Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-03
Дугаар 02
Хэргийн индекс 128/2017/0132/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "М с б х" ТББ
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд Б.О
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

 “М с б х” ТББ-ын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                  Г.Банзрагч,

                                  П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0741 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0844 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: “М с б х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Д.Г,

Гуравдагч этгээд: Б.О-ын өмгөөлөгч Л.Х.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0741 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М с б х” ТББ-ын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0844 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, өмгөөлөгч П.С нараас: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй болон тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4. Магадлалын хянавал хэсэгт “Дээрх бүх гишүүдийн хурлын 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолд Тэргүүлэгчдийн дарга, тэргүүлэгч гишүүдээр нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан байх бөгөөд Холбооны дүрмийн 3.13-т зааснаар тэргүүлэгчдийн олонхи оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцох учиртай. Харин Холбооны дүрмийн 3.5-д “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар эсхүл ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэж зааснаар тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахдаа аль нэг гишүүн хүсэлт гаргаснаар бус дүрмийн 3.13-д зааснаар шийдвэрлэнэ гэж ойлгохоор байна. Иймд 15 тэргүүлэгчдээс 1 тэргүүлэгч гишүүн оролцон 2016 оны 01 дүгээр тогтоолоор хуралдуулсныг Холбооны дүрэмд нийцэхгүй гэж үзэхгүй, хяналтын улсын байцаагчийн 88 тоот дүгнэлтийг буруутгах боломжгүй...” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

5. М с б х-ны тэргүүлэгчид болон гишүүдээс холбооны ерөнхийлөгч Ц.М-О-ыг “М с б х” ТББ-ын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг удаа дараа шаардсан боловч холбооны ээлжит бус хурлыг хуралдуулахгүй, холбооны үйл ажиллагаанд шууд санаатайгаар саад учруулсан. Ийнхүү “М с б х” ТББ-ын тэргүүлэгч, гишүүдээс холбооны ерөнхийлөгч Ц.М-О-д холбогдуулан “М с б х-ны дүрмийн дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Уг тогтоолын хянавал хэсэгт “Холбооны дүрмийн 3.3-д “Холбооны бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна” гэж 3.5-д ‘Холбооны бүх гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэжээ. Төрийн бус байгууллагын тухай хуульд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах зохицуулалт байхгүй тул Холбооны дүрмээр зохицуулахыг хуулиар хориглоогүй байна. Холбооны дүрмийн 3.5 дахь заалтаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий 3 этгээд байна гэж үзнэ. Дүрмийн энэ заалтын “Холбооны бүх гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч” гэсний ард таслал, түүний ард Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэснээс үзэхэд ерөнхийлөгчөөс гадна энэ хурлыг зарлан хуралдуулах өөр хоёр субьект байх ба нэхэмжлэлд Ц.Ц, Б.Д нар нь Холбооны тэргүүлэгч, Б.Б, Р.Ц нар нь холбооны гишүүн гэсэн байна. Иймээс М с б х-ны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий өөр этгээд байхад Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгсөн, энэ холбоонд хамааралгүй болсон гэж татгалзаж байгаа этгээдэд нэхэмжлэгч нарын гаргасан шаардлагыг хариуцуулах нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцэхгүй” гэж шийдвэрлэсний дагуу МСБХ-ны 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан М с б х-ны дүрмийн дагуу тэргүүлэгчдийн хүсэлтээр болон холбооны гишүүдийн санаачилгаар “М с б х” ТББ-ын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан нь төрийн бус байгууллагын тухай хууль, холбооны дүрэмд нийцсэн.

6. Холбооны дүрмийн 3.5 дахь заалтад “Холбооны бүх гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэж зааснаас үзэхэд тэргүүлэгчдийн шийдвэрээр бус тэргүүлэгчдийн хүсэлтээр зарлан хуралдуулахаар байна.

7. Хүсэлт гэдэг нь хууль зүйн утгаараа хэн нэгэн этгээдээс тодорхой нэг субьектэд тавьсан хүсэл зоригийн илэрхийлэл болохоос биш шийдвэр биш юм. Харин шийдвэр гэдэг нь тухайн шийдвэр гаргах субьект нь 2-оос дээш бол олонхи нь хуралдаж, олонхийн саналаар шийдвэрлэгдсэн, эрх зүйн үр дагавар бий болгож байгааг шийдвэрийг ойлгоно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тэргүүлэгчдийн хүсэлтээр гэдгийг тэргүүлэгчдийн шийдвэрээр гэж буруу тайлбарлан, дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Харин олонхи байхын тухайд тэргүүлэгчид нь олонхи байх шаардлагыг хангасан гэж үзэж байна.

9. М с б х-ны 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар батлагдсан дүрмийн 3.9 дэх хэсэгт “Тэргүүлэгчид есөөс доошгүй тооны гишүүдээс бүрдэх бөгөөд бүх гишүүдийн хурлаас 4 жилийн хугацаагаар сонгогдоно” гэж зааснаас үзэхэд тэргүүлэгчийг бүх гишүүдийн хурлаас сонгохоор байна.

10. М с б х-ны 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас 13 тэргүүлэгч, 1 ерөнхийлөгчийг сонгож, тогтоолоор батламжилсан. Үүнээс Холбооны ерөнхийлөгч Ц.М-О нь холбооны ерөнхийлөгчийн ажлаас татгалзсан, холбооны үйл ажиллагаанд оролцохоо больсон, хамааралгүй болсон гэсэн тухай тайлбар, мэдүүлэг нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолоос тодорхой харагдаж байгаа болно.

11. Гэтэл хариуцагч болон шүүхээс холбооны бүх гишүүдийн хурлаас сонгогдоогүй багийн эздийн төлөөлөл гэх мөн холбооны үйл ажиллагаанд оролцохоо больсон, холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзсан Ц.М-О-ыг оролцуулан 15 тэргүүлэгч байна гэж үзэж байгаа нь бодит үнэнд нийцээгүй, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг тал бүрээс эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

12. Иймд Холбооны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай хүсэлтийг 13 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгч нь хүсэлт гаргасан нь олонхи байх шаардлагыг мөн хангасан байна.

13. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг татан оролцуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй иргэн Б.О-ын хүсэлтийн дагуу гаргасан” хэмээн маргаж байх боловч улсын бүртгэгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд улсын бүртгэгчээс тайлбар авах бөгөөд Ц.Ц-ыг татан оролцуулах эрх зүйн үндэслэл байхгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн дараах заалтуудтай зөрчилдөж байна.

14. Шүүхийн энэхүү дүгнэлт нь: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “Бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” гэсэн тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан, зарчмын шинжтэй ололтоос ухарсан шийдвэр боллоо. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6-д заасан заалтуудын алинд нь ч хамаарахгүй байна. Иймд Сонгуулийн байгууллага нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд заавал оролцоог нь хангаж сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай байна. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй талаар давж заалдах заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх дүгнээгүй тул хяналтын шатны шүүх сонсох ажиллагааны талаар гаргасан гомдолд дүгнэлт хийж өгнө үү.

15. “М с б х” ТББ-ийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит бус их хурал хүчин төгөлдөр байгаа бөгөөд иргэний хэргийн шүүхэд хүчин төгөлдөр бус эсэхэд хэн ч маргаагүй, маргаан үүсгээгүй байхад хариуцагч Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газар нь тус хурлаас гарсан хүчин төгөлдөр шийдвэр, өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Тодруулбал ээлжит бус хурал нь хүчин төгөлдөр бус тооцсоны дараа тухайн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл бий болохоос биш хүчин төгөлдөр хурлаас гарсан шийдвэрийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

16. “М с б х” ТББ-д ямар ч хамааралгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй иргэн Б.О-ын гаргасан гомдлыг хүлээн авч “М с б х” ТББ-ын 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал, холбоонд ямар ч хамааралгүй иргэний хүсэлтийн дагуу “М с б х” ТББ-ын олон зуун гишүүд, тамирчид, багш, дасгалжуулагч нарын хүч хөдөлмөрийг үгүйсгэсэн, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

17. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 741 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 844 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

18. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

19. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Хяналтын улсын ахлах байцаагчийн 88 дугаартай дүгнэлтийг үндэслэн “М с б х” ТББ-ын мэдээлэлд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан бүртгэсэн бүртгэл болон улсын бүртгэлийн 0000116038 дугаар гэрчилгээ, тэмдгийн 1116217928 хяналтын дугаар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны А/134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

20. Нэхэмжлэгч “М с б х” ТББ нь дээрх А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... сүүлийн 10-аад жил тус холбооны үйл ажиллагаа тасалдаж, дүрмэнд заагдсан зорилго, чиглэлийнхээ дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, ээлжит бус их хурлаа хуралдуулж чадахгүй олон жил болсон. ...бүх гишүүдийн хурлыг Тэргүүлэгчдийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зарлан хуралдуулсан нь хууль зөрчөөгүй, түүнд үндэслэн хийгдсэн холбогдох улсын бүртгэл үнэн зөв, хуулийн дагуу хийгдсэн, ...хяналтын улсын байцаагчийн 88 дугаар дүгнэлт хуульд нийцээгүй, улсын байцаагчийн зүгээс манай холбоонд ямарч хяналт шалгалт хийгээгүй...” гэж тодорхойлон маргажээ.

21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “М с б х-ны бүх гишүүдийн хурлын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор холбооны тэргүүлэгчдийг сонгож, даргаар Ц.М-О-ыг, гишүүдээр нэр бүхий 13 хүнийг сонгосны дагуу улсын бүртгэлд холбооны үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр Ц.М-О, холбооны үүсгэн байгуулах баримт бичигт 2005 оны дүрэм бүртгэлтэй байсан, Ц.М-О нь 2013 оноос хойш холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаа больж, Ч.Ганхуяг сонгогдсон ч түүний өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус холбоо 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ээлжит бус чуулганыг хуралдуулсан боловч маргаан гарснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2116 дугаар шийдвэрээр тус ээлжит бус чуулганыг хууль бус болохыг тогтоосон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримттай маргаагүй байна.

22. Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/47 дугаар тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэснийг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

23. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 23.1.2-т баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 23.1.3-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 23.1.4-д үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр заасан.

24. “М с б х” ТББ нь тус холбооны мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өргөдөл гаргасан байх бөгөөд хариуцагч бүртгэлийн байгууллага нь уг өөрчлөлтийг бүртгэхдээ тус холбооноос гаргасан өргөдөл, тус холбооны Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах тухай” 01 дүгээр шийдвэр, “М с б х” ТББ-ын бүх гишүүдийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэр, бүх гишүүдийн хурлаас гарсан 1-7 дугаар тогтоолууд, холбооны шинэчилсэн дүрэм болон бусад баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.

25. Улсын бүртгэгчээс тус холбооны ирүүлсэн баримт бичгийг үндэслэн “М с б х” ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ц.Ц-ыг, холбооны үүсгэн байгуулах баримт бичигт 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас баталсан дүрмийг бүртгэн, тус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийн хяналтын дугаарыг шинээр олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д заасан “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэснийг зөрчөөгүй байхад хариуцагчаас тус бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль бус болжээ.

26. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Хяналтын улсын ахлах байцаагчийн 88 дугаар дүгнэлтэд “...Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд 15 тэргүүлэгч гишүүнээс нэр бүхий 7 гишүүн оролцож, шийдвэр гаргасан нь олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй холбооны дүрмийн 3.15 дахь заалтыг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

27. Учир нь, Ц.Ц, Б.Д, Б.Б, Р.Ц нараас тус холбооны ерөнхийлөгч Ц.М-О-д холбогдуулан гаргасан “М с б х-ны дүрмийн дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Улсын Дээд шүүх хянаж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Төрийн бус байгууллагын тухай хуульд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах зохицуулалт байхгүй тул Холбоо өөрийн дүрмээр зохицуулахыг хуулиар хориглоогүй байна. Холбооны дүрмийн 3.5 дахь заалтаар ...ерөнхийлөгчөөс гадна энэ хурлыг зарлан хуралдуулах эрхтэй өөр хоёр субъект байх ба нэхэмжлэлд нэхэмжлэгч Ц.Ц, Б.Д нар нь Холбооны тэргүүлэгч, Б.Б, Р.Ц нар нь холбооны гишүүн гэсэн байна. ...холбооны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий өөр этгээд байхад Ерөнхийлөгчийн ажлаа өгсөн, энэ холбоонд хамааралгүй болсон гэж татгалзаж байгаа этгээдэд нэхэмжлэгч нарын гаргасан шаардлагыг хариуцуулах нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцэхгүй” гэж дүгнэжээ.

28. Нэгэнт Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор Ц.М-О нь холбоонд хамааралгүй буюу Ерөнхийлөгч бөгөөд тэргүүлэгч гишүүн биш болохыг тогтоосон учир холбооны дүрмийн дагуу үлдсэн 13 тэргүүлэгчээс 7 гишүүн оролцож, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр тус холбооны бүх гишүүдийн хурлыг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн нь тус холбооны дүрмийн 3.5-д “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно”, 3.13-д “Тэргүүлэгчид олонх оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцно. ...” гэсэн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

29. Тус холбооны 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанд 250 төлөөлөгч оролцохоос 206 төлөөлөгч /82 хувийн ирцтэй/ оролцож, олонхийн саналаар “М с б х” ТББ-ын шинэчилсэн дүрмийг баталж, урьд сонгогдсон тэргүүлэгчдийг бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлж, шинээр тус холбооны тэргүүлэгчид, ерөнхийлөгч, хяналтын зөвлөлийг сонгож шийдвэрлэсэн нь мөн дүрмийн 3.7-д заасан “Бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцжээ.

30. Түүнчлэн хариуцагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж, нэхэмжлэгч “М с б х” ТББ-д мэдэгдэж, тэдний оролцоог ханган санал хүсэлтийг нь авч, сонсох ажиллагаа явуулахгүйгээр А/47 дугаар тушаалыг гарган хууль зөрчсөн байна.

31. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “М с б х” ТББ нь холбооны дүрэмд заасны дагуу Бүх гишүүдийн хурлыг 82 хувийн ирцтэйгээр хуралдуулж, тус хурал, хурлаас гарсан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр бөгөөд улсын бүртгэгч бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрүүдийг үндэслэн тус холбооны үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг хуулийн дагуу бүртгэсэн байхад хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий А/47 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэстэй, ингэснээр “М с б х” ТББ-ын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон 9071027098 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ болон тэмдгийг хүчингүй болгон, тус холбоонд шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийн хяналтын дугаар олгож шийдвэрлэсэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/134 дүгээр тушаалын үйлчлэл сэргэсэн болно.

32. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0741 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0844 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М с б х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

 

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ

                                       ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА