Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-04-29
Дугаар 122
Хэргийн индекс 128/2018/0646/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Б.А
Хариуцагч Хан-Уул Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.Аийн нэхэмжлэлтэй, Хан-Уул Дүүргийн

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн

 даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:Б.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0126 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Аийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Аийн ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 9,021,025.00 төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж Б.Ат олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0126 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0126 дугаар магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулаагүй, мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.  Б.А Б/09 дүгээр тушаалыг тухайн өдрөө гардаж авч, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны Төрийн албаны салбар зөвлөлд хандахад гомдлыг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч хариуг гардан авч 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт огт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... хариуцагч нь Б.Аийг   буруутгаж   ёс зүйн   зөрчилд   холбогдуулж   түүнээс гаргасан  тайлбарыг анхаараагүй,   шалгаж тогтоогүй,  зөрчлийн  шинж байдлыг харгалзаагүй нь буруу гэж дүгнэв” гэжээ.

5.1. Б.Аийг ажилд орохоосоо өмнө болон орсны дараа худал хэлж ажил цалгардуулдаг нь илэрмэгц гадуур ажлын дэвтэрт бичсэнийг урж, устгаж агуулгыг өөрчилж бичсэн асуудалтай нь холбогдуулан Ёс зүйн хорооны хуралдаанаас “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн эсэх талаар Б.Аийн зөрчлийг шалгаж амаар болон бичгээр тайлбар авч дүгнэлтээ гаргасан байдаг. Уг дүгнэлт хэсэгт Б.А Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2 Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах 5.2.1. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, эрхзүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах гэсэн хэм хэмжээг дагаж мөрдөөгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж Ёс зүйн хороо хуралдаж шийдвэрлэсэн.

6. Анхан шатны шүүхээс: “Хэдийгээр Б.А нь Гадуур ажлын бүртгэлийн дэвтрийн хуудсыг урж авсан нь буруу боловч түүний урсан гэх 14 дүгээр хуудсанд түүний гадуур ажлаар явсан байдал нь 2018 оны 01 дүгээр сарын 12, 10, 11, 12-ны өдөр гэсэн дарааллаар тэмдэглэгдсэн, харин нөхөж бичсэн гэх 15 дугаар хуудсанд өдөр дарааллаар тэмдэглэгдсэн байх ба дээр дурьдсан дүүргийн Засаг даргатай уулзсан эсэх асуудлаас бусад агуулга зөрүүгүй, түүнчлэн гэрчээс “... үдээс өмнө 2 удаа орж дэвтэрт бичилт хийлгэсэн, ... өнөөдөр болон өчигдөр гарснаа та бичээгүй байна гэж хэлсэн ...” гэж мэдүүлсэн болон Б.Аээс Ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа мөн энэ шалтгааныг тайлбарлаж, урсан хуудсыг гаргаж өгсөн зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “... эмх замбараагүй болсон тул засаж бичих зорилгоор хуудсыг урж авч, нөхөж бичсэн” гэсэн тайлбарыг харгалзан үзэх үндэслэлтэй байсан байх бөгөөд энэ нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.8.6-д заасан сахилгын ноцтой зөрчлийг санаатайгаар үйлдсэн гэж үзэхээргүй байсан байна” гэж дүгнэжээ.

7. Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа “... өнөө өглөө ирээд хуудсыг нь цэвэрхэн урж аваад 10-ны өдрөөс эхлэн эмх цэгцтэй өдрөөр нь дараалуулан явсан, ажлаа хуулж бичээд 12-ны өдөр ээжийгээ эмнэлэгт хүргэж өгсөнөө нэмж бичиж жижүүрт өгсөн гэж тайлбарласан” үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гадуур ажлын дэвтрийг урсаны дараа болон өмнө нь бичсэн Б.Аийн тайлбарууд, бичсэн зүйлс бүгд зөрүүтэй байдаг. Тодруулбал, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Аийн Гадуур ажлын дэвтрийн 14 дүгээр хуудсанд /урагдсан/ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9:00-10:20 цаг хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар орж, орлогч даргатай уулзахаар очоод ирэв, 13:30-14:40 дахин очиж туслахтай уулзав, нөхөж бичсэн 15 дугаар хуудсанд: 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 09:30-10:00 /баллаж бичсэн/ ээжтэйгээ эмнэлэг оров. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13:30-14:00 цагт Хан-Уул дүүрэг оров гэж бичсэн байдаг.

8. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нөхөж бичсэн 15 дугаар хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00-11:00 цагт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар очиж Засаг даргын орлогчтой уулзах гээд уулзалгүй хүлээв, Б.Аийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13:30-14:40 эсвэл 14:00 цагт Засаг дарга Тамгын газар орсон гэж бичиж мэдүүлдэг боловч Засаг даргын туслах өглөө ирж асуусан гэж тайлбарладаг. Өмнө нь бичсэн 14 дүгээр хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 10:00-11:00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Тамгын газар руу очиж Засаг даргын орлогчтой уулзах гээд амжаагүй тул Засаг даргатай уулзав гэж бичсэн байдаг. Гэтэл Засаг даргын туслахын тайлбарт 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засаг дарга болон Засаг даргын орлогч Г.Батсайхантай уулзаагүй, Засаг даргатай уулзах талаар хүсэлт гаргаж цаг аваагүй гэж тайлбарласан байдаг. Засаг даргын орлогч Г.Батсайхан нь Б.Атэй 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэг удаа буюу үйл баримт болохоос өмнө уулзсан байдаг.

9. Утга агуулга, цаг хугацаа зэрэг бүхий л зүйл нь өөрчлөгдөж бичигдсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж утга агуулга өөрчлөгдөөгуй мэтээр дүгнэсэн. Мөн шийдвэрт “... хариуцагч  нь  шүүхий  шийдвэрийг биелүүлэх чин эрмэлзэлгүй байсан нь ...” гэжээ. Нэгэнт 3 шатны шүүхээр шийдвэрлээд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн аваад гаргасан зөрчилтэй нь холбогдуулаад ажлаас халсан байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

10. Магадлалд “... хариуцагч дээрх А/21 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ Хөдөлмөрийн    дотоод журмын ... заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна” гэжээ. Хариуцагч нь дээрх А/21 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан талаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралд гэрч асуулгаж тогтоолгосон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс уг гэрчийн мэдүүлэгт аливаа дүгнэлт өгөөгүй.

11. Түүнчлэн   хувийн   эрх   зүйн   хөдөлмөрийн   харилцааны   тэгш   эрхийн

зарчмаас шатлан захирах захиргааны эрх зүйн хөдөлмөрийн харилцааны ялгагдах онцлог нь төрийн албан хаагч өөрийн ажил үүрэгтэй холбоотой аливаа дүрэм журам, хууль тогтоомжтой танилцах үүрэгтэй бөгөөд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг болох Төрийн албаны тухай /хуучин хуулийн/ хуулийн 13.1.5-д “...  дэг журмыг сахиж,”, 13.1.1-д “... бусад   хуулийг   дээдлэн   хүндэтгэж,   сахин   биелүүлэх:”   гэж   заасны   дагуу холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу дээрх тушаалтай танилцах нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг юм. Мөн Б.Аийн Ажлын байрны тодорхойлолтын 6.6-д “Харьяалах асуудлаар гарсан тушаал заавар, журам, үүрэг даалгаварын хэрэгжилтийг албаны хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах” үүрэгтэй бөгөөд хариуцагч нь Б.Ат Хөдөлмөрийн дотоод журам, Гадуур ажлын дэвтэртэй танилцах боломжоор хангасныг үнэлээгүй.

12. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны Б/09 дугаар тушаалыг гаргахдаа Ёс зүйн хорооны дүгнэлт, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 26.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.8.3, 5.8.6 дахь заалтыг тус тус үндэслэж гаргасан байдаг. Ёс зүйн хороо нь Б.Аийн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнийг тогтоосон байдаг. Б.Аийн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан гаргасан Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасныг үндэслэн шийдвэрийг гаргасан. Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохгүй, хууль, байгууллагын дотоод дүрэм журам зөрчиж байх нь хэвийн үзэгдэл ноцтой зөрчил биш гэж дүгнэсэнтэй адил байна.

13. Б.Аийн сахилгын зөрчлийг Ёс зүйн хороо шалгаж тогтоож, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нь сонсгох ажиллагаа хийж 2018 оны Б/09 дүгээр тушаалаар зөрчилд тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан байхад шүүх зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаагүй, төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан гэж буруу дүгнэж нотлох баримтуудыг буруу, бүхэлд нь үнэлэлгүй нэг талыг барьж хууль буруу хэрэглэн, шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

15. “Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Б.Аийг зөрчил гаргасан эсэхийг нягтлан шалгаж, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчид төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна ...” гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан” хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан байдаг, харин нэхэмжлэгч Б.Аийн байгууллагын гадуур ажлын бүртгэлийн дэвтрийн хуудсыг урж, нөхөж бичсэн үйлдэл нь тухайн байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл мөн боловч /зөрчил гаргасан нь тогтоогдсон байна/ энэ нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн хамгийн хүнд сахилгын шийтгэлийг хүлээлгэхүйц ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

17. Хэдийгээр    Хан-Уул    дүүргийн    Хөдөлмөр,    халамжийн   үйлчилгээний

хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын /тус хэлтсийн даргын 2016 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан/ 5.8.6-д “... байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа цаг бүртгэлийн ... дэвтэр...-ийг устгах, засварлах, өөрчлөх” нь 5.8-д зааснаар “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах”-аар байгаа боловч аливаа төрийн захиргааны байгууллагын дотоод журам нь Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан төрийн албан хаагчийн баталгаа, түүнчлэн төрийн албанаас халах болон чөлөөлөх зохицуулалтын зорилго, зарчимд нийцсэн байх учиртай. Харин хариуцагч байгууллагын дотоод журмын дээрх заалт нь хүчин чадлын хувьд дээд эрэмбийн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг хэрэглэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймээс хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-9,12,13-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Харин давж заалдах шатны шүүх “... хариуцагч дээрх А/21 дүгээр тушаалыг /Гадуур ажлын дэвтэр ашиглах тухай зааварчилгааг баталсан/ нэхэмжлэгчид танилцуулсан гэдэг нь баримтаар тогтоохгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд байгууллагын дотоод дүрэм, журам, заавар зэргийг мэдсэн байх үүрэгтэй. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол /Тодорхойлох хэсгийн 10-11/ үндэслэлтэй ч, энэ нь маргаан бүхий актыг зөвтгөж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй юм.

19. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд, нэхэмжлэгч Б.А нь маргаан бүхий акттай холбоотой хариу болох Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр албан бичгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан /1 дэх хавтаст хэргийн 14,15 дахь тал/, тухайн өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасныг “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан гомдлыг хангах үндэслэлгүй.  

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0126 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ