Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-29
Дугаар 180
Хэргийн индекс 128/2018/0274/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "ЖЭМТ" ХХК
Хариуцагч ОӨУБЕГ, БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Б" ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

 “ЖЭМТ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, УБЕГ, БОАЖЯ-ны

ТХНУГ-ын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                           Б.Мөнхтуяа

                                           Д.Мөнхтуяа

                                           Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...“ЖЭМТ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж /17023/ хаягт орших 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн Y-2206024181 дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0153 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Ч.Зоригтбаатар, А.Мөнхбат, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Наранбулаг нар,

Гуравдагч этгээд “Батсарай” ХХК-ийн захирал Л.Баяндалайгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлд 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг баримтлан Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаартай гэрчилгээний хавсралтад 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг илт хүчин төгөлдөр бусад тооцож, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг хууль заасан эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн Y-2206024181 дугаартай бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0153 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж /17023/ хаягт орших 0.7 га газар ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт үл хөдлөх өмчлөх эрхийг бүртгэсэн Ү-2206024181 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, үлдэх “Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд “Батсарай” ХХК-ийн захирал Л.Баяндалай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0825 дугаар шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0153 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүхэд “ЖЭМТ” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “...О.Одсүрэнгийн өмчлөлд бүртгэсэн Ү-2206024181 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэснийг хууль бус болохыг тогтоолгож бүртгэлийг хүчингүй болгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” гэж нэхэмжлэлийг гаргасан. Ингэхдээ нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, өөрөөр хэлбэл О.Одсүрэнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх талаар огт дурдаагүй байдаг.

5. Хэрэгт авагдсан баримтаар О.Одсүрэнгийн өмчлөлд бүртгэсэн барилгын 2 дугаар давхрын хэсгийн бүртгэлийн Ү-2206024181 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хөндөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газарт анх “МФикс капитал” ХХК нь дулаан дамжуулах шугамын барилга байгууламжийг барьсан байдаг. Энэ нь “Улаанбаатар дулааны сүлжээ“ ТӨХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/122 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан баримтаар нотлогдож байна.

6. Мөн нэхэмжлэлдээ “уг ашиглах эрхтэй газрын нутаг дэвсгэрт “Мфикс капитал” ХХК нь өөрийн хөрөнгөөр дулааны цахилгаан шугам дамжуулах төвийн барилга, байгууламж барих тухай манай компанид мэдэгдэж байсан” гэж дурдсан байдаг. Энэ үйл баримт хөдөлшгүй үнэн, бодит болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02504 тоот захирамжаар нотлогдоно. Уг захирамжид “ЖЭМТ” ХХК нь “Мфикс капитал” ХХК-ийн барьсан дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаа өөрчилсөн тухай захирамжид тодорхойлсон байна. Энэхүү захирамжаар “Мфикс капитал” ХХК-ийн барьсан өөрийн барьж буй барилга руу дулаан хангамж, цахилгаан хангамжийг үнэ төлбөргүй холболт хийлгүүлж 500,000,000 төгрөг гаргуулахаар тохиролцож эвлэрснийг шүүх захирамж гарган шийдвэрлэсэн хүчин төгөлдөр хэрэгт авагдсан байна.

7. Үүний дараа “МФикс капитал” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьсан ЦТП болон дулаан, цахилгаан шугам дамжуулах төвийн барилгаасаа зөвхөн 2 дугаар давхрын хэсгийг иргэн О.Одсүрэнд 96,600,000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан “МФикс капитал” ХХК болон иргэн О.Одсүрэн нарын хооронд хийгдсэн төлбөр тооцоо хийсэн протоколыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгсөн байдлаар нотлогдож байна. Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь маргаан бүхий газарт ЦТП болон дулааны цахилгаан шугам дамжуулах төвийн барилга, байгууламж барихыг “МФикс капитал” ХХК нь зөвшөөрсөн гэдэг нь нотлогдож байна.

8. Гэтэл уг байгууламжийн 2 давхрын хэсэгт О.Одсүрэн өмчлөх эрхийн гэрчилгээг “МФикс капитал” ХХК-тай тохирсон тохиролцооны үндсэн дээр бүртгэлийн албанд бүртгүүлэн авсан. О.Одсүрэн анх 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргахдаа ЦТП-н 2 давхар барилгын 1 давхрын хэсгийг “МФикс капитал” ХХК эзэмшдэг ба 2 давхар болох 210.6 мкв талбай бүхий аялал жуучлал үйлчилгээний зориулалттай хэсэгт гэрчилгээ олгох хүсэлтийг гаргасан зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох О.Одсүрэнгийн өмчлөлд бүртгэсэн барилгын 2 давхрын хэсгийн бүртгэлийн Ү-2206024181 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь нэхэмжлэгчийн ямар ч эрх ашгийг хөндөөгүй, уг гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг сэргэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ЖЭМТ“ ХХК нь “МФикс капитал” ХХК-д дулаан дамжуулах шугамын барилга байгууламжийг барихыг зөвшөөрч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад уг барилгын 2 давхрын өмчлөгч О.Одсүрэнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулаад өөрийнхөө ямар эрхийг сэргээлгэх талаар нэхэмжлэлийн шаардлагаар шаардаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж, хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, нэг талд үйлчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна

9. Шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын даргыг хамтран хариуцагчаар татсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Хэрэгт хамтран хариуцагч гэдэг нь О.Одсүрэнгийн өмчлөх эрхийг бүртгэхэд хамтран оролцсон, энэ актад хамтран шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийг ойлгоно. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийг эрхийг бүртгэлд огт оролцоогүй этгээдийг хамтран хариуцагчаар татсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

10. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

12. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа этгээдийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан дагуу маргаан бүхий захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэсэн 2 үндэслэл зэрэг хангагдсан байх шаардлагатай бөгөөд энэ маргааны тухайд дээрх үндэслэлүүдийн аль аль нь хангагдаагүй байгааг шүүхүүд анхаараагүй нь буруу болжээ.

13. Маргааны үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК нь Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд Дүнжингаравын  гудамж 17023 тоот хаягт 0.7 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар, иргэн О.Одсүрэн нь мөн Зайсангийн аманд 7.5 га газрыг мөн зориулалтаар тус тус ашиглах эрхтэй, тухайн газруудын тухайд давхцалгүй, иргэн О.Одсүрэн болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр О.Одсүрэнгийн ашиглах эрх бүхий газарт “ЦПТ” /дулаан дамжуулах төв/-ийн барилга барихаар тохиролцсон, бодит байдалд уг барилгын тодорхой хэсэг нь нэхэмжлэгч “ЖЭМТ” ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт хамрагдаж байгаа талаар хэргийн оролцогчид маргаангүй байна.

14. Мөн “ЦПТ” /дулаан дамжуулах төв/-ийн барилга нь байршлын хувьд О.Одгэрэлээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэх үндэслэл болгосон 678 дугаар газар ашиглах гэрчилгээ буюу уг гэрчилгээнд тэмдэглэгдсэн нэмэгдүүлсэн гэх 0.012 га газарт хамааралгүй байгааг хэргийн оролцогчид үгүйсгээгүй. 

15. Түүнчлэн нэхэмжлэгчийн тухайд 2009 оноос “ЦПТ”-ын барилга баригдсан, байршил өөрчлөгдөөгүй үйл баримтыг үгүйсгэж маргаагүй бөгөөд 2017 онд иргэний хэргийн шүүхэд гаргасан “…”Мфикс капитал” ХХК-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаа “Мфикс капитал” ХХК-ийн барьсан “ЦТП”-с барилгын дулаан болон, цахилгааны хангамжийн холболтыг үнэ төлбөргүй хийлгэх, нөхөн төлбөрт 500,000,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн авахаар хариуцагчтай харилцан тохиролцсоноор шүүх эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02504 дүгээр шүүгчийн захирамж хэрэгт авагджээ.

16. Эдгээр нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газарт цахилгаан шугам дамжуулах төвийн барилга байгууламж барихыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. 

17. Иймээс “Мфикс капитал” ХХК нь барилгын тодорхой хэсгийг бусдад худалдсанаас үүсэх үр дагавар буюу тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэж, хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй .

18. Тухайлбал, “ЦПТ”-ын барилгын үйлчилгээний зориулалт бүхий 2 давхрын хэсгийг иргэн О.Одсүрэнгийн өмчлөлд, улсын бүртгэлийн Ү-2206024181 дугаарт бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч...” гэж заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй, энэ бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ. 

19. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “...барилгын доорхи газрыг О.Одсүрэн хууль ёсоор эзэмшигч мөн болохыг нотолсон баримтыг гаргаагүй байхад өмчлөх эрхийг бүртгэсэн...” гэж дүгнэхдээ энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг зөв дүгнээгүй, мөн тухайн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанаар нэхэмжлэгч нь “ЦТП”-ийн барилга барихыг мэдсэн, зөвшөөрснөөс үзвэл уг барилгын бүртгэлд хамаарах 2 давхрын хэсгийн бүртгэлийг хүчингүй болгосноор давхцалтай гэх хэсгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэгдэх боломжгүйг шүүхүүд анхаараагүй байна. 

20. Иймд “...нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, ...гэрчилгээг хүчингүй болгосноор түүний ямар ч эрх сэргэхгүй...” гэх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

21. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор шүүхээс Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн буруу биш тул “...хамтран хариуцагчаар татаж ... хууль зөрчсөн...” гэх гуравдагч этгээдийн гомдолд дурдсан нь үндэслэлгүй.

22. Үүнээс гадна “...678 дугаар гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар хяналтын шатны шүүх дүгнээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

23. Дээрх бүгдийг нэгтгэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0153 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун талд байрлах, Дүнжингаравын гудамж /17023/ хаягт орших 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн Y-2206024181 дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ