Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-04-22
Дугаар 118
Хэргийн индекс 128/2017/0712/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ч л с, м-н Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “М” ХХК, “У х б” ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Ч л с, м-н нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:           Х.Батсүрэн

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                       Г.Банзрагч

                                                       П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж Чойжин ламын сүм музейн эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0117 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А,

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Э.Э, “М” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц,

Гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасныг баримтлан Чойжин ламын сүм музейн эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0117 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Ч л с, м-н захирал Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийдвэрт “...харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед тайлбарласан дээрх давхцал бүхий газарт үл хөдлөх хөрөнгүүдийг хөндөхгүйгээр газрын солбицлыг өөрчлөх байдлаар Засгийн газрын тогтоолоор баталгаажсан нэхэмжлэгчийн 2 га газрыг өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэснийг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгов” гэж дүгнэсэн.

4. Шүүхийн дурдсан гуравдагч этгээд “А м т” ХХК (одоогийн нэр нь “М” ХХК) болон нэхэмжлэгч нарын газрын давхцалтай холбоотой маргааныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0513 дугаар шийдвэрээр “...маргаан бүхий захиргааны актуудын гуравдагч этгээд “А м т” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь бус харин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэсгээр газрын хэмжээнээс хасах буюу маргаан бүхий захиргааны актуудад өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг.

5. Гэтэл анхан шатны шүүх өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг гуйвуулан өөрчилж болохгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчиж байна.

6. Ром, Германы эрх зүйгээс тогтсон “шүүх болон хуулийн бусад байгууллага тодорхой нэгэн үйл баримтыг зохих журмын дагуу шалган тогтоож, үнэлэн баталгаажуулсан бол энэхүү үйл баримтыг приюдицийн гэж нэрлэх бөгөөд энэ нь дахин шалгаж, үнэлэх шаардлагагүй, нэгэнт тогтоогдсон үнэн бодит үйл баримт гэсэн үг юм” буюу “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” байх зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах учиртай. Гэвч шүүхээс энэ мэтээр шүүхийн шийдвэрээр хатуу тогтоосон үйл баримтыг мушгин гуйвуулах нь муу жишиг тогтоох үр дагавар үүсгэх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь шийдвэрийн тогтоох хэсгийн үр дагаврыг үүсгэдэг билээ.

7. Музейн зүгээс Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүмийн барилга байгууламж эвдэн сүйдэх нөхцөл байдал туйлдаа хүрсэн учир музейн 2 га хамгаалалтын бүсэд газар давхардуулан олгосон үйл ажиллагаатай холбоотойгоор 2015 оноос хойш шүүхэд хандан цаг хугацааг үл тоон, төрийн байгууллагын хүнд суртал, эрх мэдэлтний дарамт шахалтан дор газрын давхцлын маргааныг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн.

8. Гэтэл өнөөдөр анхан шатны шүүх өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэрийг харгалзалгүй, түүхийн хосгүй үнэт бүтээлийг бүрэн бүтэн хамгаалж ирээдүй хойч үедээ үлдээх итгэл найдварыг талаар болгож, нэгэнт өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь дараа дараагийн маргаанд хамаарч хүчин төгөлдөр байдлаа хадгалж чадахгүй бол бид цаг хугацаа зарцуулж шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийн хэрэг юу билээ.

9. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “... харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед тайлбарласан дээрх давхцал бүхий газарт үл хөдлөх хөрөнгүүдийг хөндөхгүйгээр газрын солбицлыг өөрчлөх байдлаар Засгийн газрын тогтоолоор баталгаажсан нэхэмжлэгчийн 2 га газрыг өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэснийг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгов” гэж дүгнэсэн шийдвэр, магадлалын үндэслэх хэсгийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах замаар тодорхой болгож, улмаар тогтоох хэсэгт өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг баримтлан 2 га газрыг сунгахыг даалгах талаар оруулж түүх, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            10. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв, харин маргааны үйл баримтуудад холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буруу дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, зарим дүгнэлтийг зөвтгөх нь зүйтэй байна.

11. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч, гуравдагч этгээд нараас хяналтын журмаар гомдол гаргаагүй тул Чойжин ламын сүм музейн эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахтай холбоотой маргааны үйл баримтууд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд холбогдуулж хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.

            12. Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, “нийслэлийн Засаг даргын 2002 оны ... 356, 2004 оны ... 164, 2010 оны ... 257 дугаар захирамжуудын “А м т” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр “.../”А м т” ХХК”-нд/ 2002 онд анх конторын зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа /нийслэлийн Засаг дарга нь/ Засгийн газрын тогтоолоор 2001 онд хамгаалалтын бүсэд орсон /Чойжин ламын сүм музейн/ газрын байршлыг нягтлан шалгаагүйгээс ... 227 м.кв хэмжээгээр газар давхцуулан олгосон нь... хуульд нийцээгүй, нэхэмжлэгч Чойжин ламын сүм музейн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” нөхцөл байдал тогтоогдож, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжуудын “А м т” ХХК-нд холбогдох хэсгийг “дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, ... дээрх захирамжуудын холбогдох хэсэгт Чойжин ламын сүм музейн газартай давхцсан хэсгээр буюу “А м т” ХХК-ийн газрын хэмжээнээс 227 м.кв-ыг хасаж ... захирамжуудад өөрчлөлт оруулахыг нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 527 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн дээрх асуудлаар буюу “... 227 м.кв-ыг “А м т” ХХК (одоогийн эзэмшигч нь “М” ХХК )-ийн газрын хэмжээнээс хасах боломжтой эсэх” асуудлаар маргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй…”, 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэсэнтэй нийцээгүй байхад анхан шатны шүүх анхаараагүй, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэрээр “...Чойжин ламын сүм музейн эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар буюу “...давхцал бүхий газарт байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хөндөхгүйгээр газрын солбилцолыг өөрчлөх байдлаар ... шийдвэрлэх” агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдож, дүгнэгдсэн үйл баримт, “Чойжин ламын сүм музейн газартай давхцсан 227 м.кв-ыг “А м т” ХХК-ийн газрын хэмжээнээс хасаж захирамжуудад өөрчлөлт оруулахыг нийслэлийн Засаг даргад даалгасан” шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн агуулгаас зөрүүтэй, дээрх хуулийн заалтуудад нийцээгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу байна.

14. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг гуйвуулан өөрчилж болохгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

15. Харин, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн дээрх асуудлыг хяналтын шатны шүүх дахин дүгнэх шаардлагагүй, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 527 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын биелэлтийг хангуулах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар тусдаа явагддаг үйл ажиллагаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... /шүүхийн шийдвэрийн/ тогтоох хэсэгт өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг баримтлан 2 га газрыг сунгахыг даалгах талаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0117 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Чойжин ламын сүм музейн захирал Д.О-ийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА