Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-06
Дугаар 136
Хэргийн индекс 128/2018/0474/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "АХ" ХХК
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд ТЦА
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “АХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НЗД-д холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                           Г.Банзрагч

                                           Х.Батсүрэн

                                           Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...НЗД-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/634 захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0773 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0115 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн Б.Онон, Х.Наранбаатар, Б.Галсанцамц нар, Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0773 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан НЗД-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч НЗД- нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэснийг үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй гэж, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан НЗД- нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд НЗД-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосонд тооцсугай гэж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0115 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0773 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АХ” ХХК-ийн “НЗД-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, “4” дэх заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “АХ” ХХК-ийн захирал Ж.Тэмүүлэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0115 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасан эрхийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс ''АХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хэргийн талаар үндэслэлгүй дүгнэлт өгч хууль буруу хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

4. Давж заалдах шүүх магадлалдаа “...нэхэмжлэгчид газар шилжүүлэн авах, …эзэмших эрх үүссэн болох тогтоогдохгүй байна…, ...Засаг даргын 2013 оны А/837 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон... зэргээс хариуцагчийн шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

5. Учир нь Захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой. НЗД- нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаан нөхцөлийг тодруулах, шалган тогтоох үйл ажиллагаа явуулалгүй шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч нь шийдвэр гаргахдаа хуульд заасан журам хэрхэн хэрэгжүүлсэн, захиргааны акт гаргах болсон үндэслэл, түүнийг нотлох эх сурвалж болсон бичгийн нотлох баримтаар манай эрхэнд халдах үндэслэл бүрдсэн эсэх асуудалд бодит дүгнэлт өгөөгүй бөгөөд хэрэгт “АХ” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг нотолсон, уг үндэслэлүүдийг зөвтгөх нэг ч нотлох баримт байхгүй байхад хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

6. НЗД-ын 2013 оны А/837 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Засаг дарга захирамждаа “АХ"’ ХХК-ийг газар эзэмшигч гэж хүлээн зөвшөөрч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож буй мэтээр, “АХ” ХХК-д газар олгосон 2011 оны 778 шийдвэрээ хууль бус байсан учраас уг захирамжаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заалтыг үндэслэн хүчингүй болгож байгаа мэтээр хууль хэрэглэсэн байдаг. Аливаа захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь хоёрдмол утгагүй, ойлгомжтой тодорхой байх ёстой. Гэтэл хариуцагчийн дээрх шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй хууль буруу хэрэглэн магадлалаа гаргасанд гомдолтой байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулж хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзээд тодорхойгүй байгаа олон асуудлуудыг тодруулан нэхэмжлэлд дурдсан үндэслэл шаардлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг төрийн захиргааны байгууллагын өөрийнх нь эрх хэмжээнд үлдээж шийдвэрлэсэн нь зөв шийдвэр гэж үзэж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг яагаад буруу гэж үзэж байгаа талаараа ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

8. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч “АХ” ХХК-д Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт авто үйлчилгээний зориулалтаар 3586 м.кв газрыг эзэмшүүлсэн НЗД-ын 2011 оны 778 дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгосон мөн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт байна. 

11. НЗД-ын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 дугаар захирамжаас үзвэл мөн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжаар “АХ” ХХК-д шилжихээс өмнө маргаж буй газар нь Замын цагдаагийн байгууллагын мэдэлд журмын хашааны зориулалтаар ашиглагдаж байсан мөн “АХ” ХХК нь Замын цагдаагийн дуудлагаар замын хөдөлгөөнд саад учруулж буй тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын тусламжийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөн, журмын хашаанд хүргэх үйлчилгээг Замын Цагдаагийн газрын дарга болон “АХ” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулсан “Гудамж замын хөдөлгөөнд учруулж байгаа саад нягтралыг багасгах зохицуулахад хамтран ажиллах гэрээ”-ний дагуу гүйцэтгэж байсан нотлох баримтууд хэрэгт авагдсан, эдгээр үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй болно.

12. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 199 дүгээр тогтоолоор Замын Цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засварын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн байдалд үзлэг, оношлогоо хийх зориулалттай техникийн үзлэг оношлогооны лабораторийг байгуулж ажиллуулахыг даалгажээ.

13. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “АХ” ХХК болон Замын цагдаагийн газрын хооронд 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г үндэслэн НЗД-ын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжаар “АХ” ХХК-д Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3586 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар авто үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь хууль бус байна.

14. Тухайлбал, 2011 онд нэхэмжлэгч “АХ” ХХК-д уг газрыг эзэмшүүлэхдээ өмнө нь төсвийн байгууллагад ашиглах эрх олгосон 1998 оны А/227 дугаар захирамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаагаас гадна Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дэлгэрэнгүй дүгнэгджээ. 

15. Түүнчлэн нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөр төлөөгүй гэх хариуцагчийн тайлбарыг “...гэрээт нягтлан бодогч ажиллуулж байсан, ...төлсөн гэж хэлж байсан...” гэснээс өөрөөр нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж маргаагүй байна.

16. Дээрх байдлаар Засаг дарга өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөөгүй тул маргаан бүхий 2013 оны А/837 дугаар захирамжид Газрын тухайн хуулийн 40, 61 дүгээр зүйл гэж заасныг буруутгах боломжгүй.

17. Иймээс “...захирамжийн үндэслэл ойлгомжгүй, ...хоёрдмол утгатай..., ...газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй, ...газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах шалтгаан нөхцлийг Засаг дарга шалгаж тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0115 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ