Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-24
Дугаар 35
Хэргийн индекс 128/2017/0519/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Ю Р" ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Ю Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,

хяналтын татварын улсын байцаагч нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                  Д.Мөнхтуяа,

                                  Ч.Тунгалаг,  

Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,  

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 дугаар актаар төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсныг хүчингүй болгуулах,   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0694 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0819 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: “Ю Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч: Ш.Х, П.О, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.А.

Нэхэмжлэгч “Ю Р” ХХК-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0694 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д заасныг тус тус баримтлан “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 тоот актаар 648,168,981.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 64,816,898.10 төгрөгийн албан татвар ногдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Ю Р” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0819 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад:

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 1 дүгээр зүйлээс төгсгөлийн заалт хүртэл нэг бүрчлэн дахин, дахин уншихад хайгуулын лиценз эрхлэгч гэсэн зүйл олдсонгүй.

4. Хайгуулын лиценз эрхлэгчийн үйл ажиллагаа нь ажил болж, үйлдвэрлэлд хамаарахгүй, үйлчилгээнд хамаарахгүй гэж ямар хуулиар зохицуулсан зүйлийг тайлбарлаад байгааг ойлгохгүй байна.

5. Хайгуулд хөрөнгө оруулалт хийж бүтээгдэхүүнээ илрүүлсэн олборлолт хийж улмаар борлуулдаг. Энэ нь шулуун мод хайж олоод, хөрөөдөж бэлдээд, хатаагаад, цавчаад өрөө байшин болгодгоос юугаараа ялгаатайг ойлгохгүй байна.

6. Захиргаанаас нэхэмжлэгч талыг ялгаварлан гадуурхсан. Шүүхээс захиргааны байгууллагын ялгавартай хандсан асуудал бол хууль зөрчсөн үйлдэл биш, бусдад хууль зөрчсөн үйлдэл байдаг бол нэхэмжлэгчид хамааралгүй гэж үзсэн.

7. Шүүхээс татвар буцаан авч байсан байгууллагын жагсаалтыг шаардсан. Гэтэл нэхэмжлэгч тал ийм жагсаалт олох боломжгүй, олох эрх байхгүй гагцхүү Татварын Ерөнхий газарт байгаа гэж эх үүсвэрийг зааж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх заалтыг хэлж шүүхээс өөрөөс нь хүссэн. Гэтэл шүүх “Хариуцагч тал ийм баримтыг эрж олоход хүндрэлтэй, боломжгүй” гэсэн ба нэхэмжлэгч тал “хариуцсан хэлтсийн байцаагч нарын компьютерт байгаа үзлэг хийж болно” гэхэд шүүх нэхэмжлэгч талыг ийм баримт байгааг нотлохыг шаардсан.

8. Тухайн онд 68 байгууллага буцаан авалтын хүсэлт гаргаад 57 байгууллагад буцаан авалт хийгдээд 11 байгууллагад буцаан олголт хийгдээгүй мэдээлэл олж аван шалгуулахыг хүсэхэд шүүх татгалзсан.

9. Гэтэл манай хэрэг дээр шүүх бидний олж чадахгүй байгаа захиргааны байгууллагад байгаа материалыг биднээс нэхэж, захиргааны байгууллагын төлөөлөгчийн шүүх хурал дээр хэлсэн үгээр шийдвэрээ гаргаж байна.

10. Тодруулбал хариуцагч тал үйлдлээ хуульд заагдсан арга хэрэгслээр зөвтгөж чадахгүй нь шүүх хурал дээр тодорхой байхад шүүх хариуцагчийн худал үгээр шийдвэр гаргаж төвийг сахисан, хариуцагч нарт ижил тэгш харьцах чадвараа алдсан гэж үзэж байна.

11. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч “Ю Р” ХХК нь Татварын ерөнхий газрын, улсын төсөв, орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 210000008 дугаар актаар төсвөөс буцаан авах татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “хайгуулын ажилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах эрхтэй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

14. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд хайгуулын үйл ажиллагаанд зориулж 648168981 төгрөгийг зарцуулсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй, харин “хайгуулын үйл ажиллагаа нь нэмүү өртөг шингэсэн ажил үйлчилгээ мөн” эсэхтэй холбогдуулан маргаж байна.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш байна.

16. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай, хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч нь болж байгаа тул нэгэнт төлсөн татварыг буцаан шаардах эрхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

17. Нэхэмжлэгчийн “хайгуулын лиценз эрхлэгчийн үйл ажиллагаа нь  үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарахгүй гэж ямар хуулиар зохицуулсныг ойлгохгүй байна” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхээс хайгуулын үйл ажиллагааны агуулгыг тайлбарлаж, хуулийн заалтад хамаарахгүй талаар дүгнэсэн, хэрэв хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжүүлэн ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч болсон бол нэмүү өртөг үүсэх боловч  ашиглалтын үйл ажиллагааны үр дүнд гарах уул уурхайн бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан “уул уурхайн бүтээгдэхүүн” учир татвараас чөлөөлөгдөх, нөгөө талаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар татваргүй байх тул нэхэмжлэгчийн маргаж байгаа татварын хасалт хийгдэхгүй.

18. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон 14 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх үндэслэл нь өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх ялгаатай ойлголт юм. Дээрх хуулийн 13, 14 дүгээр заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд хамаарах учраас эхлээд тухайн төрлийн татвар оногдох ажил, үйлчилгээ мөн эсэхийг тогтоосны дараа уг татвараас чөлөөлөгдөх, эсхүл хасалт хийх асуудлыг шийдвэрлэх юм. Энэ тохиолдолд хайгуулын үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох бараа, ажил үйлчилгээ биш учраас татвараас чөлөөлөх, хасалт, буцаалт хийх ойлголт үйлчлэхгүй юм.

19. Нэхэмжлэгчийн “ялгаварлан гадуурхсан, 57 байгууллагад буцаан авалт хийгдсэн” тухай гомдол нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, шүүхээс зөвхөн маргааны үйл баримтад холбогдох хуулийг хэрэглэж шийдвэр гаргах ба энэ талаарх шүүхийн “захиргааны байгууллагын хууль буруу хэрэглэсэн байдал нь нэхэмжлэлийн хангах үндэслэл болохгүй” тухай тайлбар үндэслэлтэй байна.

20. Иймээс “шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн олж чадахгүй байгаа материалыг цуглуулаагүй” тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, маргааны үйл баримтад шууд хамааралтай нотлох баримт биш болно.

21. Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0694 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0819 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ