Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-24
Дугаар 37
Хэргийн индекс 128/2017/0558/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ц.А
Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                  Д.Мөнхтуяа,

                                  Ч.Тунгалаг,              

Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ, 

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаар актын зарим хэсгийг буюу “автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй, гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0820 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч: Ж.О, Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө.

Нэхэмжлэгч Ц.А-гийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-гийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай” актын тогтоох хэсгийн “Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй”, “Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С-ээс гаргасан “..Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай” актын тогтоох хэсгийн Автомашин худалдан борлуулсан орлогоо тайлагнаагүй гэх зөрчилд ногдуулсан 2010 оны 373,295.00 мянган төгрөгийн нөхөн татвар, 2011 оны 690,074.50 мянган төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай актаар 1,029,998.90 мянган төгрөгийн торгууль, 956,160.00 мянган төгрөгийн алданги, нийт 1,986,158.90 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0820 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Ц.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад:

3. “Натур” авто угаалгын газрын эзэн Я.Наранцэцэгтэй хийсэн ярилцлагад хэдэн оны үйл ажиллагааны зардлыг асуусан нь тодорхойгүй байхад шүүх тус нотлох баримтыг үнэлсэн.

4. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тогтоосон тарифаар татвар төлдөг газрыг жишиг болгосон татварын актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5. “Оранж” авто угаалгын газрын захирал Б.Даваажаргалтай хийсэн ярилцлагад тус авто угаалга нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан гэсэн байхад Ц.А-гийн авто машин угаалгын  газрын 2012 болон 2013 оны  эхний хагас жилийн үйл ажиллагааны орлого зарлагыг тус газрын орлого зарлагаар жишиг болгосон нь Татварын ерөнхий хуульд заасан жишиг үнийн аргыг хэрхэн хэрэглэсэн нь ойлгомжгүй.

6. 2007 оны Сангийн сайдын  “Жишиг үнэ  хэрэглэх  аргачлал”-ыг  шүүхийн журмаар гаргуулсан билээ. Харин тус журам нь хувь хүний орлогын албан татварт огт хамааралгүй буюу аж ахуйн нэгжийн орлогын албан төлөгчид хамаарах журам байхад анхан шатны шүүх “Татварын ерөнхий хуульд заасан татварын ногдлыг тодорхойлох шууд бус аргад нийцсэн байна” хэмээн дүгнэснээрээ хэрэглэх ёсгүй хуулийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэсэн.

7. “Халиун интернэшнл” ХХК нь огт үйл ажиллагаа явуулдаггүй ба энэ нь Баянзүрх дүүргийн Татварын газраас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогддог буюу “Халиун интернэшнл” ХХК-ийн нэрээр гарч буй зардал нь тус компанийн татварын тайланд тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн гарсан зардал нь зөвхөн Ц.А-гийн угаалгын газрын үйл ажиллагаанаас хасагдаж буй байдлыг шүүх үнэлээгүй. Түүнчлэн Ц.А нь ус, цахилгаан, дулааны гэрээгээ дүү Ц.Амарсайханы “Халиун интернэшнл” ХХК-ийн нэрээр хийхдээ ямар гэрээ хийх ёстой байсан, шүүх ямар гэрээг шаардаж асуусан нь ойлгомжгүй.

8. Дээрхээс гадна гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд нөхөн татвар ногдуулсныг буруутгах боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь ажилтантай гэрээ байгуулан ажиллах ямар ч боломжгүй байдаг тухай бодит нөхцөл байдлыг удаа дараа тайлбарласан. Гэтэл энэ байдлыг үл харгалзан шийдвэр гаргасан байна.

9. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч Ц.А нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаар актын зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд маргааны үйл баримт тус бүрээр дүгнэхэд:

-“машин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй” гэх тухайд:

12. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.13 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч нь татвар төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг гаргаж өгөх, санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган, татварын хяналт шалгалт хамрагдах үүрэгтэй, холбогдох санхүүгийн баримтыг хадгалах үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчээс санхүүгийн баримтыг хадгалаагүй, устгасан талаар тайлбарласан байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны акт хөндөөгүй байна.

13. Ийнхүү нэхэмжлэгчээс холбогдох санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй тул татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт зааснаар жишиг үнийн арга хэрэглэж, ойролцоо нутаг дэвсгэрт, адил үйл ажиллагаа эрхэлдэг бусад этгээдийн үйл ажиллагаатай харьцуулж, татвар ногдох орлогыг тодорхойлсон нь хуульд нийцжээ.

14. Мөн татварын улсын байцаагчаас холбогдох усны зардлыг хассан, нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн зардлын тооцоолол ойролцоо, агуулгын зөрүүгүй байх тул нэхэмжлэгчийн “үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээд болох “Халиун интернэшнл” ХХК-ийн нэрээр гарч буй зардал нь манай угаалгын газрын үйл ажиллагаанаас гарсан зардал байхад шүүх үнэлээгүй” гэх гомдол няцаагдаж байна.

15. Нэхэмжлэгчээс “өвлийн улиралд ажилладаггүй, 285 хоногоор тооцох байсан” гэж маргаж байгаа боловч хариуцагчийн баяр ёслол, амралтын өдрийг хасч, 310 хоногоор тооцсон тооцоолол нь Монгол Улсын Сангийн Сайдын баталсан Жишиг үнэ хэрэглэх аргачлалд нийцсэн, нэхэмжлэгч чухам ямар үндэслэлээр 285 хоногоор тооцуулах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй, үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар баримтаар тогтоогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

   - “ажлын хөлснөөс татвар суутгаагүй” гэх зөрчлийн тухайд:

16. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг бусдад ажлын хөлс олгохдоо “татвар суутгаагүй” гэж буруутгасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “татвар суутгах боломжгүй, нэг өдөр ажиллаад ажлын хөлсөө аваад, эргэж ирэх эсэх нь тодорхойгүй байдаг” гэж маргаж байна.

17. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А нь бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан татвар ногдуулан суутгаж, төсөвт шилжүүлэх үүрэгтэй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

18. Нэхэмжлэгчийн “татвар суутгах боломжгүй байдаг” тухай гомдол нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар татвар суутгагчийн үүргээ биелүүлэх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.

19. Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0672 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0820 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧ                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ