Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-28
Дугаар 472
Хэргийн индекс 128/2016/0393/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "М т з" ТӨХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын

татварын улсын байцаагч Ч.С, Н.Т нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актын “В.Тухайн хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 6 дугаар мөрнөөс 2,696,170.35 төгрөг, 8 дугаар мөрний 18,467,788,783.4 төгрөг, нийт 18,470,484,953.75 төгрөгийн хэмжээгээр хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0531 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Н, өмгөөлөгч З.С, Э.Ж,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2, 14.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаартай актын “В.Тухай хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 5, 6, 7, 8 дугаар мөрний нийлбэр 18,470,484,953.75 төгрөгийг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0531 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актын “В.Тухайн хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 6 дугаар мөрнөөс 2,696,170.35 төгрөг, 8 дугаар мөрний 18,467,788,783.4 төгрөг, нийт 18,470,484,953.75 төгрөгийн хэмжээгээр хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4. Татвар төлөгчийн эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээг тодорхойлохдоо нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар. Нэхэмжлэгч нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Төмөр замын тээврийн үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэн явуулдаг ашгийн төлөөх хуулийн этгээд юм. Төмөр замын тээврийн үйлчилгээ нь тусгай зам, тусгай техник /хөдлөх бүрэлдэхүүн/-гүйгээр эрхлэн явуулах боломжгүй онцлогтой цогц үйл ажиллагаа бөгөөд төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагддаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж мөн боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалт нь татвар төлөгчийн эрхэлдэг үйл ажиллагааны төрөлтэй хамааралгүй, харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай” байхыг шаардаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх төмөр замын суурь бүтцийг нэмүү өртөг шингэсэн төмөр замын тээврийн үйлчилгээнд ашигладгийг, түүний бизнесийн зориулалтыг, татвар төлөгчийн бизнесийн үйлдвэрлэл, үйлчилгээг цогцоор нь анхааран үзсэнгүй. Хэрэв төмөр замын суурь бүтэц, түүнд зориулан худалдан авсан ажил, үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм бол уул суурь бүтцийг ашиглаж олох татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааны орлого мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хамаарахгүй гэж ойлгогдохоор байна.

5. Түүнчлэн магадлалд “...төмөр замын байгууламжийн тухайд “М т з” ТӨХК-ийг эцсийн хэрэглэгч гэж үзнэ” гэжээ. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар албан татварын эцсийн хэрэглэгч төлөх тухайд зохицуулалт байхгүй. Онолын хувьд, нэмэгдсэн өртгийн албан татвар нь эцсийн хэрэглээнд татвар ногдуулдаг 2 татварын нэг юм. Аль аль нь эцсийн хэрэглэгч-хувь хүмүүсийн хэрэглээнд татвар ногдуулдаг ба бизнесийн зориулалттай ажил гүйлгээнд татвар ногдуулдаггүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн татвар төлөгч нь бизнесийн зорилгоор авсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татвараа хасалт хийх зарчмын дагуу төлөх татвараасаа хасалт хийж татварын давхардлыг арилгадаг. Аж ахуйн нэгж, хувь хүн аливаа худалдан авсан зүйлээ цааш дамжуулан худалдах зорилго агуулдаггүй, гагцхүү бизнесийн зориулалтаар уу, бизнесийн бус зориулалтаар уу гэдгээр ялгагддаг. Гэтэл хуульд байхгүй “эцсийн хэрэглэгч” гэх энэхүү нэр томъёог ямар үед, хэнд, хэрхэн, ямар зорилгоор ашиглаад байгаа нь ойлгомжтой зохицуулагдсан хуулийн хэм хэмжээг ойлгомжгүй болгож, завхруулсан гажуудал болоод байна. Татварын байгууллага, албан тушаалтан үүнийг хүссэнээрээ тайлбарлаж, хуулийг өөр өөрөөр, ялгавартай хэрэглэх хэрэгсэл болгож байгааг эцэс болгож, татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг шүүхээс хүсэж байна.

6. Хэн бүхэн хууль, шүүхийн өмнө тэгш байх эрхтэй. Татварын хуульд тусгайлан заагаагүй бол бусад заалттай ижилтгэж, эсхүл хуулийн илэрхий утга агуулгыг гажуудуулж, өөрөөр тайлбарлан хэрэглэж татвар ногдуулж болохгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг ялгавартай хэрэглэж болохгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөх эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэсэн заалттай харшлах буюу өмчлөх эрх гэдэгт цаад утгаараа татвар төлөх үүрэгтэй холбогдох бөгөөд татвар төлөгчид зөвхөн хуульд заасан үндэслэлээр л татвар ногдуулах ёстой болохоос хэн нэг байцаагч ижил төстэй хэрэглэж болохгүй. Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь Үндсэн хуульд зааснаар үндсэн үүрэг байдаг тул татварын улсын байцаагч хуулиар татвар ногдуулах тухай заагаагүй бол татвар ногдуулах эрх хэмжээгүй. Энэ бол захиргааны байгууллагын хуульд үндэслэх зарчмын илрэл билээ. Гэтэл татварын улсын байцаагч “Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсанг худалдан авалтын хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх 2006 оны Нэмэгдсэн ертгийн албан татварын тухай хуульд байхгүй үндэслэлээр зөрчил тогтоон татвар төлөгчийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдах худалдан авалтын дүнг үндэслэлгүйгээр бууруулж, татвар төлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчлөө.

7. Давж заалдах шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь ямар нэгэн хоёрдмол утгыг агуулаагүй бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно гэсэн агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлсэн гэж ойлгогдож байна.

8. Гэтэл уг хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүхээс тайлбарлахдаа санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл болоод татварын эрх зүйд огт хэрэглэгддэггүй нэр томъёо хэрэглэн, хуулийг буруу тайлбарласан ба энэхүү тайлбар нь Олон улсын татварын эрх зүйн суурь зохицуулалтад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэглээ буюу худалдан авалтыг “эцсийн хэрэглээ” болон “завсарын хэрэглээ” гэж ангилна гээд үүнийгээ тайлбарлажээ. Нягтлан болох бүртгэл, татварын эрх зүйд худалдан авалтыг хэрэглээ гэж шууд томъёолсон ойлголт байхгүйн дээр хэрэглээг дээрх байдлаар ангилдаг талаар ч тодорхой зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр баримтад тусгагдаагүй, ийм нэр томъёонууд байхгүй байна. Шүүхээс ийнхүү ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй нэр томъёонуудыг ашиглан хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн заалтад нийцээгүй гэж үзэхээр байна.

9. Давж заалдах шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийг бүтээгдэхүүнийг бэлтгэж боловсруулах бизнесийн нэг шатнаас нөгөө үе шатанд тухайн худалдан авалтанд төлж буй нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авах харилцааг зохицуулсан зохицуулалт гэжээ. Гэтэл хуулийн дээрх заалт нь Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээнд хуулиар тогтоосон хувь хэмжээний дагуу ногдуулсан албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульчилсан зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчөөс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ нэгэнт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ямар зориулалтаар худалдан авснаас нь хамааруулан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохтой холбоотой зохицуулалт гэж ойлгохоор байна.

10. Шүүх, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай гэдэгт эцсийн хэрэглэгчид бараа, үйлчилгээг хүргэхийн өмнөх шат дамжлагуудын худалдан авалт нэг бүрт нэмүү өртөг бий болж өөрсдийн худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн бүтээгдэхүүнээ бусдад худалдах үедээ худалдан авагчдаа ногдуулж байгаа тохиолдлыг хамааруулж ойлгоно гэж тайлбарласан нь ойлгомжгүй бөгөөд хуулийн үндэслэлгүй байна. Шүүхээс төмөр зам барьж байгуулах үйл ажиллагааг үйлдвэрлэл биш гэж дүгнэснээр ямар төрлийн үйл ажиллагааг үйлдвэрлэл гэж үзэх нь ойлгомжгүй болж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үйлдвэрийн зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэдэгт юуг хамааруулах нь тодорхой ба энэ хуулийн зохицуулалт хэрэглэгдэх эсэх нь тодорхойгүй байдлыг бий болгохоор байна. Түүнчлэн үйлчилгээ гэдэгт юуг хамааруулан ойлгох нь тодорхойгүй, хуульд заасан боловч хэрэглэгдэхгүй нэр томъёо ойлголт болж үлдсэн төдийгүй 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үндсэн үзэл баримтлалыг гажуудуулсан гэж үзэхээр байна. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс хуулийг тайлбарлахдаа эх сурвалж тодорхойгүй, ойлгомжгүй нэр томъёог ашиглан буруу тайлбарлаж, тус компаниас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно гэж маргаж байхад уг заалтыг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

11. Түүнчлэн нэхэмжлэгчийн “А а” ХХК, “И у” ХХК, “М” ХХК-аас 2011-2014 онуудад компанийн ажилтнуудын хөдөлмөр хамгааллын тусгай хувцас, хэрэглэл, ажлын гутал, зурагт, ОРЗ зэрэг худалдан авалтуудад төлсөн 2,696,170.35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн 14.4.2-т хамааруулж, үндсэн хөрөнгө бий болгох үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан хувийн хэрэгцээ гэж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн зөвхөн өөртөө болон гэр бүлдээ, ажиллагчдын хэрэгцээ гэж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоогүй, гэрээгээр ажиллагчдад хувьд нь зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ тус тус хамаарна” гэж тайлбарласан. Гэтэл дээрх худалдан авалтууд нь дээрх тайлбарын дагуу хуулийн 14.4.2-т огт хамаарахгүй байтал шүүхээс үндсэн хөрөнгө бий болгох үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуульд үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой худалдан авалтад Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй гэдэг зохицуулалт огт байхгүй байтал дээрх дүгнэлтийг хийсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

12. Давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татвар хасахтай холбоотой асуудлыг дээрх хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхээр заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх болон хариуцагчаас Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зохицуулалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох НӨАТ-ын хасалтыг хийнэ” гэж зааснаас үзвэл манай компанийн худалдан авсан ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох нь хууль болоод түүнийг хэрэгжүүлэх зорилго бүхий журамд нийцэхээр байна.

14. Давж заалдах шатны шүүхээс тус маргаанд хамааралгүй Татварын ерөнхий хуулийн 18 дугэар зүйлийн 18.1.3 болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч улсын байцаагчдаас нэг төрлийн ажил, үйлчилгээг хамтран гүйцэтгэсэн этгээдүүдийн нэг этгээдээс авсан ажил, үйлчилгээг хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвар гэж үзээд нөгөө этгээдээс адил төрлийн авсан ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар хасагдахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж нэхэмжлэгчээс маргасан байтал үүнийг огт харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0531 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

16. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1.“үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэсний “үйлдвэрлэл”-ийн зориулалтаар гэдгийг “эцсийн хэрэглэгчид бараа, үйлчилгээг хүргэхийн өмнөх шат дамжлагуудын худалдан авалт нэг бүрт нэмүү өртөг бий болж өөрсдийн худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн бүтээгдэхүүнээ бусдад худалдан борлуулах үедээ худалдан авагчдаа ногдуулж байгаа тохиолдлыг” хамруулж ойлгоно, иймээс 14.1.1 нь “бүтээгдэхүүнийг бэлтгэж боловсруулах бизнесийн нэг шатнаас нөгөө /дараагийн/ үе шатанд тухайн худалдан авалтанд төлж буй нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авах” харилцааг зохицуулсан зохицуулалт гэж ойлгоно” хэмээн давж заалдах шатны шүүхээс тайлбарласан нь нэмэгдсэн өртгийн албан татварын ойлголт, зорилго, зарчимд нийцнэ.

17. Нэхэмжлэгч “М т з” ТӨХК нь Ухаа худаг болон Гашуун сухайт хооронд төмөр зам барихтай холбоотойгоор барилгын ажлын зураг төсөл, санхүүгийн болон хуулийн зөвлөх үйлчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэргийг бусдаар гүйцэтгүүлсэн буюу худалдан авсан нь дээрх хуулийн зүйл, заалт дахь “үйлдвэрлэл, үйлчилгээнийн зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ”-нд хамаарахгүй, тодруулбал, нэхэмжлэгч нь эдгээр худалдан авсан зөвлөх үйлчилгээ зэргийг үйлдвэрлэл, үйлчилгээний үе шатад /дотоод эргэлтэд/ ашиглан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг бэлтгэж бусдад худалдан борлуулах боломжгүй, энэ утгаараа тэрээр тухайн худалдан авалтын хувьдаа “эцсийн хэрэглэгч” болох тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4, 7, 9, 10-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

18. Хэдийгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “эцсийн хэрэглэгч”, “завсрын болон эцсийн хэрэглээ” зэрэг ойлголтуудыг хуульчлаагүй ч шүүхээс маргаан бүхий харилцаанд холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглэхдээ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн онолын ойлголтуудыг хэрэглэсэн нь, мөн “үйлдвэрлэл,..-ийн зориулалтаар” гэснийг үг зүйн утгаар бус, харин нэмэгдсэн өртгийн албан татварын ойлголт, зорилго, зарчимтай уялдуулан тайлбарласныг буруутгах үндэслэлгүй, харин ч хууль тайлбарлах онол, арга зүйд нийцсэн гэж үзэх тул “эх сурвалж нь тодорхойгүй, нягтлан бодох бүртгэл, татварын эрх зүй болон хуульд байхгүй нэр томьёог хэрэглэж, хуулийг ялгавартай хэрэглэх хэрэгсэл болгосон, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 6, 8-д заасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

19. Нөгөөтэйгүүр, “М т з” ТӨХК-ийн эрхлэх үйл ажиллагааны нэг чиглэл нь “төмөр замын суурь бүтэц барих” гэсэн байгаа ч Ухаа худаг болон Гашуун сухайт хооронд баригдах төмөр замыг барьж байгуулах тохиолдолд тухайн замыг тус компани нь бусдад худалдан борлуулах бус, харин үндсэн хөрөнгийн зориулалтаар ашиглах тул Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;”, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;” гэсэн үүргийн дагуу Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16-д зааснаар үндсэн хөрөнгийн өртгөөр /маргаан бүхий НӨАТ буюу буцаан олгохгүй татварын дүн/ үнэлж бүртгэх ёстой талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

20. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй худалдан авалтад төлсөн татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хасагдах татварт хамаарахгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн тул “шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг хэрэглэсэн” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-14-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

21.  Мөн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:”, 14.4.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;” гэсэн бөгөөд үүнд “ажиллагсдын хэрэгцээ”-г хувийн, эсхүл албаны гэж ангилаагүй, ерөнхий байдлаар зохицуулсан тул нэхэмжлэгчээс өөрийн ажилтнуудын хэрэгцээнд худалдан авсан хөдөлмөр хамгааллын тусгай хувцас, хэрэглэл, ажлын гутал, зурагт, GPS зэрэгт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй талаарх давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 11-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

22. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0531 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ