Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-20
Дугаар 165
Хэргийн индекс 128/2018/0216/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч ... дүүргийн ... дугаар хороодын ИНХ
Хариуцагч ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, ... дүүргийн ... дугаар хороодын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлууд
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

... дүүргийн  ... дугаар  дугаар хороодын Иргэдийн Нийтийн Хурлуудын нэхэмжлэлтэй,

... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, ... дүүргийн  ... дугаар

хороодын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн

Нийтийн Хурлуудад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн ... дугаар  дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг, ... дүүргийн ... дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан ... дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг, ... дүүргийн  3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг, ... дүүргийн  4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 4 дүгээр “Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай” 2 дугаар “Тооллогын комисс байгуулах тухай”, 6 дугаар “Тооллогын комиссын татан буулгах тухай” тогтоолуудыг, ... дүүргийн  9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг, ... дүүргийн  12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 1 дүгээр “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0177 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нарыг оролцуулж,

Хариуцагч ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Ц.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 23 дугаар зүйлийн 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан “... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн ... дугаар  дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэсгүүдийг,тус дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 4 дүгээр “Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай”, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн “... дүүргийн  2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 4 хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 2 дугаар, “Тооллогын комиссыг татан буулгах” тухай 6 дугаар, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “... дүүргийн  ... дугаар  дугаар хорооны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын “санал хураасан дүнгийн тухай” тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0177 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын тус дүүргийн ... дугаар  дугаар хороодын иргэдийн Нийтийн Хурлуудад холбогдох хэсэг, тус дүүргийн 2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 3 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 4 дүгээр “Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай”, 5 дугаар “Засаг даргыг сонгох тухай”, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай”, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2 дугаар “Хурлын даргыг сонгох тухай”, 3 дугаар “Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, 4 дүгээр “Засаг даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн “... дүүргийн  2 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 3 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 2 дугаар, “Тооллогын комиссыг татан буулгах тухай” 6 дугаар, 9 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр, 12 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан, тус хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 1 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ц.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0086 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0177 дугаар магадлалыг шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжид гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэлэлцэж 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШТ2018/0344 дүгээр тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.7-д “хүсэлт шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно” гэж заасан, шүүх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцохоор хуульчлагдсан дагуу тус тогтоолуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах асуудлыг шийдвэрлэх талаар дурдсан.

5. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Бээс гуравдагч этгээдээр оролцох бие даасан шаардлага гаргахад С.Бийн субъектив эрхийг хөндөөгүй, гэж мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М.Наас уг хүсэлтийг гаргахад субъектив эрхийг хөндөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэмээн үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Тус хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжид гомдол гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлыг хянан хэлэлцээд М.Н нь ... дүүргийн  9-р хорооны Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлэх этгээдээр сонгогдсоныхоо хувьд тус дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаан хуульд нийцсэн эсэх талаар нэхэмжлэл гарган маргах эрхтэй этгээд гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсээр байхад анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэлгүй эрх ашиг нь хөндөгдөж буй хэргийн оролцогчдын оролцоог хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус хороодын Засаг дарга нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч шүүгч дахин хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзан гаргасан.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар сонгогдсон иргэдийн Нийтийн Хурлын дарга нар гэж тодорхойлсон хариуцагчаа иргэдийн Нийтийн Хурал болгон өөрчлөх хүсэлт гаргасан ба шүүгч хүсэлтийг ханган шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу тус хороодын иргэдийн Нийтийн Хурлыг хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд төлөөлөх этгээд томилуулахаар болсон. 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлаас шүүхэд төлөөлөх этгээд томилогдоогүй, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөх этгээдийг томилуулж, шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан боловч шүүгч 9 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын төлөөллийг хэрэгжүүлэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Мөн хариуцагчийг солих шүүгчийн захирамж гарсан боловч захирамжийн дагуу томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх, үүргийг тайлбарлаж өгөх ажиллагаа хийгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

7. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын бүрэн эрхийн талаар заасан бөгөөд 22.1.3, 22.1.7, 22.1.14-т заасны дагуу тухайн хурлыг хурлын дарга нь гадаад, дотоодод төлөөлнө гэж дүгнэсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргын бүрэн эрх гэж тусгайлан зааж өгсөөр байтал баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад хамааралтай мэтээр хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн.

7.1 Мөн тус хорооны Тэргүүлэгчид Хурлын даргад бус өөр хэн нэгнийг томилох боломжтой тул Хурлын дарга шууд төлөөлөх этгээд болох мэтээр өрөөсгөл дүгнэж болохгүй юм. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор зарлана” гэж заасан. Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь сонгуульт байгууллага биш тул анхдугаар хуралдаанд дээрх заалтад дурдсан хугацаа хамаарахгүй юм.

8. ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот “Зөвлөмж чиглэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус дүүргийн 16 хороодын иргэдийн Нийтийн Хурлуудад хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид Иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болоогүй хийгээд Иргэдийн Нийтийн Хурлыг дэг журамтай, аливаа маргаан будлиангүйгээр зохион байгуулахын тулд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэгдсэн хуваарь батлан мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах тухай дурдсан. Энэхүү зөвлөмжийг бүх хороодын иргэдийн Нийтийн Хурал хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болно. Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хуваарь батлах тухай” А/06 тогтоолыг баталсан болно.

9. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид А/06 тогтоолоор хуралдааны товыг тогтоосон болохоос хуралдааныг зарлаагүй, хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд нь хуралдаан зарлан хуралдуулах тухай даалгасан байдаг. Тухайн хороодын иргэд хуралдаж Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг өөрсдийн саналаар сонгосон юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэж заасан. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлсон заасан зохицуулалт юм.

10. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4 дэх хэсэгт “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу уг маргаан нь шүүхэд хамаарах асуудал биш юм. Тухайн иргэдийн Нийтийн Хуралд маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох эрх нь байсаар байтал өөрсдөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй байдаг.

11. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Анхан шатны шүүхээс “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолуудыг, давж заалдах шатны шүүхээс “хуралдаан”-ыг захиргааны актын шинжийг агуулахгүй гэж үзэн эдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

14. Тухайлбал, маргаан бүхий акт болох ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн ... дугаар  дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 14.00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан “анхдугаар хуралдааныг ... бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид... зарлан хуралдуулах эрхтэй” гэсэн нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан байх бөгөөд үүгээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэсэн үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.“тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6.“...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсний дагуу илт хууль бусад тооцсон нь үндэслэлтэй.

15. Хэдийгээр хариуцагч ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг тогтоолоор зөвхөн хуралдааны товыг тогтоосон болохоос хуралдааныг зарлаагүй” гэж марган тайлбар, гомдол гаргадаг ч маргаан бүхий А/06 дугаар тогтоолоор тогтоосон хугацаанд хуралдуулахыг хороодын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаснаараа эрх зүйн үр дагавартай захиргааны акт байх тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8, 9-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

16. Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадгаараа захиргааны байгууллагад хамаардаг боловч нутаг дэвсгэрийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэдэг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн төлөөллийн байгууллага буюу нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Иймд бусад этгээдийн зүгээс, тухайлбал захиргааны байгууллагаас нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан буюу угтаа орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан зэрэг тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхтэй, энэхүү онцлог шинжээрээ бусад захиргааны байгууллагаас, тухайлбал төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн /Засгийн газрын/ байгууллагаас ялгаатай байдаг. Ийм ч учир нутгийн өөрөө удирдлагын байгууллагын хувьд “хуулиар тусгайлан заасан бол нэхэмжлэл гаргах” гэсэн захиргааны бусад байгууллагад тавигдах нийтлэг шаардлага шууд хамаарахгүй юм.

17. Түүнчлэн, энэхүү маргааны тухайд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрхтэй нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдөө хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж бусад этгээдийг зарласан нь хууль бус гэж маргаагүй, харин ч 2018 оны 2 дугаар сарын 8, 9, 19-ний өдрүүдэд бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор анхдугаар хуралдааныг зарлаж, 2 дугаар сарын 24 /3, 4, 9, 12-р хороо/, 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд /2-р хороо/ тус тус хуралдан, холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

18. Гэтэл ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/06 дугаар тушаал илт хууль бус тогтоолын дагуу тус дүүргийн Тэргүүлэгчдийн Ажлын албанаас холбогдох этгээдүүд /мэргэжилтнүүд/ оролцон 3, 4, 9, 12 дугаар хороодын анхдугаар хуралдааныг зохион байгуулж, Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгосон маргаан бүхий тогтоолуудыг гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 8, 10-д заасан гомдлыг хангах боломжгүй.

19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбоотой уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь тэднээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулгатай адилхан байх бөгөөд гомдлыг үгүйсгэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хангалттай байна.

20. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч ... дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.                            

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ