Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-20
Дугаар 161
Хэргийн индекс 110/2018/0040/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч К.К
Хариуцагч БӨА-ийн НДХ-ын УБ
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

К.К-ны нэхэмжлэлтэй,

БӨА-ийн НДХ-ийн УБ нарт

холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17 тоот актыг хүчингүй болгох”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0643 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч К.К-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БӨА-ийнНДХ-ийн УБ нартА.Тилек, С.Наранцэцэг нарын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай 17 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0643 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан К.Кулдараны нэхэмжлэлтэй, БӨА-ийнНДХ-ийн УБ нартнарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 17 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч К.К- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч К.К- би цус харвалтын улмаас хүний асрамжид эмч нарын хяналтад охин О.Айбанугийн хамт амьдардаг ядуу амьдралтай, өрх толгойлсон, ядарсан эмэгтэй хүн.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0643 дугаартай магадлалын “хянавал”-ын 3 дахь хэсэгт “...К.К- нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэж хийсвэр дүгнэлтийг би зөвшөөрөхгүй байна. Учир нь: Миний охины тэжээгч алдсаны тэтгэмжээс суутгал хийж байгааг миний бие 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн тус аймгийн Ниймгийн даатгалын хэлтсийн даргын 125 дугаар албан бичиг аван мэдсэн. Урьд нь надад энэ талаар хэн ч ойлгуулж хэлж байгаагүй. 2018 оны 4 сард надад “Таны охины тэтгэврээс суутгал хийж байгаа юм байна” гэж дүү Д.Раягийн хэлснээр би Нийгмийн даатгалын хэлтсийн даргад өргөдөл гаргахад тэрээр энэ 125 тоот албан бичгээр хариу өгсөн болно. Миний охины тэжээгч алдсаны тэтгэврийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн үндэслэлгүй суутгаж байгааг мэдээд эхлээд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иргэний хэргийн шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд, хянан шалгаж дууссаны дараа шүүх хуралдаанаар авч хэлэлцээд, уг асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд захиргааны шүүхэд хандах талаар шүүгчийн захирамж гаргасан тул би захиргааны шүүхэд хандсан. Үүнээс үзэхэд миний буруугаас болж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Энэ талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байхад давж заалдах шатны шүүх үгүйсгэсэнд би гомдолтой байна. Хэрэв иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хүлээж аваагүй, иргэний хэрэг үүсгэж хянан шалгах үйл ажиллагаа явуулахгүйгээр миний уг нэхэмжлэлийг өөрт минь буцаасан бол би тэр доор нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах байлаа. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх зөв талаас нь ойлгох ёстой баймаар юм.

5. Давж заалдах шатны хянах хэсгийн 4, 5, 6 дахь хэсэгт миний охины тэтгэврээс суутгал хийж байсныг намайг тухайн үед мэдсэн байна гэж хар ухаанаар дүгнэснийг би огт зөвшөөрөхгүй. Энэ талаар надад тэр үед хэн ч хэлж ойлгуулж байгаагүй. Тухайн үед би хүнд өвчний улмаас юм ойлгох чадваргүй байсан. Энэ талаарх эмч нарын тодорхойлолт хавтаст хэрэгт байх ёстой. Тэгээд ч охин О.Айланыш, дүү Д.Рая нар өөр газарт тус тусдаа амьдардаг хүмүүс. Тэд миний өмнөөс асуудал шийдвэрлэх эрх бүхий хүмүүс биш бөгөөд шүүхээс эдгээр хүмүүсийг миний асран хамгаалагчаар томилоогүй. Нийгмийн даатгалын хэлтсийнхний хэн нэг нь ирж надад хэлж ойлгуулж байгаагүй. Энэ талаар би байнга хэлж ойлгуулахыг хичээж байгаа. Нийгмийн даатгалын хэлтсийн үүрэг нь өөрсдийн гаргасан уг 17 тоот актыг надад гардан өгөх, эсхүл мэдэгдэх үүрэгтэй байсан гэдгийг давж заалдах шатны эрхэм шүүгчид ойлгохгүй байгаад би гайхаж байна. Шүүх ямар хүний үгэнд итгэдгийг би ойлгохгүй байгаа юм. Үнэн гэдэг юм байгаа нь үнэн юм бол миний дээр бичсэн зүйл үнэн билээ. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уншсан хүнд ойлгогдохоор маш сайн тодорхой бичиж дүгнэснийг давж заалдах шатны шүүх яагаад үгүйсгэж байгааг ойлгохгүй байна.

6. Миний охин О.Айбануг одоо төрүүлсэн эцэг эх болох Х.Болашах, Х.Амангүл нарын хамт амьдардаг, өөрөөр хэлбэл бид түүнийг үрчилж авсан нь эргэлзээтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэнд би туйлын их гомдож байна. Намайг эмнэлэгт хүнд өвчтэй байсан үед охиныг минь түр хугацаагаар Болашах Амангүл нар харж хандаж байсан нь үнэн. Одоо охин маань надтай хамт амьдарч байгаа. Ер нь үрчлэлт нууц байх ёстой, тэгээд ч манай казах хүмүүс маш ихээр нууцалдаг юм. Гэтэл миний охиныг Болашах, Амангүл нар эргүүлж авсан мэтээр давж заалдах шатны шүүхийн шүүгчид юуг үндэслэж тэгж дүгнэж байгаа юм, үрчлэлтийг хэн хүчингүй болгож өгсөн юм бэ? Давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэртэй хавтаст хэргийг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус буруу хэрэглэж шийдвэрийг хүчингүй болгосон учир энэхүү миний гомдол болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны 221/МА2018/0643 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0643 дугаартай магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч К.К-ы өмгөөлөгч би дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалыг хүчингүй болгож Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

8. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус буруу хэрэглэсэн. Учир нь БӨА-ийнНийгмийн даатгалын хэлтсийн дарга 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 125 тоот албан бичгээр нэхэмжлэгч К.К-д суутгал хийсэн тухай мэдэгдсэн байхад “2017 оны 4 дүгээр сард мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг хийж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болголоо. Уг мэдэгдэл хэрэгт байгаа. Нэхэмжлэгчийн төрсөн охин О.Айланыш, хадам дүү Д.Раяа нарт амаар мэдэгдэж байсан гэдгийг албан ёсны мэдэгдэл гэж үзэхгүй. Тэтгэвэр тэтгэмж авагч бол К.К-д албан ёсны мэдэгдэл бол 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 125 тоот албан бичгээр ирсэн.

9. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан буруу суутгал хийсэн гэдгээ, буцааж төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг “үл хамааран” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх хуулиа барьж шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэлээ. Магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

10. “Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17 тоот актыг хүчингүй болгох” тухай К.К-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0643 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарын гаргасан гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан байна. 

11. Үүний дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч К.К- нь нас барсан тухай баримт болох “нас барсан”-ы бүртгэлийн лавлагааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд ирүүлж, эрх залгамжлан авах сонирхогч этгээд байхгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг гаргаж, хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзжээ.

12. Нэхэмжлэгч болох хүн нас барсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасан бөгөөд энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар 109 дүгээр зүйлд зохицуулсан байна.

13. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0064 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын19-ний өдрийн 221/МА2018/0643 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, К.К-ы нэхэмжлэлтэй, БӨА-ийнНДХ-ийн УБ нартнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ