Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-06
Дугаар 133
Хэргийн индекс 118/2018/0015/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч О.Л
Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, тус сумын Засаг дарга, Жинст багийн Засаг дарга, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан даргалагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

О.Лын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,

нарийн бичгийн дарга, тус сумын Засаг дарга, Жинст багийн Засаг дарга,

тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар

сарын 02-ны өдрийн хуралдаан даргалагчид тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Л.Атарцэцэг

Х.Батсүрэн

Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Жинст багийн Засаг даргаар Д.Аыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0093 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.Мг оролцуулж,

Хариуцагч Жинст багийн Засаг дарга Д.А, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.М, тус сумын сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг илт хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан “Саналын хуудас тоолж дүнг танилцуулах тухай” 01 дүгээр, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 01 дүгээр, “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 02 дугаар, “Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай” 04 дүгээр тогтоолууд, Улиастай сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулахыг Жинст багийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид даалгаж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Лын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт холбогдох “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0093 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.М, Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0093 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан “Багийн иргэдийн нийтийн хурлын даргыг сонгож батлах тухай” /О.Лыг томилсон/ 01 дүгээр тогтоол нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр хүчингүй болсон тул нэхэмжлэгч нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувиар нэхэмжлэл гаргах, цалин, урамшуулал шаардах эрхгүй. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж /албан тушаалтнаар/ байсан, миний эрх зөрчигдсөн гэж мэтгэлцэж байсан ч одоо “би багийн Засаг даргад өрсөлдөх байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ өөр болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5. Нэхэмжлэгч нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд уг захирамж нь одоог хүртэл хүчинтэй байхад шүүхээс тухайн албан тушаалыг эрхэлж байсан эсэх талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй атлаа 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоосон учраас иргэдийн Нийтийн Хурлын Даргын урамшууллыг гаргах нь зүйтэй, урамшууллын хэмжээн дээр маргаантай байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх энэ талаар хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргасангүй.

6. Мөн нэхэмжлэгч нь 2016-2017 оны 6 дугаар сар хүртэл Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал, түүний даргын албан тушаал надад ямар ч хамаагүй гэсэн атлаа 2016 оны 11 дүгээр сард хууль бусаар чөлөөллөө гэж ”... ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах ...” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь нэхэмжлэгч өөрөө ажилгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. Мөн “... хууль бусаар Жинст багийн Засаг даргаас чөлөөллөө …” гэж зарга үүсгэж байсан ч 2018 оны 5 дугаар сард эсрэгээрээ “Жинст багийн Засаг даргын ажлыг бус Жинст багийн иргэдийн Ниитийн Хурлын Даргын ажлыг хийж байсан, одоо хийх ёстой гэж Жинст багийн ИНХ-н даргын хувиар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Тодруубал, нэхэмжлэгчийг Жинст багийн ИНХ-ын даргаар томилсон Улиастай сумын Жинст багийн ИНХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааныг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон.

7. Нэхэмжлэгч өмнө нь огт яригдаагүй 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолуудыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Уг баримтад 2014 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нь багийн ИНХ-ыг бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Тэргүүлэгчдээр /Н.Х болон бусад тэргүүлэгч/ зарлуулалгүй шууд өөрөө өөр асуудал хэлэлцсэн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотоод журам болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрөө гараар нэмж завсар оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана.

8. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-т: “Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус гэж тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж ... дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага ба иргэд өөрсдөө удирдан хуралдуулж, олонхийн саналаар тогтоол шийдвэр гаргадаг байгууллага юм.

8.1. Уг хуралдаан нь: Илт хууль бус байх боломжгүй ба өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийсэн иргэдийн хурал юм. Хурал хуралдах болсон шалтгаан нь томилогдсон хуралдаан нь хууль бус болж, томилсон тогтоол нь хүчингүй болсон нэхэмжлэгчийг 2016 оны 09 сарын 01-нд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 05 дугаар захирамжаар ажлаа өгөөд өөр ажилд томилохоор болсон нэхэмжлэгчийг 2016 оны 09 сарын 07-ноос Жинст багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг 2016 оны 11 сарын 16-2017 оны 06 сарын 02-н хүртэл шүүхэд Жинст багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох гэж явсан нэхэмжлэгчийг 2016 оноос хойш нэг ч хуралдаагүй, хуулиараа жилд 2 удаа буюу 2 жилд 4 удаа хуралдах байсан хуралдааныг зарлаагүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж хуралдсан байна.

9. Мөн “Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.А хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, амаар шийдвэр гарган иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулах зар тараан 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулсан нь илт хууль бус ...” гэж тогтоосон нь үндэслэлгүй юм. Д.А нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах талаар зар тараагаагүй, харин өөрийн засаг даргын тайлан тавих хурлыг зарласан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог ба Тухайн тайлангийн хурлаас иргэд санаачилга гарган ИНХ-г хуралдуулсан байна. Захиргааны акт нь хууль бус байхаас гадна иргэний эрх ашгийг зөрчсөн байх шаардлагатай ба шүүхийн шийдвэрээр томилсон тогтоолыг нь хүчингүй болгосон, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, засаг даргын ажлыг хийж байсан иргэний эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.

10. Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Үүнд: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг Жинст багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсныг тогтоосон боловч 2013 оноос хойш дахин томилогдсон талаар баримтыг дутуу цуглуулсан. Учир нь 2015 оны тогтоолуудад 2013 оны тэргүүлэгчид, ИНХ-н дарга, засаг дарга нарт ямар ч өөрчлөлт ороогүй ба хэдэн хувиар, хэн хэн, ямар албан тушаалд дэвшиж хэдэн хувийн саналаар томилогдсон нь тодорхойгүй байсан тул дээрх байдлыг тодруулах зорилгоор гэрч Ж.Н, Ж, Ц нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан тогтоол амаар гаргасан боловч одоог хүртэл бичгээр албажуулсан тогтоол өгөөгүй байна. Мөн гэрч Хаданхүүг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа дууссан тэмдэглэл, 2015 оны хуралдааныг тодруулахаар гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хангасан эсэх нь тодорхойгүй хурлыг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

11. Улиастай сумын засаг даргын хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэпж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Жинст багийн иргэдийн нийтийн хурлаас тогтоолын хэлбэртэй тухайн багийн засаг даргыг томилуулахаар уламжлан ирүүлсэн саналыг шийдвэрлэж Д. Ариунбаатарыг Жинст багийн засаг даргаар томилсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийг чөлөөлсөн 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 5 дугаар захирамжийг татан аваагүй.

12. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Засаг даргын  хяналтын журмаар гаргасан гомдол

13. Нэхэмжлэгч 2016 онд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Жинст багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, миний бие тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байсан тул гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэгч Жинст багт нэг ч хуралдаан хийж байгаагүй, тайлан, мэдээ гаргаагүй, Засаг даргын тайланг хэлэлцдэггүй, иргэдийг төрийн шагналаар шагнуулах гэхээр байхгүй, тайлан хэлэлцэх хурлыг зарладаггүй байсан тул би тайлангийн хуралтай гэж иргэдийг цуглуулж тайлан тавихад ирсэн иргэд энэ багийн иргэдийн Нийтийн Хурлын Дарга, Тэргүүлэгчдийг томилсон тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон тул шинээр сонгож баталгаажуулахаар хурлыг хуралдуулах болсон. Түүнээс би багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулаагүй.

14. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “хурал зарлахгүй удаагаад байсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Даргатай уулзаж хурал зарлуулах гээд байсан талаар “би дээд шатны байгууллагаас чиглэл авах, зөвшилцөх гээд” гэж хариулсан нь ямар албан тушаалд иргэд сонгосон мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын Тэргүүн гэдгээ ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь иргэний зүгээс 2018 оны 3 дугаар сарын хурлыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргана уу гэхээр Жинст багийн иргэдийн нийтийн хурлын даргын зүгээс нэхэмжлэл гаргах ямар ч эрхгүй. Бүтэн 2 жил багийн Иргэдийн нийтийн хурлын баримт материал, тамга, тэмдгийг /одоо ч гэсэн өгдөггүй/ гэртээ байлгаж байгаад Засаг даргын ажлыг хийдэг, хурлын дэг, төлөвлөгөөнд өөрийн гараар, балаар нэмэлт өөрчлөлт оруулдаг, төрийн ажлыг гэрээсээ хийж, тамга тэмдгээ хүлээлгэж өгдөггүй төрийг өөрийн дураар балаар засч, тамгыг нь өгөхгүй ажил гацаадаг.

15. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хяналтын журмаар гаргасан гомдол

16. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0093 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

17. Анхан шатны шүүхээс намайг Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, ямар нэгэн шийдвэр гаргаагүй, гаргах боломжгүй, цалин хөлс олгох албан тушаалтан биш байхад хариуцагчаар татаж алдаа гаргасан, мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахад, олон ажиллагаа хийгдэж, гэрчийн мэдүүлэг, тамга, тэмдэгтэй холбоотой баримтууд хавтас хэрэгт авагдсан байсан тул танилцах гэтэл хэргийн материал танилцуулаагүй энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Мөн шүүхээс нэхэмжлэгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар захирамжаар Жинст багийн Иргэдийн Нийтийн Хурлын Даргын албан тушаалыг өөрийн хүсэлтээр өгсөн захирамжийг өмнөх хэргийн материалаас аваагүй, иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллаа буцаан өгсөн талаар гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, сумын Засаг даргатай Жинст багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж түүндээ би давхар цалин аваагүй, нэхэмжлэгч нь би Жинст багийн иргэдийн нийтийн хурлын даргын албыг хашаагүй, 2016 оны 9 дүгээр сард чөлөөлөгдсөн байхад Тамгын газраас надад иргэдийн Нийтийн Хурлын Даргын цалин гэж 2 сарын цалин хийсэн байсныг нягтлан бодогчид нь буцааж тушаасан, би Засаг даргын ажлаа хийж байсан гэж маргаж байсан.

18. Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал нь хамгийн сүүлд хэзээ хуралдсаныг тодруулаагүй байж нэхэмжлэгчид урамшуулал олгох нь зүйтэй, харин урамшууллын хэмжээн дээр маргаантай байгаа тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын Даргыг хийж байсан гэж дүгнэснийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний албан үүрэгт багуудын иргэдийн Нийтийн Хурлын ажлын тайланг хүлээн авч, урамшуулал олгох эсэхийг даргад уламжлахыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Баг, хорооны ээлжит хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулна” гэж заасан ба намайг энэ албан тушаалд томилогдсоноос хойш нэг ч удаа Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй тайлан мэдээгээ өгөөгүй, учрыг лавлахад Жинст багийн хурлын даргыг сонгосон хуралдаан нь шүүхээр хүчингүй болсон, Мөн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг хийж байсан хүн нь Жинст багийн Засаг даргын ажлыг хийж байгаа гэдэг байсан. Энэ нь иргэдийн Нийтийн Хурлын дарга, хурал багийн Засаг даргын жил бүрийн ажлын тайланг хэлэлцэж хуралдах ямар ч боломжгүйд хүрсэн байсан. Хурлыг зарлах, удирдах дарга, тайлан тавих Засаг дарга болсон. Мөн өрөөнд нь очиж ажлаа хийж байгаа эсэхийг үзэхэд багийн ажлын албанаас өрөө нь байнга цоожтой, түлхүүрийг нь өөрөө аваад явчихсан гэдэг байсан. Үүний дараа бид цалин, урамшууллын асуудлыг буюу Улиастай сумын Жинст багийн Засаг даргын цалин, Мөн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллыг нэг хүнд буюу О.Лд олгож байгаа талаар Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоос дуулсан /Сумын ЗДТГ-н нягтлан бодогч нь Сумын ИТХ-н нягтланг давхар хийдэг/ ба давхар цалин, урамшуулал аваад байгаа талаар хуралд мэдэгдсэн.

19. Бид О.Лд аль албан тушаалыг нь хийж байгаа юм, цаашид аль албан тушаалыг нь хийх юм гэдгээ сонгоод энэ асуудлаа шийд гэхэд О.Л нь би 2016 оны 9 дүгээр сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар чөлөөлөгдөж, Жинст багийн ИНХ-ын даргын ажлыг хүлээлгэн өгсөн би Жинст багийн ИНХ-ын даргын ажлыг хийгээгүй, хийх боломжгүй, би Жинст багийн Засаг даргын ажилд албан ёсоор томилогдсон, одоо хийж байгаа, үүнийгээ цаашид ч хийх болно. Би Жинст багийн ИНХ-ын даргын урамшууллыг авах ёсгүй хүн гэж хэлсний дагуу манай байгууллагаас О.Лын өөрийнх нь хэлснээр Жинст багийн ИНХ-ын даргын урамшууллыг зогсоосон. Үүний зэрэгцээ О.Л нь сайн дураар Жинст багийн ИНХ-ын даргын албан үүргээ гүйцэтгэж байх үеийнхээ урамшууллыг буцааж өгсөн. Гэтэл одоо манай байгууллага урамшууллыг хууль бусаар зогсоосон гэж буруутгагдаж байгааг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.

20. О.Л нь Завхан аймгийн төвийн хамгийн олон амтай багийн иргэдийн итгэлийг хууль бусаар авсан, 2015 онд дахин өөрөө өөрийгөө томилсон тогтоолд гарын үсэг зурж, 2016 онд олон нийтийн нэн чухал албаа сайн дураар өгч, хяналт тавих ёстой Жинст багийн Засаг дарга болж, Засаг даргын ажлыг өгөхгүй гэж 2016-2017 онд сумын Засаг даргатай шүүхэд хандаж ялагдсан. Харин одоо буцаад иргэдийн Нийтийн Хурлын даргын эрх ашиг хөндөгдсөн гэж төрийн албыг өөрийн дураар сольж хольж, хоёр албан тушаалыг зэрэг хашиж, нэг нь нөгөөгөө хянадаг нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрийн дураар хөдөлгөж, давхар цалин урамшууллыг авч, Жинст багийн иргэдийг, Жинст багийг, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг, түүний даргын ажлыг илтэд доромжилж байна. Энэ хүн намайг 2016 онд томилогдсоноос хойш Жинст багийн ажлын байрандаа нэг ч байгаагүй, нэг ч хуралдаан хийгээгүй, тайлан, мэдээ гаргаж өгөөгүй хүнд яаж урамшуулал өгөх вэ? Урамшуулал авах ёстой гэж яаж нэхэж чадаж байна вэ?, 2016 оны тайлан 2017 оны тайланг авах гэхээр Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь Засаг даргын ажлыг хийж байсан, Засаг даргаас нь чөлөөлсөн захирамжид гомдол мэдүүлэн, шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байсан, шүүх энэ хүнийг ингэж өөхшүүлж болохгүй гэж бодож байна. Энэ албан тушаал бол Завхан аймгийн хамгийн том, хамгийн их хүн амтай баг юм, Энэ багийн иргэдийн итгэлийг даасан, хариуцлагатай, иргэдээ гэсэн сэтгэлтэй, иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байхыг шаарддаг нэн хариуцлагатай, чухал алба юм. Нэхэмжлэгч нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлаар тоглоом хийж байна.

21. Нэхэмжлэгч нь шүүх хуралд яагаад хурлыг нь зарлахгүй удаагаад байсан, яагаад сумын ИТХ-ын даргатай уулзаж хурлаа зарлуулах гээд байсан юм гэсэн асуултад би дээд шатны байгууллагаас чиглэл авах, зөвшилцөх гээд ... гэж хариулж байгаа нь ямар албан тушаалд иргэд сонгосон гэдгээ, нутгийн өөрөө удирдах байгууллагын тэргүүний алба хашиж явснаа одоо ч ойлгохгүй байна. Нэхэмжлэгч О.Лыг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын шүүх хурал дээр гаргаж өгсөн 2015 оны баримтуудыг Цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж бодож байна. Нэхэмжлэгч нь иргэн хүний зүгээс 2018 оны 3 дугаар сарын хурлыг Жинст багийн иргэнийг буюу нэхэмжлэгчийг оролцуулсангүй, сонгогдох, сонгох эрхийг зөрчсөн гэдгээр хүчингүй болгуулна уу гэхээс Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын зүгээс нэхэмжлэл гаргах ямар ч эрхгүй. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч нь Жинст багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргын хувиар нэхэмжлэл гаргах эрхгүй, цалин, урамшуулал шаардах эрхгүй юм.

22. Бүхэл бүтэн 2 жил багийн иргэдийн Нийтийн Хурлын баримт материал, тамга, тэмдгийг /одоо ч гэсэн өгдөггүй/ гэртээ байлгаж байгаад Жинст багийн Засаг даргын ажлыг хийдэг, Засаг даргаас нь чөлөөлөхөд Засаг дарга байх ёстой гэж шүүхээр тогтоолгохоор 2016 оны 10 сараас 2017 оны 6 сар хүртэл бүтэн 8 сар шүүхэдсэн, өөрийнх нь гэрээс гаргаж өгсөн Жинст багийн 2015 оны хурлын дэг, төлөвлөгөөнд өөрийн гараар, балаар нэмэлт өөрчлөлт оруулдаг, /өөрөө өмнөх шүүх хурал дээр хэлдэг/ ер нь бол төрийн ажлыг гэрээсээ хийж, тамга тэмдгээ хүлээлгэж өгдөггүй төрийг өөрийн дураар балаар засч, тамгыг нь өгөхгүй ажил гацааж явдаг.

23. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот захирамжийг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэчхээд яагаад нэхэмжлэгчийг Жинст багийн ИНХ-ын даргыг хийж байсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие болон Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нь 2018 оны Жинст багийн хуралд оролцоогүй ч гэсэн, тухайн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүй болгож болох ч нэхэмжлэгчийг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувиар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

24. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

25. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

26. Нэхэмжлэгч О.Лаас “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн буруу байна. Учир нь, “хуралдаан” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэнд хамаарахгүй. Тодруулбал, хуралдаан нь дангаараа “гадагш чиглэсэн”, “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан” буюу тодорхой этгээдэд, тухайлбал нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхгүй тул захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй юм. Харин хуралдаан нь иргэдийн Нийтийн Хурлын буюу уг хурлаас гарах тогтоол /захиргааны акт/-ын шийдвэр гаргах ажиллагаа нь болно.  

27. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий актууд болох Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 01, 02, 04 дүгээр тогтоолуудын шийдвэр гаргах ажиллагаа болох хуралдааныг нь бие даасан захиргааны акт гэж дүгнэн, илт хууль бусад тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд, уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.“захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

28. Нэхэмжлэгч О.Л нь нэхэмжлэлдээ: “Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.А нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-17.1.4, 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтуудыг зөрчиж, эрх мэдлээ буруугаар ашиглаж, хурал зарлан хуралдуулсан..., иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Г.Должинсүрэн хурлаас гарсан тогтоолуудад бусдын тамга ашиглан баталгаажуулсан, уг хуралдаанаас миний биеийг иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлаас чөлөөлж, миний төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхийг зөрчсөн..., мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан бол тус хуралдаанд оролцож багийн Засаг даргад өрсөлдөх байсан, гэтэл уг хуралдаанд оролцуулаагүйгээс миний сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн...” гэж иргэний маргаж буй нь үндэслэлгүй буюу нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. Учир нь:

29. О.Л нь анх Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон боловч Завхан аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр түүнийг Хурлын даргаар сонгосон тогтоол /болон уг хуралдаанаас гарсан бусад тогтоолууд/ хүчингүй болсон, иймд Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар дахин сонгогдсон байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл хууль зүйн хувьд Хурлын дарга байгаагүй ч бодит байдал дээр уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлсээр байсан нь хэрэгт авагдсан Хурлын тогтоолуудаар хангалттай нотлогдож байгаа тул /тухайлбал, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 сарын 16-ны 07 дугаар тогтоол гэх мэт/ тэрээр бодит байдал дээр 2013 оны 9 дүгээр сараас хойш 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр буюу маргаан бүхий тогтоолууд гарах хүртэл үндсэндээ 5 жил Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байжээ.

30. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.“Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, ... зарлан хуралдуулна” гэснийг  нэхэмжлэгч О.Л өөрөө болон бүрэн эрхийн хугацаа нь дууссан Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын бусад Тэргүүлэгчид хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл хуульд заасан уг үүргээ биелүүлээгүй тул тус багийн иргэдээс Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлын тайланг хэлэлцэх хурлын үеэр нэр бүхий иргэдийн гаргасан саналын дагуу дараагийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад нэр дэвшигчийг сонгосныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч О.Л нь өөрөө ч мөн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн багийн Засаг даргын ажлын тайланг хэлэлцэх иргэдийн нийтийн ээлжит хуралдааны үеэр иргэдээс гаргасан саналын дагуу Хурлын даргаар дахин сонгогдсон гэдгийг дурдах нь зүйтэй /1 дэх хавтаст хэргийн 179-195 дахь тал/.  

31. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрх нь дуусгавар болсон Хурлын Тэргүүлэгчид дараагийн дарга, тэргүүлэгчдийг сонгох анхдугаар хуралдааныг зарлахгүй байгаа тохиолдолд хэрхэх талаар тодорхой зохицуулалт байхгүй байна. Гэвч ийнхүү зарлахгүй байх нь тухайн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллага болох баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын гишүүд буюу иргэдийн хуульд заасан бүрэн эрхийг, тухайлбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1.“Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх”; 17.1.2.“баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх...” зэрэг эрхийг хязгаарлахгүй, өөрөөр хэлбэл иргэд ийнхүү хурлаа хийх нь Үндсэн хуулиар заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд харшлахгүй, харин ч эсрэгээрээ хурлыг зарлан хуралдуулах үүрэг бүхий этгээд нь үүргээ хэрэгжүүлэхгүй байх нь уг зарчмыг зөрчиж буй явдал юм.

32. Иймд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10.“Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”; 25 дугаар зүйлийн 25.1.“Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангасан маргаан бүхий актууд болох Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 01, 02, 04 дүгээр тогтоолуудыг /энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хуулийн эдгээр шаардлага хангагдсан гэж үзэхээр байна, 1 дэх хавтаст хэргийн 12-18 дахь тал/ нэхэмжлэгч иргэний “сонгох сонгогдох эрхийг эдлүүлээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох, улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хийх үндэслэлгүй.

33. Тодруулбал, нэхэмжлэгч О.Л нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж, анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулж, улмаар төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан ч энэхүү эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй.   

34. Энэ үндэслэлээр мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.“Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”; 26.3.“Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох...” гэсэн хуульд заасан журмын дагуу гарсан Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй. 

35. Ийнхүү нэхэмжлэгчийн “хүчингүй болгох” болон “даалгах” гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож буй тул дагалдах шаардлага болох “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах” гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

36. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0093 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Лын “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг тус тус баримтлан “Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Жинст багийн Засаг даргаар Д.Аыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ