Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-17
Дугаар 216
Хэргийн индекс 128/2018/0012/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч В.Г
Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Б
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

В.Гийн нэхэмжлэлтэй, Орхон

аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Б.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг Д.Бд дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн Ү-2101217174 тоот дугаартай 000235756 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0124 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээд Д.Б, өмгөөлөгч М.Г, Г.Н нарыг оролцуулан,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Нийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Гийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Бгийн нэр дээр Ү-2101017174 дугаарт бүртгэсэн улсын бүртгэл, түүнд үндэслэн олгосон өмчлөх эрхийг 000235756 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0124 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. В.Гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0124 дүгээр магадлалыг хууль хэрэглээний хувьд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ “... 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Бд дангаар олгосон эрхийн улсын бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох мөн бүртгэлийн дагуу гражийн Улсын бүртгэлийн Ү-2101017174 тоот дугаартай №000235756 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн нэхэмжлэгч нь шаардлагаа тодорхойлон бичсэн ба шүүх хуралдаан дээр уг шаардлагаа дэмжсэн. Уг шаардлага нь: А. “10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Бд дангаар олгосон эрхийн улсын бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох”, Б. “мөн бүртгэлийн дагуу гражийн Улсын бүртгэлийн Ү-2101017174 тоот дугаартай №000235756 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн 2 хэсэгтэй байна.

5. Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “10 дугаар байрны ард байрлах гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Бгийн нэр дээр Ү-2101017174 дугаарт бүртгэсэн улсын бүртгэл, түүнд үндэслэн олгосон 000235756 дугаартай гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоосугай” хэмээн шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн шаардлагад нийцүүлэн өөрийн санаачлагаар үг хэллэгийг нь засах, өөрчлөх эрх шүүхэд байхгүй байхад үг нэмэх, хасах, үгийн дагаврыг өөрчлөх замаар утга найруулгыг засах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн зөрчил бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар зассан байна:

6.1. “10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Бд дангаар олгосон эрхийн улсын бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг нь “10 дугаар байрны ард байрлах гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Бгийн нэр дээр Ү-2101017174 дугаарт бүртгэсэн улсын бүртгэл” гэсэн. Ийнхүү засахдаа “зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг” гэдгийг нэмж, “өмчлөх эрхийг иргэн” болон “дангаар олгосон эрхийн улсын бүртгэл” гэдгийг хасч, “Д.Бд” гэдгийг “Д.Бгийн” хэмээн өөрчилсөн.

6.2. “Мөн бүртгэлийн дагуу гражийн  Улсын бүртгэлийн Ү-2101017174 тоот дугаартай №000235756 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ илт хууль бус болохыг тогтоолгох эрхийн дангаар олгосон эрхийн улсын бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг нь “түүнд үндэслэн олгосон 000235756 дугаартай гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоосугай” хэмээн өөрчилсөн. Ийнхүү өөрчлөхдөө мөн л зарим үгийг нэмж, заримыг нь хасч, үгийн дагаврыг нь өөрчилсөн байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн үзэмжээр засч, хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус хэмээн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр миний бие гомдол гаргасан ч магадлалд түүний агуулгыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасны дагуу тусгаагүй нь нэг талаас харахад шүүх хуралдаан дээр би дуугүй зогсож байсан, нөгөө талаас харахад миний гаргасан гомдлыг үгүйсгэх боломжгүй байсан учраас тэр талаар тусгаагүй хэмээн ойлгогдож байх тул магадлал үндэслэл бүхий болж чадсангүй.

8. Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эсхүл эрх зөрчигдөхөөс хамгаалахад чиглэдэг. Гэвч В.Гийн ямар субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлд огт тусгагдаагүй бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь тайлбарлаж чадаагүй. Иймд, зөрчигдөөгүй эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг засч байгаад хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь байхгүй эрхийг сэргээсэн тул хуулийн зорилготой нийцэхгүй байна.

9. Шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу “холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх” үүрэгтэй байна. Гэвч В.Гийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан этгээдүүд биелүүлэх боломжгүй. Учир нь уг гражийг өмчилж авъя гэдэг хүсэлтийг В.Г гаргахад 'В.Гт өмчлүүл” гэсэн шийдвэрийг шүүх гаргаагүй гэсэн хариуг захиргааны байгууллага өгөх ба бүртгэл хийх нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоолын заалтыг зөрчиж байгаа хууль бус үйлдэл болох юм.

10. Хамтран амьдрах хугацаандаа бий болгосон өмч, хөрөнгийн эзэмшил дээр В.Г, Д.Б нарын хооронд маргаан үүсч, түүнийг нь иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба уг гражийг Д.Бгийн өмч хэмээн тогтоож, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоолоор гражийн өмчлөгч Д.Б болох нь баталгаажсан. Иймд, өмчтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад өмчтэй холбоотой асуудлыг ЗХШ шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй юм.

11. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

13. Учир нь, шүүхүүд нэхэмжлэгч В.Гийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг Д.Бд дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн Ү-2101217174 тоот дугаартай 000235756 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

14. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий бүртгэлийг хийхдээ Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3.2-т “тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, өмчлөгч нь иргэн бол өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч хавсаргана” гэсэн заалтыг зөрчиж газрын хамтран өмчлөгч буюу нэхэмжлэгч В.Гийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд Д.Бгийн /нэг хүний/ өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль, журмыг зөрчсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хариуцагчийн энэхүү алдаа нь бүртгэл хийх журмыг буюу захиргааны акт гаргах “шийдвэр гаргах ажиллагааны зөрчил” /“формаль эрх зүйн алдаа”/ болохоос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл биш юм. Учир нь, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт маргаан бүхий актад хуульд байхгүй үндэслэл, хориглолт, хязгаарлалтыг заасан, эсхүл огт эрх зүйн үндэслэл заахгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдсан зэрэг захиргааны актын илэрхий ноцтой агуулгын /“материаллаг эрх зүйн алдаа”/ алдааг ойлгоно.    

15. Түүнээс гадна, маргаан бүхий бүртгэлийн объекттой холбоотойгоор Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаар шүүхийн шийдвэрээр “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах 216 м.кв талбай бүхий гражуудыг (гуравдагч этгээд) Д.Бгийн өмч болохыг тогтоосон”, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад анхан шатны шүүх “энэ нь хэргийн шийдвэрт нөлөөлөхгүй, иргэний хэргийн шүүхээс захиргааны байгууллага улсын бүртгэлийг үнэн зөв хийсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй болно” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

16. Учир нь, иргэний хэргийн шүүх дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тогтоохдоо “Д.Б нь 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул” гэсэн ганцхан үндэслэлийг заагаагүй, харин “...Уг гражийг бариулахад В.Гоос хэдэн төгрөг, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдэг нь нотлогдоогүй болно. Гражийн газрыг дуудлага худалдаагаар авахад В.Г нь 5000 төгрөг дуудлага худалдааны үнэд төлсөн тул түүнд тохирох хэсгийг мөнгөөр бодож 50 хувийг буюу 6,480,000 төгрөгийг Д.Бгээс гаргуулан В.Гт олгож” маргаан бүхий гражуудын өмчлөгчөөр Д.Бг тогтоож, уг нэхэмжлэлд холбогдох хариуцагч В.Гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

17. Гэтэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр маргаан бүхий бүртгэлийг илт хууль бусад тооцох тохиолдолд иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй зөрчилдөх буюу тухайн шийдвэрээр тогтоогдсон гуравдагч этгээд Д.Бгийн эрх нь зөрчигдөхөд хүрнэ. Өөрөөр хэлбэл, бүртгэл илт хууль бус болсноор Д.Бгийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл байхгүй болох ба тэрээр газар хамтран эзэмшигч В.Гийн зөвшөөрөлгүйгээр өөрийн үл хөдлөх хөрөнгийг ирээдүйд бүртгүүлэх боломжгүй болно. Харин нэхэмжлэгч В.Гийн хувьд бүртгэл илт хууль бус болсноор түүний ямар эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Учир нь, мөн л бүртгэл илт хууль бус болсноор түүний хувьд гуравдагч этгээдтэй хамтран эзэмшиж буй газар дээрх гражуудын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх үндэслэл болохгүй юм. Иймд “нэхэмжлэгчийн зөрчигдөөгүй эрхийг сэргээсэн, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болно” гэсэн агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-10-д заасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

18. Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэсэн агуулгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан гомдол үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжтой шийдвэрлэх үүднээс үг нэмж, хасаж, үгийн дагавар залгаснаар нэхэмжлэлийн шаардлага нь огт өөр утга агуулгатай болсон гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй. 

19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хя  нан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0124 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг Д.Бд дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн Ү-2101217174 тоот дугаартай 000235756 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ