх эдгээр баримт бичгүүдийн бүрдэл хангагдсан эсэхэд л анхаарч хэргийг шийдвэрлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх Л.Б хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль зөрчин ганцаар хуралдуулсан гэж ойлгохоор ямар ч үндэслэлгүй бөгөөд шаардлагагүй дүгнэлт хийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг зөрчсөн” гэсэн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0730 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ