Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-10
Дугаар 20
Хэргийн индекс 128/2016/0032/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Л.О
Хариуцагч МУ-н ЗГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Л.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Х.Батсүрэн

Шүүгчид:                 Л.Атарцэцэг

                                  Г.Банзрагч

                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:       Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн “Дөрөв”-ийн 4.4-ийн “Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэсний “...санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэснийг хүчингүй болгуулахыг хүссэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “...түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/ШШ2017/0004 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/ШШ2017/0004 дүгээр шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.5 дахь хэсэгт заасныг баримтлан Л.О-ын гаргасан “Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн “Дөрөв”-ийн 4.4-ийн “...түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхэд гаргасан гомдол

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа нар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/ШШ2017/0004 дүгээр шийдвэр нь хуулийн зохих заалтуудыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудтай уялдуулан тайлбарлаагүй, хэрэглээгүйгээр барахгүй Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөнөөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцсэнгүй гэж үзэж байгаа тул Б.Энхзаяа болон А.Ариунтуул бид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хувиар энэхүү давж заалдах гомдлыг хамтран гаргаж байна.

3. Хэргийн гол нь маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор   нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” /Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, мөн “...4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, ... эрхтэй” /Арван зургадугаар зүйл/ гэсэн заалтуудыг зөрчиж, дотоод аудитороор “ажиллах сонирхолтой” иргэнийг ялгаварлах боломжийг бий болгож, хуулиар олгогдоогүй эрхийг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч Л.О гаргаж тавьсанд байгаа юм.

4. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийн “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж чадсангүй.

5. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийн “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн

хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэсэн, мөн 69.3-ын “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэсэн заалтуудыг Үндсэн хуулийн дээрх суурь зарчимтай харьцуулаад дүгнэхэд Төсвийн тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэх боломжтой   мэргэжлийг хуульд заасан журмаар эзэмшсэн ямар ч мэргэжлийн хүн “дотоод аудитор”-оор ажиллах бүрэн боломжтой байхаар байна. Гэтэл маргаан бүхий акт нь эрх олгох этгээдийн “тухайлан” зааж өгснөөрөө хууль зөрчсөн хэрэг болж байгаа юм. Энэ нь өмнөх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11-р сарын 17-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.6.4-д байсан “... их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан…” гэсэн үгийг хассанаас харагдаж байгаа билээ.

6. Гэтэл Захирааны хэргийн давж заалдах шатны шүүх “... 483 дугаар тогтоолоор батлагдсан дүрэмд бусад байгууллагад энэхүү сургалтыг зохион байгуулах зөвшөөрөл олгох эрхийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

7. Хууль тогтоогчид төрийн байгуулагаас янз бүрийн зөвшөөрөл олгох, түүгээрээ дамжуулан бусдад дарамт шахалт учруулдаг, ашиг сонирхлын зөрчил гаргадаг, улмаар авлигын асуудал хөндөгддөг явдлыг аль болох хумихыг хичээж “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгодог байсан олон олон зөвшөөрлийг хүртэл хүчингүй болгож байхад, энэ хуулиас давсан зөвшөөрөл олгох эрхийг “дүрэм”-ээр тогтоогоод байхад шүүх ингэж дүгнэж, улмаар маргаан бүхий акт нь уг хуулийн зохицуулалтанд хамаарахгүй гэж дүгнэж байгаад харамсаж байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг ерөнхийд нь аваад үзэх юм бол “зохион байгуулсан сургалт” болон “зөвшөөрсөн сургалт” 2-ын том ялгааг, цаад утгыг сайтар тунгааж үзээгүй нь илт харагдаж байна. Төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа сургалт бол тухай тухайн үедээ шийдвэрлээд явах, баримтлах өөр олон хууль, журамтай. Харин зөвшөөрлөөр явагдах сургалт бол хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгох, сургалтын чанар болоод төсвийн зарцуулалтанд хяналт тавих боломж байхгүй, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах журамд захирагдах боломжгүй, удаан хугацаанд үргэлжлэх, ард нь ашиг сонирхол, авлигын асуудал байнга дагалдаж явах асуудал юм. Ийм ч учраас “зөвшөөрөлтэй” сургалтанд нь хамрагдаагүйгээрээ “ялгаварлан гадуурхагдах” үндэс болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцлөө бүрдүүлж байна гэсэн үг юм.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар 52.5.6 “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж тодорхойлж өгсөөр байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэртээ “...”хэрвээ” гэх хоёрдмол агуулга бүхий байдалд эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй” гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл олдохгүй байна.

10. Эцэст нь дурдахад бид маргаан бүхий актын тодорхой хэсгийг “хүчингүй болгуулах”-аар нэхэмжилсэн болохоос биш хэн нэгэн этгээдэд ямар нэгэн үйлдэл хийхийг “даалгах” нэхэмжлэл гаргаагүй болно.

11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож иргэн Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Л.О-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, “...Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтын 4.4 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

13. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх (хуучин нэрээр)-ийн шүүгчийн 2016 оны 101/Ш32016/06646 дугаар захирамжаар иргэн Л.О-ын “...Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтын 4.4 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, “...Захиргааны ерөнхий хууль ..., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /батлагдсанаар/... зарим хэргийн хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал өөрчлөгдсөн” үндэслэлээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 257 дугаар албан бичгээр уг иргэний хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д “улсын ...  хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх”-ээр заасны дагуу маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх байдлаар шилжин ирсэн “иргэний хэрэг”-ийн материалыг хүлээн аваад Л.О-ын нэхэмжлэлээр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн захирамж авагдаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шүүгч ... нэхэмжлэлийг хүлээн авсан ... өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах”-аар заасантай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэх боломжгүй байна.

15. Түүнчлэн, “Монголын дотоод аудиторуудын институт” ТББ-ын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 26/16, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12/17 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтын 4.4 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага “бие даан” гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа “... Л.О-ын нэхэмжлэлтэй хэрэгтэй хамтран шийдвэрлүүлэх” хүсэлт, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ТББ-ын дүрэм зэргийн хавсарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

16. “Монголын дотоод аудиторуудын институт” ТББ нь уг хэрэгт гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцоогүй, хэргийн оролцогч буюу гуравдагч этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “...хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах” эрхийн хүрээнд захиргааны хэргийн шүүхэд бие даан нэхэмжлэл гаргах эрхтэй, уг нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, маргаан бүхий актын холбогдох заалтын агуулга, зорилгыг бүрэн тодорхойлж, дүгнэлт хийгээгүй  байна.

17. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “Монголын дотоод аудиторуудын институт” ТББ нь уг хэргийн гуравдагч этгээд биш байхад түүний гаргасан нэхэмжлэлд холбогдуулан “... гуравдагч этгээд ... нэхэмжлэлийн шаардлагатай адил бие даасан шаардлага гаргаж болохгүй” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон, түүнчлэн, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд уг хэм хэмжээний актын маргаан бүхий заалт нь дотоод аудиторын албан тушаалд нэгэнт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулагдсан, эсхүл уг албан тушаалд ажиллах сонирхолтой нийт этгээдүүдэд зориулагдсан эсэхийг тодруулж дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ.

18. Иймд, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА