Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-10
Дугаар 11
Хэргийн индекс 128/2017/0215/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Н.Б
Хариуцагч МҮОНРТ-ын ҮЗ-д
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Л.Н
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн М-221/МА2017/0790 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МҮОНРТ-ийн ҮЗ-д холбогдох,

“Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах шийдвэрийг хүчингүй болгуулах, Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго, Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэрээр: Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 24.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн гаргасан ”Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах” шийдвэрийг хүчингүй болгуулах, Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0790 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Б-гийн өмгөөлөгч М.Бадрал, Б.Сод-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ/2017/0603 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0790 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн маргаан бүхий шийдвэр нь хуультай хэрхэн зөрчилдөж буй тухайд: Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл байна", 21 дүгээр зүйлийн 21.1-д "олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна", 21.5-д "Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хүн, Монгол Улсын Их Хурал 7 хүн, Монгол Улсын Засгийн газар 4 хүнийг тус тус нэр дэвшүүлэх”, 21.8-д “Улсын Их Хурал хэлэлцэж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохоор" тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү байгууллагын үйл ажиллагаа нь хувийн радио болон телевизийн захирлыг томилж буй Төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй адилтгах боломжгүй тул шийдвэр гаргах ажиллагаа бүрийг нь хуульчилж өгсөн.

Дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь заалтаар ерөнхий захирлыг сонгон шалгаруулалтын журмаар томилно. Ийнхүү томилох эрх нь хуульд зааснаар Үндэсний зөвлөлд хадгалагдана. Өөрөөр хэлбэл Үндэсний зөвлөл нь ерөнхий захиралд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулан томилох эрхтэй болохоос хуульд заагаагүй этгээд болох “ажлын хэсэг” нь сонгон шалгаруулалт явуулах эрхгүй юм. Энэ нь хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-д “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах” гэж заасантай нийцэхгүй болно. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрвөл, Ерөнхий захирлыг томилох эрх нь ямар нэгэн хууль зүйн шалгуургүйгээр Үндэсний зөвлөлд олгогдсон эрх учир ямар ч үнэлгээ, журмаар хэнийг сонгон шалгаруулах нь хамаагүй гэх үндэслэлийг зөвшөөрч буй адил юм. Тодруулбал, хуулиар эрх олгосон этгээд нь сонгон шалгаруулалт явуулаагүй учир эрх олгогдоогүй этгээдийн үнэлгээ, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй бөгөөд түүнийг үндэслэн томилох шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэлээс ялгаатай нь яагаад хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй байгаа талаар дүгнэлт хийсэн. Уг үндэслэл, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ‘'Маргаан бүхий журмыг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орох үед маргаагүй байж сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн нэгдсэн дүн гарсны дараа уг заалтыг хүчингүй болгуулахаар маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм” хэмээн дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 16.14-д "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ....шударга шүүхээр шүүлгэх" гэж заасныг хязгаарласан дүгнэлт гэж үзэж байна. Түүнчлэн аливаа нэг иргэн сонгон шалгаруулалтад оролцсоноор тухайн журам нь хүчин төгөлдөр болох нөхцөл байдлыг үүсгэхгүй.

Захиргааны ерөнхий хуулиар хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох журмыг өөрөөр зохицуулсан байдаг. Журмын 5.6 дахь заалт нь Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага зохион байгуулалтыг тогтооход чиглэсэн гэх үндэслэлийн тухайд: Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д зааснаар зохион байгуулалт, бүтцийг тогтоох эрхтэй боловч маргаан бүхий акт нь энэхүү зохицуулалттай холбоо хамааралгүй юм. Захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл нь гадагш чиглэсэн буюу иргэн, хуулийн этгээдэд хандсан байхыг ойлгоно. Өөрийн захирах, захирагдах бүтцэд хамаарах этгээд болон тухайн салбарын нэгж, бүтцийн байгууллага, албан тушаалтанд хандаагүй байх, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам нь ерөнхий захиралд нэр дэвших, сонгон шалгаруулалтад оролцох, томилогдохыг хүссэн хэн бүхэнд хандсан, гадагш чиглэсэн байна.

Журмын 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалт нь Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцож буй иргэдэд чиглэсэн, үйлчлэл нь байнга дахин давтагдах шинжийг агуулаагүй гэх үндэслэлийн тухайд: Захиргааны хэм хэмжээний актын бас нэгэн шинж нь нэг удаагийн тохиолдолд үйлчлээд дуусгавар болох биш эрх бүхий этгээдээс өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэн найруулах зэргээр шийдвэрлэх хүртэл тухайн ижил харилцаанд байнга давтан үйлчлэх шинжтэй байдаг. Дээрх тохиолдолд ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох бүрд тухайн журам хэрэглэгдэх бөгөөд ижил харилцаа үүсэх бүрд байнга давтан үйлчлэх шинжтэй байна. Өөрөөр хэлбэл нэг удаагийн тохиолдолд үйлчлээд үйлчлэл нь дуусгавар болдог захиргааны акт биш ижил харилцаанд давтан хэрэглэгдэх хэм хэмжээний актын шинжийг агуулж байна.

Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ/2017/0603 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0790 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагад хамаарал бүхий зарим захиргааны актын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноос шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл” байхаар, 24 дүгээр зүйлийн 24.1.7-д “Үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах эрхтэй” байхаар заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ыг батлан гаргажээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “...Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно”, 31.2-т ”Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно” гэж тус тус зааснаас үзвэл, сонгон шалгаруулалтад оролцогчдоос Үндэсний Зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар Ерөнхий захирлыг 3 жилээр томилохоор байна.

Гэтэл дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.6-д “Ерөнхий захиралд нэр дэвшиж сонгон шалгаруулалтад оролцогсдоос ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна” гэж заасан нь дээрх хуульд нийцээгүй байх тул “...ажлын хэсгийн 7 гишүүний шийдвэрээр санал өгсөн нь хууль зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй, журмын маргаж буй заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлөөс хуульд заасан эрхийнхээ дагуу сонгон шалгаруулалтын журмыг баталж, сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг судлах, дүгнэх ажиллагааг Үндэсний зөвлөлийн гишүүдээс бүрдсэн “Ажлын хэсэг” гүйцэтгэхээр заасан нь хууль зөрчөөгүй, “...ажлын хэсэг нь сонгон шалгаруулалт явуулах эрхгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын дагуу дээрх хуульд нийцээгүй заалтыг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн бусад шаардлага болох сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах шийдвэр, Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Учир нь, шүүхийн шийдвэр гарсан үеэс журмын маргаан бүхий заалт хүчингүй болсонд тооцогдох тул энэ нь тухайн үед хүчин төгөлдөр байсан журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгон, дахин явуулах үр дагаврыг үүсгэхгүй юм.

Нэхэмжлэгч Н.Б- нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан сонгон шалгаруулалтын журмыг зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон, нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж, өгсөн үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн, ажлын хэсгийн хуралдаанаас сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигчдийн авсан үнэлгээний талаарх материалыг Үндэсний зөвлөлд хүргүүлснээс үзвэл Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчдийн тухайд санал хураалт явуулсныг бусад нэр дэвшигчдийн санал хураалтад оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Үүнээс гадна “Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох” журам нь эрх бүхий этгээдээс хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, гадагшаа чиглэсэн үйлчлэл бүхий хэм хэмжээний захиргааны акт” байхад давж заалдах шатны шүүх энэ талаар  буруу дүгнэлт хийсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан нь үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр “Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин нэхэмжлэлийн бусад шаардлага болох “сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах шийдвэр, Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн олонхийн саналаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0790 дүгээр магадлалын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасныг тус тус баримтлан “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлага буюу “Сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар хуралдаанаас гаргасан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах” шийдвэр, Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өрийн 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-гийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ