Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-28
Дугаар 474
Хэргийн индекс 128/2017/0020/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Ж Э Ю Г" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“Ж Э Ю Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                М.Батсуурь,                       

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                                Х.Батсүрэн,

                                                Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: MV-12806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 гектар талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0385 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0509 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0385 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333 болон 440 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Ж Э Ю Г” ХХК татгалзсаныг баталж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ж Э Ю Г" ХХК-ийн гаргасан ашигт малтмалын ашиглалтын MV-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0509 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2018/0385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй 106.76 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын М\/-012806 тоот тусгай зөвшөөрлийг 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ж Э Ю Г” ХХК-д олгосон.

4. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын дагуу бүртгэж үзэхэд ашигт малтмал ашиглалтын МҮ-012806 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байсан.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмын 5.3, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалаар батлагдсан нөхөн олговор тооцох дотоод зааврын 6 дугаар зүйлийн 6.3, Сангийн яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 албан тоот, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-14 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, давхцалтай хэсгийг цуцалж хууль, болон тогтоолд нийцүүлж шийдвэрлэсэн.

6. Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын М\/-012806 тоот тусгай зөвшөөрлийн талбай хамаарахгүй.

7. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч “Ж Э Ю Г" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан MV-12806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 гектар талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайгаас чөлөөлөгдсөн, давхцалгүй болсон тул өмнө ашиглаж байсан талбайгаа буцаан авах эрхтэй” гэж, хариуцагчаас “хориглосон талбайтай давхцалтай” гэж тус тус маргажээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах үүргээ шүүхээс хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаараалтай, хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, харин хэрэгт шууд холбогдохгүй, эргэлзээтэй баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

11. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар хамгаалалтын бүсийн хил заагийг Засгийн газар тогтоохоор байна.

12. Хэргийн оролцогчид нь зөвхөн маргаан бүхий ашиглалтын талбай энэхүү Засгийн газраас тогтоосон хил заагт хамаарах эсэхэд маргасан тул шүүхээс энэ хүрээнд нотлох баримт цуглуулах учиртай. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчид талбайн давхцлын талаар эсрэг тайлбар гаргасаар байхад “хязгаарласан хилийн заагт хамааралгүй болсон нь хэргийн оролцогчдын тайлбараар ... тогтоогдсон” гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай дүгнэлт болсон, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичгийг буруу үнэлж, дүгнэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй буруутай байна.

13. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06б/3774 дүгээр албан бичиг нь маргааны үйл баримтад шууд ач холбогдолгүй буюу нэхэмжлэгчийн одоо маргаж байгаа талбайн талаар биш, харин өөр хуулийн этгээдэд хамаарах МV-005411 талбайг чөлөөлсөн талаар тодорхойлсон байх тул энэ хэрэгт хамааралтай нотлох баримт биш юм.

14. Түүнчлэн уг албан бичигт “Ж Э Ю Г" ХХК-ийн талбайн хувьд “хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө тусгай зөвшөөрлийн талбайгаас хориглосон талбайтай давхцалтай хэсгийг хасуулсан байна” гэж дүгнэсэн нь маргаж буй үйл баримтад хамааралгүй буюу “давхцалтай хэсгийг хасуулсан” үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, харин хасагдсан талбайг буцаан авахаар маргасныг шүүх анхаараагүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

15. Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор ашигт малтмал ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг тогтоосон бөгөөд хилийн солбицлыг газарт буулгасан цэгүүд нь шулуун шугамаар байхгүй, усан сан бүхий газрын тогтоц, байрлалаас хамаарч, цэг солбицлыг тогтоох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “5411 дугаартай нөхцөл байдлын хувьд адилхан талбай чөлөөлөгдсөн тул манайх мөн адил чөлөөлөгдөнө” гэх гомдлыг хангах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, зэргэлдээ талбай чөлөөлөгдсөн байдал нь нэхэмжлэгчийн талбайг чөлөөлөх үндэслэл биш, гагцхүү усан сан бүхий газрын байрлалаас хамаарч, хязгаарлалтын цэг солбицол өөр өөрөөр тодорхойлогдоно.

16. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор “...хориглосон талбайн хэсэг хамаарахгүй болохыг батлах, эсвэл үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй” гэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээсэн байтал анхан шатны шүүх уг тогтоолыг биелүүлээгүй, дахин нотлох баримт цуглуулах талаар ажиллагаа хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь тодруулалгүй, эргэлзээтэй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй, улмаар “...хэсэгчлэн цуцалсан үндэслэл арилсан” гэж дүгнэхдээ ямар баримтыг үндэслэснээ тайлбарлан дүгнээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

17. Хэрэв шүүх шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэгчийн буцаан авахыг хүсч буй талбай хориглосон талбайтай давхацсан эсэх, давхцалтай бол аль хэсгээр, ямар хэмжээтэй давхацсан зэрэг асуудлаар шинжээч томилох замаар маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт өгөх шаардлагатай.

18. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0385 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0509 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ