Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-15
Дугаар 26
Хэргийн индекс 128/2017/0226/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Х х т х э ү с ”, “Х х ү с”, “Х з х х”, “Б н б т и н ү э”, “Х э ү т”, “Ө ү х т”, “М ү с” ТББ
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“Х  х т х э ү с ”, “Х х ү с”, “Х з х х”, “Б н б т и н ү э”,

“Х э ү т”, “Ө ү х т”, “М ү с” ТББ-уудын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Шүүгч Х.Батсүрэн 

Шүүгчид:                   Г.Банзрагч, 

                                  Ч.Тунгалаг,

                                  П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан Дүнжингарав уралдаан хууль бус байсан болохыг тогтоох, Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/688 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0830 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч  нарын  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Ц.Б,  П.Ц, Д.Б, өмгөөлөгч Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч Д.О,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А болон хариуцагчийн  өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/688 дугаар шийдвэрээр: Хүүхдийн эрхийн тухай 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар конвенцийн 7 дугаар зүйлийн 2.а, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасныг тус тус баримтлан ““Х х т х э ү с”, “Х х ү с”, “Х з х х”, “Б н б т и н ү э”, “Х э ү т ”, “М ү с” ТББ-уудаас, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болох”-ыг тогтоож, үлдэх хэсэг болох “Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 2, 3 дугаар заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас гаргасан “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан Дүнжингарав уралдаан хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч нараас гаргасан “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0830 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 688 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Дүнжингарав уралдаан хууль бус болохыг тогтоох” гэсний дараа “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” гэж нэмж, 3 дахь заалтыг хасч, 4, 5 дахь заалтыг 3, 4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдэж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.О: “...шийдвэр, магадлалын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргахдаа Хаврын бүсийн уралдааныг Монголчууд түүхэндээ хэрхэн яаж уралдуулж байсан талаас нь цухас дурдах нь зүйтэй гэж үзээд гомдлоо дараахь үндэслэлээр эхлүүлж байна.

5. Морин уралдааныг түүхэн эх сурвалжаас нь дурдвал: Монголчууд олон зуун жилийн турш хурдан морь уралдуулж ирэхдээ жилийн дөрвөн улирлын аль үед нь уралдаан зохион байгуулах вэ? гэдгийг өөрсдөө маш оновчтой тогтоож чадсан, морин дэлэн дээр өссөн түүхэн уламжлалтай нүүдэлчин ард түмэн юм. Морин уралдаан нь Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн түүхтэй. Монголын хурдан морины уралдааны нэгэн чухал онцлог нь хурдан морийг хүүхэд унан уралддаг явдал юм. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын амьдралын язгуур хэвшлээс урган гарсан нэгэн өвөрмөц онцлог нь хүүхдээ тун балчир наснаас нь морь унуулж сургадаг онцлогтой.

6. Монголчууд хүүхдийг дөнгөж хөлд орох үеэс нь монгол морины нуруун дээр гарган тавьж, чанд хяналтын дор аажмаар дасгадаг уламжлалтай. Үүний үр дүнд хүүхэд хоёр хөл дээрээ өөрөө явж сурах үеэсээ арай л хожуухан буюу 3-4 насандаа дөрвөн хөлтэй амьтны нуруун дээр тогтож сурч, түүний хөдөлгөөний эвсэлд дасан зохицдог. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын амьдралын язгуур хэвшлээс урган гарсан нэгэн сонин онцлог нь хүүхдээ тун балчир наснаас нь морь унуулж сургадаг онцлогтой. Уралдааны морь унасан буюу том, бага наадмуудад морь унаж уралдсан хүүхэд л жинхэнэ “Морьтон Монголын” эгнээнд ордог. Уралдаанд тогтмол бэлтгэгдсэн хүүхдүүд л оролцдог.

7. Нүүдэлчин монголчуудын Хүннүгийн үеийн энэ заншил өнөөдөр хүртэл яг хэвээрээ хадгалагдан үлдсэн. Монголчууд чухамхүү хурдан морины уралдааныг эрхэмлэн дээдэлдэг. Хурдан морьдыг уралдаанд бэлтгэх буюу хурдан морь уяж сойх дэг сургууль бий болсон нь монголчуудын адуу эдлэх соёл өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулдаг. Энэ ч үүднээсээ Монголын Морин спортын уяачдын холбоо нь 2011 онд албан ёсоор Азийн Морин Уралдааны Холбооны гишүүнээр, 2013 онд Дэлхийн Морин Уралдааны Холбооны гишүүнээр тус тус элсэж, 2013 онд ММСУХ-ноос 4249 хурдан морины уралдаан зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон болон өөр үндэстэн ястнаас ялгарах үндэсний спортын төрлийг түүхэнд мөнхөлж үлдээсэн түүхтэй.

8. Монголчууд хурдан морио уралдуулахдаа байгаль орчин, цаг агаарын нөхцөл, хүн, малын эрүүл мэнд зэрэг хүчин зүйлүүдийг нягт нямбай тооцон зохион байгуулдаг уламжлалтай ард түмэн юм.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр түүхийн ухааны доктор, хурдан морь судлаач /Ph/ А.Баярмагнай гуай шүүх хуралдаанд оролцохдоо Хаврын уралдааныг жил бүрийн намрын дунд сарын 17-ноос цагаан сарын шинэ гарах хоорондын энэ хугацааг сонгон тогтоосон байдаг. Энэ нь Европын он тооллын 9 дүгээр сарын дунд болон сүүл үеэс 2 дугаар сарын сүүл, 3 дугаар сарын эхэн хүртэлх хугацаа юм. Гуравдугаар сар гарсан цас ч бүрэн хайлаагүй ч жаврын элч илт саарсан энэ үед уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй байдлын талаас нь харж хүүхдүүдээр морь унуулдаг байсан түүхтэй юм.

10. Хавар морь уралдуулж ирсэн түүхийг Монголчууд бид өөрсдөө мэдэх төдийгүй гадаадын аялагч жуулчдын төлөөлөгчид хүртэл тэмдэглэн бичсэн түүхэн зохиолуудад дурдагдан бичигдсэн түүхтэй. Үүний тод жишээ нь “Монгол Гүн Ларсон” хэмээх ном юм. Энэ номын 148-152 дугаар хуудсанд Монголчуудын хаврын уралдааныг тухай маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Хаврын уралдаан нь Монгол орны аймаг, сум, хороо, баг бүрт жаахан дэгсдүүлхэн хэлбэл бараг өвөлжөө болгонд зохиогддог байсан уралдаан юм. Аймаг, сум бүрт хаврын уралдааныг тогтмол хийдэг хэвшсэн газар нутаг байдаг. Хурдан морины уралдаан нь морио шинжиж үүлдэр угсаа бий болгох, түүнийгээ өсгөж үржүүлэх, уяж сойх, уралдуулах нь нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын өв уламжлал, ахуй амьдралын салшгүй зүйл байдаг. Тиймээс ч хурдан морь уяж сойж уралдуулах нь сайн дурын үндсэн дээрх ард түмний баяр цэнгэл юм.

11. Засгийн газраас тогтоол гарган зохицуулж буй асуудал нь: Монгол Улсын Засгийн газраас 2006 оноос эхлээд 2017 оныг хүртэлх хугацаанд жил бүр тухайн жилийн хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоох тогтоол гаргасаар ирсэн түүхтэй. Морь сонирхогч болон уяачид нь төр засгаас хурдан морь эс уралдуулах гарсан шийдвэрт тэд захирагддаггүй, гагцхүү уяачдын саналыг үндэслэн Засгийн газар улсын чанартай бүсийн уралдааны зөвхөн товыг тогтоосон тогтоолыг жилд нэг удаа гаргаж морь уралдуулахад унаач хүүхдүүдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам стандарт болон аюулгүй байдлыг нь хангаж, хяналтыг өндөр хэмжээнд зохицуулан хэрэгжүүлж иржээ.

12. Засгийн газрын хаврын тов тогтоосон тогтоолыг Монголын морин спорт уяачдын холбоо болон орон нутгийн уяачдын холбоодоос комисс томилж, төр олон нийтийн байгууллагын дэмжлэгийг авч уралдааныг зохион байгуулж гүйцэтгэдэг уламжлалтай. Энэ нь түүхэн өв уламжлал, түүхэн соёлоо хүндэтгэж буй нэг хэлбэр юм.

13. Засгийн газраас Хаврын бүсийн уралдааны товыг тогтоосон тогтоол жил бүр гаргаснаараа морь унаач хүүхдийн эсэн мэнд байдлыг нэгдмэл байдлаар хангах нэг мөр ойлголттой болох, хурдан морины уралдаанд холбогдох байгууллагуудын хүчийг төвлөрүүлэх дэг журам зохион байгуулалтыг сайжруулах улмаар хяналт тавих боломжийг бүрдүүлдэг юм. Уралдааны үеэр хурдан морь унаач, хүүхдүүдийн эрх ашгийг, хамгаалах байгууллага хүн, мал эмнэлэг, даатгалын газрууд, хэв журам хамгаалах үүрэг бүхий цагдаагийн байгууллагуудтай хамтарч ажиллах шийдвэрийг холбогдох яамд, удирдах дээд газрууд болон тухайн аймгийн Засаг дарга, тэдгээрийн тамгын газрын түвшинд гаргуулж, тодорхой удирдамж, үүрэг чиглэлтэй ажиллаж ирсэн нь үр дүнгээ өгч ирсэн.

14. Нөгөө нэг хүчин зүйл болсон хурдан морьдыг гараанаас нэгэн зэрэг гарахад осол аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай төхөөрөмж бий болгож Батлан хамгаалах яамны жанжин штабын даргын шийдвэр гаргуулж, ардын цэргийн, цэрэг дайчдаар мөн хамгаалалт хийх ажил аль ч газар хэвшил болж чадсан ба ийнхүү сүүлийн 10-аад жилд төр засаг Монголын морин спорт уяачдын холбооноос иргэд уяачид олон нийтийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэс дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн нь гагцхүү уяачид унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн байна.

15. Хууль зүйн талаас дүгнэлт хийхэд: Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

16. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Засгийн 2017 оны 63 дугаар тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас гаргасан “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэл улс аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 54.1.2 дахь заалтыг өөрчилж 54.1.1 гэж өөрчлөн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа болно.

17. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалт болон давж заалдах шатны Тогтоох хэсгийн 1 дэх заалт болох “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болох”-ыг тогтоож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа болно.

18. Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт, Баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хурдан морины уралдааныг азарга, их нас, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна”, 8.2-т “хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна.” гэх заалтуудыг илтэд зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзэж байна.

19. Монгол Улсын Үндсэн хуулинд Монголын ард түмэн бид: улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж , хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэсэн үндсэн хуулинд заасан тунхаг бичигтэй билээ.

20. Энэ тунхаг бичгээс харахад бид улсынхаа тусгаар тогтнол болон үндэсний өв соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж үндэсний спортын нэг төрөл болох морин уралдааныг түүхэн талаас нь уламжлан ирсэн үндэсний спортын нэг төрлийг хаврын улиралд хийхгүй болсноороо нэгэн төрлийн үндэсний өв уламжлалаасаа татгалзаж буй нэг илэрхийлэл гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Үндэсний зан заншлын хэм хэмжээний үндэсний спортын нэг төрөл болох хаврын морин уралдааныг хэт нэг талыг барьж шүүхээс “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болох”-ыг тогтоож шийдвэрлэсэн нь Үндсэн хууль болон Баяр наадмын тухай хуульд нийцэхгүй юм.

21. Энэ бүгдээс харахад Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.” гэж заасан заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй тул Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн үндсэн зарчмыг алдагдуулж байгаа тул тус анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

22. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-аас: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна.

23. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээрээ “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болох”-ыг тогтоож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гагцхүү “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдэх маргаан биш байна гэж дүгнэсэн.

24. Нэхэмжлэгч нарын зүгээс захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгахтай холбоотой нэхэмжлэлд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

25. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй байсан ч зөвхөн гомдлын хүрээнд хянасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүхээс удаа дараа “63 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоосон шийдвэр гарсан. Энэ тохиолдолд дахиж уралдаан товлох эрхгүй болно. Үүнийг ойлгож байгаа юу” гэж Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж, энэ талаар дүгнэлт хэлж байсан нь 830 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Хэрвээ давж заалдах шатны шүүх процессын хуулийн дагуу хэргийг дан ганц гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянасан бол энэ дүгнэлтээ магадлалдаа тусгах ёстой байсан юм. Магадлалд хууль бус захиргааны акт гэж тогтоосны үр дагаврын талаар дүгнэлт хийсэн бол дахин энэ асуудлаар захиргааны акт гаргаж болохгүй гэдэг нь тодорхой болж хүүхдийн эрх ашиг бүрэн хангагдах боломжтой болох байв.

26. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэлийн “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу дүгнэлт хийсэн гэж нэхэмжлэгчдийн зүгээс үзэж байна.

27. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилгод төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллагад хуульчилсан акт буюу захиргааны хэм хэмжээний акт гаргах онцгой эрх рүү нь халдаж, хэм хэмжээний акт гаргахыг даалгах нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго, чиг үүрэгт нийцэхгүй” гэж дүгнэсэн ба мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т заасан шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүх гаргахаар хуульчилсан байхад захиргааны хэргийн шүүхээс “хэм хэмжээний акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах” шийдвэрийг гаргах боломжгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

28. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалж нэхэмжлэл гаргаж буй этгээдээс ирээдүйд зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалж нэхэмжлэл гаргах нь нийцэж байгаа тул Захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хуулинд заасан хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газарт даалгах боломжтой. Мөн нэхэмжлэлийн төрлийг зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хязгаарлах нь зохисгүй бөгөөд нийгмийн харилцааны явцад олон өөр төрлийн нэхэмжлэлийн шаардлагууд урган гарч ирж болох юм. Иймээс мөн хуулийн 106.12-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж оруулсан байна.

29. Хууль зүйн техникийн хувьд авч үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль захиргааны шүүхэд гаргах нэхэмжлэлийг хязгаарлаагүй бөгөөд шүүх Үндсэн хуулийн зарчим, бусад нийтлэг хэм хэмжээнд үндэслэн гарсан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна. Субьектив эрхийг хамгаалж захиргааны акт гаргахыг даалгадаг бол обьектив эрхийг хамгаалж захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах боломжтой юм.

30. Засгийн газар нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.7-д зааснаар “онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах, шаардлагатай арга хэмжээ тухай бүр авах”, 21.6-д “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна” зэрэг үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд тогтоол гаргах нь зүйтэй. Дашрамд дурдахад, Монгол Улсын үндсэн хуулийн үнэт зүйл, суурь зарчим болсон хүний эрхийг хангах, цаашид бидний асуудлын гол болсон хүүхдийн эрхийг зөрчихгүй байх цорын ганц алхам нь Засгийн газрын гаргах хэм хэмжээний акт юм. Иймээс захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг чухалчилж нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”  гэжээ.

ХЯНАВАЛ:

31. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоох тухай” 63 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Хаврын төвийн бүсийн хурдан морины “Дүнжингарав” уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахыг, 2 дахь заалтаар Зуны зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, Хойд бүсийн хурдан морины уралдааныг Сэлэнгэ аймагт, Говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Увс аймагт, Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулахыг, 3 дахь заалтаар Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд холбогдох дүрмийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр явуулахыг холбогдох аймаг болон Нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгаж шийдвэрлэжээ.

32. Нэхэмжлэгч нар нь дээрх Засгийн газрын 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоох, Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

33. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

34. Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд,  анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, тус актын 2, 3 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

35. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүүхдийн эрхийг хамгаалахад баримтлах зарчмыг тодорхойлсон байх бөгөөд 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, 21 дүгээр зүйлийн 21.6-д “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна” гэж заасан.

36. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Засгийн газрын 63 дугаар тогтоолоор “Дүнжингарав” хаврын бүсийн уралдааны товыг баталсан нь ...хүүхдийн дээд ашиг сонирхол, эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөлөхүйц, эрхийг нь зөрчиж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн шийдвэр гаргасан.  ...өвөл болон хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулснаар морь унаач хүүхэд унаж бэртэх, осгох болон амь насаа алдах эрсдэл өндөр байдаг төдийгүй тэдний эрх ашиг ихээхэн зөрчигдөж байна...” гэж тодорхойлон маргажээ. 

37. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц /1989 оны/-ийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 32 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалуулах, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд аюултай, боловсрол эзэмшихэд нь саад болох ажил эрхлэхээс хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж,

38. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын 1999 оны 182 дугаар конвенцийн 7 дугаар зүйлийн 2-т “Гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийг устгахад боловсролын ач холбогдлыг анхаарч, тогтоосон хугацаанд үр нөлөөтэй хэрэгжүүлэх дараах зорилгоор арга хэмжээ авч хэрэгжүүлнэ; а/хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх” гэж тус тус заажээ.

39. Мөн ОУХБ-ын шинжээчдийн хорооноос дээрх 182 дугаар конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийн 1.41.(с)-д “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 16-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэрийг 18 наснаас доош хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох үйл явцын эхний алхам гэж үзэн хэрэгжилтийг нь сахиулахад хатуу анхаарахыг тус улсад шаардаж байна” гэсэн байна.

40. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг баталсан. Уг жагсаалтын 3.10-ийн 2-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах”-ыг хориглосон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар тушаалаар дээрх хугацааг “Жил бүрийн өвлийн улирал” гэж өөрчилжээ.

41. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссоос хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн судалгаа, тайлан гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагуудад албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлж ирсэн байх бөгөөд тус комиссоос Монгол Улсын Ерөнхий сайдад 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/03 тоот зөвлөмжийг хүргүүлж, ...хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын /хүйтний улиралд/ хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байхыг хүсч зөвлөсөн байна.

42. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх судалгааны материал, тайлан болон бусад нотлох баримтуудаас үзэхэд өвөл, хаврын морины уралдаан нь цаг агаарын тааламжгүй нөхцөлд буюу хүйтний улиралд явагддаг учраас хүүхэд богино хугацаанд осгох, хөлдөх эрсдэлтэй, морь унаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 7-10 настай буюу хэт бага насных, уралдаанд оролцсон хүүхдүүдээс судалгаа авахад ихэнх нь мориноос унаж бэртэж гэмтэж байсан байх бөгөөд цаашлаад хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж, хүүхэд сурлагаар хоцрох, хичээл номонд дургүй болж сургуулиас гарах, завсардах гэх мэт сөрөг үр дагаврыг үүсгэдэг байна.

43. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд өвөл, хаврын улиралд хүүхдээр морь унуулж уралдуулах нь хүүхдийн аюултай хөдөлмөр буюу хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг мөн бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссоос дээрх хууль, олон улсын конвенцийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж, дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байхад хариуцагчаас маргаан бүхий 63 дугаар тогтоолыг гаргаж, 1 дэх заалтаар Хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг 2017 оны 3 дугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж, тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.  

44. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан байна.

45. Нэхэмжлэгч нараас Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2017 оны 224 дүгээр тогтоолоороо маргаан бүхий уг тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн, мөн морин уралдаан Төв аймгийн Аргалант суманд болж тогтоолын 1 дэх заалт бодитоор хэрэгжсэн байх  боловч нэхэмжлэгч нарын хувьд уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа буюу хариуцагчаас дахин ижил агуулга бүхий хууль бус захиргааны акт гаргуулахгүй байх ашиг сонирхол байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шүүхийн шийдвэр зөв байна.

46. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа болно. ...үндэсний спортын нэг төрөл болох морин уралдааныг ...хаврын улиралд хийхгүй болсноороо нэгэн төрлийн үндэсний өв уламжлалаасаа татгалзаж буй нэг илэрхийлэл гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. ...шүүхээс ...63 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Үндсэн хууль болон Баяр наадмын тухай хуульд нийцэхгүй...“ гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

47. Харин маргаан бүхий тогтоолын 2,3 дахь заалтаар Зуны бүсийн хурдан морины уралдааныг холбогдох аймгуудад 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулахыг тус аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгаж шийдвэрлэсэн нь зуны улиралд зохион байгуулагдах уралдаантай холбоотой байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг  хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

48. Нэхэмжлэгч нараас “2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

49. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. 

50. 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдаан нь дээр зааснаар захиргааны актад тавигдах үндсэн шинжийг агуулсан захиргааны акт биш, харин маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын бодит хэрэгжилт гэж үзэхээр байна. 

51. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзэж хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. 

52. Нэхэмжлэгч нарын гаргасан “Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

53. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгохоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актын улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдвөл түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах боломжтой талаар заажээ.

54. Хуульд ийнхүү захиргааны хэм хэмжээний акттай холбоотойгоор гаргах нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой заасан боловч хууль тогтоогчоос захиргаанд хэм хэмжээ тогтоох эрхийг хуулиар шилжүүлэхдээ үүрэг болгосон, тэгэхэд захиргаа нь уг үүргийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасны улмаас хууль хэрэгжихгүй, үүний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байна.

55. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар “захиргааны ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой бөгөөд захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шүүхээс шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтойг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан байна. Харин шүүхээс хэм хэмжээний актыг хэрхэн, яаж гаргах талаар захиргаанд заах буюу даалгах боломжгүй юм.

56. Иймээс “захиргааны хэм хэмжээний акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг тогтоолгох, акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр, тэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр байна.

57. Харин энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нь дээрх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн гаргасан, маргаж буй агуулгаараа буюу жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргах асуудлаар өмнө нь Засгийн газарт хандаж шийдвэрлүүлж байгаагүй тул хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

58. Иймд шүүхүүд тухайн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.1.3-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байсан тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0688 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “54.1.2” гэсний дараа “54.1.3” гэж нэмж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 23-ны өдрийн 221/МА2017/0830 дугаар магадлалын 1 дэх заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.1.3-д заасныг баримтлан “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА