Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-10
Дугаар 12
Хэргийн индекс 114/2016/0071/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "М ү т э г т х" ГҮТББ
Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд "Н д" ХХК
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“М ү т э г т х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0779 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: “М ү т э г т х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Б-д холбогдох,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Б-ийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 10 дугаар зүйлийн 10.9.11, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М ү т э г т х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Б-ийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгожээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0779 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргий дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасныг зөрчсөн гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх магадлал гаргахдаа үрийн улаанбуудайн ангиллыг тогтоохдоо ямар аргачлал хэрэглэсэн нь тодорхойгүй байна гэж үзжээ. Хоёр удаагийн анхан шатны шүүх, хоёр удаагийн давж заалдах шатны шүүх, нэг удаагийн хяналтын шатны шүүхэд хариуцагч нь зургаан вагоны дунджаар ангиллыг тогтоосон гэж тайлбарладаг бөгөөд энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн тайлбарт тодорхой байдаг. Хариуцагчийн тайлбарладагчлан зургаан вагоны дунджаар тооцоход МNS 0246:2010 стандартын 6.1-д зааснаар нэг кг-д агуулагдах хог ургамлын хэмжээ 20-70-ын хооронд байх 3-р ангиллын үрийн буудай болох нь тодорхой байна. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа зургаан вагонд байгаа үрийн буудайн ангиллыг тус тусад нь тогтоогоогүй, нэг л ангилал тогтоосон байгаа нь зургаан вагоны дунджаар ангилал тогтоосон нь тодорхой байна, өөрөө ч үүнийгээ олон удаагийн шүүх хурлууд дээр тайлбарладаг.

Хоёр. Хариуцагчид тухайн актыг гаргах эрх хэмжээ хууль, тогтоомжоор олгогдоогүй. Өмнө нь уг асуудалд гурван шатын шүүхээр хэлэлцэж анхан шатын шүүхэд шилжсэний дараа анхан шатны шүүх ажиллагаа явуулж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар тогтоолоор батлагдсан Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийг гаргуулж хэрэгт хавсаргасан байдаг. Уг дүрмээр Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг улсын байцаагч нарын эрх зүйн статусыг тогтоож өгсөн байдаг. Дүрмийн 2.25.1-2.25.10-т Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтыг тогтоож өгсөн, өөрөөр хэлбэл хариуцагчийн эрх зүйн статусыг тогтоож өгсөн байдаг. Уг эрх, үүрэгт үрийн буудайн ангиллыг тогтоох эрх хариуцагчид олгогдоогүй байдаг. Харин уг дүрмийн 2.25.1-2.26.11-т Таримал ургамлын үр, сортын чанарын хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг тогтоож өгсөн байдаг уг эрх, үүрэгт үрийн чанар, ангиллыг тогтоох эрх олгогдсон байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд хариуцагчийн ажлын байрны тодорхойлолт авагдсан байдаг бөгөөд уг тодорхойлолтод байх ажлын байрны зорилгод үрийн чанар, ангилал тогтоох эрх олгогдоогүй, гагцхүү хилээр нэвтрүүлэхийг хориглосон дотоод олон гадаад хорио цээртэй өвчин, хортон шавьж, хог ургамал, мэрэгч амьтан хилээр нэвтрэх, тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9.1-д “...Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Хариуцагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Засгийн газрын 37 дугаар тогтоолын 2.26.1-2.26.11-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9.1-д зааснаар үрийн чанар, ангилалд тавих хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр заасан байхад хариуцагч үрийн хяналтын улсын байцаагч биш, хууль болон Засгийн газрын 37 дугаар тогтоол, ажлын байрны тодорхойлолтоор хорио цээрийн хяналтын байцаагч, зөвхөн хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байтал хуульд заагаагүй эрх, хэмжээгээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн нь буруу гэж үзэж байна.

Гурав. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу хяналт шалгалтыг зөвхөн удирдамжийн дагуу хийх байтал хариуцагч ямар ч удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн. Удирдамжгүй хийх хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааж өгсөн бөгөөд уг хяналт шалгалтад хариуцагчийн хяналт шалгалт хамаарахгүй байгаа нь уг шалгалтыг 5.2-т заасны дагуу заавал удирдамжтай хийх үүрэг хариуцагчид хуулиар хүлээлгэсэн байсан. Мөн хуулийн 5.7-д “...хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 10.12.5-д “...улсын ерөнхий болон улсын ахлах байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батална”, 5.2.1-д заасан “....он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаарыг тусгана” гэснийг хариуцагч зөрчсөн.

Дөрөв. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг баримталсан байдаг бөгөөд уг хуулиар зөвхөн хорио цээрийн хяналт хийдэг байтал үрийн ангилал, чанар тогтоосон нь буруу юм. Үрийн ангилал чанарыг тогтоох шаардлатай бол Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг баримтлах учиртай. Уг хуулийг баримтлалгүйгээр үрийн чанар, ангилал тогтоох нь буруу юм. Хариуцагчийн акт гаргахдаа баримталсан Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд үрийн чанар, ангилал тогтоох зохицуулалт байхгүй, зөвхөн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалтууд байдаг.

Тав. Хариуцагч маргаан бүхий акт гаргахдаа нэг кг улаанбуудайд ногдох хог ургамлын тоог бичихдээ нэршлийг бичээгүй нь уг актыг хүчингүй болгох нэг үндэслэл юм. Захиргааны акт ойлгомжтой, ойлгогдохуйц байх ёстой. Хог ургамлыг зүгээр л ширхэгээр нь бичиж, нэршлээр нь бичээгүй нь тухайн актыг хүлээн авч байгаа тариалан эрхлэгчид яг ямар хог ургамал авсан буудайнд нь байгаа мэдэгдэхгүй бөгөөд ингэснээр ямар хор, борной, бодис хэрэглэх эсэх нь мэдэгдэхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Захиргааны хэргийн маргаан бодитой, маргааны улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдсөн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч байгууллагын ямар эрх хөндөгдсөн тодорхойгүй, гишүүн байгууллагын эрх зөрчигдсөн зүйл байхгүй байхад тодруулах шаардлагатай гэж буцааж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны дагуу байх шаардлагыг хангаагүй болно.

Хоёр. Захиргааны ерөнхий хууль болоны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг хуулийн дагуу хийсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч төрийн бус байгууллагын дүрмээр зохицуулагддаггүй “Ерөнхийлөгч” гэх хүн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар хандсан нь хуулиар эрх олгогдоогүй этгээд болно. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагын дүрмээр байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд тус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөхөөр зохицуулсан байна. Нэхэмжлэл гаргасан этгээд ч мөн нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв боловч хууль хэрэглээний алдаатай байна.

Маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчид шууд чиглээгүй боловч уг дүгнэлтээр гуравдагч этгээд “Н д” ХХК-ийн импортоор оруулж ирсэн үрийн буудайн ангиллыг тодорхойлсон /2 дугаар ангийн шаардлагыг хангасан гэж/, энэ нь нэхэмжлэгч төрийн бус байгууллагын гишүүд тариаланчид уг үрийн буудайг худалдан авсан үнийн үндэслэл болсноороо тэдний хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт байна.

Хариуцагч маргаан бүхий актаар нийт 6 вагон үрийн буудайн чанарын шаардлагыг дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтэд 3 вагон  үрийн цэвэршилт нь 98 хувиас бага, 2 вагон үрийн хог ургамлын хэмжээ нь 1 кг-д 30 ширхэг байхад вагон тус бүрт нь дүгнэлт хийлгүйгээр нийт вагон буюу 390 тонн үрийн буудай нь 2 дугаар ангийн шаардлагыг хангаж байна гэсэн нь Монгол Улсын MNS 0246 : 2010 стандартын 6.1-д заасан тарих үрийн чанарын шаардлагыг /II ангиллын үрийн цэвэршилт 98 хувиас багагүй байх, хог ургамлын үр 1 кг-д 20 ширхэгээс дээшгүй байх/ зөрчсөн, өөрөөр хэлбэл хариуцагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т заасан “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, ... тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” үүргээ биелүүлээгүйгээс гаргасан дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хууль бус байна.

Монгол Улсын MNS 0246 : 2010 стандартаар тарих үрийн чанарын шаардлага, түүний ангиллыг тодорхой заасан, харин энэхүү маргааны хувьд 6 вагон тус бүрээр нь, эсхүл нийтэд нь тооцох эсэх талаар тодорхой аргачлал байхгүй, гэвч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...нийт вагоны дунджаар тогтоох стандартаар тогтоосон байгаа” гэх тайлбарт үндэслэн анхан шатны шүүхээс “... 6 вагоноос шинжлүүлсэн үзүүлэлтүүдийн хүрээнд 52131976 вагонд 20, 52648870 вагонд 20, 52649035 вагонд 30... гэж дүгнэгдсэнээс дүгнэхэд хог ургамлын үр 21.6 ширхэг байна...” гэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан вагон тус бүрийн үрийн буудайн чанарын үзүүлэлт өөр өөр, мөн хог ургамлын хэмжээг нийт вагоны дунджаар тооцоход ч нийт 390 тонн үрийн буудай нь бүхэлдээ 2 дугаар ангилалд хамаарахааргүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс “...үрийн буудайн цэвэршилтийг тооцох ямар аргачлалыг удирдлага болгож дүгнэсэн нь тодорхойгүй...” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

Хариуцагчийн гаргасан хууль бус дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч төрийн бус байгууллагын гишүүд тариаланчид 3 дугаар ангилалд хамаарах үр буудайг 2 дугаар ангиллын буюу илүү үнээр худалдан авснаараа /хариуцагч үүнийг үгүйсгээгүй/ тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ.

Иймээс давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч “Г т х” ТББ-ын гишүүдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэхүү улсын байцаагчийн дүгнэлтийн улмаас хэрхэн зөрчигдсөн талаар шүүх дүгнэлт хийгээгүй..., ямар байдлаар зөрчигдсөн талаарх нотлох баримт цуглуулж,... түүний улмаас ямар хохирол учирсан зэргийг тодруулах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь, мөн хариуцагчийн зүгээс “захиргааны хэргийн маргаан бодитой, маргааны улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдсөн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч байгууллагын ямар эрх хөндөгдсөн тодорхойгүй, гишүүн байгууллагын эрх зөрчигдсөн зүйл байхгүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө урьдчилан шийдвэрлэх журмаар Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт маргаан бүхий актын талаар хандсан /захиргааны байгууллагад гаргасан гомдлын тухайд гомдол гаргагч “ерөнхийлөгч” нь ТББ-ыг төлөөлөх эрхтэй эсэхийг шүүх шалгахгүй/, шүүхэд нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Ш.Н нэхэмжлэл гаргасан байх тул “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн утгатай хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 гэсэн хэрэгт хамааралгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан нь буруу байна.

Иймээс шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг ханган, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээн, хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0779 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...51 дүгээр зүйлийн 51.1,...” гэснийг хасаж, “...8 дугаар зүйлийн 8.1.2...” гэснийг “...8 дугаар зүйлийн 8.1.3...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ