Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-12-17
Дугаар 504
Хэргийн индекс 128/2017/0754/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Л
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.М, Б.М, Б.Ц, С.Ди, С.Да
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.М-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын

улсын бүртгэгч Э.Л-т холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа 

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг   

Нэхэмжлэлийн шаардлага: “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б-О-ын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг 95/3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2201037710 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000327371 тоот гэрчилгээг, мөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б-О-ын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг 95/7 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2201037705 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000327377 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0558 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Гуравдагч этгээд С.Да, С.Ди нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Гуравдагч этгээд Б.М, Б.М, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б-О-ын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг 95/3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2201037710 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000327371 тоот гэрчилгээг, мөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б-О-ын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг 95/7 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2201037705 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000327377 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0558 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.2-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан “Б.Б-О-ын нэр дээрх 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-2201037710, Ү-2201037705 дугаар бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон 000327371, 000327377 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0558 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.

4. Нэг. Давж заалдах шатны шүүх холбогдох тайлбарлан хуулийг хэрэглээгүй асуудлаар: Б.Б-О-ын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, 3-р хэсэгт байрших 95/3, 95/7 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг бүртгүүлсэн үйл ажиллагаа холбогдох хууль журмыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг Б.М гаргасан. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхэд дүгнэлт хийх учиртай. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас хальсан асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийснээрээ бүрэн эрхээ зөрчжээ.

5. Давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын “Хянавал” хэсэгт талуудын хооронд үүссэн маргааны харилцаанд холбогдох хуулийг огт тайлбарлан хэрэглээгүй байх тул хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1., 3.1.4., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.1.2.-Д заасан үндсэн зарчим, зохицуулалтад тулгуурлан “Бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг хангаагүй гэж хуульд нийцүүлсэн дүгнэлт хийсэн.

6. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., мэдүүлгийг өөрөө, ...эсхүл төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болно” гэж заасныг, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д итгэмжлэлийг хавсаргана” гэснийг зөрчсөн гэж үзжээ.

7. Дээрх хуулийн зүйл, заалтуудыг Захиргааны анхан шатны шүүхийн тайлбарлан хэрэглэсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүх “зөв” гэж үзэхдээ хууль, хэрэглээний нэмэлт тайлбар хийгээгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.М-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарал бүхий үл хөдлөх бүртгэлийн үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй гэж хоёр шатны шүүх адил дүгнэлт гаргасан гэж үзнэ.

8. Давж заалдах шатны шүүх гаргасан дүгнэлтээсээ эсрэг шийдвэр гаргахдаа “нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй” гэж үзсэн хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй байна.

9. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлаар: Давж заалдах шатны шүүх энэхүү тайлбарын нэг дэх хэсэгт тодорхойлсноор талуудын хооронд үүссэн маргааны харилцаанд зөрчилтэй дүгнэлт хийснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2,-д зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа болно.

10. Давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2195 дугаар шийдвэрээр тогтоосон үйл баримтын агуулга руу орж, “...хариуцагч бүртгэлийн байгууллагын алдааны улмаас зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээх тухай ойлголт байхгүй буюу Б.М-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт гаргасныг хууль бус гэж үзэж байна.

11. Энэ нь эсрэгээрээ, холбогдох хууль, журам зөрчиж бүртгэгдсэн 95/3, 95/7 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нэхэмжлэгч Б.М-т хамааралтай болохыг хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болно. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчөөгүй гэсэн шалтгаант холбооны асуудлыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Шүүх дээрх дүгнэлтээ өөрөө үгүйсгэж, гэр бүлийн дундын эд хөрөнгө өмчлөх эрхээ зохих журмын дагуу бүртгүүлэх эрхийг заажээ.

12. Мөн “өмчлөх эрхийг сэргээх тухай ойлголт байхгүй” гэж заасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасны дээр “буюу” гэсэн зэрэгцсэн ойлголтоор “Б.М-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг заагаагүй гэж үзэхээр байна. Иймд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн зарчмыг ноцтой зөрчжээ.

13. Мөн шүүх “...ялангуяа бусдад эерэг үйлчилгээтэй гарсан захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй,...Б.Б-О-т эерэг үйлчлэлтэй захиргааны акт..., Б.Б-О-ын хүсэл зоригийг үгүйсгэж...” гэх зэргээр хууль, нотлох баримтад суурилаагүй, санаачлагаараа нэг талд үйлчилсэн, мэтгэлцэх зарчим зөрчсөн дүгнэлтүүдийг гаргасан байна. Энэ нь давж заалдах хуралдааны явцад илтгэгч шүүгч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй өв залгамжлал болон цаашдаа яах гэж байгаа талаарх асуудлыг хөндөж байсан нь мэтгэлцээний зарчимд харш гэж үзэж байна.

14. Дээрх алдааны улмаас давж заалдах шатны шүүх "... иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг энэхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүй бусдад эерэг үйлчлэлтэй гарсан захиргааны актыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1. “ захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэснийг буруу тайлбарласан” гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсны дээр давж заалдах шатны шүүхийн үнэлэлт, дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0558 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ө.Э нь Б.М-ийн нэхэмжлэлтэй “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын байцаагчид” холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна.

16. Тус хэргийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0530 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б-О-ын нэр дээр СХД-ын 22-р хороо, Баянголын ам 3-р хэсэг 95/3-тоот Ү-2201037710 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож бүртгэн 327371 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б-О-ын нэр дээр СХД-ын 22-р хороо, Баянголын ам 3-р хэсэг 95/7-тоот Ү-2201037705 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож бүртгэн 327377 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус бүрд хүчингүй болгож шийдвэрлэсэн.

17. Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас 0558 тоот магадлал гаргаж “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн”. Магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

18. Магадлалд маргаан бүхий захиргааны актуудыг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулиудыг тус тус зөрчсөн хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн. Харин хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байх бөгөөд актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэх дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

19. Маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөх эрх, өмчлөх эрхээ бүртгүүлэх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Учир нь тэрээр Б.Б-О-той гэр бүл болохоос өмнөх өөрийн хувийн бизнесийн орлого ашиг болох 1.900.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг дангаараа гаргаж 2013 оны 04 сараас 11 сарын хооронд “Е б” ХХК-тай хамтран Баянгол дүүргийн 22-р хороо, Баянголын аманд 9 ширхэг амины орон сууц барьж ашиглалтад оруулсан.

20. Тус 9 ширхэг орон сууцны газрыг худалдаж авах үнэ, бараа материал, ажил үйлчилгээ, цалин хөлс зэрэг бүхий л зардал нэхэмжлэгч Б.М-ийн өөрөөс гаргасан 1.900.000.000 төгрөгт багтсан болохыг шинжээчийн дүгнэлт нотлогддог /1-р хавтаст хэргийн 63-64 хуудас/.

21. Баянголын аманд дээрх 9 ширхэг амины орон сууцыг барьж ашиглалтад оруулсны дараа 2013 оны 11 сарын 27-ны өдөр Б.М, Б.Б-О нар нь гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн.

22. 2014 оны 06-ны өдөр “Е б” ХХК болон Б.М нар тооцоо нийлсэн акт дээрх 9 ширхэг орон сууцыг худалдан борлуулж хувь хүртэхээр тохиролцсон байдаг. /1-р хавтаст хэргийн 8-р хуудас /. Иймд бизнесийн харилцааны эд зүйл болохыг талууд тодорхойлсон байх тул гэр бүлийн эд хөрөнгө байх боломжгүй.

23. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөнд хамаарна: 127.1.1 .гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх” гэж заасны дагуу дээрх Баянголын аманд байрлах 9 амины орон сууц гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгө юм.

24. Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.М-ийн өөрийн бизнесийн үйл ажиллагааны өмнө олсон мөнгөн хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө бий болгоход зарцуулж улмаар түүнийг гэр бүл болохоос өмнө бодитоор бий болгосон байдаг бөгөөд түүнийгээ худалдан борлуулж ашиг хүртэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

25. Тус эд хөрөнгүүдийн бүртгэлийг Б.Б-О-ын нэр дээр гаргаснаас болж тухайн эд хөрөнгө гэр бүлийн хуваарьт эд хөрөнгөнд тооцогдон улмаар Б.Б-О-ын өвлөгч нарт өв залгамжлалаар хуваарилагдан очихоор болсон. Үүний улмаас нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөний тодорхой хэмжээгээр хохирч байна. Энэ үнийн дүн нь гуравдагч этгээдүүд болох Б.М-д 30 100 732 төгрөг, Б.М-д 30 100 732 төгрөг, С.Да 30 100 732 төгрөг, С.Ди 30 100 732 төгрөг нийт 120.402.928 төгрөгийн бодит хохирол хүлээж тус хэмжээгээр өмчлөх эрх зөрчигдсөн байна. /Хавтас-1. 18-р хуудас төгсгөлийн мөр, 19-р хуудас эхний мөр/

26. Шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Давж заалдах шатны шүүх “Б.М-ийн дээрх эд хөрөнгөнүүдийг дангаар өмчлөх эрхгүй болох нь тогтоогдсон” гэх дүгнэлт хийхдээ Ингэхдээ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 2195 дугаар шийдвэрээр тухайн хөрөнгийг “хуваарьт өмч” болохыг тогтоолгох гэсэн Б.М-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үндэслэл болгосон.

27. Анхан болон давж заалдах шатны шүүхэд тус иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн талаар хэлэлцэх үед нэхэмжлэгч болон өмгөөлөгч миний зүгээс тус шийдвэрийн шийдэл өөрөө “маргаан бүхий захиргааны актад” үндэслэн гарсан болохыг удаа дараа тайлбарласан.

28. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 02195 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэг/1-p хавтаст хэргийн 18-р хуудас 1 тоогоор дугаарлагдсан мөр/” Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Баянголын ам 3-р хэсэг гудамж... 95/3 тоот 170 м.кв хэмжээтэй хувийн орон сууц, гараж ....95/7 тоот 170 м.кв хэмжээтэй хувийн орон сууц, гараж нь талийгч Б.Б-О-ын өмчлөлд 2014 оны 06 сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд улсын бүртгэл хүчинтэй байна” гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн “бүртгэл үнэн зөв байх” гэж заасан зарчимд үндэслэн шийдвэрээ гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн баримт бичгийн хууль ёсны эсэх талаар иргэний шүүхийн харьяаллын маргаан биш тул иргэний хэргийн шүүхийг буруутгах үндэслэлгүй.

29. Ийм байдлаар эд хөрөнгө үүссэн цаг хугацааг бүртгэлийн гэрчилгээ олгосон цаг хугацаагаар 2014.06.16 гэж тогтоож тус цаг хугацаа нь гэрлэлт бий болсноос хойш тул тухайн эд хөрөнгийг гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тогтоож хуваарилсан. Харин Захиргааны хэргийн шүүх тус бүртгэл үнэн зөв, хууль ёсны биш гэдгийг шалгаж тогтоосон атлаа түүний хууль зүйн үр дагаврыг гарахаас татгалзсан тус шүүхийн зорилтод нийцэхгүй.

30. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн гэрчилгээг захиргааны хэргийн шүүхээр хууль бус гэдгийг нь шалган тогтоолгож хүчингүй болгосны дараа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгуулах хууль зүйн боломж, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүх магадлалаараа үгүйсгэсэн.

31. Магадлалд “Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх зорилготой” гэж тодорхойлж бичсэн атлаа зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн эрхэд ач холбогдол өгч бодит бүртгэгдээгүй өмчлөх эрх, түүнийг хууль ёсоор бүртгүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандах, гомдол, нэхэмжлэл гаргах зэрэг хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй байна.

32. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 0558 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

33. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.  

34. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “”эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”, ойлгоно гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг тус тус заажээ.

35. Нэхэмжлэгч Б.М маргаан бүхий эд хөрөнгүүдийг бий болгоход тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан болох нь Б.М болон “Е б” ХХК-ийн захирал Б.Б-О- нарын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн баримтаар нотлогдож байхад хариуцагчаас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-О гэх нэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэлийн Ү-2201037710 дугаарт бүртгэж  000327371 тоот гэрчилгээ, Ү-2201037705 дугаарт бүртгэж 000327377 тоот гэрчилгээг тус тус олгосон байна.  

36. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д мэдүүлэгт хавсарган ирүүлэх баримт бичгийг жагсаалтыг нэрлэн заажээ.

37. Тухайн тохиолдолд, Б.Б-О гэх нэрээр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” гаргасан 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-О нь Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7-2/5747 тоот албан бичгээр тогтоогдсон байхад дээрх 2 мэдүүлэгт итгэмжлэл болон тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргаагүй байна.

38. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-т “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасан журмын дагуу баталж мөрдүүлэх” гэж Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам, загвар, маягт батлах тухай” 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг батлан мөрдүүлсэн байна.

39. Уг журмын 4.4-т “Шинээр баригдсан барилга байгууламж.../-ын/ өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино”, 4.4.1-д “энэхүү журмын 4.3-т заасан шаардлагыг хангасан байх” гэж заасны дагуу уг бүртгэлийг хийхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичиг бүрдсэн байхыг шаарджээ.

40. Тухайн тохиолдолд Шинээр баригдсан барилга байгууламжийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг нотлох баримт хангалттай бүрдсэн байх учиртай.

41. Дээрхийг нэгтгэвэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хийхдээ энэхүү мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болохоор хуульд тухайлан заасан байхад Б.Б-О-оос П.Н-д олгосон итгэмжлэлгүйгээр мэдүүлгийг хүлээн авч бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус, нөгөөтэйгүүр хавсаргаж өгсөн баримтад Б.Б-О тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг баттай нотлох баримт байхгүй байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй байна.

42. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нэг хүний өмчөөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь бүртгэл үнэн зөв байх хуулийн зарчимд нийцэхгүй гэсэн үндэслэлээр уг бүртгэлүүдийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байхад давж заалдах шатны шүүхээс “иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Б.М-ийг дээрх хөрөнгүүдийг дангаар өмчлөх эрхгүйг тогтоосон байх тул хариуцагч бүртгэлийн байгууллагын алдааны улмаас зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээх тухай ойлголт байхгүй буюу Б.М-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэж бүртгэлийн байгууллагатай холбоотой захиргааны хэргийн маргааны үйл баримтад хамааралгүй нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

43. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Ө.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0558 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН