Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-03
Дугаар 7
Хэргийн индекс 110/2017/0052/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч С.Ш
Хариуцагч БӨА-ын ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ж.А
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Ш-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар: 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0695 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: С.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/440 дүгээр захирамжийн “...аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ш-ыг томилсон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, С.Ш-ыг “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Бахытбек, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/440 дүгээр захирамжийн С.Ш-т холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ш-ыг томилсон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ш-ыг “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0659 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Адалбекийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0695 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

“СУАТ” ХХК-ийн захирал С.Ш нь 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдөж, сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан С.Ш-ыг захирлын ажилдаа эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө” гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч С.Ш-ыг ажлаас нь чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримталсан нь хууль зөрчсөн байна. Учир нь уг хуулийн заалтад чөлөө олгоно гэж заасан болохоос биш “түр чөлөө” олгох эсэхийг тодорхой заагаагүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “сонгуульд нэр дэвших, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэж тус тус заасан тул С.Ш-ыг ажилд нь эгүүлэн томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. 

Учир нь “СУАТ” ХХК бол 100 хувь төрийн өмчийн оролцоотой компани ба С.Ш- сонгуульд нэр дэвшихэд өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

           С.Ш-ын нэхэмжлэлтэй холбоотой Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулга авсан ба тус хорооны тодруулгад Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар ажил албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэсэн хариуг ирүүлсэн.

“СУАТ” ХХК нь анх 1997 онд аймгийн Засаг даргын тамгын газрын харъяалалд ажиллах 100 хувь төрийн өмчийн “Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар” нэртэйгээр байгуулагдаж, дүрмээ батлан, улсын бүртгэлд төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр бүртгүүлсэн, эрх зүйн статусын хувьд олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байсан.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай лавлагаанд улсын бүртгэлийн 211001034 дугаартай, 2004275 регистрийн дугаартай "СУАТ" ХХК нь хуулийн этгээдийн өмчийн хэлбэрийн хувьд "хувийн" гэж тэмдэглэгдсэн боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар захирамжаар 7 аймгийн халуун ус, орон сууц ашиглалтын контор, ус сувгийн товчоог 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс татан буулгаж, аймгийн төвийн ус хангамж, цэвэрлэх байгууламж, халуун ус, орон сууцны засвар үйлчилгээг хариуцсан төрийн өмчийн "Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар"-ыг аймгийн Засаг даргын тамгын газрын харьяалалд байгуулсан, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дүгээр "Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" тушаалаар Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагыг компанийн хэлбэрээр зохион байгуулсан, "СУАТ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр "Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг компанийн хэлбэрээр зохион байгуулах тухай" тогтоолоор Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг төрийн өмчит хязгаарлагдмал компанийн хэлбэрт зохион байгуулсан, тус тогтоолын хавсралтаар батлагдсан компанийн дүрмээр компанийн нэрийг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "СУАТ" ХХК гэж тогтоон, компанийн дүрмийн 5.1 дэх заалтаар "Компанийн үүсгэн байгуулагч дээд байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний тамгын газар мөн бөгөөд компанийг татан буулгах, чиглэлийг өөрчлөх асуудлыг үүсгэн байгуулагч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ" гэж заасан, улмаар Монгол Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн "Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай" 29 дүгээр тогтоолын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орших орон сууц, нийтийн аж ахуйн компанийн эд хөрөнгийг цогцолбороор нь төрийн өмчөөс тус аймгийн өмчлөлд шилжүүлсэн зэргээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний "СУАТ" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 79 дүгээр зүйлд зааснаар 100 хувь орон нутгийн өмчит хуулийн этгээд мөн гэдэг нь тогтоогдож байна.

               Нэхэмжлэгч С.Ш-ыг аймгийн Засаг дарга 2016 оны Б/381 дүгээр захирамжаар эгүүлэн томилоход Компанийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж томилсон. Үүнд Компанийн тухай хуулийн /2011 оны/ 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д “хувьцаат компани нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно” гэж заасан ба “СУАТ” ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 01 дүгээр тогтоолоор баталсан компанийн дүрмийн 5.5-д “компани эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл” байна гэсэн учраас Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар дүрэмдээ заасан. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно” гэж заасан мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтоох”-оор хуульчилсан ба “СУАТ” ХХК-ийн дүрмийн 5.4-д тус компани нь 5 гишүүнтэй байхаар заасан ба тус компани эрх барих байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох” мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасныг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зөрчиж С.Ш-ыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эгүүлэн томилох тухай хурлыг хийхэд нийт 5 гишүүний 3 нь байлцаж хурал хийж хууль бус шийдвэр гарган аймгийн Засаг даргад уламжлан С.Ш-ыг хууль бусаар томилуулсан байна. Учир нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан ба дийлэнх олонх гэдэг нь 5 гишүүний 4 байлцаж байж хурал хүчин төгөлдөр байх ёстой. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01 ний өдрийн хуралд 5 гишүүний 3-ны оролцсон нь дийлэнх олонх гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж шүүхийн шийдвэр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв талаас нь үнэлээгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргав. “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй ба нэг гишүүн нь Улаанбаатар хотод амьдардаг ба 4 гишүүн нь аймгийн төвд орчин сууж амьдардаг ба тухайн үед 4 гишүүний 4 нь хуралд оролцох боломжтой байсан боловч төлөөлөн удирдах зөвлөлийн 1 гишүүн нь болох А.Даримханд мэдээлэлгүйгээр хурал хийж эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь орон нутгийн өмчит хуулийн этгээд “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд түүний ажил олгогч нь биш учир тухайн ажилтныг томилох, чөлөөлөх, түүнчлэн тухайн ажилтны хувьд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын хэрэгжилттэй холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргах бүрэн эрхгүй бөгөөд “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил олгогч буюу түүнийг гэрээний үндсэн дээр авч ажиллуулж байгаа этгээд нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай холбогдуулан шийдвэр гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "СУАТ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ш-ыг томилсон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18 дахь хэсгийг зөрчсөнөөс гадна ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг ажил олгогч биш, бүрэн эрхгүй этгээдийн шийдвэрээр зогсоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5, 37, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд нийцээгүй байна. Үүнтэй холбогдуулан гаргасан ажилтан С.Ш-ын “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад Засаг дарга хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэл нь хууль бус" гэсэн гомдол үндэслэлтэй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцсэн байна гэсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир С.Ш-ыг анх томилоход, дараа нь сонгуульд оролцох үед мөн сонгуулийн дараа ч аймгийн Засаг дарга асан Х.Дармен томилж чөлөөлж, дахин Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн томилсон байна.Тиймээс анхан шатны шүүх үнэхээр үнэн зөв дүгнэлт гаргасан бол өмнөх аймгийн Засаг даргын шийдвэр болох Б/381 дүгээр захирамж мөн адил хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

         Мөн Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “СУАТ” ХХК нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болох нь тогтоогдож байгаа ба “СУАТ” ХХК-ийн дүрмийн 5.1, 5.2-д заасны дагуу компани гүйцэтгэх захирлыг томилох асуудал нь дан ганц төлөөлөн удирдах зөвлөлийн эрх мэдэлд хамаарахгүй, уг компанийг үүсгэн байгуулагч Засаг даргатай зөвшилцөх, Засаг дарга орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-д “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох” гэж тус тус заасан ба хууль бус шийдвэрийг хүчингүй болгох мөн адил эрхтэй гэж үзсэний үндсэн дээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасныг тус тус зөрчиж С.Ш-ыг томилсон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

“СУАТ” ХХК нь жил бүр аймгийн орон нутгийн өмчийн албанд өмчийн тайлангаа нэгтгэж, орон нутгийн өмчийн тооллогод хамаарагддаг ба энэ нь “СУАТ” ХХК нь 100 хувь төрийн өмчит компани гэдэг нь мөн адил хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа нэг хэлбэр юм.

Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм.

Анхан шатны шүүх зөвхөн Компанийн тухай хуулийг гол баримтлал болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “СУАТ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Ш төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба уг хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар зохицуулагдаж байгуулсан гэрээ тул С.Ш-ыг томилох чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт нь хамааралтай ба мөн адил уг хуулийн үйлчлэлд хамаарах юм. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.А-ийн өмгөөлөгч Ө.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг зөрчиж “сонгуульд нэр дэвших хугацаанд чөлөө авсан, чөлөөний хугацаа дууссан тул эргэж ажилд маань Засаг дарга томилсон” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байтал давж заалдах шатны шүүх “С.Ш- нь албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө С.Ш- нь захирлын албан тушаалаас бүр мөсөн чөлөөлөгдөхийг хуулиар шаардаж байхад түүнд сонгуулийн хугацаанд чөлөө олгосон Засаг даргын үйлдэл хууль бус юм. Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн хүний хувьд сонгуулийн хугацаанд албан тушаалаас нь чөлөө авах, түр чөлөөлөгдөх, албан тушаалыг хадгалах асуудал яригдахгүй бөгөөд хэрэв С.Ш- нь дахин тухайн албан тушаалд томилогдох тохиолдолд шинээр томилогдох хүнтэй адил статустай болох юм. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь “сонгуулийн хугацаанд чөлөө авч албан тушаалаас нь түр чөлөөлөгдсөн, чөлөөний хугацаа дуусгавар болсон” буюу “чөлөөний хугацаа дууссан” гэх үндэслэлээр С.Ш-ыг гүйцэтгэх захирлаар буцаан томилохоор Засаг даргад уламжилсан. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар “гүйцэтгэх захирлыг сонгох эрх нь гагцхүү Төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагдах” тул гүйцэтгэх захиралд чөлөө олгох, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Засаг дарга биш Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх ёстой байсан.

Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлаар С.Ш-ыг томилох асуудлыг хэлэлцэх хуралдаанд гишүүдийн дийлэнх олонх нь оролцоогүй тул тухайн хуралдаанаас гаргасан шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д зааснаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох юм. Нөгөө талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдээс 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилохдоо нэрээр нь нэрлэж заагаагүй зөвхөн албан тушаалаар нь буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга, аймгийн Төрийн өмчийн төлөөлөгч, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын бүрэлдэхүүнтэй томилсон. Өөрөөр хэлбэл дээрх албан тушаалд ажиллаж байгаа хүн “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тооцогдох байтал 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон Айгүлийг оролцуулахгүйгээр албан тушаалаас нь чөлөөлөгдсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох эрхгүй этгээд Ахжархыныг оролцуулж шийдвэр гаргаж С.Ш-ын асуудлыг хэлэлцсэн нь өөрөө хууль бус юм.

Иймээс С.Ш-т Сонгуулийн тухай хуулийг зөрчиж чөлөө олгосон, чөлөөний хугацаа дууссан гэх үндэслэлээр эгүүлэн ажилд нь томилсон, гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг хэлэлцсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох этгээд Айгүлийг оролцуулаагүй, өөр хүнийг оролцуулан хууль бус бүрэлдэхүүнээр хэлэлцэж гаргасан шийдвэрийг нь хүлээн авсан Засаг дарга Х.Дармений хууль бус үйлдлийг залруулж С.Ш-ыг “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон 2016 оны Б/381 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Засаг дарга А.Гыльмханы үйлдлийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “шинжээчийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх ба шинжээчийн мэргэжил, албан тушаал, гарын үсэг, хэрэв хуулийн этгээд бол албан бичгийн хэвлэмэл хуудас бичин эрх баригчийн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна”, 72 дугаар зүйлийн 72.1-д “хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан Тооллогын комисс томилж байгуулна”, 73 дугаар зүйлийн 73.1 дүгээр хэсгийн 4-т “Санаатайгаар идэж ашигласан буюу дутагдуулсан нь илэрвэл хуулийн этгээдийн эрх баригч уг хэргийг 7 хоногийн дотор хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэх хуулийн заалтуудын агуулгаас үзэхэд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж явуулах, дотоод хяналт шалгалт тавих гүйцэтгэх захирлын бүрэн эрхтэй дүйж байгаа учир Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч” гэдэг нь нь тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал мөн юм. Анхан шатны шүүх дүгнэхдээ Засаг даргын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох” эрх нь орон нутгийн өмчид “СУАТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилоход хамаарахгүй, компанийн гүйцэтгэх захирлыг тухайн компанийн эрх баригч гэж үзэх боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж компанийн эрх баригч нь Төлөөлөн Удирдах Зөвлөл мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нөгөө талаар эрх баригч болон эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх хэмжээ, статусын хувьд бие даасан хоёр өөр субъект юм.

Иймд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0695 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга ....орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол … ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх...” гэж заажээ.

Орон нутгийн өмчит хуулийн этгээд болох Баян-өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн захирал С.Ш- нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж оролцох болсноор тус аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаар захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар “...чөлөөлөгдөх...” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл дэх хэсэгт заасны дагуу “чөлөө” олгох асуудал биш, харин Сонгуулийн хуулиар тусгайлан тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийг ажлаас бүрмөсөн чөлөөлөгдсөнд тооцох учиртай.

Мөн чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах” гэх зохицуулалтад хамааралгүй.

Иймээс шүүхүүд маргааны гол үйл баримтыг зөв тодорхойлсон, өөрөөр хэлбэл сонгууль дууссанаас хойш нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэнийг зөв дүгнэжээ.

Сонгуульд нэр дэвших болсноор ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтны хувьд хуучин ажилдаа эргэж орох, томилогдох эрх нь ажил, албан тушаалд анх томилогдох гэж байгаа албан тушаалтны нэг адил холбогдох хуулиар тавигдсан шаардлагад нийцэж хэрэгжихээр юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр С.Ш-ыг тухайн компанийн гүйцэтгэхээр захирлаар томилохоор шийдвэрлэж, үүнийг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны Б/381 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилсон нь нотлох баримтуудаар тогтоогджээ.

Баян-өлгий аймгийн Засаг даргын Б/381 дүгээр захирамж Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Иймд, аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан эрхээ буруу хэрэгжүүлж, маргаан бүхий 2016 оны Б/440 дүгээр захирамжаар дээрх Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ.

Дээр дурдсан бүгдийг нэгтгэн, хяналтын шатны шүүх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй буюу “...хуулиар С.Ш- нь албан тушаалаасаа бүрмөсөн чөлөөлөгдөхөөр байхад түүнд чөлөө олгосон Засаг даргын үйлдэл хууль бус...” гэснийг болон хэргийн оролцогчид маргаагүй байхад  “...“СУАТ” ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд...” гэх хариуцагчийн гомдлыг дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Мөн “СУАТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр нь хүчин төгөлдөр байх тул “... хуралд дийлэнх олонхи оролцоогүй, ...хууль бус шийдвэрийг аймгийн Засаг даргад уламжилсан...” гэх хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулиудын зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0695 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ