Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-20
Дугаар 162
Хэргийн индекс 128/2017/0319/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "БК ТМЗ" ХХК
Хариуцагч НДЕГ-ын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 “БК ТМЗ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, НДЕГ-ын даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...1/ НДЕГ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, НДЕГ-ын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...НДЕГ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг шүүх тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу НДЕГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “БК ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох, чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, НДЕГ-ындаргад даалгах, ...Эрүүл мэнд, НДЕГ-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаалын “...НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус...” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0168 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “БК ТМЗ” ХХК-ийн захирал Д.Сүхээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнай нар,

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг тус тус баримтлан “БК ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1. Эрүүл мэнд, НДЕГ-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаалын ...НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус..., 2. НДЕГ-ындаргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “БК ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойших хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, Эрүүл мэнд, НДЕГ-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын НДЕГ-ын2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “БК ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойших хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулахыг Эрүүл мэнд, НДЕГ-ындаргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, НДЕГ-ын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0168 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Засгийн газрын Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан “БК ТМЗ” ХХК-иас НДЕГ-ындаргад холбогдуулан гаргасан ...НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, НДЕГ-ын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, "...НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “БК ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд НДЕГ-ындаргад даалгах”, "...Эрүүл мэнд, НДЕГ-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “...НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус...” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч НДЕГ-ындаргын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “БК ТМЗ” ХХК-ийн захирал Д.Сүхээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 заалтад “Монгол Улсын иргэн ...шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, нотлох баримтыг шалгуулах, ...эрхийг баталгаатай эдэлнэ”, Дөчин наймдугаар зүйлийн 1 хэсэгт "...Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж заасан.

4. Улсын Их Хурлаас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1/20 дугаарт “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн бөгөөд тус хэрэгт авагдах боломжгүй байсаар, нотлох баримтыг шалгуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 506 хоногийн дараа давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Энэ хугацаанд тус маргаантай холбоотой олон үйл явдал болж, нотлох баримтууд ихээр хуримтлагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүхийн 128/Ш32019/0445 дугаар “давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай” шүүгчийн захирамж гарсан. Шийдвэр ба тогтоолын агуулга нь “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрхийг зааж хуульчилжээ” гэсэн байна.

5. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүхийн хуралдаанд нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 заалтад заасан “...шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, нотлох баримтыг шалгуулах...” Монгол Улсын иргэний үндсэн эрхийг хангах үйл ажиллагаа, шийдвэр гаргасангүй. Монгол Улсын иргэний үндсэн эрхийг хангах нь тасралтгүй үргэлжлэх зарчим, үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй төрийн албан хаагчид хамааралтай ч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн хувьд хамааралгүй гэх логик зөрчилд хүргэж байна.

6. Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга болох А/84 дүгээр тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар судалж харилцан ойлголцсоны дагуу "...гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” логикоор илт хууль бус хэмээн А/187 тушаалаар хүчингүй болгосон. Өнөөдрийн байдлаар энэхүү асуудлыг хамруулан шүүхээр шийдүүлэх бололцоогүй болчихоод байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, 123.2.2-т “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” хэмээн үзэж байна.

7. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр батлагдан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд Засгийн газрын 119 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилсэн. Тогтоолын хавсралт болох “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1.1, 2.1, 2.1.1 заалтад тус тус заасны дагуу "...хуульд өөрчлөлт орсон бол Монгол Улсын Засгийн газар нь өөрийн баталсан Захиргааны хэм хэмжээний актад нэн даруй өөрчлөлт оруулах...” үүргээ биелүүлээгүй нь иргэний эрхийг хөндөх шалтгаан болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх ёстой байсан тус 119 дүгээр тогтоолыг хэрэглээгүй. Мөн Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг хэрэглээгүй. Уг тогтоолоор "...нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх”-аар тогтоосон. Ийнхүү Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 1998 онд тогтоосон боловч тухайн үеийн Нийгмийн даатгалын тухай хууль, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын дагуу ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлд хамааруулахгүйгээр хэрэгжүүлж ирсэн. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсэгт Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлд хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хамааруулан хэрэгжүүлэхээр болсон байдаг.

8. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэрэгжиж байсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” хэмээн заасны дагуу А/84 дүгээр тушаалыг НДЕГ-ын дарга батлан гаргасан боловч хавсралт зааврын 3.9 дэх хэсгийг анхнаас нь мөрдүүлээгүй. Тушаалын хавсралтаар батлагдсан зааврын 3.9 дэх заалт нь Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллана хэмээн томьёологдсон. Тус заавар нь шинээр захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, үйл ажиллагаа биш болно. Учир нь 1996 оны 80 дугаар тогтоол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсэгт нийцэхгүй болсон, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол нь тус хуульд харшлаагүй бөгөөд Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоосон байх тул хэрэгжүүлэн ажиллахаар тодруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх тус зааврыг хэрэглээгүй.

9. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.6 хэсэгт заасан “Захиргааны хэм хэмжээний актын тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн шаардлагуудыг Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын талаар дүгнэлт хийхдээ хэрэглээгүй.

10. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын эрх зүйн үйлчлэл зогсох ёстой байсан. Учир нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, хуульд заагаагүй үүргийг бий болгохгүй байх шаардлагуудыг хангахгүй болсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэхэд 80 дугаар тогтоолыг хэрэглэсэн.

11. Мөн Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолыг шүүх хэрэглэсэн. Тус тогтоол нь 80, 92 дугаар тогтоолуудын нийлбэр шинж агуулгатай. Шүүхийн шийдвэрт цаг хугацаагаар хязгаарлах зэргээр тусгалаа нэгэнт олсон. Хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, хуульд заагаагүй үүргийг бий болгохгүй байх шаардлагуудыг мөн л хангаагүй. Түүнчлэн Загсийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2, 9 хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул хүчин төгөлдөр бус болно.

12. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсэгт тусгагдсан "...баримтлах Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ...”-г ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд, тэтгэвэр тогтооход, тэтгэмж тогтооход баримтлах 4 процесст тус тус өөр байхаар хуульчилсан давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Зүй нь Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1/20 дугаарт “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь зөвхөн нэг бүхэл утга авах, нэг тоон хэмжээ” гэдгийг тайлбарласан байдаг. Хүснэгт, схем ашиглан дэлгэрэнгүй тайлбарласан боловч тус хэрэгт хавсарган нотлох баримтыг шалгуулах боломжгүй байгаагаа давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн илэрхийлсэн.

13. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 04 дугаар магадлалаар “тус маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжгүй. Мэдээлэл гаргагч иргэд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улсын Их Хурлын тайлбарыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тул маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай...” гэжээ. Гэтэл магадлалын 8 дахь нүүрийн 3 дахь догол мөрөнд “...Засгийн газраас тухайн харилцааг зохицуулсан журам, шийдвэр гараагүй буюу уг хуулийг хэрэгжүүлэх заавар батлах хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хэрхэн тооцох талаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 9 дэх нүүрийн 1 дэх догол мөрөнд "...1/1635 албан бичгийг илт хууль бус болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэгчид хамааралгүй” гэжээ. Тус хэрэгт нэхэмжлэгч “Евро эйшия реманд пактурин сервис” ХХК нь “БК ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгч бөгөөд гүйцэтгэх захирал Д.Сүхээ тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулсан. 9 дэх нүүрийн 2 дахь догол мөрөнд "...хариуцагч нь хууль зөрчиж гаргасан, үндэслэлгүй заавраа хүчингүй болсонд тооцсон 2017 оны А/23 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэхгүй, тушаалын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй...” хэмээн тус тус үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

14. Дээр дурдсан А/84 дүгээр тушаалыг "...Захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах Засгийн газрын хуульд заасан бүрэн эрхэд халдсан, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан, Захиргааны хэм хэмжээний акт шинээр гаргасан...” зэрэг агуулгаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь А/84 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан Захиргааны илт хууль бус акт биш. Харин Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 119, 92 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн гаргасан заавар байна. Шинээр хэм хэмжээ тогтоогоогүй, харин нэгэнт тогтоосон хэм хэмжээний актыг хэрэгжүүлэхийг зааварчилсан захиргааны акт болно. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.

15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн...” гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон тайланг хүлээн авахыг үүрэг болгосон чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэхийг даалгах...” агуулгатай бөгөөд НДЕГ-ындаргыг тайлан авахыг даалгах тухай агуулгагүй. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад НДЕГ-ын дарга тайлан хүлээн авдаггүй гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байсан.

16. Мөн дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн. Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх процесс нь ”Хариуцагч НДЕГ-ын дарга 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт” гарган анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/Ш32019/0445 дугаар шүүгчийн захирамж гарсан. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргасан боловч 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/1343 дугаарт “Хүсэлт буцаах тухай” хариу өгсөн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бага суудлын хуралдааны 22 дугаар магадлалаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” үүсгэж, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 28-30-ны хугацаанд шүүгчийн захирамжаар бүрэн түдгэлзэх учиртай.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан шүүгчийн захирамжийг гаргах нөхцөл нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан товчлолын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзээгүй, хэвийн үргэлжилж байх явдал юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэх учиртай 2018 оны 09 дүгээр сарын 28-30 хугацаанд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэр болох шүүгчийн захирамж гарч, үр дагавар нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан эрх зүйн үр дагавар, магадлалын хуулийн хүчин төгөлдөр байдал нь тодорхойгүй байна. Хэрэг хяналтын журмаар хэлэлцэх тус шатанд дээрх ойлгомжгүй байдалд Улсын Дээд шүүх нэг мөр дүгнэлт өгөх шаардлагатай байна.

18. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш өрнөсөн процесс, үүссэн нөхцөл байдлуудын хувьд: 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа үр дүнд хүрээгүй учир Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/1605 тоот хариу мэдэгдэх хуудасны дагуу Эрүүгийн хуулийн 21.7, 22.1 дүгээр зүйлд тус тус заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг хянан шийдвэрлэх хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт тус тус 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тухайд гомдол гаргаж албан хариуг авсан. “Шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг үүрэг болгосон” агуулга бүхий албан хариунуудыг хүлээн авсан. Явц дунд: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1-1/5837 тоот албан бичгээр “...2015 оны А/84 дүгээр тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий газартай харилцан ойлголцсоны дагуу хүчингүй болгосон. 2018 оны А/187 дугаар тушаалыг НДЕГ-ын дарга гаргасан...” тухай танилцсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байгаа тухай гомдолд Шүүхийн шийдвэрийн гол агуулга болох тушаалыг илт хууль бус хэмээн үзэж хүчингүй болгосон гэх агуулгаар хариулах гэж оролдсон ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ХЭГ/2714 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон. Энэ талаар хариуцагч шүүхэд гаргасан хүсэлт, гомдолдоо огт дурдаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 04 дүгээр магадлал гаргасан. Монгол Улсын Их Хурал дурдагдсан албан тайлбартаа “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газраас нэг үзүүлэлтээр тогтоох Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь тоон утгаар илэрхийлэгдэхээр хуульд салаа утгагүй заасан” хэмээх агуулгыг 14 удаа дурдан удаа дараа тайлбарласан. Магадлалын үндэслэлийн агуулга нь "...уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй ...мэдээлэл гаргагч иргэд ...Улсын Их Хурлын тайлбарыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн...” тул маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд хариуцагчийн маргаж байгаачлан “...хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд өөр өөр тоон утгатай тогтоож болох...” агуулгаар хууль тогтоогч хуульчлаагүй нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тодорхой болсон.

19. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн. “Давж заалдах гомдлын талаар: “...Захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон атал НДЕГ-ын дарга А/84 дүгээр тушаалаар Захиргааны хэм хэмжээний акт баталсан тул хууль бус тушаалын 3.9 заалтыг харьяа нэгжүүд хэрэгжүүлэн ажиллаагүй...” гэх агуулга байна. А/84 дүгээр тушаалын хавсралтын 3.9 заалт Захиргааны хэм хэмжээний акт шинээр гаргаагүй болно. Учир нь: А/84 дүгээр тушаалын хавсралт зааврын 3.9 нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Захиргааны хэм хэмжээний акт болох Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд тус тус нийцсэн байна. Харин 1996 оны 80 дугаар тогтоол нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-т тус тус тогтоосны дагуу эрх зүйн үйлчлэлгүй болсон. Иймд хуульд нийцээгүй тус тогтоолыг мөрдөхгүй. Мөн хууль хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд Захиргааны хэм хэмжээний акт болох 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Нийгмийн даатгалын тухай хуулийг биелүүлэн А/84 дүгээр тушаалыг гаргасан. Иймд А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 хэсэг нь Захиргааны хэм хэмжээний акт шинээр тогтоогоогүй, “Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг шинэчлэн тогтоох хүртэл 92 дугаар тогтоолыг баримтлан ажиллахаар байна” гэсэн агуулгатай, хуульд нийцсэн.

20. Мөн А/84 дүгээр тушаал нь Захиргааны хэм хэмжээний акт биш байх тул түүнийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх шаардлагагүй, түүнийг бүртгэх ч учиргүй. “...А/84 дүгээр тушаал нь Захиргааны хэм хэмжээний илт хууль бус акт, илт хууль бус акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй...” хэмээн 2018 оны А/187 дугаар тушаал гаргасан тухайд хариуцагч дурдахгүй байна. Тус А/187 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 68 дугаар зүйлийн 68.1-т тус тус заасны дагуу “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдээгүй. Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн албан тайлбарт хуулийн үзэл баримтлал, агуулгыг тайлбарласан бөгөөд А/84 дүгээр тушаал нь хуульд нийцсэн атал хүчингүй болгосон. Мөн НДЕГ-ын дарга ... тайланг хүлээн авч баталгаажуулах эрх, үүрэггүй...” гэх агуулга байна. Манай нэхэмжлэлийн шаардлага нь “...тайланг баталгаажуулах чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг хариуцагчид даалгах...” агуулгатай байсан бөгөөд шүүхээс захиргааны байгууллагын дотоод ажлыг нэг бүрчлэн зааварлах албагүй үндэслэлээр шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн үзэл санаанд нийцсэн. “...”БК ТМЗ” ХХК нь итгэмжлэлгүй, итгэмжлэл байж шүүхэд төлөөлнө...” гэх агуулга байна. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4-т тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахын тулд шүүхэд хандсан.

21. Тиймээс давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх процессын эрх зүйн үндэслэл байгаа эсэх, хэргийг бүхий л талаас нь хянан шийдвэрлэх, нотлох боломжтой эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэрийн гол агуулга 2015.07.01-2017.09.01 хугацаагаар гарсан. Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоол үйлчлэх тул шүүхийн шийдвэр дээрх хугацааг хамруулан гарахад нөлөөлсөн. Шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гарган 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221/Ш32019/0287 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 251 дүгээр тогтоолтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. А/187 дугаар тушаалыг илт хууль бус тул хүчингүй болгох талаар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гомдол гаргасан, Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд явагдсан бөгөөд шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдан холбогдох нотлох баримтуудыг хүлээн авч, хянах хуулийн бололцоогүй тул давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй гэж үзэхээр байна. Шийдлээ хүлээсэн маргаан бүхий асуудал байсаар байх бөгөөд “Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн хүрээнээс хальсан”, “Шүүхийн магадлал нь шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүчингүй болгосон” байдалд шилжсэнээр шүүхээр үндсэн маргаанаа шийдүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрлээ. Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш 506 хоногт олон үйл явдал, үйл баримт, нотлох баримт олноор бий болсон нь одоо хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх хүрээнээс гадуур үлдэж байгаа зэрэг онцлог тохиолдол үүслээ.

22. Иймд, нэхэмжлэгчийн “...2017.10.31-2019.03.21-ний өдрийн хугацаанд шинээр үүссэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж маргаан бүхий асуудлаар шүүхэд гомдол гаргах..., ...шударга шүүхээр шүүлгэн эрх ашгаа хамгаалуулах..., ...нотлох баримтыг шалгуулах...” зэрэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн үндсэн эрхийг ханган Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-т заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

24. НДЕГ-ындаргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9 дэх хэсэгт “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байх”-аар тогтоож, энэ заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлэхийг тус газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгээр аймаг, дүүрэг, /нийслэл/-ийн нийгмийн даатгалын хэлтэс, газрын дарга нарт үүрэг болгосон байна.  

25. Дээрх 2015 оны 1/1635 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч компанийн үйлчлүүлэгч “Евро эйшия реманд пактурин сервис” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Эрүүл мэнд, НДЕГ-ын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж гарчээ.

26. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч нь “...шүүхийн шийдвэрийн дагуу илт хууль бусад тооцогдсон захиргааны акт болох 2015 оны 1/1635 албан бичиг нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй..., ...А/84 дүгээр тушаалаар баталсан зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон, харин хариуцагч нь “...Засгийн газрын шийдвэрлэх асуудлыг манайхаас тушаал гаргаж шийдвэрлэсэн нь буруу, хэрэгжүүлэх боломжгүй...” гэж тус тус маргасан байна.

27. Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтад “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогыг даатгалын хэлбэр тус бүрээр ялгаварлалттай тогтооно” гэснийг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулжээ. Үүнээс үзвэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заажээ.

28. Уг хуулийн дагуу Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолыг гаргах хүртэлх хугацаанд буюу 2015, 2016 онуудад Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг өөрөөр тогтоосон ямар нэг тогтоол гаргаагүй байна.

 

29. Иймээс дээрх хугацаанд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 1996 оны 80, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 1998 оны 92 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байснаас гадна ажил олгогч болон даатгуулагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр тооцож нийгмийн даатгал төлөх зохицуулалттай.

30. Гэтэл НДЕГ-ын дарга дээрх хуулиудыг зөрчиж, өөрийн бүрэн эрхэд биш харин хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрхэд хамааралтай асуудлаар шийдвэр гаргажээ. Тухайлбал, 2015 оны А/84 дүгээр тушаалыг баталж, холбогдох заавраар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар тогтоосон нь хэрэгжих боломжгүй, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасанд нийцээгүй, иймээс Эрүүл мэнд, НДЕГ-ындаргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалаар маргаан бүхий “НДЕГ-ындаргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тоот тушаал болон тус газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот чиглэл хүргүүлэх тухай албан тоотыг тус тус хүчингүй болсонд тооцох”-оор шийдвэрлэсэн зөв байна.

31. Дээр дурдсанаас дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлагын дагуу шүүхээс хуульд нийцээгүй зааврыг биелүүлж, хэрэгжүүлж ажиллахыг хариуцагчид даалгаж, үүрэг болгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх...” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд шуурхай, ...хууль ёсыг сахих... зарчмыг баримтлан ажиллана” гэж тус тус заасантай нийцэхгүй юм.

32. НДЕГ-ындаргын хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж гаргасан  тушаалаар батлагдсан  заавар нь хэрэгжих үндэслэлгүй, уг тушаалын улмаас ямар нэг эрх зүйн үр дагавар бий болохгүй.   

33. Нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, шимтгэлийн хувь хэмжээ зэрэг нь Нийгмийн даатгалын хуулиар тодорхой зохицуулагдсан, шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар тухай бүрд нь тогтоож ирсэн, ажил олгогч нь шимтгэл төлөх талаар хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг мөн хуульд тодорхой заасан байна. Иймд ажил олгогч нь тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжид нийцүүлж, шимтгэл төлж, мэдээ тайланг даатгалын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.

34. Харин захиргааны байгууллага өөрийн гаргасан алдаатай актыг хэрэгжүүлэх боломжгүйг тайлбарлаж байхад нэхэмжлэгч нь хуульд нийцээгүй зааврыг үндэслэн гаргасан тайланг хүлээн авахыг хариуцагчид даалгахыг шаардан маргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй болно.

35. Дээр дурдсан бүгдийг үндэслэн  “...хууль буруу хэрэглэсэн, ...хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. 

36. Түүнчлэн анхан шатны шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн, давж заалдах гомдлоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, магадлал хүчинтэй байгаа тул “...шийдвэр гаргаснаас хойш 506 хоног өнгөрсөн...” гэх гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

37. Үүнээс гадна хяналтын шатны шүүх шинээр нотлох баримт хүлээн авч, хэргийн оролцогчдын маргаагүй, шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг дүгнэх боломжгүй, шинээр үүссэн нөхцөл байдал гэх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр журмаар зохицуулагддаг тул “...Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, ...А/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаар дээд шатны байгууллагад гомдол гаргасан..., ...зэрэг шинэ нөхцөлүүд үүссэн..., ...давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй. 

38. Гомдолд дурдсан бусад асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан шаардлагад нийцээгүй тул хяналтын шатны шүүхээс эдгээр үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

39. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад холбоотой хуулиудын холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ