Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-19
Дугаар 224
Хэргийн индекс 128/2018/0086/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Н т" ХХК
Хариуцагч МУ-ын ЗГ, ҮХГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд "С" ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газар,

Үндэсний хөгжлийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Л.Атарцэцэг

            Шүүгчид:                          Г.Банзрагч

                                                       Ч.Тунгалаг

                                                       П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсгийн уралдаанд шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн концессийн уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгуулах, уралдаант шалгаруулалтаар “С” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н т” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0070 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэрээр: Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.6, 6.2.11 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын уралдаанд шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн концессийн уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгуулах, уралдаант шалгаруулалтаар “С” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н т” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0070 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг хариуцагч зөрчсөн талаар: Анх концесс зарласан Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоол (283 дахь хэсэг нь) тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд шинээр зохицуулсан хэд хэдэн журмыг зөрчсөн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхэд халдсан шийдвэр гарсан.

4. “Н т” ХХК-ийн хувьд 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл ИНЕГ, МИАТ ХХК-тай гэрээний үндсэн дээр Монгол Улсад агаарын хүлгийн хоол бэлтгэх, катерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж.

5. Шинэ нисэх онгоцны буудал барихтай холбоотой ИНЕГ-аас Нисэх буудлуудын үйлчлэх газар гэж шинээр байгуулаад 6 аж ахуйн нэгжээс шалгаруулалт явуулсан. “Н т” ХХК нь тухайн үед энэ шалгаруулалтанд орж шалгарсан. Ийнхүү шалгарсаны дагуу ИНЕГ-аас “Н т” ХХК-д хандаж 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр “...катерингийн үйлчилгээний зориулапттай барилга байгууламжийг байгуулах болсон, хамтран ажиллах гэрээг тус газартай байгуулан ажиллана уу...”, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр “Н т” ХХК-д “...катерингийн үйлчилгээний зориулалттай үйл ажиллагааг эрхлүүлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна, гэсэн удаа дараагийн албан бичгүүдийн дагуу “Н т” ХХК бэлтгэл ажилдаа орсон.

6. Өөрөөр хэлбэл Захиргаа гэрээ байгуулах, хамтран ажиллах, өмнөх гэрээгээ үргэлжлүүлэх санал тавьсаны дагуу өмнө нь катерингийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжид хууль ёсны итгэл төрсөн.

7. Ийнхүү захиргаа хууль ёсны итгэл төрүүлсэн тул бэлтгэл ажилдаа орж, бодит зардал гаргасан. Тухайлбал: 200 сая төгрөгийн зардал гаргаж үнэ бүхий катерингийн тоног төхөөрөмжийг авсан. /энэхүү төхөөрөмж өнөөдөр агуулахад хураалгаастай байгаа/

8. Нэхэмжлэгч компаний удирдлагууд зардал гаргаж ХБНГУ, Франц, Япон, Итали, Араб зэрзг улс оронд туршлага судалж, мөн хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэхүү онгоцны тийз, гэрээ, гадаад улсын катерингийн компанитай гэрээг байгуулсан, холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт өгсөн. Зөвхөн онгоцны ирж очих зардал, тийз л гэхэд 100 сая төгрөг болсон.

9. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нь “Б ө” ХХК-тай барилга угсралтын ажлыг иж бүрэн гүйцэтгэх тухай гэрээг байгуулж гүйцэтгэгч компаний өнөөдөр барилгын ажилд бэлтгэлт гэж барилгын материал их хэмжээгээр худалдан авч бэлдсэн.

10. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э-ын Засгийн газар шинэ ерөнхий сайдад ажлаа хүлээлгэх өгөхөөсөө хэдхэн хоногийн өмнө маргаан бүхий тогтоолыг гаргаж гэнэт концесс зарласан. Төрийн захиргааны байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой.

11. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-аас аж ахуйн нэгжид гэрээний тодорхой санал тавьсаны дагуу нэхэмжлэгч бэлтгэл ажилдаа орж ихээхэн хэмжээний зардал гаргасан байтал энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэнэт концесс зарласан Засгийн газрын шийдвэр нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эрхэд шууд халдсан, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн.

12. Тухайлбал: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт захиргаа шийдвэр гаргах үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлах үүргийг хуульчилсан. 4.2. 3ахиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5 бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах. Хэрэв захиргаа дээрх тусгай зарчмын өөрийн шийдвэр, үйл ажиллагаандаа баримтлаагүй бол гаргасан шийдвэр нь хууль бус болдог.

13. Засгийн газрын дээрх тогтоолын улмаас нэхэмжлэгч “Н т” ХХК-д мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зардал, хохирол гарсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх нотлох баримт болон компаний хууль ёсны эрх, ашиг сонирхолд анхаарал хандуулсангүй.

14. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага ...бодит нөхцөл байдлыг тогтоох, судлах, нотлох баримтыг үнэлэх, өргөдөл, хүсэлтийг харгалзан шийдвэр гаргахаар хуульчилсаныг зөрчсөн. Энэ үүргээ зөрчиж дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй.

15. Зүй нь Засгийн газар шийдвэр гаргахаасаа өмнө Концессын тухай хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах боломжтой эсэх, холбогдох судалгааг хийх үүргээ биелүүлээгүй.

16. Өөрийнх нь агентлаг ИНЕГ-аас хэн нэгэн аж ахуйн нэгжид гэрээ байгуулах санал гаргасан эсэх, түүний улмаас тухайн аж ахуйн нэгж аливаа зардал гаргасан эсэх, “...бодит нөхцөл байдлыг тогтоох, судлах, нотлох баримтыг үнэлэх, өргөдөл, хүсэлтийг харгалзан шийдвэр гаргах…”, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийх эсэх талаар ямар нэгэн ажиллагаа, судалгааг Засгийн газраас хийгээгүй.

17. Энэхүү шийдвэрийн улмаас хэн нэгний эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох боломж байсан. Гэвч энэ ажиллагааг огт хийгээгүй. Нэхэмжлэгчээс гаргасан энэхүү зардал бол зуун хувь ИНЕГ-ын нэхэмжлэгчид хүргүүлсэн албан ёсны хариу, удаа дараагийн саналын дагуу гаргасан зардал.

18. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дээрх тогтоол нь нэхэмжлэгч “Н т” ХХК-д мэдэгдээгүй тогтоол гарсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой шууд хамаарал бүхий нөхцөл байдал бий болсон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

19. Энэ хохирлыг өнөөдөр хэн хариуцах вэ бэлтгэл ажилдаа орсон аж ахуйн нэгжийг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Сонсгох ажиллагааг огт хийгээгүй, энэ талаарх баримт хэргийн матераилд байхгүй. Шүүх үүнд огт дүгнэлт өгөөгүй.

20. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх дээрх хэмжээний бодит зардал гаргасан байхад энэ компаний итгэлийг эвдэж концесс зарласан нь дээрх зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирол болон нэхэмжлэгчийн анх маргасан дээрх үндэслэлд үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй.

21. Захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид дээрх хэмжээний бодит хохирол, зардал гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэсэн хууль бус дүгнэлтийг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс ч ИНЕГ-ын албан бичгээр нэхэмжлэгч хохирсон бол хохирлоо иргэний шүүхээр маргах эрхтэй гэж үлдээсэн.

22. Иймд маргааны гол зүйл болох Засгийн газрын концесс зарласан дээрх шийдвэр нь алдаатай, хууль ёсны шийдвэр болж чадаагүй, энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн.

23. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.5-д “концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолын 283 дахь хэсгийг батлан гаргахдаа Үндэсний хөгжлийн газраас Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөлтэй холбоотой ямар нэгэн судалгаа хийсэн эсэх, хэрэв хийсэн бол судалгаа хийсэнтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар Үндэсний хөгжлийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус тус гаргуулахаар хүсэлт гаргасан.

24. Хүсэлтийг анхан шатны шүүхээс хүлээн авч Үндэсний хөгжлийн газраас дээрх нотлох баримтуудыг шаардсан боловч Үндэсний хөгжлийн газраас энэ талаарх баримтууд байхгүй гэсэн хариуг ирүүлсэн. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг бүхэлд нь хангасан атлаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дээрх нотлох баримтуудыг шаардаагүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй.

25. Гэвч Үндэсний хөгжлийн газраас дээрх нотлох баримтууд байхгүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөлтэй холбоотой судалгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийсэн тус яаманд хадгалагдаж байгаа, тус яамнаас авсан судалгаанд тулгуурлаж Үндэсний хөгжлийн газар Концесс сонгон шалгаруулалтыг явуулсан гэж тайлбарласан.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтын эх сурвалжийг зааж, хүсэлт гаргаж тус хүсэлтийг анхан шатны шүүх хангасан боловч мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” заасан ажиллагааг шүүхээс хийсэнгүй.

27. Тодруулбал, нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах” эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн эсэх, хэрэв судалгаа хийж, санал боловсруулсан бол “Н т” ХХК-ийн эрхэд байгаа “онгоцны хоолны цэс”-ийн зохиогчийн эрхийн 9860 дугаартай гэрчилгээ, “Н т” ХХК-ийн барааны тэмдгийн 14521 дугаартай гэрчилгээ нь шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болох байсан эсэхийг шалгаж, судалгаа хийгээгүй гэж тайлбарлан маргасан.

28. Гэвч нэхэмжлэгчийн маргааны үндэслэл болсон нотлох баримт хаана хадгалагдаж байгааг хариуцагчаас зааж байхад анхан шатны шүүхээс ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, шалган тогтоох үүргээ биелүүлсэнгүй.

29. Мөн нэхэмжлэгчээс анх концесс зарласан шийдвэрийг мэдсэн даруйдаа Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргахад Ерөнхий сайд У.Х бидний гомдлыг хүлээн авч, холбогдох судалгааг хий, компанитай гэрээг үргэлжүүлэх талаар судал гэж МИАТ ХК-ийн дэд захирал Н.Э-т шилжүүлж цохолт хийсэн гэж нэхэмжлэгч компаний удирдлагууд мэдээлэл өгсөний дагуу Ерөнхй сайдын тэрхүү шийдвэрлэсэн гарын үсэг бүхий цохолтыг нотлох баримтаар хариуцагчаас гаргуулахыг хүссэн боловч шүүхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн албан хариу бичигтээ “...Ерөнхий сайд цохолт хийж холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон” гэсэн хариуг ирүүлж өргөдөл гомдлын хуудсыг хавсарган ирүүлсэн. Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний “Н т” ХХК-ийн гомдлыг холбогдох албан тушаалтанд хэрхэн даалгавар, шийдвэр, цохолт өгсөн тэрхүү гарын үсэг бүхий баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, нуун дарагдуулсан бөгөөд энэхүү баримт нь нэхэмжлэгчид чухал ач холбогдол бүхий баримт байсан болно.

30. Нотлох баримтыг хэрэгт ач холбогдол, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх “онгоцны хоолны цэс”-ийн зохиогчийн эрхийн 9860 дугаартай гэрчилгээ, “Н т” ХХК-ийн барааны тэмдгийн 14521 дугаартай гэрчилгээ нь “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” зайлшгүй шаардлагатай оюуны өмчийн эрх биш байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

31. Учир нь зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны гол зорилго, гарах үйлчилгээ, эцсийн бүтээгдэхүүн нь онгоцны зорчигчдод тогтоосон хоолны цэсийн дагуу хоол бэлтгэн нийлүүлэх юм.

32. Монгол Улсын Засгийн газраас концессын зүйлийн жагсаалтыг батлахдаа Концессын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т “энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан уралдаант шалгаруулалт явуулах, эсхүл шууд гэрээ байгуулах эсэх” гэж заасны дагуу тухайн концессын зүйлийн жагсаалтад шууд гэрээ байгуулах эсэх, уралдаант шалгаруулалт явуулах эсэхийг тус тус тусгах ёстой.

33. Харин ингэж тусгахдаа шууд гэрээ байгуулах эсэх, уралдаант шалгаруулалт явуулах эсэхийг Монгол Улсын Засгийн газар өөрийн үзэмжээр биш ямар нэгэн судалгаанд тулгуурлаж тодорхойлохыг Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан.

34. Гэвч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, ямар нэгэн судалгаа хийлгүй манай компанийн оюуны өмч болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах онцгой эрхэд халдсан шийдвэр болсон.

35. Манай компани нь “Нислэгийн зорчигчдын хоол бэлтгэх катеринг үйлчилгээ үзүүлэх" чанарын менежментийн тогтолцоог стандартын шаардлагын дагуу нэвтрүүлж бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас гэрчилгээ авсан.

36. Түүнчлэн Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр тушаалаар онгоцны хоолны сав, хоол бэлтгэх үйлчилгээний барааны тэмдгийн гэрчилгээг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эзэмших онцгой бүрэн эрхийг манай компани эзэмшиж байна.

37. Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа бол шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгоно” гэж заасны дагуу манай компанитай шууд гэрээ байгуулахгүй, сонгон шалгаруулалт зарлаж байгаа Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль бус байна.

38. Тус эцсийн гарах бүтээгдэхүүн болох “онгоцны хоолны цэс”-ийн зохиогчийн эрх нь “Н т” ХХК-д 9860 дугаартай гэрчилгээгээр хадгалагдаж, тус онгоцны хоолны сав, баглаа боодолд барааны тэмдэг байрлуулах эрх нь мөн л “Н т” ХХК-д барааны тэмдгийн 14521 дугаар гэрчилгээгээр хадгалагдаж байна.

39. Гэтэл анхан шатны шүүхээс “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төсөлд зайлшгүй шаардлагатай оюуны өмчийн эрх биш гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

40. Мөн хэдийгээр оюуны өмчийн гэрчилгээ нь “Н т” ХХК-ийн нэр дээр биш ч гэсэн тус компаний үүсгэн байгуулагч Н.Хандсүрэн гэрчилгээг авсан нь Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1.2 болон Компаний тухай хуулийн дагуу нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээд мөн юм.

41. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0070 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            42. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Концессийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэн байна.

            43. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж, уг төслийн гүйцэтгэгчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн, үүний дагуу Үндэсний хөгжлийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах уралдаант сонгон шалгаруулалт зарласан,  уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Нүхттур” ХХК оролцоогүй, өөр бусад 5 хуулийн этгээд оролцож, гуравдагч этгээд “С” ХХК шалгарсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй, нэхэмжлэгчээс “...Иргэний нисэхийн ерөнхий газраас катеринг үйлчилгээний газар олгох талаар манай компанид албан тоотоор мэдэгдэж, хууль ёсны итгэл төрүүлсэн, үүний улмаас бид Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж, ... зардал гаргаж олон ажлууд хийсэн, ... Оюуны өмчийн газраас олгосон онгоцны хоолны цэс-ийн зохиогчийн эрхийн 9860 дугаартай гэрчилгээтэй байхад өөр этгээдэд катерингийн үйлчилгээ явуулах эрх олгосон нь Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг зөрчсөн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ...  хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим зөрчигдсөн” гэж, хариуцагч нараас “... Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн гүйцэтгэгчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй, ... уг шалгаруулалтад “Н т” ХХК нь оролцоогүй тул сонгон шалгаруулалттай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, ... шууд гэрээ байгуулахыг Засгийн газраас шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

            44. Концессийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...концесс гэж төрийн ... өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг /ойлгох/”-оор, 6 дугаар зүйлийн 6.1.1-д “...төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах /бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэх/”-ээр, 10 дугаар зүйлийн 10.3.3-т “.... /жагсаалтад/ уралдаант шалгаруулалт явуулах, эсхүл шууд гэрээ байгуулах эсэх ... /-ийг тусгах/”-аар тус тус зааснаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын 1 дэх заалтын  283 -т “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн гүйцэтгэгчийг уралдаант шалгаруулалтаар сонгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн, уг акт нэхэмжлэгч  “Н т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

            45. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06/1311 дүгээр албан бичгээр “... катерингийн барилга барих, үйл ажиллагаа явуулах байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахаар ажиллаж /байгаа/” талаар болон “...холбогдох мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд нээлттэй зарлах тул тухайн үед мэдээллийг авч хамтран ажиллах...”-ыг “Н т” ХХК-д мэдэгдэж байсан, мөн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “... нисэх онгоцны шинэ буудлын ерөнхий төлөвлөгөөний дагуу катерингийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг хавсралтад заагдсан нэгж талбарт байгуулах боломжтой тул уг газрыг ашиглах талаар хамтран ажиллах гэрээг тус газартай байгуулан ажиллах” талаарх саналыг 01/2514 дүгээр албан бичгээр “Нүхттур” ХХК-нд, 01/2518 дугаар албан бичгээр “МИАТ” ХК-нд, 01/2520 дугаар албан бичгээр “С” ХХК-нд тус тус хүргүүлж байсан, талууд уг үйл баримтуудтай маргаагүй тул захиргааны байгууллагаас “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийн гүйцэтгэгчийг “... уралдаант шалгаруулалтаар сонгохгүй, “Н т” ХХК-тай шууд гэрээ байгуулах хууль ёсны итгэл төрүүлсэн” гэж шүүх дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Иргэний нисэхийн ерөнхий газраас ... гэрээ байгуулах, хамтран ажиллах, өмнөх гэрээгээ үргэлжлүүлэх санал тавьсаны дагуу өмнө нь катерингийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжид хууль ёсны итгэл төрсөн, … тул бэлтгэл ажилдаа орж, бодит зардал гаргасан /байхад/ … шүүх үнэлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн ... /холбогдох заалтуудыг хэрэглээгүй/” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

46. Концессийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “... концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа /тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болох/”-оор заасан, нэхэмжлэгчээс “шууд гэрээ байгуулах үндэслэл болно” гэж маргаж буй Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, 14521 дугаартай Бараа тэмдгийн гэрчилгээгээр хамгаалагдсан “Нүхттур” ХХК-ийн барааны тэмдгийн дардас, мөн даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, 9860 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон, Н.Х-ийн зохиосон “Онгоцны хоолны меню” нь тухайн тохиолдолд буюу “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийг гүйцэтгэхэд “зайлшгүй шаардлагатай” гэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй, зөв байна.

47. Өөрөөр хэлбэл, “катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” үйл ажиллагаанд нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн барааны тэмдэг, “хоолны меню”-г зайлшгүй ашиглах ёстой гэж шүүх дүгнэх боломжгүй, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж, уг төслийн гүйцэтгэгчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан “барааны тэмдэг”, иргэн Н.Х-ийн “зохиогчийн эрх”-ийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “....зайлшгүй шаардлагатай оюуны өмчийн эрх биш байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, ... нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

48. Төрийн өмчийн эд хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох уралдаант шалгаруулалт явуулах харилцаа нь сонирхогч этгээд, оролцогчдод тэгш боломж олгох зарчмын үндсэн дээр хэрэгжих ёстой, нэхэмжлэгч “Н т” ХХК нь “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” эрхийг өөр бусад этгээдтэй өрсөлдөхгүйгээр, шууд авах “давуу эрх”-тэй болох нь дээрх байдлаар нотлогдохгүй байх тул маргаан бүхий төслийг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмж, төслийн гүйцэтгэгчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн, уралдаант шалгаруулалт явуулсан хариуцагч нарын үйл ажиллагаа нь аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглох зарчимтай нийцсэн гэж үзнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, … шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болох байсан эсэхийг шалгаж, судалгаа хийгээгүй” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдол мөн үндэслэлгүй байна.

49. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0070 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА