Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-17
Дугаар 212
Хэргийн индекс 114/2018/0010/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч С.Н
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Г.Т
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

 С.Н-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул

аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                 Б.Мөнхтуяа

                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:         Д.Долгордож

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Т-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээг хүчингүй болгож, 0117455 тоот гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах

Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0210 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9, Улсын бүртгэлийн ерөнхий /2018 он/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын гаргасан “Г.Т-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээг хүчингүй болгож, 0117455 тоот гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0210 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9” гэснийг “24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8” гэж “Ерөнхий” гэснийг “ерөнхий” гэж, “8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т” гэснийг “20 дугаар зүйлийн 20.1.8, гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх худал мэдүүлэг болон хуурамч нотлох баримт, гуравдагч этгээд Г.Т-гийн тайлбарт дүгнэлт өгч, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т бүртгэл үнэн зөв байх зарчим, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол гэж заасныг тус тус ноцтой зөрчин хэргийг шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор С.Н-д маргааны объект болох 1 өрөө орон сууцыг хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн 114,804 тоот гэрчилгээг олгосон боловч иргэн Д.Д, Р.Э нар нь маргаан үүсгэж аймгийн орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гарган 3 шатны шүүхээр хянагдаж хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хариуцагч Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчоо орон сууцны эзэмшил өмчлөх эрхтэй маргааныг шийдвэрлүүлсний дараа уг асуудлыг шийдвэрлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймгийн захиргааны анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосноор орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор С.Над холбогдох хэсгийн үр дагавар дуусгавар болж уг орон сууцны эзэмшил төрийн мэдэлд шилжсэн юм. Гуравдагч этгээд Г.Туяа хүчингүй болгосон гэрчилгээг ашиглан 000339171 гэрчилгээг дахин авсан нь Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нар нь Дархан сумын 10-р баг 1б байрны 47 тоот 1 өрөө байр орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Р.Энхтуяа, Д.Дугар нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 509 тоот тогтоолоор хэвээр баталсан.

4. Иргэн С.Н нь 1 өрөө байрнаас Р.Энхтуяа, Д.Дугар нарыг нүүлгэн гаргаж байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний шүүхэд гаргаж сум дундын 7 дугаар шүүх 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр Дархан сумын 10-р баг 1Б байрны 47 тоот 1 өрөө орон сууцнаас иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нарыг нүүлгэн гаргаж орон сууц чөлөөлүүлж эзэмшигч С.Над олгохоор шийдвэрлэсэн. Дээрх иргэний хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд харин Дархан сумын 10-р баг 1б байрны 47 тоот 1 өрөө байр хувьчлагдаагүй болохыг дурьдан шийдвэрлэсэн.

5. Дээрх бүх шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч С.Над 1 өрөө орон сууцыг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо 2016 оны 80 дугаар тогтоолоор хувьчилж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл юм. Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Орон сууцны маргаан дуусаагүй, хувьчлагдаагүй байх үед Г.Туяад гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл юм.

6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА20190210 дугаар магадлалыг хүчингүй болгож, С.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй ба нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн үйл ажиллагаанд зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон, харин шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна.

8. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч С.Н болон гуравдагч этгээд Г.Туяа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1б байрны 47 тоотын 1 өрөө орон сууцыг өмчлөх эрх өөрт нь шилжсэнийг бүртгүүлэхээр гаргасан Г.Туяагийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг үндэслэн эрхийн бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэлтэй тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Г.Туяаг бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаар гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл тус орон сууцыг эзэмших, өмчлөх асуудлаар нэхэмжлэгч С.Н болон иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нарын хооронд маргаан гарч, эзэмшүүлэх, өмчлүүлэх, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдож гарсан захиргааны үйл ажиллагааны талаарх, мөн эзэмшигчээр тогтоолгох, эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх талаарх маргааныг захиргааны болон иргэний хэргийн шүүхүүд тус тус шийдвэрлэсэн; орон сууцыг С.Н-д хувьчилсан шийдвэр болох Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан Д.Д, Р.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо хүлээн зөвшөөрснийг мөн аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар захирамжаар баталсан байх бөгөөд орон сууцыг өмчлөх эрхийг С.Нын нэр дээр бүртгэсэн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн улсын бүртгэл нь уг 60 дугаар тогтоолыг үндэслэсэн болох нь тогтоогджээ.

10. Түүнчлэн, өмчлөх эрхийн 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Ү-2003015439 дугаар улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хэн нэгнээс гаргаагүй, маргаан бүхий уг орон сууцыг өөр этгээдэд хувьчилсан эрх бүхий байгууллагын эсхүл өмчлөгчөөр өөр этгээдийг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, шүүгчийн 2013 оны 13 дугаар захирамж /шүүхийн шийдвэр/-тай холбогдуулан уг орон сууцтай холбоотой улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарч, энэ талаар эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй зэрэг нь тогтоогдсон байна.

11. Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгосон буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэх үндэслэлүүд тогтоогдоогүй, Г.Т-д холбогдох уг 2014 оны бүртгэлийн дараа Дархан-Уул аймгийн Орон хувьчлах товчооны 2016 оны 80 дугаар тогтоолоор С.Н-д уг маргаан бүхий уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг /дахин/ олгосон нь түүний өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай ба улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэлтэй тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Г.Т-г бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаар гэрчилгээ олгосон хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... орон сууцны маргаан дуусаагүй, хувьчлагдаагүй байх үед Г.Туяад гэрчилгээ олгосон нь хууль бус” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

13. Түүнчлэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1-д “улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: 14.1.9.мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” заасан, эрхийн улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.Туяаг бүртгэсэн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэл хүчинтэй байгаа энэ тохиолдолд уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан нэхэмжлэгч С.Нын мэдүүлгийг Эрхийн улсын бүртгэлийн байгууллага хүлээж авах үндэслэлгүй юм.

14. Нөгөө талаар Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Н-д маргаан бүхий уг орон сууцны “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ” олгосон нь түүнд шинээр өмчлөх эрх олгож буй явдал биш бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн “хэлцэл”-ийн талаар маргаагүй атлаа уг хэлцэлд үндэслэсэн тухайн бүртгэл нь “хүчинтэй” хэвээр байгааг мэдсээр байж өөрийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

15. Дээрх байдлаар, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.Т-г бүртгэсэн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэл, түүнд 000339171 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ” олгосон захиргааны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, нэгэнт Г.Т-гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчинтэй байгаа энэ тохиолдолд уг эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр гаргасан С.Н-ын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болох нь тогтоогдоогүй талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

16. Харин, анхан шатны шүүх шийдвэрийнхээ “тогтоох” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хамааралтай хуулийн зүйл, заалтыг дутуу баримталсан, давж заалдах шатны шүүх үүнийг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа зөв баримталсан хуулийн заалтыг хассан нь буруу байх тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П-ийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0210 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.9, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8” гэж өөрчилж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                      Ч.ТУНГАЛАГ