Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-12-03
Дугаар 0486
Хэргийн индекс 128/2018/0387/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б хоршоо
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 Б хоршооны нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын

        яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт         

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Ч.Тунгалаг,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын Б хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0485 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нар. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б хоршооны бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.    

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0485 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б хоршооны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын Б хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0485 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “маргаан бүхий А/86 дугаар тушаал гарахаас өмнө нэхэмжлэгч барагшун экспортлох хүсэлтээ өгсөн, тодорхой хөрөнгө зардал гаргаж барагшун түүж бэлтгэсэн, нэхэмжлэгчийн гаргасан барагшун экспортлох хүсэлтэд хариуцагч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй, хууль бус үйлдлийг гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна’’ гэж үзсэн нь үндэслэлгүй байх гээд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Магадлалд хэрэгт авагдсан “Б” хоршооны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барагшун бэлтгэсний төлбөр ХААН банкинд төлсөн баримт, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баяннуур сумын байгаль хамгаалагч Ж.Эрболатын гаргаж өгсөн “Төлбөр төлсөн тухай” тодорхойлолт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь барагшун экспортлох хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад гаргах үедээ журамд заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсний зэрэгцээ, 150 тн барагшун түүж бэлтгэсэн байсан нь баримтаар нотлогдоогүй байна гэж дүгнэжээ.

5. Б хоршоо нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваад хандаж барагшун экспортлох тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг хүлээн аваад холбогдох албан тушаалтан болох Н.Жамъянхүүд шилжүүлсэн боловч Н.Жамъянхүү нь “Б” хоршооны хүсэлт холбогдох баримт бичгийг алга болгосон бөгөөд танай хоршооны баримт бичиг олдохгүй байна, олдохоор нь асуудлыг чинь шийдвэрлүүлж өгнө гэж удаашруулсан байдаг. “Б” хоршоо нь хэрэв дутуу материал бүрдүүлж өгсөн байсан бол уг материалыг хүлээн авч байгаа ажилтан хүлээн авахгүй байх боломжтой, эсхүл холбогдох ажилтан дутуу байгаа материалын бүрдлийг нь хангаж өгөөгүй тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар сануулах бүрэн боломжтой байсан. “Б” хоршооноос 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн материалыг үрэгдүүлсэн яамны ажилтны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас “Б” хоршоо нь дахин материал бүрдүүлж өгсөн болно.

6. Түүнчлэн 150 тн барагшун бэлтгэсэн тухайд: 150 тн барагшуныг хүсэлт гаргах үедээ бэлтгэсэн байсан болохыг гэрч н.Эрболат, мөн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолтоор бүрэн нотлогддог. Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11/5-3677 дугаар албан бичгийг шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч тал хэргийг анхан шатны шүүхэд хянагдаж байх үеэс тухайн албан бичигт дурдагдсан байдлаар ямар нэгэн шалгалт очиж “Б” хоршооны агуулахын шалгаагүй болохыг талаар тайлбар гаргаж байсан, мөн уг албан бичигт дурдагдсан талаар хийгдсэн шалгалтын материал хэрэгт авагдаагүй байдаг.

7. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас өмнө зөвшөөрөл олгогдон хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн хугацааг сунгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаал гарахаас өмнө барагшун түүж бэлтгэн, гадаад улсад гаргах хүсэлт ирүүлсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн түүж бэлтгээд байгаа барагшуны бодит хэмжээг цагдаагийн байгууллагаар тогтоолгосны дараа анх экспортод гаргах хүсэлт гаргасан барагшуны нийт хэмжээний 50 хувиас ихгүй хэмжээгээр зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга нэхэмжлэгчид Б хоршоонд мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.8 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

8. Гэтэл “Б” хоршооны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06/546 тоот албан бичгээр хариу өгсөн байна, мөн нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот албан бичгээр хариуцагч Г.Нямдаваад, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/27 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин хандаж, барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл хүссэн байх бөгөөд дээрх албан бичгүүдийн хариуд тус яамнаас 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06/2873 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн байх тул хариуцагчийг “Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ: 

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцсэн байна.

10. Нэхэмжлэгч “Б” хоршоо нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын “Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Б” хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

11. Давж заалдах шатны шүүхийн “...нэхэмжлэгч “Б” хоршоо нь барагшун экспортлох хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад гаргахдаа журамд заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, 150 тн барагшун түүж бэлтгэсэн нь баримтаар нотлогдоогүй. ...тус хоршооны гаргасан хүсэлтүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нь удаа дараа хариу өгсөн, ...иймд хариуцагчийг “Б” хоршооны гаргасан барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Б” хоршоо нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан, 150 тн барагшуныг гадаадад экспортлох зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг, тус хоршооны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2017/38 тоот албан бичгээр гаргажээ.

13. Хариуцагчаас нэхэмжлэгч хоршооны гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байх хугацаанд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаар тушаал гарч, Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд, судалгаа, шинжилгээний сорьц, дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосон байна.  

14. Энэхүү тушаал гарсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус яамны сайдын зөвлөл хуралдаж, тус хуралдаанаас 2017 оны А/86 дугаар тушаал гарахаас өмнө барагшуныг түүж бэлтгэн, гадаад улсад гаргах хүсэлт ирүүлсэн нэр бүхий аж ахуйн нэгжийн түүж бэлтгээд байгаа барагшуны бодит хэмжээг цагдаагийн байгууллагаар тогтоож, экспортлох хүсэлт ирүүлсэн 12 компанийн бэлтгэсэн барагшуныг тогтоосны дараа экспортод гаргах зөвшөөрөл олгох хэмжээ нь анх хүсэлт гаргасан нийт хэмжээний 50 хувиас ихгүй байхаар тогтоож шийдвэрлэжээ. 

15. Улмаар тус яамнаас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 06/2924 тоот албан бичгээр Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргад “...барагшун гадаад улсад экспортлох хүсэлт ирүүлсэн нэр бүхий 10 компанийн орон нутаг дахь болон Улаанбаатар хот дахь барагшун хадгалж байгаа агуулахыг шалган, түүж бэлтгэн гадаад улсад гаргахаар хадгалж байгаа барагшуны хэмжээ, зохих журмын дагуу бэлтгэгдсэн эсэхийг бодитоор тогтоох” талаар санал хүргүүлсэний дагуу цагдаагийн байгууллага шалгаж, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11/5-3677 тоот албан бичгээр “...Одоогийн байдлаар ”Б” хоршоо,... нь барагшун түүж бэлтгээгүй,...” гэсэн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлжээ.

16. Түүнчлэн, Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Энэ хуулийн 36.1-д заасан ...мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан, мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/359 дүгээр тушаалаар батлагдсан “Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах журам”-ын 2.4, 2.5, 2.5.1-2.5.9-д амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, ...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргахад бүрдүүлэх 9 төрлийн баримт бичгийг нэрлэн зааж журамласан байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь “барагшуныг гадаадад экспортлох зөвшөөрөл авах” хүсэлтийг гаргахдаа дээрх журамд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж, зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй байна.

17. Гэтэл нэхэмжлэгч “Б” хоршоо нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд барагшун экспортлох зөвшөөрөл хүсч өргөдөл /2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2017/38 тоот албан бичгээр/ гаргахдаа дээрх хууль, журмын холбогдох заалтуудыг зөрчиж, хүсэлт гаргахад бүрдүүлбэл зохих баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгөөгүй, хүсэлтэд ОХУ-ын нэр бүхий компанитай хийсэн гэрээ, Баяннуур сумын Засаг даргын А/149 дүгээр захирамж, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар зэргээс өөр, шаардлагатай бусад баримт бичгийг ирүүлээгүй нь тогтоогдсоны гадна нэхэмжлэгчийн зөвшөөрөл хүсч гаргасан энэхүү хүсэлтэд хариуцагчаас татгалзсан хариу өгч байсан нөхцөл байдлууд тогтоогджээ.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, мөн 52 дугаар зүйлийн 52.5.1-д ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахыг тус тус хуульчилсан.

19. Мөн, энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

20. Дээрх байдлаар нэхэмжлэгч “Б” хоршоо нь журамд заасан хүсэлтэд шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаал гарсантай холбогдуулж авсан арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад тус хоршоо нь 150 тн барагшуныг бэлтгээгүй болох нь тогтоогдсон, хариуцагчаас эдгээр үндэслэлээр барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөнийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байна.

21. Ийм байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “Б” хоршоо нь сайдын 2017 оны 86 дугаар тушаал гарахаас өмнө барагшун экспортлох хүсэлтээ өгсөн, тодорхой хөрөнгө, зардал гаргаж барагшун түүж бэлтгэсэн болон нэхэмжлэгчийн гаргасан барагшун экспортлох хүсэлтэд хариуцагч хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмын дагуу хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

22. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0485 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА