Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-28
Дугаар 0475
Хэргийн индекс 128/2017/0934/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ч.С
Хариуцагч Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Г.Г
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Ч.С-ын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмын Үндэсний

бөхийн салбар хороонд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                               Г.Банзрагч

                                            Д.Мөнхтуяа,

                                            Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    С.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г-ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.С-г тав давсан болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0485 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0521 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Н.Н нар.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0485 дугаар шийдвэрээр: Үндэсний их баяр наадмын тухай хууль 12 дугаар зүйлийн 12.4.1-д заасныг баримтлан Ч.С-ын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороод холбогдох Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5 даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г-ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.С-г тав давсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.     

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0521 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 521 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль, дүрмийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны бичлэгээс дүгнэхэд аймгийн арслан Г.Г-ын баруун тохой түрүүлж газарджээ. Тухайн барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “маргаан бүхий барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй, бичгийн хэлбэрээр захиргааны акт гаргаагүй, хуралдах шаардлага гэж үзсэн” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Хэдийгээр тухайн барилдаантай холбоотойгоор салбар хороо хуралдаагүй, барилдааны дүрс бичлэгийг нягтлаагүй зэрэг зөрчил байгаа хэдий ч...” гэж зөв дүгнэн Г.Г унасан болохыг, салбар хороо хуралдаагүйгээр шийдвэр гаргасныг тогтоосон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т “бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд үндэсний их баяр наадмаар гарсан бөхийн барилдаантай гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэхээр байна. Гэтэл Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдаантай холбоотой маргаан үүсч, цэнгэлдэхийн дэлгэц дээр барилдааны бичлэг тодорхой харагдаж байхад салбар хороо хуралдалгүйгээр, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус үйлдэл гаргаж Г.Г-ыг давсан гэж хууль бус шийдвэр гаргасан.

6. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нөгөөтэйгүүр тухайн шүүх нь үйл баримтыг тогтоохгүй бөгөөд Үндэсний баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм, Монгол Үндэсний бөхийн барилдааны дүрэм зэрэгт маргаантай барилдааныг дүрс бичлэгийн тусламжтай шүүх, хөлийн цэц, салбар хорооны шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар зохицуулалт тусгагдаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

7. Салбар хороо нь Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу маргаантай барилдааныг шийдвэрлэх бүрэн эрхтэй болохын хувьд маргааныг шийдвэрлэхдээ шударгаар шүүж шийдвэрлэх ёстой. Бичлэгийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөхдөө “Салбар хороо шударгаар шийдвэрлээгүй” гэдгийг нотлох зорилгоор гаргаж өгсөн. Үүнээс биш нэхэмжлэгчийн зүгээс салбар хороо тухайн маргаантай барилдааныг шийдвэрлэхдээ бичлэг үзэж шүүх ёстой гэж маргаагүй зөвхөн шударгаар шүүж чадаагүй гэдгийг харуулахаар бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

8. Магадлалын хянавал хэсэгт: Харин дүрмийн 1.2-т “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараах ёсон, жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болсон энэ дүрэмд тусгаагүй цэцийн зөвлөлөөс баталсан “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм” түүнийг хэрэгжүүлэх заавар бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтлана гэж, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.в-д “будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухайн үед нь тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх” гэж зааснаас үзвэл Үндэсний бөхийн салбар хороо нь бөхийн барилдаантай гарсан маргааныг “будлиантай барилдааныг шийдвэрлэсэн хөлийн цэцийн шийдвэр”-т үндэслэн шийдвэрлэхээр зохицуулагдсан гэж үзэхээр байна” гэж Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

9. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 16 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 1.1-т “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг баримтлана” гэж зааснаас үзэхэд Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг баримтлахаар, харин бусад үндэсний бөхийн барилдааныг цэцдийн зөвлөлийн баталсан Үндэсний бөхийн барилдааны дүрмээр зохион байгуулж, зохицуулахаар байна.

10. Мөн тус дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т “бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ” гэж будлиантай, маргаантай барилдааныг салбар хороо шийдвэрлэх тухай тодорхой зохицуулалттай байхад давж заалдах шатны шүүх будлиантай, маргаантай барилдааныг хэн хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр зохицуулаагүй байх тул цэцийн зөвлөлөөс баталсан “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг баримтлана гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 521 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч Ч.С нь Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороонд холбогдуулан “Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г-ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.С-г тав давсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг заасан бол 13 дугаар зүйлийн 13.1-д “захиргааны хэргийн шүүх ...нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгох”-оор тус тус хуульчилсан байна.

15. Нэхэмжлэгч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр нь Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.2-т “хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно” гэж заасныг зөрчсөн” гэж маргажээ.

16. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.С-с, 5-ын даваанд гарсан маргаан бүхий барилдаантай холбогдуулан Үндэсний бөхийн салбар хороонд гомдол гаргасан бөгөөд салбар хороо нь тухайн үед ажиллаж байсан ерөнхий цэц, хөлийн цэц, засуул зэрэг 7 хүнийг хуралдуулж, хөлийн цэцийн Г.Г-ыг давсанд тооцсон шийдвэрийг үндэслэж, шийдвэр гаргасан байна. 

17. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 1.2-т “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараах ёсон, жаяг дэгийн баг /хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч/-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг ...Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм, түүний хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална”, 8.4-т “бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ” гэж, Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 8.2-ийн в-д “будилаантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухайн үед нь тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх” гэж тус тус заажээ.

18. Дээрх, үндэсний бөхийн барилдааны дүрмүүдийн зохицуулалтаас үзэхэд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах, бөхийн барилдаантай холбогдох аливаа асуудлыг Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баримтлан шийдвэрлэхээр заасан, тухайлбал, дүрмийн 8.2-ийн в-д заасанчлан, будилаантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг ...олон түмэнд мэдээлэхээр зохицуулсан байна.

19. Өөрөөр хэлбэл, үндэсний бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэхээр зохицуулсан Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас гаргасан, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ биш тул түүнээс үүсэх маргаан нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Иймд шүүхүүд нэхэмжлэгч Ч.С-ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ.            

20. Ийнхүү хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.С-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0521 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.С-ын “Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд барилдсан Монгол Улсын аварга Ч.С болон аймгийн арслан Г.Г нарын барилдааны маргааныг шийдвэрлэж аймгийн арслан Г.Г-ыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.С-г тав давсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.БАТСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА