Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-04-15
Дугаар 112
Хэргийн индекс 128/2018/0901/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Б.С
Хариуцагч ЦЕГ-ын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.Сийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн

ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь  

Шүүгчид: Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаад эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0830 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0109 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,  өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0830 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Сийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний цагдаагийн хошууч цолыг сэргээн олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоож, ажилгүй байсан 3 сар, 1 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,602,909 /гурван сая зургаан зуун хоёр мянга есөн зуун ес/ төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0109 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай /2002 оны/хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаад эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах” гэж хуульчилжээ. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т цагдаагийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг нэрлэн заасан боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой нарийвчлан зохицуулаагүй байна гэж үндэслэлтэй дүгнэсэн.

4. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид ...” гэж зааж Төрийн албаны тухай хууль илүү нарийвчилсан зохицуулалт болохыг тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлаагүй” гэж дүгнэсэн тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/648 дугаар тушаалын зорилго нь зөрчил гаргасан албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тул сахилгын шийтгэл ногдуулахад хамаарах заалтыг баримталсан байхыг шаардана. Гэтэл давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-дахь заалтыг хэрэглэсэн, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг заавал хэрэглэх шаардлагагүй, хариуцагч зөв хууль хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5. Хариуцагч Б/648 дугаар тушаалдаа нэхэмжлэгчийг “Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж халах сахилгын шийтгэл ногдуулахдаа “Б.С нь өөрийн гэр бүл, үр хүүхдэдээ ямар байдлаар хайр халамжгүй байсан, нийтээр зөвшөөрөгдсөн ямар хэм хэмжээг сахиж мөрдөөгүй гэж үзсэнээ хариуцагч маргаан бүхий тушаалд тодорхойлон заагаагүй байна” гэж хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий актыг анхан шатны шүүх үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх “Б.С гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, иргэдтэй маргалдаж хэл амаар доромжлон, зүй зохисгүй үг хэрэглэсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон байна, ёс зүйн дүрмийн 2.4.10-т заасан...ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн.

6. Учир нь, маргаан бүхий актын үндэслэлийг “албаны шалгалт явуулахад ... Б.С, Ц.Оюунболд нар хоорондоо гэр бүлээс гадуур харилцаа /бэлгийн/ үүсгэж, Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүндэтгэх, бие биедээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэр бүлийн хэм хэмжээг зөрчсөн” болох нь тогтоогдсон, ... төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т төрийн албан хаагч нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэлж, сахин биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, нийтлэг үүрэг хүлээхээр, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөхөөр тус тус заасан, 2.4.1 -д заасан ... хэм хэмжээ, холбогдох хууль тогтоомжийг тус тус зөрчсөн” гэж тайлбарласан байгааг анхан шатны шүүх “хариуцагч нь нэхэмжлэгч Б.Сийг ... ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.13-т заасныг зөрчсөн гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэлээ маргаан бүхий тушаалд заагаагүй, тушаалынхаа үндэслэл болгоогүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцэж байна.

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ “гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, иргэдтэй маргалдаж, хэл амаар доромжлон, зүй зохисгүй үг хэрэглэсэн”, ёс зүйн дүрмийн 2.4.10-т заасан “гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх “ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна “ гэж үнэлж байгааг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Тодруулбал, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэдгийг хариуцагч Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн гэрлэгчид бие биедээ үнэнч байх хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн нь нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

8. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан гэрлэгчид бие биедээ үнэнч байх гэдэг заалтыг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхгүй байх гэж тайлбарлаад гэрлэгчид бие биенийхээ өмнө хүлээх үүргийг Цагдаагийн албан хаагч албаны үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ, алба хаагч албаныхаа өмнө хүлээсэн үүрэг болгон хариуцагч тайлбарлан, давж заалдах шатны шүүх энэхүү тайлбарыг нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Иймд, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Нэхэмжлэгч Б.С нь цагдаагийн тангараг өргөсөн, цагдаагийн алба хаагч буюу төрийн тусгай алба хаагч байх тул түүний албаны харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдана.

11. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлагыг зохицуулсан байх бөгөөд 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”; 81.2.“Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”; 81.3.“Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”; 81.4.Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна: 81.4.5.цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж цагдаагийн алба хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэх харилцааг нарийвчлан зохицуулсан байх тул хариуцагчаас маргаан бүхий актад нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчилд холбогдуулан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан “тухайн харилцааг зохицуулсан тусгай хууль байгаа бол түүнийг хэрэглэх” хууль хэрэглээний ерөнхий зарчимд нийцсэн байна.  

12. Иймд, давж заалдах шатны шүүхийн “... анхан шатны шүүх зөвхөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой, нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг тус харилцаанд баримтлаагүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт зөв байх тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-4-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Сийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.10-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.С нь “гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, иргэдтэй маргалдаж, хэл амаар доромжлон, зүй зохисгүй үг хэллэг хэрэглэсэн” зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс үгүйсгээгүй байх тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.10-т “гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэсэнд “гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг огт хамруулахгүй” гэж үзэх боломжгүй. Тодруулбал, энэхүү ёс зүйн хэм хэмжээний агуулга нь “гэр бүлийн харилцаатай холбоотой нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” тухай байх тул үүнд “Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн гэрлэгчдийн хоорондын эрх, үүрэг хамаарахгүй, уг хууль нь зөвхөн гэрчлэгчдэд хамааралтай, өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж болно, энэ нь ёс зүйн зөрчил биш” гэж тайлбарлах нь өөрөө нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцэхгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-8-д заасан “давж заалдах шатны шүүх ёс зүйн дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй ...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

15. Түүнчлэн, хэрэгт цугларсан баримт, хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл,

нэхэмжлэгчийг зөвхөн “хэн нэгэнтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан” гэхээсээ илүүтэй “албаны чиг үүргийн хувьд доод шатны алба хаагчтайгаа хувийн харилцаа тогтоосон, бусадтай зүй бус харилцсан /иргэн Д.Отгонзул, түүний хадам эхтэй/, утсаар явуулсан мессэжийн агуулга зэрэг нь цагдаагийн алба хаагчид байж боломжгүй ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр буруутгасныг дурдах нь зүйтэй. Тийм ч учир зөрчлийн хэм хэмжээг харгалзан ногдуулсан сахилгын шийтгэлийг тохироогүй гэж үзэх боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл гомдлын агуулгаас тогтоогдохгүй байна.

16. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын   журмаар   гаргасан   гомдлыг   хангалгүй   орхиж,   давж   заалдах   шатны

шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0109 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ