Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-29
Дугаар 179
Хэргийн индекс 128/2018/0606/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "МК" ХХК
Хариуцагч БОАЖЯ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“МК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, БОАЖЯ-д холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Б.Мөнхтуяа

                                          Д.Мөнхтуяа

                                          Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “МК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0823 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0130 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0823 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “МК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0130 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “МК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 121/МА2019/0130 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Магадлалын хянавал хэсэгт “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраар аж ахуй нэгжид тодорхой, нөхцөл болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулжээ" гэж зөв дүгнэсэн боловч магадлалаа гаргахдаа мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг харгалзан үзэлгүйгээр төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглаж, газрын төлбөрөө хугацаанд нь төлөх шаардлагатай”, “...Гэтэл нэхэмжлэгч “МК” ХХК-ийн тухайд 2012 онд газар ашиглах эрх үүсч, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/30 дугаар гурвалсан гэрээг байгуулснаар улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газрын төлбөр төлөх харилцаа эхэлсэн байхад” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын нарын эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг зөвтгөн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

5. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-т “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум дүүргийн төсөвт оруулна” гэж заасныг зөрчиж газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй байх тул “МК” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/121 дүгээр тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 заасантай нийцсэн байна” гэж дүгнэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан заалтыг харгалзан үзээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо "...тус компанийн газрын гэрчилгээний хавсралтад дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 тоот тушаал нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-нд заагдаагүй, уг тушаалд тус компанийн нэр байхгүйгээс шалтгаалан газрын төлбөрөө төлөх шатанд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн” гэх тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй нь шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

6. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...“МК” ХХК-ийн нэр ороогүй байдал нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхэд хамааралтай байх боловч маргаан бүхий актын үндэслэлд энэ талаар дурдаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

7. Иймд, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д заасан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 121/МА2019/0130 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

9. Нэхэмжлэгч “МК” ХХК-ийн Богдхан уулын Арцатын аманд байрлах 1,2 га газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар ашиглах гэрээг нь цуцлах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын холбогдох заалт нь Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

10. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” 3 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч нь ...гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус зохицуулсан, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг тодорхой заажээ.

11. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2-т заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “МК” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны даргатай 2015/30 дугаар бүхий газар ашиглах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл байгуулж, уг гэрээнд төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх аргыг тодорхой тусгасан, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ.

12. Гэтэл “МК” ХХК-ийн хувьд 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гаргаснаар газар ашиглах эрхтэй болж, 2015 онд гэрээ байгуулагдсанаар газрын төлбөр төлөх үүрэг бий болсон нь тодорхой болсон байхад 2018 он хүртэл төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдсон, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон дээрх тушаал хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй. Тодруулбал, уг гэрээг байгуулсан цагаас эхлэн газар ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2018 он хүртэл газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна.

13. Нэхэмжлэгчийн “...газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусаагүй, ...газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-11 дүгээр тушаалд нэхэмжлэгч компанийн нэр заагдаагүй” гэх тайлбар нь түүнийг дээрх хуульд заасан газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэжээ.

14. Үүнээс гадна энэ маргаан нь захиргааны байгууллагаас гаргасан газар ашиглуулах шийдвэрийн тухайд биш, харин газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагавартай холбоотой маргаан тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйл хэрэглэгдэхгүй. Иймээс “...энэ хуулийг хэрэглэх ёстой байсан, буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

15. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв дүгнэн, хэрэглэвэл зохих Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/МА2018/0823 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/МА2019/0130 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ