Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-15
Дугаар 30
Хэргийн индекс 128/2016/0958/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Н.П
Хариуцагч ОӨУБЕГ-ын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.П-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                   Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОӨУБЕГ-ын даргын Б/39 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Бүртгэлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0778 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Н.П

Хариуцагч: ОӨУБЕГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, өмгөөлөгч Ж.Энхтуяа нар,

Хариуцагч ОӨУБЕГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэрийн: 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-ын ОӨУБЕГ-ын даргад холбогдуулан гаргасан “ОӨУБЕГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ОӨУБЕГ-ын даргын өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Бүртгэлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ОӨУБЕГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын хавсралтын Н.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ОӨУБЕГ-ын хяналтын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.П-ыг ОӨУБЕГ-ын Хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэх буюу ажилгүй байсан хугацааны 12,922,751 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжлэгч Н.П-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ОӨУБЕГ-ын даргад даалгаж, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0778 дугаар магадлалаар:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Н.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ОӨУБЕГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.П-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн “төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн ажиллуулах” нэмэгдэл баталгааг хангаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ОӨУБЕГ-ын Хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгасугай” гэж, хоёр дахь заалтын “ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс” гэснийг “2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс” гэж, мөн “12,922,751 төгрөгийн цалин хөлсийг” гэснийг “10 877 545 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг” гэж, гурав дахь заалтын “51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1” гэснийг “48 дугаар зүйлийн 48.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч ОӨУБЕГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, өмгөөлөгч Ж.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0778 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4. Тус байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Хяналтын хэлтэс болон Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсүүд нэгдэн газрын зохион байгуулалтад орж, нэгжийн чиг үүрэг өөрчлөгдөн өргөжиж, өмнө байсан хяналтын хэлтсийн даргын албан тушаалын 2 орон тоо хасагдсан. Хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-9 ангилал, зэрэглэлийн албан тушаал бөгөөд 2 хэлтсийн даргын ажлын чиг үүрэг шинээр бий болж, Хяналтын газрын даргын ажлын чиг үүрэгт нэгдэн шилжсэн. Газрын даргын албан тушаал нь ТЗ-10 ангилал, зэрэглэлд хамаарна.

5. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар батлагдсан “ОӨУБЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн 4.7-д Хяналтын асуудал хариуцсан нэгжийн 10 чиг үүргийг тусгаснаас 4 нь улсын бүртгэлтэй холбоотой, үлдэх 6 чиг үүрэг нь оюуны өмчтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлж, оюуны өмчийн болон улсын бүртгэлийн хяналтын ажлын чиг үүргийг нэгтгэн шинэчлэн тогтоосон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар заасан. Хяналтын газрын даргын ажлын байранд тавигдах үндсэн шаардлага нь боловсролын хувьд хууль зүйн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, туршлагын хувьд Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс салбарт 10 жил, хяналтын улсын байцаагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан. Өмнө Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэбаяр, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.П- нарыг ажлаас чөлөөлж, Хяналтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу нээлттэй зарлан явуулж, сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч, ажлын байранд тавигдах шаардлага хангасан Ч.Эрдэнэчимэгийг Хяналтын газрын даргаар томилсон. Гэтэл шүүхээс Хяналтын хэлтсийн албан тушаал цөөрөөгүй, хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэбаяр маргаагүй, өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

6. Байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Н.П-ын мэргэжил, мэргэшлийн дагуу ТЗ-9 ангилал, зэрэглэл бүхий хэлтсийн даргын албан тушаал шинээр бий болоогүй тул хуулийн дагуу Н.П-ын цалин хөлсийг бууруулахгүй, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөхгүйгээр зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг дээд хязгаараар тогтоож, ажлын байраар хангасан. Н.П-ыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар томилсон байхад томилгоо хийгээгүй мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. Магадлалын “Хянавал” хэсэгт "…нэхэмжлэгч нь Ч.Эрдэнэчимэгийг томилсон тушаалтай маргаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зохицуулагддаг тул Ч.Эрдэнэчимэгийг гуравдагч этгээдээр зайлшгүй оролцуулах шаардлагагүй юм” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр Ч.Эрдэнэчимэгийг татан оролцуулж, хэргийг шийдвэрлээгүйн улмаас хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа Ч.Эрдэнэчимэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

8. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0778 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, “ОӨУБЕГ-ын даргын Б/39 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Бүртгэлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай Н.П-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

11. Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаалын дагуу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталснаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгон өөрчлөн байгуулсан байна.

12. ОӨУБЕГ-ын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор тус газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газрын нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Н.П- хамрагджээ.

13. Мөн өдрийн Б/06 дугаар тушаалаар ОӨУБЕГ-ын ажилтан, албан хаагчдыг буцаан томилохдоо байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр Н.П-ын албан тушаалын орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Н.П-ыг эгүүлэн томилолгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар түүнийг өмнө нь ажиллаж байсан албан тушаалыг бууруулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын байцаагчаар томилжээ.

14. Нэхэмжлэгчийн зүгээс бүтэц, орон тооны өөрчлөлтөөр нийт албан хаагчдыг чөлөөлсөн үйл баримтын тухайд маргаагүй. зөвхөн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, шинэ бүтцээр бий болсон Хяналтын газрын даргаар ажиллах боломжтой байхад дүүргийн хяналтын улсын байцаагчаар томилж, хууль зөрчсөн гэж маргасан байна.

15. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан улсын бүртгэлийн хяналтын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, үндсэн чиг үүрэг, ажлын байранд тавигдах мэргэжлийн болон бусад шаардлага өөрчлөгдөөгүй, Улсын бүртгэлийн байгууллагад 2003 оноос нийт 13 жил ажилласнаар Хяналтын газрын даргаар ажиллах туршлагагүй гэж үзэх боломжгүй талаар 2 шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

16. Дээрхээс үзвэл, Н.П-ыг өмнө нь эрхэлж байсан ажил үүргийнх нь дагуу үргэлжлүүлэн боломжтой байхад ОӨУБЕГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасантай нийцээгүй, хууль бус байна.

17. Мөн Н.П-ыг хууль зөрчин өөр ажилд томилсон, нэхэмжлэгч нь Хяналтын газрын даргаар ажиллах боломжтой, маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гараагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сул орон тоо гарсан гэж үзэн “Сонгон шалгаруулалт” явуулж нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.

18. Иймээс сонгон шалгаруулалтаар өндөр оноо авч Хяналтын газрын даргын албан тушаалд томилогдсон Ч.Эрдэнэчимэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй, давж заалдах шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэжээ. 

19. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдааг зөвтгөж,  найруулгын  болон цалин, нөхөн олговрын талаар өөрчлөлт оруулсан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0778 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ