Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-03
Дугаар 196
Хэргийн индекс 116/2018/0023/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “Б, х, н с г х х” ТББ
Хариуцагч Д аймгийн Х сумын ЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "П Д Т" ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“Б, х, н с г х х” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                           Г.Банзрагч,

                                                       Б.Мөнхтуяа,

                                                       Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Халхгол сумын Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “П Д Т” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж, олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгах,

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0157 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч ТББ-ын тэргүүн Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.    Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Б, х, н с г х х” ТББ-ын тэргүүн Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Халхгол сумын Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоож, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч П Д Т ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0157 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “Б, х, н с г х х” ТББ-ын тэргүүн Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2014 онд Газрын тосны тухай хууль батлагдсанаас хойш тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасан орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ хийх тухай заалт 5 дахь жилдээ зөрчигдөж байна. Анхан шатны шүүх хурлаар хамтын ажиллагааны гэрээ хийх талаар эвлэрэх санал тавихад хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 08 дугаар сард орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ хийгээгүйн улмаас Зөрчлийн тухай хуулиар 30 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч гэрээ хийх ямар ч санаачлага гаргахгүй одоог хүрсэн.

4. Давж заалдах шатны шүүхээс Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасан нэг гэрээний ойлголтыг тусдаа гэрээ хийх ёстой гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч ТББ-ын дүрэмд заасан зорилго нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах бөгөөд уг зорилгынхоо хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "П д т” ХХК-тай Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байгаль орчныг хамгаалах талаар гэрээ байгуулахыг сумын Засаг даргад удаа дараа хандаж шаардаж байсан, уг шаардлагыг биелүүлээгүй тул хуульд заасан гэрээг байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

6. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”-д заасан хуулийн зохицуулалтуудыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, мөн орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээ болон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар тус тусад нь байгуулдаг гэж шүүх хууль хэрэглэхдээ буруу тайлбарласан. Энэ нь нэг гэрээ бөгөөд хэрэгт 2016 онд гуравдагч этгээд болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар хавсаргасан, талуудын тайлбараар нэг гэрээ болох нь тодорхой харагддаг.

7. Нэхэмжлэгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч ТББ нь хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгынхоо хүрээнд байгаль орчныг хамгаалах талаар хуульд заасан нэр бүхий гэрээнүүдийг байгуулахыг шаардаж, гэрээний агуулгад юу тусгахыг нэхэмжлэгчийн зүгээс заагаагүй гэдгийг удаа дараа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэтэл шүүх үүнийг харгалзан үзэлгүйгээр давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжтой байхад анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Хэрэв давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч зөвхөн байгаль орчныг хамгаалах талаар гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргавал уг нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн 52 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй болно. Иймд бид хуульд заасан тодорхой нэр бүхий гэрээнүүдийг байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой байсан.

9. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг харгалзаж үзээгүй. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “гэрээг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд гэрээг байгуулах болно” гэсэн нь хариуцагч хуульд заасан гэрээ байгуулаагүй байгаа өөрийн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ойлголт юм.

10.  Шүүх гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч эсхүл гуравдагч этгээдийн аль статусаар оролцож байгааг тодруулах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь захиргааны хэргийн шүүхэд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагыг хариуцагчаар татдаг бөгөөд гуравдагч этгээд хувийн эрх зүйн хуулийн этгээд тул энэ хэрэгт хариуцагчаар татагдах эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй, түүнийг гуравдагч этгээдээр татсан шүүгчийн захирамж хэрэгт авагдсан тул энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.

11.  Нэхэмжлэгчээс Халхгол сумын Засаг даргад холбогдуулан энэ хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин Халхгол сумын Засаг даргад холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргасан болно.

12.  Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд шинээр нотлох баримт бүрдүүлэх шаардлага байхгүй, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл бүрдээгүй байхад давж заалдах шатны шүүх ийнхүү буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

13.  Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14.  Анхан шатны шүүхийн маргааны үйл баримтын талаархи дүгнэлтийг өөрчилж, шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

15.  Нэхэмжлэгч “Б, х, н с г х х” ТББ нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгж, хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилготой байх бөгөөд энэ зорилгын хүрээнд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн буюу Засаг дарга нь тус суманд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “П д т” ХХК-тай “гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

16.  Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж, ажиллах” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж тус тус заажээ.

17.  Хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс “сумын Засаг дарга гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, хамтран ажиллах гэрээ байгуулах тухай хуульд тодорхой заасан байхад одоог хүртэл гэрээ байгуулаагүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж, хариуцагчаас “гэрээ байгуулахаар санал хүргүүлсэн” гэж,  гуравдагч этгээдээс “Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний агуулга, зарчимд нийцсэн асуудлаар гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй” гэж тус тус үндэслэлээ тайлбарласан байна.

18.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдвол шаардагдах шийдвэр, үйл ажиллагаа явуулахыг захиргааны байгууллагад даалгах боломжтой байна. Энэ тохиолдолд захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тухайн орон нутагт газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл ашиглагч “П д т” ХХК-тай хуульд заасан асуудлын хүрээнд гэрээ байгуулаагүй, гэрээний санал гаргаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна. Иймээс 2018 оны гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

19.  Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т “Сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, сумын Засаг дарга нь гуравдагч этгээдээс Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасан үүргээ биелүүлээгүй байхад түүнд хяналт тавиагүй, гэрээ байгуулахыг шаардаагүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “н”-д заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, гаргасан зөрчлийг зогсоох арга хэмжээ авах эрхээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас тухайн орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл үүссэн байх тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч хэнийг төлөөлөөд, нийтийн ямар ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй” тухай тайлбар үндэслэлгүй юм.

20.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.5.5 дахь хэсэгт зааснаар төрийн бус байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн, хүрээлэн байгаа орчин, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэгч төрийн бус байгууллагын дүрмийн зорилготой нийцсэн, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-д “Нутгийн захиргааны байгууллага нь энэ хууль, бүтээгдэхүүн хуваах гэрээ болон сум дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заагаагүй аливаа хөрөнгө оруулалт хийхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахыг хориглоно” гэж заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний агуулгыг хөндөж маргаагүй, харин эхний ажил буюу гэрээ байгуулах үүргээ биелүүлэх, энэ хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээг тодорхой болгох, хэн ямар эрх, үүрэгтэй болохыг тодорхой болгохыг шаардаж байгаа нь “хийсвэр, тодорхойгүй” үндэслэл биш байна.

21.  Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай, маргаж байгаа үндэслэлд дүгнэлт өгөөгүй” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч эдгээр үндэслэлүүд хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, хэргийг дахин хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага тогтоогдохгүй гэж үзлээ.

22.  Учир нь анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй, алдаатай шийдвэр гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах бүрэн боломжтой, дахин цуглуулах нотлох баримт байхгүй, хариуцагч гэрээ байгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн /нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан/ байхад “хариуцагчид хандсан баримтууд зөрүүтэй” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

23.  “П д т” ХХК-ийг хариуцагчаар нэхэмжлэгч тодорхойлсон боловч шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан тул давж заалдах шатны шүүхийн “хариуцагч болон гуравдагч этгээдийн алинаар оролцож байгаа нь тодорхойгүй” тухай дүгнэлт хэрэгт шууд ач холбогдолгүй, анхан шатны шүүхийн захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийн алдааг залруулан дүгнэх боломжтой байжээ.

24.  Түүнчлэн “Матад сумын Засаг даргыг хариуцагчаар татан оролцуулах эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь хэргийн шийдэлд шууд нөлөөлөхгүй, нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд Матад сумын Засаг даргын үйл ажиллагаатай холбогдуулан маргаж, мэтгэлцээгүй тул түүнийг хариуцагчаар татан оролцуулах эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

25.  Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0157 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ