Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-10
Дугаар 18
Хэргийн индекс 115/2017/0009/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Г ф" ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“Г ф” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0793 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: “Г ф” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох,  

“Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчиннгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Нэхэмжлэгч “Г ф” ХХК-ний захирал М.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дүгээр шийдвэрээр:  Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 48 дугаар зүйлийн 48.7, 48.7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0793 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан “Г ф” ХХК-ийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Г ф” ХХК-ний захирал М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0793 дугаар магадлалыг хулээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс доорх үндэслэлээр Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8.9-д “Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хананы хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажил орно” гэж заасанчлан манай компани үндсэн гүйцэтгэгч мөн барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д барилгын чанарын баталгаа, дүгнэлт гаргаж өгснөөр улсын комисс ажиллах ёстой байсан гэтэл бидэнд нэг ч удаа хандаагүй буюу мэдэгдэлгүйгээр өөр компаниар улсын комисс ажиллуулсан.

2. 2016 оны шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан барилгын ажилтай холбогдох техникийн баримт бичгийн бүрдлийг хангаж ил далд ажлын актууд, холбогдох зургууд, талбайн журналуудыг хүлэзлгэн өгснөөр улсын комисс ажиллах ёстой байсан, Хэргийн материалд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уг барилгатай холбоотой (Газрын гэрчилгээ, Геодизын дүгнэлт, зарим нзг материалуудын чанарын гэрчилгээ, манай өгсөн актууд) гэх мэт 103 хуудас материал байгаа боловч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д мөн Засгийн газрын 151-р тогтоолд заасанчлан барилгын ажилтай холбогдох техникийн баримт бичгүүд Үүнд: Ил далд ажлын актууд, холбогдох зургууд, талбайн журналууд ( Улаан дэвтэр) гэх мэт холбогдох материалууд байхгүй байгааг архивын ажилтан гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг.

3. Тухайн баригдсан орон сууц нь чанар стандартын шаардлага бүрэн хангасан талаар улсын комиссын дүгнэлт гарсан боловч барилгын явцад барилгын бүтээцэд, зарим нэг орсон өөрчлөлтүүдийг улсын комиссын актуудад тусгаагүй нууж ажиллуулсан. Үүнд: 1. Барилгын суурь зоорийн хананы хагарал, цууралт

2. Сантехник, цахилгааны өөрчлөлтүүд

З. Экспетицийн баталсан зургаар 5-н давхар байсныг дур мэдэн 6-н давхар болгосон. (2015 оны 11-р сард нөхөж зураг нэмж оруулсан)

4. Гадна пассатыг бүхэлд нь өөрчилсөн гэх мэт эдгээр байдлуудаа нууж хаахын тулд бидэнд мэдэгдэлгүйгээр улсын комисс ажиллуусан.

4. Барилгын ажил гүйцэтгэж байсан 180 гаруй ажилчдын цалинг өгөөгүй түүнээс үүдэж олон хүний эрх ашиг хөндөгдөж зөрчигдсөн. Энэ барилгыг барих явцад удаа дараа санхүүжилтийг зогсоосноос болж ажилчид олон хоног өлсөглөн зарлаж байсан. (Цагдаа, эмнэлэг, мэргэжлийн хяналт гэх мэт төрийн байгууллагууд ажилласан) Гэсэн ч бид 2015 оны 08 дугаар сарын 25-ныг хүртэл ажиллаж уг барилгыг дуусгавар болгосон.

5. Тус барилга дээр 2015 оны 11 дүгээр сарын 13-нд ажилласан улсын комиссыг удирдсан дарга Г.Бат-Ирээдүй улсын комиссын актад холбогдох бичиг баримтууд бүрэн бус мөн үндсэн гүйцэтгэгч компани нь баталгаа дүгнэлт гаргаж өгөөгүй гэсэн шалтгаанаар улсын комиссын актад гарын үсэг зурахаас татгалзсан. Энэ тухай 3-н шатны шүүх шийдвэрлэж, Дорноговь аймгийн барилга хот байгуулалтын газрын дарга Бат-ирээдүй нь улсын комиссын актад гарын үсэг зурж баталгаажуулахгүй байгаа нь зөв гэсэн шийдвэр гарсан боловч 3-н шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн шахалтаар, хууль бус байдлаар улсын комиссын актад гарын үсэг зурж дугаар олгож баталгаажуулсан байдаг. (энэ тухай авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа)

Иймд дээр дурдсан үндэслэл болон хэргийг бүхэлд нь хянаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, барилга хот байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж үзлээ.

Дорноговь аймгийн (Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын) Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг “ашиглалтад хүлээн авахаар” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “Г ф” ХХК-иас “... барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчид мэдэгдэлгүй.., үндсэн гүйцэтгэгчээс барилгын чанарын баталгаа, дүгнэлт гаргаагүй ... /байхад/, ... хуурамч баталгаа дүгнэлтийг …/үндэслэн/ акт гаргасан нь ... /хууль бус/” гэж маргасан, уг үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг захиалагч нь “Голден сэркл” ХХК (иргэн Э.Анхбаяр), барилгын үндсэн ажил (суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил)-ыг “Г ф” ХХК гүйцэтгэсэн, барилгын ажлыг 2014 оны 06 сард эхэлж, 2015 онд дуусгасан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Барилгын тухай (2016) хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “захиалагч … барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах ... /-даа/ барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт... хавсаргах”-аар, 48.7-д “... /эдгээр баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд/ барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах”-аар заажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм” (Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор хүчингүй болсон)-ийн Дөрөвдүгээр зүйлийн 4.4-т “...барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг захиалагч гаргах”-аар, 4.5-д “... хүсэлт гаргахдаа ... /уг/ дүрмийн 4 дүгээр хавсралтын Б хэсэгт заасан бичиг баримт, холбогдох материалыг бүрдүүлэх”-ээр, “... /комисс томилох байгууллага нь/ баримт бичгийн бүрдлийг хянаж, ... комиссын үйл ажиллагааг зохион байгуулах”-аар, 4.6-д “Зураг төсөл зохиогч, захиалагч ..., гүйцэтгэгч талууд хамтран тухайн барилга байгууламжид техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж дотоодын хяналтын дүгнэлт гаргана. Энэхүү дүгнэлтийг ... /хүсэлт/-д хавсаргах”-аар, 4.12.3.2-т “... /комисс нь/ барилга байгууламжийн техникийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийсэн ажилтай нь уялдуулан үзэх”-ээр, 4.13.4, 4.13.5, 4.13.6-д “... /захиалагч нь/ барилгын ил, далд ажлын гүйцэтгэлийн актуудыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулан, фото зургийг материалд хавсаргах,  ... барилгын ажилд хэрэглэсэн түүхий эд, материал, бүтээц эдлэхүүний үйлдвэрийн паспорт, гарал үүсэл, тохирлын болон техникийн гэрчилгээ, чанарын баталгааг холбогдох ил, далд ажлын актад хавсаргах, ... барилгын ажлын үе шатны хяналтын ... акт, албан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг гүйцэтгэгчтэй хамтран гаргах”-аар тус тус заасан байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, барилгын захиалагч болох “Голден сэркл” ХХК (иргэн Э.Анхбаяр)-иас Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр албан бичгээр “... улсын комисс ажиллуулах” хүсэлт гаргахдаа дээрх хууль, дүрэмд заасан бүрдүүлбэл зохих материалуудыг бүрэн гүйцэд хавсарган ирүүлээгүй, дүрмийн 4.6-д заасан  техникийн болон чанарын дотоодын хяналтын дүгнэлт гаргахдаа барилгын үндсэн ажлыг гүйцэтгэсэн “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй, уг барилгад “плита..., паркет..., будаг...” гэх зэрэг ажил гүйцэтгэсэн “Их Модун” ХХК-ийн төлөөллийг байлцуулан, уг компанийг барилгын “гүйцэтгэгч байгууллага”-аар тодорхойлж, баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн нь хууль болон дүрмийн заалтуудад нийцээгүй, энэ тохиолдолд, хариуцагч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Барилгын тухай (2016) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “... /3 жилийн/ хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулах”-аар, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д  “... /барилгын ажил гүйцэтгэгч нь/ барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах”-аар зааснаас үзэхэд, барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил гүйцэтгэсэн “Г ф” ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажилд холбогдох хариуцлагыг “3 жилийн хугацаанд” бүрэн хүлээх үүргийг хуулиар хүлээсэн, түүнчлэн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа”-нд өөрийн хийж гүйцэтгэсэн барилгын хийц, бүтээц, эдлэхүүний ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангахаар заажээ.

Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх”, “барилга байгууламжид хэрэглэгдсэн материал, тоног төхөөрөмж, зураг төсөлд заасан техникийн үзүүлэлтийг хангаж байгааг нотлох, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулах”, “барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан баталгаажуулах”, “барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах” гэх зэргээр тодорхойлсон байх тул уг барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн “Г ф” ХХК хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй, тус компанийг оролцуулалгүй барилгыг ашиглалтад оруулснаар “Г ф” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

Өөрөөр хэлбэл,  давж заалдах шатны шүүх “…захиалагч нь улсын комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй байсан, барилгын чанарын баталгааг барилга угсралтын ажлын гүйцэтгэгч биш барилгын дотоод заслын ажлыг хийсэн “Их Модун” ХХК гаргасан нь холбогдох хуулийг зөрчсөн” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг “зөв” гэж үзсэн атлаа “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй, уг компаниас “баталгаа” гаргаагүй байхад хариуцагч барилгыг ашиглалтад оруулсан үйл баримттай дээрх хуулийн холбогдох заалтуудыг уялдуулан тайлбарлаж хэрэглээгүй нь буруу болжээ.

Иймд, гуравдагч этгээдээс гаргасан “... “Г ф” ХХК-нд хамааралгүй, ... бүх хариуцлагыг захиалагч  “Голден сэркл” ХХК болон “Их Модун” ХХК  хүлээнэ” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “Барилгын тухай хууль ... зөрчиж ... барилгын чанарын баталгаа, дүгнэлт гаргаагүй ... /байхад/ ... улсын комисс ажилласан ... нь хууль зөрчсөн, ... давж заалдах шатны шүүх /буруу/ дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй, түүнчлэн, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтуудад холбогдох хэрэглэвэл зохих зарим хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0793 дугаар магадлалыг хүчинүй болгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 48 дугаар зүйлийн 48.7, 48.7.1” гэснийг “Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1, 48 дугаар зүйлийн 48.5, 48.7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г ф” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА