Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-29
Дугаар 178
Хэргийн индекс 110/2018/0049/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Д.Т
Хариуцагч БӨА-ийн БХБГ-ын дарга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Д.Т-ын нэхэмжлэлтэй,

БӨА-ийн БХБГ-ын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Б.Мөнхтуяа

                                         Д.Мөнхтуяа

                                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр Д.Т-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Т-ыг Улаанхус сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоох”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0095 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-ын тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр Д.Т-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Т-ыг Улаанхус сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоох тухай хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0095 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Д.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0095 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч Д.Т- нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болох 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 8 хоног ажил тасалсан сахилгын зөрчлийг шинээр гаргасан гэх тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэж зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаар тушаалаар тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан нэхэмжлэгчийг зөрчил гаргах хугацаанд мөрдөгдөж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-аар ажилтанд 3-аас дээш хоногийн чөлөө олгоход эрх бүхий этгээдээс тушаал гарч баталгаажна... гэснийг зөрчсөн гэж дүгнэжээ. Дээрх хөдөлмөрийн дотоод журмуудад ажилтан 3-аас дээш хоногийн чөлөө хүссэн тохиолдолд даргын тушаал гарах ёстой гэх боловч уг журмуудыг ажилтан, албан хаагчдад огт танилцуулж байгаагүй нь шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд тогтоогдсоноос гадна энэ талаар талууд маргасан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “...хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ...” гэж заасныг зөрчиж, ажилтан албан хаагчдад хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж байсан эсэх талаарх баримтуудыг цуглуулалгүй хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагч Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан гэж маргаж байгаа хэдий ч түүнийгээ нотолж чадаагүй.

5. Нэхэмжлэгч Д.Т- нь ажил олгогчоос “Монгол Сафари” ХХК-ийн зохион байгуулах сургалтанд оролцохоо тухайн компаниас ирсэн удирдамжийн хамт танилцуулж, даргаас чөлөө хүссэн нь дарга К.Болатаас түүнд чөлөө олгосон болох нь гэрч Б.Есерханы мэдүүлэг, харин сургалтанд оролцсон болох нь “Монгол Сафари” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байх ба ажилтанд хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүйгээс болж заавал даргаас тушаал гарсан байх ёстой гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн дотоод журмуудад “...албан хаагчийн ажлын цагийн ашиглалт, ирц цахим бүртгэлээр хянагдана. Албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хожимдсон тохиолдолд цагийн тооцоог үндэслэн цалинг хасаж тооцно...” гэж зохицуулжээ. Энэхүү Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтаар нэхэмжлэгч Д.Т-ад түүний ажиллаагүй ажлын 8 хоногт ноогдох цалинг 2018 оны 06 дугаар сарын цалингаас хасаж тооцсон, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дотоод журамд зааснаар түүнд арга хэмжээ тооцсон гэж ойлгох ба ажлаас халах сахилгын шийтгэлийг давхар ногдуулж байгаа нь хуульд нийцээгүй.

6. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамж гарсан..., ...ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажиллах болсныг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн радио нэвтрүүлгээр зарласан, ажлын хэсэг Улаанхус сумд очиж ажиллахад 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Д.Т- зайлшгүй биечлэн оролцох шаардлагатай байсан...” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан “Сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамж”-ийг хэзээ баталсан эсэх нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хариуцагч уг удирдамжийг хэзээ баталж гаргасныг нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, мөн анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т “...албан хаагчийн ажлын цагийн ашиглалт, ирцийн цахим бүртгэлээр хянагдана...” гэж тусгагдсан, хариуцагч шүүх хуралдаанд хөдөө сумдын газрын даамлын бүртгэлийг өдөр бүр өглөө дотоод сүлжээг ашиглан бүртгэлийг би өөрөө хөтөлдөг гэсэн тайлбараас харахад, нэхэмжлэгч Д.Т-ыг ажил олгогч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын байрандаа байгаагүй гэдгийг мэдэж байсан нь хөдөлмөрийн дотоод журмын холбогдох хэсэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбараар тус тус тогтоогдож байна.

7. Уг үйл баримтын хүрээнд дүгнэлт хийвэл, хариуцагчаас анхнаасаа нэхэмжлэгчийг ажлаас халах сонирхолтой нь илт байгаа ба энэ нь тухайн байгууллагын хуучин, шинээр батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй, эхлээд амаар чөлөө олгосон нь, батлагдсан огноо, дугааргүй хөдөө сумдад ажиллах удирдамж гаргасан нь, олон нийтийн радио нэвтрүүлгээр түүнийг Улаанбаатар хот явсан хойно Д.Т-ыг байхгүйг мэдсээр байж зарласан үйл явдал зохиомол хэлбэрээр, нөхөж үйлдсэн баримтуудаас харагдаж байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч Д.Т-ыг ажил тасалсныг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн байх боловч уг зөрчил 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилсэн, 05 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө дуусгавар болоогүй...”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...түүний 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргасныг, түүнчлэн хугацааг ажил тасалсан эхний бус эцсийн өдрөөс тооцсон зэргийг буруутгах үндэслэлгүй...” гэж тус тус дүгнэжээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэж заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 12-т “...Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно...” гэжээ.

9. Тэрээр, хуулийн дээрх зүйл, заалт болон дээд шүүхийн тайлбараар бол “үргэлжилсэн” гэх нэр томьёо, сахилгын зөрчил гарснаар тухайн зөрчил нь үргэлжлэх гэх ямар ч утга агуулга бүхий үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.

10. Сахилгын шийтгэл хүлээлгэх хуулийн хугацаа өнгөрсөн гэх тухайд: Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т “...албан хаагчийн ажлын цагийн ашиглалт, ирцийн цахим бүртгэлээр хянагдана...” гэж заасан. Хариуцагч шүүх хуралдаанд хөдөө сумдын газрын даамлын бүртгэлийг өдөр бүр өглөө дотоод сүлжээг ашиглан ирцийн бүртгэлийг би өөрөө хөтөлдөг гэх тайлбараар нэхэмжлэгч Д.Т-ыг ажил олгогч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын байрандаа байгаагүй гэдгийг мэдэж байсан. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд тайлбартаа: Д.Т-ын ажил тасалсан гэдгийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн, Сахилгын шийтгэлийг ногдуулах эсэх асуудлыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн, Сахилгын шийтгэлийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ногдуулсан, нэхэмжлэгч Д.Т- нь хэзээ ажил тасалсныг хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр, ажлын байранд байгаагүй гэдгийг биечлэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэжээ. Төрийн албаны тухай хуулиар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаас үзвэл, хамгийн эхний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, цаад хугацаа нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байхаар боловч анхан шатны шүүхээс уг хугацааг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч ажил тасалсан гэж үзээд, 29-ний өдрөөс 06-ны өдрийг хүртэл хугацааг нэхэмжлэгч зөрчлөө үргэлжлүүлж байсан гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зүйл, заалттай нийцэхгүй.

11. Мөн зөрчлийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, 07 сарын 06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв гэж дүгнэсэн. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар арга хэмжээ тооцсон гэх боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаал буюу эрхийн акт гаргаагүй байтал анхан шатны шүүх уг үйл баримтыг буруу тайлбарлаж, хуралдаанаас хойш 7 дугаар сарын 16-ны өдөр арга хэмжээ тооцохоор болсныг тухайн өдөр тушаал гаргасан мэтээр дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, түүний эрхийг хамгаалах байтал зөвхөн нэг талыг баримталсан нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

12. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Т-ын тухайн зөрчил нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилсэн, зөрчил үргэлжилж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил арилсан өдрөөс эхлэн 1 сарын хугацааг тоолох үндэслэлтэй гэжээ. Хэрэв тухайн зөрчил 2018 оны 05 дугаар сарын 25, 29-ний өдрөөс эхэлж, магадгүй 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, эсхүл 08, 09 дүгээр сар хүртэл үргэлжилсэн бол нэхэмжлэгчийн зөрчил арилснаар түүнд арга хэмжээ тооцохыг ажил олгогч хүлээнэ гэвэл энэ нь Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журам төрийн залгамж чанарт нийцэх байсан уу гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт буруу бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Өөрөөр хэлбэл, 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэж хуульд тодорхой заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн боловч 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр уг асуудлыг хуралдаанаар авч хэлэлцэж, эрхийн акт гаргаагүй, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргасан нь мэдсэн үеэс 1 сарын хугацааг өнгөрүүлсэн гэж үзэх бүрэн боломжтой. Эцэст нь, нэхэмжлэгчийн гаргасан өмнөх зөрчлүүдийн хувьд нэгэнт тогтоогдсон байх ба энэ талаар тухайн үед нэхэмжлэгч маргаан гаргаагүй хүчин төгөлдөр болсон. Харин сүүлд шинээр гаргасан зөрчлийн хувьд хэрэв зөрчил гэж үзсэн тохиолдолд зөрчилд хариуцлага хүлээлгэх хуулийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцогдохгүй тул маргаан бүхий актын нэг үндэслэл болох давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Шүүгч гагцхүү хуульд захирагдаж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, бодит байдалд нийцсэн хууль ёсны шийдвэр гаргах ёстой.

13. Иймд, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0095 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

15. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын газрын даамлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Т-ыг “...хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчиж арга хэмжээ авагдаж байсан, ажлын байранд архи ууж танхайрсан, ...ажил тасалсан...” гэх үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцсэн байна.

16. Маргааны үйл баримтуудаас үзвэл, Д.Т- нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй, энэ хугацаанд 27, 28-ны өдрүүдэд “Монгол сафари” ХХК-иас зохион байгуулсан сургалтанд оролцсон талаарх үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаангүй, харин нэхэмжлэгч нь “...сургалтанд оролцох хүсэлтэй байгаа талаар хэлж даргаас чөлөө хүссэн, амаар зөвшөөрсөн..., ...зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй....” гэж, хариуцагч нь “...сургалтанд оролцох хүсэлтээ Хөдөлмөрийн дотоод журамд заасан дагуу шийдвэрлүүлээгүй, ...хариуцагч албан ёсоор чөлөө олгосон шийдвэр гаргаагүй.., ...ажил тасалсан, зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн ...” гэж тус тус маргажээ.

17. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно”, 80.2-т “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна” гэж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-/ 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс шинэ журам баталсан/-ын 8.2.1.2-т “3-аас дээш хоногийн чөлөө олголт нь даргын тушаалаар баталгаажих”-ыг тус тус заасан байна.

18. Д.Т- нь сургалтанд оролцох шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухай асуудал нь дээрх хууль, журамд заасан дагуу шийдвэрлэгдэх бөгөөд нэхэмжлэгчээс байгууллагын даргад хандаж гаргаж байсан албан ёсны хүсэлт, өргөдөл байхгүй, эсхүл түүнийг сургалтанд оролцуулахаар ажлаас чөлөөлсөн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүйг хэргийн оролцогчид үгүйсгэж маргаагүй учир Д.Т- нь эрх бүхий этгээдээс албан ёсны шийдвэр гараагүй байхад “амаар зөвшөөрсөн” хэмээн сургалтанд оролцсоныг ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

19. Төрийн жинхэнэ албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг дээдлэн эрхэмлэх үүрэгтэйг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5-д тодорхой заасан байх тул “...хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүйгээс тушаал гарах ёстойг мэдээгүй... журмыг танилцуулаагүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй холбогдох журмыг танилцуулж байсан эсэх нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй юм.

20. Үүнээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчид үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан, архи ууж танхайрсан зэрэг асуудлаар 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд “сануулах”, “3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах”, “6 сарын хугацаатай цалинг 20 хувиар бууруулах” шийтгэл тус тус ногдуулж байсан, сахилгын шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхад дахин ажлаа тасалсан зөрчил гаргасныг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн, зөрчлийн талаар өөрөө зөвшөөрсөн тухай нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байна.

21. Түүнчлэн нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажил тасалсан зөрчлийн талаар 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэж, “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх тухай” өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагч нь маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр тушаал гаргасаныг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болно.

22. Иймд, “...Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан эсэх тухайд маргасан байхад энэ тухай нотлох баримт цуглуулаагүй, ...нотлох баримт бүрэн биш, ...сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг мөн хүлээн авах боломжгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0095 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ