Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-02-18
Дугаар 43
Хэргийн индекс 126/2018/0011/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Н.Т
Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Х.Батсүрэн

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын гаргасан  2018 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0640 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагч: Л.Ю, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нар,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д заасныг баримтлан Н.Т-ын “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-д/ холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын гаргасан  2018 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0640 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Т-ыг урьд эрхэлж байсан нийгмийн даатгалын орлого шимтгэлийн байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын гомдол: “... шүүх хэт нэг талыг барьсан тухайд: Н.Т-ын гаргасан, Ажил олгогчдын зөвлөгөөнд өөрийнх нь хариуцан ажилладаг ажил үүргийн чиглэлээр сургалт хийлгэхээр дээд шатны албан тушаалтнаас шийдвэрлэсэн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй үйлдлийг зөрчил мөн эсэхийг миний бие дангаар тогтоогоогүй юм.

4. Тодруулбал, Н.Т-ын үйлдэл зөрчил мөн эсэхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороо, Хөвсгөл аймгийн Ёс зүйн хороо, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл зохих журмын дагуу хэлэлцэн, Н.Т нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”-т хамаарах тус зүйлийн 13.1.4-т заасан “харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүргээ биелүүлээгүй, түүнчлэн Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-т заасныг зөрчсөн болохыг тогтоосон. Нэгэнт зөрчил тогтоогдож байгаа тохиолдолд ажилтан албан хаагчид хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй бөгөөд захиргааны байгууллагад үүнийг хуулиар зөвшөөрсөн.

5. Н.Тд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга буюу дээд шатны албан тушаалтнаас Хөвсгөл аймгийн Төрийн захиргааны байгууллагуудаас нийт ажил олгогчдын дунд зохион байгуулсан “Ажил олгогчдын зөвлөгөөн”-р, өөрийн хариуцсан ажлын чиглэлээр, хуваарилсан сэдвийн хүрээнд сургалт хийх үүрэг өгсөн ч удирдлагыг үл хүндэтгэж, өгсөн үүргийг санаатайгаар зөрчиж, албаар сургалтанд оролцоогүй болохыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Ц.Бурмаа, Я.Түвшинжаргал нарын мэдүүлгээс болон хэрэгт авагдсан бусад баримтаас тодорхой харж болно. Н.Т зөвлөгөөнийг тасалснаас шалтгаалж ямар ч бэлтгэлгүй байсан Бурмаа, тухайн зөвлөгөөний өглөө богино хугацаанд   сургалтыг   Я.Түвшинжаргалаар   бэлтгүүлэн   зөвлөгөөнд   орсон   нь Нийгмийн даатгалын байгууллагаас тухайн сургалт зөвлөгөөнд оролцсон хүмүүст ойлголт өгч чадаагүйн дээр, шүүмжлэл хэл ам дагуулсан. Үүнийг албаны дарга, хэлтсийн дарга нар оролцогчдоос уучлалт хүсч, зарим мэдээллийг залруулан, цайруулж өнгөрүүлсэн.

6. Хэлтсийн сонсголоор Н.Т нь зөвлөгөөн тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тухай ярихад “чадахгүй, би сургалт хийж чадахгүй, би ирээгүй байлаа гэхэд сургалт нь болсон л бол болоо юм биш үү? надаар яалгах гээд байгаа юм? энэ нэг хоёр юм нь хүртэл маяглаад…” гэж бүх хамт олны өмнө удирдлагаа доромжилж, удирдлагаас өгсөн хууль ёсны үүргийг биелүүлээгүй байдлаа гайхуулж, хамт олныг удирдлагаас өгсөн шийдвэрийг биелүүлэхгүй, байж болоход уриалан дуудсан тул Юмжирдулам би хэлтсийн дэргэдэх ёс зүйн хороонд хүсэлтээ өгсөн байдаг.

7. Харин одоо Н.Т нь дээрх зөвлөгөөнд оролцоогүй байдал нь буруу гэдгийг өөрөө сайтар ойлгосон учраас нэхэмжлэл гаргахдаа урьд нь огт дурдаж байгаагүй “ээжтэйгээ” холбоотой элдэв шалтаг тоочин, бусдыг өрөвдүүлэх, шүүгчийн итгэл үнэмшилд нөлөөлөх башир аргыг хэрэглэж нэхэмжлэлээ бичиж эхэлсэн.

8. Н.Т ааваараа дамжуулж “ээж нь өвчтэй байсан” гэх асуудлыг удирдлага буюу Юмжирдулам надад ойлгуулахыг зорьсон гэж тайлбарладаг боловч аав Нямдорж нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би чөлөө өгөөч гэж хэлэх гэж орсон ч дургүй хүрээд хэлээгүй, хатуухан хэдэн үг хэлчихээд гараад явсан” хэмээн мэдүүлдэг.

9. Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...Н.Т нь уг зөвлөгөөн болох 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 45 минутаас 13 цаг 00 минут хүртэл ажилдаа ирээгүй...” гэж бодит байдалд нийцэхгүй худал дүгнэлт гаргасан. Бодит байдал дээр Н.Т нь урьд өдрийн 17 цаг 30 минутанд буюу ажлын цаг дуусахаас өмнө ажлаа хаяж явсан байдаг бөгөөд ийнхүү гарахдаа “би зөвлөгөөнд орохгүй, арга хэмжээгээ авбал авна л биз” хэмээн гарч явсан байдаг бөгөөд маргааш өглөө нь огт ажилдаа ирээгүй, үдээс хойш ирсэн байсан гэдгийг гэрч Я.Түвшинжаргал нотолсон бөгөөд, байгууллагын цагийн бүртгэлд ч бүртгэгдсэн, энэхүү баримтыг шүүхэд ч гаргаж өгсөн. Энэ талаар шүүх буруу дүгнэлт хийж дээрх хугацааг үүрэг гүйцэтгээгүй шалтгаан нөхцөлтэй нь холбон зөрчлийн шинж байдалд буруу дүгнэлт хийсэн.

10. Мөн магадлалдаа “... бэлтгэсэн материалаа зохих этгээдэд орхиогүйгээс зөвлөгөөнд хэрэглэгдээгүй” гэж мөн л буруу дүгнэлт хийсэн. Учир нь, Н.Тд удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу бэлэн болгон бэлтгэсэн ямар ч баримт материал байхгүй байсан учраас бид удаа дараа шаардаж зааварлаж, тусалж дэмжиж сургалтын бэлтгэл ажлыг хангуулахаар удаа дараа үүрэг даалгавар өгч байсан ч Н.Т нь зөвлөгөөнд оролцож, сургалт хийх битгий хэл материалаа бэлтгээд бэлэн болгоё гэсэн ямар ч хүсэл сонирхол байхгүй байсан нь түүний тухайн зөвлөгөөнийг орхин, ажлаа тасалж явсан байдлаас тодорхой харагдана.

11. Харин магадлалдаа “...тухайн өдөр ээжийнхээ биеийг эмнэлэгт үзүүлсэн гэх боловч энэ талаар зохих журмаар хэлж чөлөө аваагүй байх тул үүрэг биелүүлээгүй, ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэсэн ч хэргийг энэхүү дүгнэлтийнхээ 100 хувь эсрэг шийдвэрийг гаргасан.

12. Анхнаасаа ажил олгогчид Н.Т-ын үйлдэл огт ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа зөвхөн Н.Т-ын “тайлбаруудыг үнэлсэн байдал, Н.Т-ын үйлдлийг анх удаагийнх хэмээн харж үзэж болох байсан мэтээр зөрчлийн шинж байдлыг урьд нь сургалт явуулж байсан туршлагагүй, ур чадвар эзэмшээгүй зэргээс зөрчил гаргасан, үүнийг захиргааны байгууллага харгалзан үзэх ёстой байсан мэтээр тайлбарлан захиргааны байгууллагын эрх хэмжээнд хэт халдаж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

13. Тухайн зөвлөгөөнд Н.Т зөвхөн ганцаар сургалт хийхгүй, тасгийн дарга, хэлтсийн даргын зүгээс мэргэжлийн удирдлагаар хангаад хамтран сургалтаа зохион байгуулах ёстой байсан бөгөөд гагцхүү удирдлагын шийдвэрийг огт биелүүлэхгүй гэсэн хүсэл Н.Тд байснаас ийм зөрчил гаргасан гэдгийг шүүх олж харах хүсэлгүйгээс хэргийн нөхцөл байдлын талаар зөв дүгнэлт хийж чадаагүй.

14. Зөвлөгөөнд оролцож байгаа Нийгмийн даатгалын байгууллагаас ажил олгогч, даатгал төлөгчдийнхөө өмнө хуулиар хүлээсэн үүргээ танилцуулж, мэдээлэл өгч чадахгүй, ажилтан албан хаагч нь тэр олон даатгал төлөгчдийг болон өөрийн байгууллагын ажил үүрэг, эрх ашгийг үл хайхран, үл хүндэтгэж ажлаа хаяж, үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал шүүхэд бол байж болох л асуудал мэтээр тайлбарлагдаж, улмаар захиргааны байгууллагыг буруутгах, шийдвэрийг нь хүчингүй болгох шалтгаан болох ёсгүй гэж үзэж байна.

15. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Н.Т болон түүний өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь “ноцтой зөрчил” гэх ойлголтыг байнга хөндөж маргадаг бөгөөд зөвлөгөөнд оролцоогүй, удирлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байдлаа байнга зөвтгөн, тухайн үед огт хөндөж ярьж байгаагүй “ээжтэйгээ холбоотой гэх” хүндэтгэх шалтгаануудыг тоочин, шүүхийн дотоод итгэл үнэмшилд нөлөөлж ирсэн бөгөөд шүүх хэт нэг талыг барьж, Н.Тд ашигтай байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж магадлал гаргасан.

16. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”-т хамаарах тус зүйлийн 13.1.4-т заасан “харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүргээ Н.Т зөрчсөнөөс Хөвсгөл аймаг дахь нийт төрийн захиргааны байгууллагууд, ажил олгогчдын өмнө Нийгмийн даатгалын байгууллагаас аймгийн Засаг даргаас урьдчилан өгсөн сургалтын сэдвийн хүрээнд өгсөн мэдээлэл чанаргүй, үр дүн муутай болж, нийгмийн даатгалын байгууллагын нэр хүнд, эрх ашиг зөрчигдсөн зөрчлийн шинж байдлыг шүүх аль ч талд ойлгомжтой байдлаа нэг мөр тодорхойлж, шийдвэрээ гаргах ёстой байсан гэж үзэж байна.

17. Түүнчлэн зөрчлийн шинж байдлыг шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж дүгнээд төрийн захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнд үндэслэлгүйгээр халдаад байж болохгүй бөгөөд дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн ч аливаа шийдвэрээ эрх зүй, хуульд үндэслэх л ёстой.

18. Ажил олгогч буюу Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаартай тушаал гаргаж Н.Т-ыгажлаас халахдаа Төрийн албаны тухай /2002 оны хууль/ хуулийн 13 дугаар   зүйлийн   13.1.4,   26   дугаар   зүйлийн   26.1.3,   26.3   дахь   заалт   болон Н.Т-ын удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй үйлдлийг зөрчил мөн эсэхийг тогтоосон хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтүүдийг үндэслэн хуулиар зөвшөөрсөн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрээ гаргасан.

19. Түүнчлэн шүүхийн магадлалд дурдсан “...ажилтныг ажлаас халсан нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцэхгүй...” гэх дүгнэлттэй санал нийлэхгүй бөгөөд харин ч төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахгүйгээр төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж чадахгүй гэж үзэж байна. Төрийн алба бол иргэндээ үйлчлэх зорилгоо хамгийн эрхэм зорилго болгох ёстой бөгөөд иргэндээ үйлчлэх, тэднийг мэдээллээр хангах, нэг ч гэсэн хууль тогтоомжийг сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх хүсэлгүй төрийн албан хаагч бол мэргэшсэн төрийн албаны эд эс болж чадахгүй юм.

20. Миний шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудад нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

21. Анхан шатны шүүх миний гаргасан акттай холбогдуулан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргасан ч давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан захиргааны байгууллагад хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээнд халдаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

22. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0640 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            23. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            24. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлт, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн” тус хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Н.Т-ыг“төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгчээс: “... хууль зүйн үндэслэлгүйгээр намын болон хувийн хэт явцуу үзэл суртлаар ажлаас халж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон” гэж, хариуцагчаас “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үндэслэлгүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, Ёс зүйн хорооны дүгнэлтээр Н.Т нь ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоогдсон, ... сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

            25. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Таванзул нь “... Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.2-т заасан “...чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах” заалт, Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2.5.2-т заасан “ажилтан нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах, бусдад ашиглуулах боломж олгох, түүнд хамтран оролцох, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлсөн талаар хуурамч бичилт хийх, баталгаажуулах, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн данс хуурамчаар нээх, эдгээртэй холбогдсон ауурамч мэдээллийг санд оруулахгүй байна” гэснийг тус тус зөрчсөн” болох нь тогтоогдож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн, ийнхүү сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа “төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-т заасан “захирах захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх”, Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3-т заасан “ажилтан нь нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчиж, сахилгын зөрчил гаргасан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлт, мөн аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор тогтоогджээ.

            26. Нэхэмжлэгчээс дээр дурдсан Ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлтүүд, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолтой маргаагүй, түүнчлэн, Ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлт, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолын үндэслэл болсон “... 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Ажил олгогчдын зөвлөгөөнд оролцогч 150 аж ахуйн нэгж байгууллагын дарга, нягтлан бодогч нарт нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хуулийн өөрчлөлт, шимтгэл төлөлтөд анхаарах асуудлуудын талаар сургалт хийх төлөвлөгөөт ажилд тодорхой сэдвээр сургалт хийх өгөгдсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ... Нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулсан тухайн үйл ажиллагаанд ирж оролцоогүй, эрх бүхий албан тушаалтнаас чөлөө аваагүй, ирэхгүй тухай урьдчилан мэдэгдээгүй, уг өдрийн үдээс өмнө ажил тасалсан” үйл баримттай маргаагүй байна.

27. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “/төрийн албан хаагч нь/ харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх /үүрэгтэй/”, 26 дугаар зүйлийн 26.1-д “... /дээрх заалтыг/ зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.2-т “... сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй”, 26.3-т “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Н.Т нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр, үүрэг даалгаварыг биелүүлээгүй, 2018 оны 05 дугаар сарын 17-ны ажлын өдөр Нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулсан төлөвлөгөөт сургалтын үйл ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, ирээгүй нь тогтоогдсон, энэ нь Д.Таванзулд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл мөн байх тул хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 дугаар тушаал дээрх хуулийн заалтуудад нийцжээ.

28. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, харин давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Д.Таванзул нь тухайн өдөр ээжийнхээ биеийг эмнэлэгт үзүүлсэн гэх боловч энэ талаар зохих журмаар хэлж чөлөө аваагүй байх тул үүрэг биелүүлээгүй, ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлтэй” гэж үйл баримтыг зөв дүгнэсэн боловч, уг сахилгын зөрчилд холбогдуулан хариуцлага ногдуулахтай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

29. Төрийн албан хаагч сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “... төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэсний дагуу сахилгын зөрчилгүйд тооцогдох хугацаа болоогүй буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан бол түүнийг “сахилгын зөрчил давтан гаргасан” гэж үзнэ. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “.../сахилгын/ зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... /сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/ сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах” эрхийг эрх бүхий этгээд хуулиар олгосон байх  тул маргаан бүхий захиргааны актаар сахилгын давтан зөрчил гаргасан Д.Таванзулд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг “хууль зөрчсөн” гэж үзэхгүй.

30. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... тухайн өдөр ажилдаа ирээгүй гэж цалин хассан /атлаа/... уг зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулсан нь нэг сахилгын зөрчилд давхар шийтгэл ногдуулсан” гэх боловч, төрийн албан хаагчийн “ажил тасалсан” хугацааны цалинг “олгох ёстой байсан” гэх боломжгүй, ийнхүү ажилдаа ирээгүй хугацааны цалинг хасаж тооцсоныг түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан “цалин бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

31. Иймд хариуцагчийн “...Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар   зүйлийн   13.1.4,   26   дугаар   зүйлийн   26.1.3,   26.3   дахь   заалт   болон Н.Т-ын удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй үйлдлийг зөрчил мөн эсэхийг тогтоосон хөндлөнгийн байгууллагуудыг дүгнэлтүүдийг үндэслэн хуулиар зөвшөөрсөн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрээ гаргасан ... /байхад/ шүүх ... хуулийг буруу тайлбарлан захиргааны байгууллагад хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээнд халдсан” гэх гомдол үндэслэлтэй, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0640 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА