Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-10
Дугаар 206
Хэргийн индекс 128/2018/0112/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "К" ХХК
Хариуцагч БОАЖС
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд "М" ХХК, "И" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь,   

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын “К” ХХК, 2 дугаар хавсралтын “М” ХХК, “И” ХХК-д тус тус холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0192 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Көпкөл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай дугаар А/288 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын “К” ХХК, 2 дугаар хавсралтын “М” ХХК, “И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээх, эрхийг дуусгавар болгох тухай дугаар А/241 тоот тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0192 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч Г.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олж авсан, түүнээс хойш 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй болно. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахад саад болсон гэж дүгнэсэн хугацаа нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн буюу 3 сарын хугацаа зарцуулагдсан болохыг шүүх дүгнэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарыг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан гэж үзэхээр байна.

4. “К” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай 2013/05 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-г байгуулсан байх ба гэрээний 4.1 дэх хэсэгт “Гэрээний нөхцөлд зааснаар газрыг зориулалтын дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, тогтоосон хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглах, Үүнд: “К” ХХК нь тухайн газар дээр..., ... дараах төслийг хэрэгжүүлнэ. Аялал жуулчлалын цогцолбор нь 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай үйлчилгээний төв байр, дээд зэрэглэлийн зочид буудал ресторан худалдааны төв, судалгааны төв, цэцэрлэгт хүрээлэн, гүний худаг, теннис, биллярдын өрөө, биеийн тамирын талбай, заал, харуулын байр, ариун цэврийн өрөө, тоглоомын талбай, сүүдрэвч, автомашины ил болон дулаан зогсоол зэрэг байгууламжаас бүрдэнэ” гэж тодорхой заасан.

5. Гэтэл маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогддог. Тухайлбал маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаас, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан барилгын эскиз зураг нь орон сууцны цогцолбор барихаар төлөвлөгдөж байсан зэргээс нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлогдож байна.

6. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь шинээр баригдах шугам сүлжээний ажилд тохируулан зураг төслийн ажилд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг нь нотлогдоогүй, нэхэмжлэгч үүнийгээ нотолж чадаагүй.

7. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Сайдын “К” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн тушаал нь хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн.

8. Тухайлбал, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийн нэг нь ч бий болоогүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу захиргааны актад өөрчлөлт оруулахдаа эрх зүйн үр дагаврыг өөрчлөхгүй байхыг шаардаж байх ба оруулсан өөрчлөлтийн талаар оролцогчдод мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээж байна. Гэтэл дээрх маргаан бүхий захиргааны акт гарснаараа эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, “К” ХХК-д газар ашиглах эрхийг олгосон байх ба хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар захиргааны байгууллага нь хууль бус захиргааны актыг гаргасан, уг захиргааны актын улмаас гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа болох нь тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

10.  Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12.  Нэхэмжлэгч “К” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын “К” ХХК, “М” ХХК, “И” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, гуравдагч этгээд “М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. Маргаан бүхий А/288 дугаар захирамжаар “үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, уг газрыг “М” ХХК, “И” ХХК-д тус тус олгожээ.

13.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

14.  Гэвч энэхүү маргааны тухайд хуулийн дээрх нөхцөл бүрдээгүй байсан буюу нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлсөн, газрыг ашиглахаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, барилгын эскиз зураг батлуулахаар захиргааны байгууллагад хандсан, архитехтур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, мөн нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар Яармагийн суурьшлын шинэ төвийн усан хангамжийн цэвэр усны шугам сүлжээний ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор газрыг ашиглах боломжгүй байсан тул захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдсэн, захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг шалгаж судлаагүй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

15.  Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий А/288 дугаар тушаалыг “буруу гаргасан” гэх үндэслэлээр /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар / 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээж, гуравдагч этгээдүүдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

16.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох” замаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой, энэ хүрээнд маргаан бүхий А/288 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

17.  Гуравдагч этгээдийн “газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэлүүдийн нэг нь ч бий болоогүй байсан, актад өөрчлөлт оруулахдаа эрх зүйн үр дагаврыг өөрчлөхгүй байх шаардлагатай, оруулсан өөрчлөлтийн талаар оролцогчдод мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг энэ маргааны үйл баримтад хэрэглэхгүй, захиргааны актын бичилт болон тооцооны алдаа зэрэг илэрхий алдаатай холбогдуулан өмнөх тушаалаа өөрчлөөгүй, харин захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаатай холбогдуулан өмнөх тушаалын үр дагаврыг дуусгавар болгож, шинээр захиргааны акт гаргасан байна.

18.  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй атал маргаан бүхий А/288 дугаар тушаалыг гаргахдаа хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, “газрын төлбөр төлөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч нэхэмжлэгчээс газрын төлбөр төлж байсан болох нь Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар  тогтоогджээ.

19.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй, энэ хүрээнд хариуцагчаас шинээр захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээсэн байна.

20.  Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн газар ашиглахад саад болсон гэж дүгнэсэн хугацаа нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн буюу 3 сарын хугацаа зарцуулагдсан байхад шүүх дүгнэхгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, 2016 онд барилгын эскиз зураг батлуулахаар захиргааны байгууллагад хандаж байсан болох нь Байгаль орчны, аялал жуулчлалын яамны ирсэн бичиг хэвлэх хуудас, шууд шилжүүлсэн бичиг зэргээр баримтаар тогтоогдсон, 2017 онд Архитехтур төлөвлөлтийн даалгавар батлуулж байсан тул нэхэмжлэгчийг газар ашиглах үйл ажиллагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр явуулаагүй гэж үзэхгүй.

21.  Гуравдагч этгээдийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 сарын 18-ны өдрийн А/241 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагатай, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрийн үндэслэл ийнхүү дээрх байдлаар няцаагдсан, энэ дагуу хариуцагчаас өөрийн гаргасан шийдвэрийн алдааг зассанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх тул гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг ашиглах эрх үүсэхгүй.

22.  Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0192 дугаар магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ