Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-04-15
Дугаар 109
Хэргийн индекс 128/2016/0898/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ж.Г
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.Э, Б.Б
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,

Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

ерөнхий газрын дарга нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч

                                                       П.Соёл-Эрдэнэ

                                                       Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”       

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Э.Э-Э, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулж,

            Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан Ж.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд Ж.Г-г эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг нэмж “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу бодож Ж.Г-д олгохыг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг тус тус хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай” гэж, 3 дахь заалтын “...хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж” гэснийг “...хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийг “Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэхэмжлэгчид шууд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, албан тушаалаас нь чөлөөлсөн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилогдон ажиллах эрхээр нь хангаагүй, аливаа нэг ажлын байр санал болгоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэж дүгнэжээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан бөгөөд энэхүү нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас авсан тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй юм.

5. “Төрийн байгууллага татан буугдсан” гэх ойлголтыг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тодорхой заасан.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газар татан буулгасан талаар дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэхзэр байна.

7. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох “ажилд томилохгүй байгаа Цагдаагий ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

8. Нэхэмжлэгч нь маргаан бүхий Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны Б/247 дугаар тушаал гарсны дараа цагдаагийн байгууллагад орж ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт гаргаагүй байхад “ажилд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй нь ойлгомжгүй байна.

9. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн /Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилохыг даалгах/ шаардлагын дагуу анхан шатны шүүх Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Банзрагчийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн.

10. Хэдийгээр Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/437 дугаар тушаалаар Эрэн сурвалжлах хэлтэст оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийг байгуулсан хэдий ч нэхэмжлэгчийг тухайн ажлын байраар хангах үүрэг үүсэхгүй гэж үзэж байна.

11. Нэхэмжлэгчийг Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж буй нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэж хариуцагчийн зүгээс үзэж байх ба хуулийн дагуу томилогдон албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчих нөхцөл бүрдэж байна.

12. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            14. Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлахдаа Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Тахарын ерөнхий газар” хэрэгжүүлэгч агентлаг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор мөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлахдаа уг хэрэгжүүлэх агентлагийг хассан, үүний дагуу Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор “...Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгах”-аар шийдвэрлэжээ.    

          15. Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар “Тахарын алба татан буугдаж, чиг үүргийг Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан нэгдүгээр хавсралтад нэр дурдсан алба хаагчдыг Цагдаагийн байгууллагын мэдэлд, хоёрдугаар хавсралтад нэр дурдсан алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд ... /тус тус шилжүүлж/, гуравдугаар хавсралтад нэр дурдсан ажилтан алба хаагчдыг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Ж.Г нь Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад дээрх тушаалын 3 дугаар хавсралтад нэр дурдагдаж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

            16. Нэхэмжлэгчээс хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасны дотор нэгдүгээрт, уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, Тахарын ерөнхий газар нь татан буугдсан байхад, тус газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, давж заалдах шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийжээ.

            17. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаалын Ж.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор, нэхэмжлэгч Ж.Г урьд эрхэлж байсан Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын албан тушаалд эргэн ажиллах үр дагавар үүсэх боломжгүй болсон, нэгэнт байгууллага татан буугдах болсон тохиолдолд алба хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг “хууль бус” гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

            18. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “.../ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол/ түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  ... олговрыг олгох”-оор заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ж.Г-ийн хувьд, уг хуулиар тусгайлан тогтоосон “ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байх”, үүний улмаас шүүх түүнийг “өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх” нөхцлийн аль аль нь хангагдаагүй тул  нэхэмжлэгчийн “... ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх мөн зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.  

            19. Нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох хэсэг зөв байна.

            20. Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Г нь “... цагдаагийн байгууллагад 31 жил, Тахарын албанд 2 жил, 8 сар, нийт төрийн тусгай албанд 33 жил ажилласан, Тахарын алба татан буугдаж, тэтгэвэрт гарч амжилгүй ажлаас чөлөөлөгдсөн тул Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ... тэтгэмж авах боломжгүй болох нөхцөл байдал үүссэн... тул /цагдаагийн багууллагад/ ... ажилд томилж өгнө үү” гэх өргөдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан, татан буугдсан Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулсан, уг тасгийн даргын албан тушаалд Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.Г-г томилох бодит боломж байсан зэрэг үйл баримтуудыг харгалзан Ж.Г-г тухайн албан тушаалд “томилоогүй” эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай (2002) хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/23 дугаар тушаалаар хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр уг тасгийг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасаг болгон өөрчилсөн, “нэхэмжлэгчийг өмнөх эрхэлж байсан албан тушаалын /ажлын байрны тодорхойлолтод заагдсан/ чиг үүрэг нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шинээр бий болсон Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд хадгалагдаж үлдсэн, уг албанд нэхэмжлэгчийг томилох боломжтой” гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэнийг хяналтын шатны шүүх буруутгах боломжгүй байна.

            21. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “... төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, Тахарын ерөнхий газар татан буугдсанаар Ж.Г-ийн ажиллаж байсан орон тоо хасагдсан, энэ тохиолдолд, төрөөс “цагдаагийн байгууллагад 31 жил, Тахарын албанд 2 жил, 8 сар, нийт төрийн тусгай албанд 33 жил ажилласан” Ж.Г-г мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд томилох боломжийг юуны өмнө хангах үүрэгтэй, ийм боломжгүй тохиолдолд “... дахин мэргэшүүлэх”, аль аль нь бодит боломжгүй бол 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгож, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох байжээ.  

            22. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд, тухайн тохиолдолд, татан буугдсан Тахарын ерөнхий газарт нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тооны чиг үүргийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн, шинээр бий болгосон орон тоонд нэхэмжлэгч Ж.Г-г томилох бодит боломж байсан нь тогтоогдсоныг харгалзан, төрийн жинхэнэ албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд томилогдох боломжоор хангах төрийн үүргийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт хамаатуулан тайлбарласан нь буруу биш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас авсан тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй.

            23. Давж заалдах шатны шүүх зарим нэхэмжлэлийн шаардлагын тухайд буруу дүгнэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА