Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-04-29
Дугаар 123
Хэргийн индекс 120/2018/0004/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч “Ч” ХХК
Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн

иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:Б.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0100 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр:Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “к”, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-ийн “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0100 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэр,Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0100 дугаар магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, “Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ тодорхой газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ.

5. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу “Ч” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын “Хавцал уул” гэх нэртэй газарт 4069,48 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-020393 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон.

6. Гэтэл Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11/2 дугаар тогтоолуудаар манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан нь нутгийн удирдлагын үндсэн зарчмыг тодорхойлон, төрийн гүйцэтгэх дээд байгууллагын аливаа шийдвэр үйл ажиллагааг бусад төрийн байгууллагууд биелүүлэх, хамтарч ажиллах талаар хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, “з”-д заасныг тус тус зөрчиж, Засгийн газрын 216 дугаар тогтоолыг үгүйсгэж, өөрийн бүрэн эрх гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

7. Нөгөөтэйгүүр, хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд газрыг тусгай хамгаалалтад авах эрх хадгалагдаж байгаа хэдий ч цаг хугацаа болон эрх хэмжээний хувьд Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол нь түрүүлж үйлчлэх учиртай юм.

8. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох саналыг гаргаагүй учраас манай компанид хайгуулын тусгайзөвшөөрөл олгосон гэж үзэхээр байгаа бөгөөд уг нөхцөл байдлыг мөн шүүх харгалзан үзсэнгүйд гомдолтой байна.

9. Тус хурал нь ашигт малтмалын хайгуулын талбайг тусгай хамгаалалтад авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулсныг хариуцагч зөрчсөн, Газрын тухай хуулийн үндэслэл журам, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн.

10. Шүүхээс “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасан, энэ хуулийн заалтад үндэслэн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ тодорхой газрыг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тус хурал тогтоол шийдвэр гаргаж байгаа бол хуулийн шаардлага, зохицуулалт, холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн дүүрэн үндэслэж гаргах ёстой. Шүүхээс тус хурлын бүрэн эрх гэж дүгнэж, Засгийн газрын бүрэн эрхийг дүгнэлгүй орхигдуулсан.

11. “Тус тогтоолуудыг Кадастрын мэдээллийн санд бүртгэсэн атлаа энэ газруудад сонгон шалгаруулалтыг явуулж, улмаар комиссын дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаснаас энэ үр дагаварт хүрсэн “ гэх тухайд:

11.1. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын статусыг тусгасан байхад өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллага Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолыг үгүйсгэж шийдвэр гаргаж, үүнийг нь шүүх зөв гэж дүгнэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн. “Ч” ХХК нь хууль журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож, эрхтэй болж өөрөөс шалтгаалах бүхий л хууль ёсны баримт бичгийг шүүхэд өгч тайлбарласаар байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсаншийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зөрчсөн.

12. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв байна.

14. Харин “Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ тодорхой газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй” гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

15. Учир нь, маргаан бүхий акт болох Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолын нэр нь “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” боловч тогтоолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2-ийг тус тус үндэслэсэн, өөрөөр хэлбэл газрыг орон нутгийн “тусгай хамгаалалтад авах”, “тусгай хэрэгцээнд авах” эрх зүйн үндэслэлийн аль алиныг нь хэрэглэсэн байна.

16. Хэрэв маргаан бүхий актаар газрыг орон нутгийн “тусгай хэрэгцээнд авсан” гэж үзвэл хариуцагч Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”; Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.3.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэснийг зөрчсөн; харин газрыг орон нутгийн “тусгай хамгаалалт”-д авсан гэж үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3/ “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэснийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь, Байгаль орчны сайдын 2000 оны 07 тоот тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмын Дөрөв буюу “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай санал гаргах, шийдвэрлэх” гэсэн хэсгийн 4.1-д зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг ... орон нутгийн хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 4.3-т “...Засаг даргын өргөн мэдүүлснээр ..., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно” гэжээ.

17. Гэтэл Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн асуудлыг хянан хэрэгжүүлэх эрх бүхий Засаг даргаас газрыг тусгай хэрэгцээнд авах, эсхүл тусгай хамгаалалтад авах тухай холбогдох хууль, журамд заасан зорилго, шалгуурыг харгалзан боловсруулсан саналыг өргөн мэдүүлээгүй байхад 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолыг Хурлын даргаас Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/ Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ утгаараа уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 8-10-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

18. Гэвч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй байна. Учир нь, нэгдүгээрт, хэдийгээр нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1130 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон, харин Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11/2 дугаар тогтоол нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарч, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос өмнө кадастрын бүртгэлийн системд бүртгэгдэн албан ёсоор үйлчилж эхэлсэн байна. Иймээс “цаг хугацааны хувьд түрүүлж тусгай хамгаалалтад авсан газар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хоёрдугаарт, маргаан бүхий Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11/2 дугаар тогтоол нь шийдвэр гаргах ажиллагааны журмын зөрчилтэй байх ч /Үндэслэх хэсгийн 16,17-д заасанчлан/, хэрэв уг зөрчил гараагүй буюу Хурлын шийдвэр зохих журмын дагуу гарсансан бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах байсан гэх үндэслэл байхгүй юм.   

19. Маргаан бүхий акт болох Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-ийг үндэслэсэн бөгөөд Хурлын тогтоолыг Аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын газарт хүргүүлснээс үзвэл /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/ эрх бүхий Засаг даргын санал байна гэж үзэх үндэслэлтэй, иймээс уг тогтоол нь шийдвэр гаргах ажиллагааны журмын болон агуулгын зөрчилгүй хууль ёсны акт тул энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

20. Харин энэхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/21 дүгээр тогтоол нь цаг хугацааны хувьд  нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосноос хойш буюу 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэнээр албан ёсоор үйлчилж эхэлсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “...2012 оны 1/6 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж буй тул нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу, учир нь, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 1/6 дугаар тогтоол нь бүртгэлийн системд бүртгэгдэж байгаагүй бөгөөд 2015 оны 9/21 дүгээр тогтоолоор өөрчлөлт орж, улмаар 2016 оны 01 сарын 12-ны өдөр анх удаа бүртгэгдсэн байна. Иймээс хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-14.7-д заасан журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн маргах эрхийг /”хууль ёсны итгэлээ хамгаалах зарчим”-ын дагуу/ энэхүү тогтоол хязгаарлахгүй.

21. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулах журам баталсан нь эрх бүхий этгээдийн, тухайлбал аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад юм уу тусгай хэрэгцээнд авах” хуулиар олгогдсон бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-7,10,11-д заасан гомдол үндэслэлгүй.

22. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0100 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар   нэхэмжлэгчийн   төлөөлөгчөөс   тэмдэгтийн   хураамжид   төлсөн   70,200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                          Г.БАНЗРАГЧ