Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-10
Дугаар 19
Хэргийн индекс 128/2016/0712/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/624 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0771 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,  

“Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 3 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмжийг олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/624 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 38.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, заасныг тус тус баримтлан иргэн Б.Б-оос Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмж олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0771 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.22-ны өдрийн 128/ШШ2017/624 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “...ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөг, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмж олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.01-ний өдрийн 221/МА2017/0771 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна.

Нэг: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0771 тоот магадлал нь хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй.

1.1. Магадлалд “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны маргаан бүхий 08 дугаар акт хууль бус байх боловч тус тогтоолын үндэслэлтэй эсэхийг нийслэлийн Засаг дарга хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд хянах, улмаар огцруулах, эсэх талаар шийдвэр гаргахаар хуульчлагдсан, тус тусдаа бие даасан субъектүүд байх тул шүүх зөвхөн дүүргийн иргэдийн тогтоолтой маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хууль зүйн үндэсгүй байна” гэж дүгнэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016.08.05-ны өдрийн 08 дугаар тогтоол нь хууль бус болсон хэдий ч нийслэлийн Засаг даргын 2016.08.09-ний өдрийн Б/155 болон Б/156 тушаал хүчин төгөлдөр, түүнтэй маргаан үүсгээгүй гэдэг шалтгаанаар “цалин хөлсийг” олгох нь буруу гэж дүгнэжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан байх бөгөөд огцруулах саналыг нийслэлийн Засаг даргад гаргаагүй. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж зааснаар нийслэлийн Засаг дарга саналаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх ёстой ч нэг ч тийм санал өгөөгүй, Багануур дүүргийн ИТХ ч хэлэлцэж хариу өгсөн зүйл байдаггүй. Иймд нийслэлийн Засаг даргын Б.Б-ийг огцруулсан 2016.08.09-ний өдрийн Б/155 тоот захирамж нь хуулийн шаардлага хангахгүй, хууль бус акт учир энэхүү захирамжаар Б.Б-ийг огцруулсан гэж үзэх үндэсгүй.

Хоёр: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасан. Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэр, уг хууль бус шийдвэрийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас ажил, албан тушаалаа хэвийн явуулж байсан дүүргийн Засаг дарга Б.Б нь нэр төр, сэтгэл санаа болон авах байсан цалин хөлсөөрөө хохирч уг хохирлоо нэхэмжилж Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017.01.23-ны өдрийн 65 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.30-ны өдрийн 247 дугаар магадлалаар “ажилгүй байсан цалин хөлсийг” гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Харин Улсын Дээд шүүхээс 2017.05.31-ний өдрийн 212 дугаар тогтоолоор Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татаагүй байж цалин хөлсийг уг газраас гаргаж байгаа нь буруу гэж дүгнэсний дагуу хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэгч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолыг гуйвуулж, хохирсон хохирлыг төлүүлэхгүй байгаад гомдолтой байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Б.Б-ийг огцруулсан Багануур дүүргийн ИТХ-ын 2016.08.05-ны өдрийн 08 дугаар тогтоол хууль зөрчсөн тул хүчингүй” болгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү хууль бусаар огцруулаагүй бол 2016.08.05-ны өдрөөс орон нутгийн ээлжит сонгуулиар байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас шинэ Засаг дарга томилогдсон 2016.11.08-ны өдрийг хүртэл Засаг дарга Б.Б үүрэгт ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн заалтаар тэтгэмж авах байсан ч хууль бус актын улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдөж эрхээ эдэлж чадаагүй эрхийг сэргээн эдлүүлэхээр шүүхэд хандсан. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж зааснаар хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч шүүхээс Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016.08.05-ны өдрийн тогтоол хууль бус юм бол уг хууль бус актын улмаас учирсан хохирлыг хэн, хэрхэн хариуцах талаар шүүх огт дүгнэхгүй байгаа явдалд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа бөгөөд шүүх шударга шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...2016.08.05-2016.11.08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөг гаргуулах, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмж олгуулахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлагыг хангахгүй болгосон хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.01-ний өдрийн 221/МА2017/0771 дүгээр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт орууллаа.

            Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус 17 дугаар хуралдааны 8 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7 дахь заалтыг үндэслэн дүүргийн засаг дарга Б.Б-ийг “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж үзэж бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулахаар шийдвэрлэсэн, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4-т тус тус заасантай нийцээгүй талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хариуцагч Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхийн шийдвэрийн уг хэсэгт холбогдуулж давж заалдах гомдол гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Б-ийг Багануур дүүргийн Засаг даргын албан тушаалаас “бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулсан” уг тогтоол дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгчийн “...ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл ажиллах” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байгаа талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн атлаа уг хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч шүүхээс Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл... /-ийн улмаас/ өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн ... шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “иргэн ... учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус зааснаас үзэхэд, захиргааны акт хууль бус болох нь, үүний улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээд хохирол нэхэмжлэх эрхтэй, хохирлыг “хууль бус” шийдвэр гаргасан захиргааны байгууллага хариуцахаар заажээ.

Энэ тохиолдолд, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус 17 дугаар хуралдааны “хууль бус” 8 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Б.Б нь ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ Засаг дарга томилогдох хүртэлх хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж, авах ёстой байсан цалин, хөлсөөр хохирсон гэж үзэх бөгөөд, уг хохирлыг хууль бус шийдвэр гаргасан хариуцагч “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-аас гаргуулах үндэслэлтэй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “...тухайн шатны Хурал ... /Засаг дарга/-ийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга ...-д хүргүүлэх”-ээр, 32.3-т “... дээд шатны Засаг дарга энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд, тухайн тохиолдолд, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий “хууль бус” 8 дугаар тогтоол гаргаж хүргүүлээгүй бол нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч Б.Б-ийг хугацаа дуусахаас өмнө огцруулах асуудлыг өөрөө санаачлан, бие даан шийдвэрлэх эрхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх “...нийслэлийн Засаг дарга хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд ... огцруулах эсэх талаар шийдвэр гаргахаар хуульчлагдсан” гэж хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад холбогдуулж, хэрэглэх ёстой Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг хэрэглээгүй, “...нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/155 дугаар захирамжтай нэхэмжлэгч маргаагүй” гэх үндэслэлээр хариуцагч Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 2016 оны 8 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгахаас татгалзсан нь буруу, шүүхийн шийдвэр үр нөлөөтэй байх зарчимд нийцэхгүй байна.  

Түүнчлэн, Багануур дүүргийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө “огцруулсан” дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль бус болох нь тогтоогдсон тул түүнийг “бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулсан” гэх үр дагаварыг шүүх “хууль ёсны” гэж дүгнэх боломжгүй,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох”-оор заасан, энэ нь Засаг даргын албан тушаалд ажиллаж байсан төрийн албан хаагчийн хуулиар тогтоосон баталгаа байх тул төрөөс нэхэмжлэгч Б.Б-ийг уг баталгаагаар хангах үүрэгтэй, энэ үүднээс нэхэмжлэгчийн урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “...итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ... Т.Мөнхтүвшин биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ... шүүх хуралд оролцох боломжгүй байгаа” гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хяналтын шатны шүүхэд ирүүлсэн боловч хүсэлтдээ уг хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт хавсаргаж ирүүлээгүй тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/624 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0771 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,129,637 төгрөгийг хариуцагч Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буюу 4,605,492 төгрөгийн тэтгэмж олгохыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 138712  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА