Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-22
Дугаар 175
Хэргийн индекс 128/2018/0870/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч А.Т
Хариуцагч Үндэсний аудитын газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Боловсролын зээлийн сан
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

 А.Тгийн нэхэмжлэлтэй, Үндэсний

аудитын газарт холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Л.Атарцэцэг 

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0110 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэрээр: Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0110 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0110 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй" гэж заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.  

4. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эий гаргасан нэхэмжлэлд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай" 128/Ш32018/4788 дугаар  шүүгчийн захирамжийг гаргасан байдаг. Гэтэл дээрх захирамжтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцсанаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хүргүүлсэн тайлбарыг үндэслэн захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасанд нийцээгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан боловч гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

5. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол” гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийн шаардлагад тайлбар ирүүлснийг хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө тэгш байх зарчимтай нийцээгүй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлд тайлбар ирүүлсний үндсэн дээр хэрэг үүсгэх талаар зохицуулалт байхгүй.

 6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг зөв тайлбарласан атлаа буруу дүгнэлт гаргасан тухайд: Магадлалд “Сургалтын төрийн сангаас нэхэмжлэгч А.Ттэй 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон амжиргааны зардал 54,336 ам.долларыг 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн” гэж тухайн үеийн үйл баримтаар зөв тайлбарласан хэдий ч буруу дүгнэлт гаргасан.

7. Учир нь сургалтын төрийн сан /хуучин нэршлээр/ нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн дагаж мөрдөхийг мэдсээр байж нэхэмжлэгч А.Ттэй “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулан 7 дугаар сарын 08-ны өдөр мөнгө шилжүүлсэн нь өөрөө акт тавих хангалттай үндэслэл бий болсон.

8. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

10. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2.3, 2.6 дахь хэсэгт өөрчлөлт оруулж “сургалтын зээл” гэх ойлголтоос “амьжиргааны зардал”-ыг хасаж, уг тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилээс /2014 оны намрын улирал буюу 2014-9-1-ний өдрөөс[1]/ эхэлж дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.

11. Харин нэхэмжлэгч А.Т нь Сургалтын төрийн сантай 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г 4 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сургалтын төлбөр болон амьжиргааны зардал болох 54366 ам доллар /үүний 13994 ам доллар нь амьжиргааны зардал/-ыг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

12. Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд журамд заасны дагуу сургалтын төлбөрийг шаардах эрх нь гэрээ байгуулсан үеэс үүсэх бөгөөд харин уг гэрээ байгуулагдахаас өмнө холбогдох журамд өөрчлөлт орж, 2014-2015 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхэлж амьжиргааны зардлыг олгохооргүй болсон байна.

13. 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нэхэмжлэгч А.Тгийн гэрээний хугацаа нь 4 жил буюу үүнд 2014-2015, 2015-2016, 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилүүд хамаарч байна. Нийтэд илэрхий үйл баримтаар, хичээлийн 4 жил гэдэгт хичээлийн 8 улирал багтдаг тул уг гэрээний хугацааг хичээлийн жилээр тооцвол 2014 оны өвлийн улирлаас 2018 оны хаврын улирал хүртэлх хугацаа хамаарах юм. Гэхдээ талууд гэрээний хугацааг 2014 оны хаврын улирлаас 2018 оны өвлийн улирлыг дуустал байгуулсан болох нь уг гэрээний 1.6, 3.1, Тав буюу гэрээний сунгалт болон 2014 оны хичээлийн жилийн төлбөрийг /үүний дотор амьжиргааны зардлыг/ бүрэн шилжүүлсэн зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

14. Ийнхүү талууд гэрээний хугацааг тогтоох нь тэдний эрх юм. Гагцхүү энэхүү гэрээгээр олгогдсон давуу байдал нь нэхэмжлэгчийн хувьд “амьжиргааны зардал”-ыг нөхөн шаардах үндэслэл болохгүй, иймд “төлбөр шилжүүлсэн цаг хугацаа нь Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоол үйлчилж эхлэх өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө байна” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

15. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн зүгээс талууд гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж дууссан хойно буюу Сургалтын төрийн сангаас гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрийг шилжүүлсэн, үүний үр дүнд нэхэмжлэгч нь сургуулиа төгссөн хойно “амьжиргааны зардал”-ыг шаардаж байгаа нь, “уг зардлыг сургалтын төлбөрөөс суутган авснаас болж дипломоо авч чадахгүй байна, үүний улмаас Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, шалгуур хангасан оюутнуудад дэлхийн шилдэг их сургуульд суралцах боломжийг төрийн зүгээс олгосон энэхүү эерэг үйлчлэл бүхий захиргааны хэм хэмжээний актын хүрээнд нэхэмжлэгч нь өөрийн давуу эрхээ эдлэн гэрээ байгуулж, төрийн санхүүжилтээр суралцаж төгссөн байх тул төрөөс амьжиргааны зардлыг төлөөгөөгүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

16. Түүнчлэн, нэхэмжлэгч А.Тгийн байгуулсан сургалтын зээлийн гэрээнд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Далхжав овогтой Амгалан /нэхэмжлэгчийн аав/ үүрэг хүлээж гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сургалтын төрийн санд “... төрийн аудитаас амьжиргааны төлбөрийн зээл болох 13994 ам долларыг төлүүлэхээр шийдвэр гарсан байна. Үүнийг дараах байдлаар төлөхөөр хүсэлт гаргаж байна. Одоо сургуулиа төгсөхөд 3 семестр үлдсэн бөгөөд энэ төлбөрийг семестр бүрт гурван тэнцүү хувааж төлөх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг гаргаж байсан, мөн тус сангаас Монгол Улсын Үндэсний аудитын газарт хандан маргаан бүхий акттай холбоотойгоор “...138 мянган ам долларыг тэдгээрийн /суралцаж байгаа 14 суралцагчийн/ хүсэлтийн дагуу улирал бүр хэсэгчлэн суутгахаар ажиллаж байна...” гэсэн албан бичгийг явуулж байсан баримт хэрэгт авагдсан байгааг дурьдах нь зүйтэй.

17.  Иймээс уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

18. Харин “нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасантай нийцээгүй” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой /Тодорхойлох хэсгийн 4-5/ гомдол үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж гаргасны дараа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5240 дүгээр захирамжаар хэрэг үүсгэхээс татгалзсан, уг захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 629 дүгээр тогтоолоор анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангасан, иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6523 дугаар захирамжаар хэрэг үүсгэсэн байх ба уг захирамжид хариуцагч гомдол гаргаагүй байна. Иймд үүнийг “шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил” гэж үзэхгүй.

19. Иймд, хариуцагч Монгол Улсын Үндэсний Аудитын газрын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”; Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.“Үндэсний аудитын газар дараахь бүрэн эрхийг эдэлнэ: 15.1.12.аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, ...” гэснийг үндэслэсэн маргаан бүхий акт хууль ёсны байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2019/0110 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “Үндэсний аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ

 


[1] Монгол улсын хувьд хичээлийн жилийг “намрын” болон “хаврын” улирал гэж ангилдаг бөгөөд намрын улирал нь жил бүрийн 9 сарын 1-нээс эхэлдэг. Харин гадаадын орнуудын хувьд “өвлийн” болон “зуны” эсвэл “өвлийн” болон “хаврын” улирал зэргээр нэрлэдэг. АНУ-ын Мичиганы их сургуулийн хувьд хичээлийн жилийг “өвлийн улирал”, “хавар-зуны улирал” гэж ангилдаг байна.