Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-29
Дугаар 182
Хэргийн индекс 128/2018/0736/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч С ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/113 дугаар тушаалын С ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0076 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0191 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0076 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0191 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1/, 5/, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг зэргийг тус тус үндэслэн усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж буй гэх нийт 24 аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дотор “С” ХХК-ийн газар хамрагдсан байдаг. Эндээс үзвэл Захиргааны актын үндэслэлд дурдсан нийтлэг эдгээр заалтыг нэхэмжлэгч тал зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа гэж актад дурдсан байна.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1, 40.2-д газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг заасан байдаг. Энэхүү үндэслэлд “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” “...Газрын тухай хуулийн 39-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар зэргээс нэхэмжлэгч тал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн болон Газрын тухай хууль, Усны тухай хуулийн эдгээр заалтуудыг зөрчөөгүй, удаа дараа болон ноцтой зөрчил гаргаж байсан удаагүй болохыг шүүх тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий эргээс 50 метрээс доошгүй зайд ... онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “..уг онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, .... бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах...-ыг хориглохыг хуулиар, харин аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүйг журмаар” хориглосон тул “анхнаасаа уг газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүй байжээ” гэж үзсэн.

6. Захиргааны шүүх нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу талуудын маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон нөхцөл байдал, шалтгааныг тогтоосон эсэх, захиргааны актыг гарахдаа хуульд нийцсэн эсэх, захиргааны актын үндэслэл нь хууль, дүрэм журамд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, акт гарснаас үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байдаг. Энэ үүднээс нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй 2016 оны 07 сарын 07 өдрийн А/220 тоот захиргааны актад дүгнэлт өгөх нь энэхүү маргааны хувьд Захиргааны шүүхийн харъяалан шийдэх асуудал биш юм. Нөгөөтэйгүүр ТХГНтХуулийн 33.1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс .. газраас Монгол Улсын иргэн ,..-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болохоор заасан байна.

7. Мөн онцгой хамгаалалтын бүсэд ногоон байгууламж, тоглоомын талбай, амарч буудаллах цэг байгуулахыг журмаар зөвшөөрдөг ба аялал жуулчлалын зориулалтаар газар олгохыг хориглох заалт журамд байхгүй байтал огт ашиглаж болохгүй мэтээр тайлбарлан, магадлалд тусгасан нь Усны тухай хууль болон холбогдох дүрэм журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Түүгээр зогсохгүй нэхэмжлэгч тал онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулаагүй ба 50м-ийн зайд өөрийн хашаагаа татсан нь шүүхийн үзлэг, баримтаар тогтоогдсон байтал онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэж шийдсэн магадлал нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитоор шийдээгүй байна. Үүнээс үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлал нь бүхэлдээ маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгөлгүйгээр талуудын маргаагүй, хэрэгт авагдаагүй үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгч талыг эрсдэл бүхий хэмээн тодотгож хэргийг шийдсэн нь бүхэлдээ Захиргааны ерөнхий хуулийн зарчим, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

8. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн А/113 тоот акт нь захиргааны хуулийн 4.2.5, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-д заасныг зөрчин мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, акт гаргах болсон бодит шалтгаан нөхцөлийг тогтоогоогүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн үйл баримтыг үнэлээгүй байна. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх байтал хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын маргаагүй, хэрэгт холбогдол үйл баримтад дүгнэлт өгсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 191 тоот магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 0076 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцжээ.   

10. Нэхэмжлэгч “С” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/113 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлүүд үүсээгүй байхад хариуцагч Усны тухай хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй…” гэж маргасан байна. 

11. “С” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, Баянзүрх дүүргийн Залаатын аманд “аялал жуулчлалын” зориулалтаар 1.0 га газрыг ашиглуулсан байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор “С” ХХК хамрагдаж, тус компанийн 1 га газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.  

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1, 40.2-д газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг заасан байдаг. ...нэхэмжлэгч тал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хууль, Усны тухай хуулийн заалтуудыг зөрчөөгүй, удаа дараа болон ноцтой зөрчил гаргаж байсан удаагүй. ...Гэтэл давж заалдах шатны шүүх Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

13. Учир нь, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно: 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах .../-ыг/ хориглоно”, 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж тус тус заасан.

14. Нэхэмжлэгч “С” ХХК-д ашиглуулахаар олгосон 1.0 га газар нь Туул голын эргийн дагуу, хойд цэг нь голын эргээс 20 м-ийн зайд байрлаж байгаа нь хэрэгт авагдсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1401 тоот албан бичгээр ирүүлсэн газрын зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл тус компанид ашиглуулахаар олгосон газрын тодорхой хэсэг нь Усны тухай хуулийн дээрх зүйл, заалтуудад зааснаар 50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд байрлаж байгаа нь тогтоогджээ.

15. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг ...Засгийн газрын гишүүн батлах...” гэж зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталсан байна. Уг журмын 2.3-д “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2-д гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд ...”, 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  нэхэмжлэгч “С” ХХК нь тус газрыг “Аялал жуулчлалын бааз байгуулах” бизнес төсөл хэрэгжүүлэх зорилгоор ашиглах хүсэлт гаргаж, аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байх бөгөөд Усны тухай хууль болон журмын дээрх зохицуулалтуудаар онцгой хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг нэгэнт хориглосон тул газар эзэмших эрхийг дуусгавар болгоход нэхэмжлэгчээс заавал зөрчил гаргасан байхыг шаардахгүй юм.

17. Иймээс нэхэмжлэгч “С” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3-д заасныг болон журмын заалтуудыг зөрчиж, хуулиар хориглосон газарт газар ашиглуулсан, мөн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэн тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон А/113 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль, журамд нийцсэн тул давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

18. Гэтэл анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч компанийн 1,0 га газар нь голын эргээс 20 метр зайтай байх боловч ...уг бүсэд барилга байгууламж барих зэргээр Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон. ...хариуцагчаас 2016 оны А/220 дугаар тушаалаар нэхэмжлэгчид маргаж буй газрыг олгосон атлаа, хожим Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон  нь шударга ёсонд нийцэхгүй” гэх зэргээр хууль бус дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

19. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүсч гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0191 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА