Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-05-15
Дугаар 155
Хэргийн индекс 128/2017/0536/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "З т г" ОНӨААТҮГ
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүрийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "И э ө" ХХК, "А т" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“З т г” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга,

Сүхбаатар дүүрийн Засаг даргад

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                  Б.Мөнхтуяа

                                                   Ч.Тунгалаг        

Илтгэгч шүүгч:                         Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “З т н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0175 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д,

Гуравдагч этгээд “А т” ХХК-ийн өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”З т г” ОНӨААТҮГ-ын  нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/435 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж, нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “И э ө” ХХК-д олгосон 1500 м2 газрын хэмжээг оруулан нэхэмжлэгчийн газрын хэмжээг тогтоох зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч нийслэлийн Засаг дарга  дахин  шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0175 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... миний үйлчлүүлэгч буюу энэхүү захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “И э ө” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл уг газар дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд болох “А т” ХХК нар нь хууль бусаар шатахуун түгээгүүр барьж байгуулан ашиглаж эхэлсэн.

4. Улмаар энэхүү хууль бус үйлдлээ зогсоож “И э ө” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг “А т” ХХК-иас хүссэн боловч уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан, Гэтэл З т гОНӨААТҮГ нь “И э ө” ХХК-д газар олгосон захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, өөрийн эзэмшилд байсан газрыг эзэмшилдээ буцаан авах шаарлдага бүхий нэхэмжлэл гаргаж энэхүү захиргааны хэргийг үүсгүүлсэн.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж, 2015 оны А/435 дугаар захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/829 дүгээр захирамжийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨАТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 тоот захирамжийн “И э ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болгон өөрчилсөн. Гэхдээ шүүх хуралдаан дээр нийслэлийн Засаг даргын А/524 тоот захирамжийн ... илт хууль бус болохыг тогтоолгох гэснийгээ редакцийн алдаа гаргаж буруу бичсэн байна үүнийгээ хүчингүй болгох гэж тодруулж байна гэсний дагуу мэтгэлцээн явагдсан.

6. “И э ө” ХХК-ийн зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо илэрхийлсэн байр суурь: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан инженерийн шугамд холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн, холбогдох боломжтой газар учраас дүүргийн Засаг даргын хувьд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхгүй, уг газрыг харин нийслэлийн Засаг дарга шийдэх зохицуулалттай гэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд тухайн газар нь дээрх шаардлагын дагуу нийслэийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газар гэдэг нь нотлогддоггүй. Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж нь хууль ёсны захирамж юм.

7. Мөн З т гОНӨААТҮГ (тухайн үеийн нэрээр Автобус 3 компани УҮГ) уг захирамжийг дэмжсэн байр сууриа 2008 оны 9 сарын 08-ны өдрийн 64 дугаартай албан бичгээр илэрхийлсэн байдаг. Гэтэл тухайн хуулийн этгээдийн удирдлага солигдсоноор өмнөх байр суурь өөрчлөгдөж тухайн захирамжийг дэмжсэн байр сууринаасаа татгалзаж захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм.

8. Түүнчлэн энэхүү 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дэмжсэн албан бичигт үнэлэлт дүгнэлт өгвөл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжийн талаар 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хангалттай мэдсэн гэдэг нь нотлогдож байна гэсэн үг.

9. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дугаар захирамжууд нь гарсан цаг хугацааны хувьд Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө гарсан байдаг тул эдгээр захирамжуудын тапаар гомдол, нэхэмжлэл гаргах тухайд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Харин гомдол нэхэмжлэл гаргахтай холбоотой харилцааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуульг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан журмын дагуу гомдол нэхэмжлэлээ гаргах ёстой байсан ба эдгээр хуулинд заасан гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байдаг. З т г ОНӨААТҮГ-ын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хэзээнээс эхэлж тоолох боломжтой вэ? гэхээр дээр дурдсан 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгийн огноогоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжийг мэдсэн өдөр гэж тодорхойлох боломжтой байх ба үүнээс 30 хоног тоолвол 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон билээ.

10. Анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэрийн тухайд: Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг хэрэглэх ёсгүй байсан. Учир нь дээр дурдсан инженерийн шугамд холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн, холбогдох боломжтой газар болох талаар нотлох баримтаар нотлогдохгүй байхад нотлогдсон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн, харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй.

11. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, хугацаа сэргээсэн ажиллагаа хийсэн зүйл огт байхгүй, анхнаасаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгоход хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй гэсэн ойлголтоор хэргийг шийдвэрлэсэн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Энэ нь мөн л шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж ойлгогдож байна.

12. Давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0175 дугаар магадлалын тухайд: Гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээрх асуудлаар гомдол гаргасныг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд дээрх дугаар бүхий магадлалаар гомдлыг хангахаас татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бухэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэснийг зөрчиж миний гаргасан гомдлын хүрээнээс хальж гомдолд огт дурдагдаагүй асуудлууд болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамж гарч байх үед “И э ө” ХХК нь газар үүсгэн байгуулагдаагүй байсан байна, газар эзэмшихийг хүссэн хүсэлт нь хзрэгт авагдаагүй байна, Автобус 3 ХХК болон “И э ө” ХХК-ийн хооронд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эзэмших эрх шилжих ажиллагаа явагдсан гэж үзэхгүй” гэх зэрэг дүгнэлтүүдийг маш дэлгэрэнгүйгээр хийсэн байх ба миний гаргасан гомдлын талаар маш товчхоноор “... Хэдийгээр “И э ө” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч маргаж буй газрын хувьд анхнаасаа хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй гуравдагч этгээд “И э ө” ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв...” гэснээс өөр ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

13. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нараас надад тавьж байсан асуултууд нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаартай захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагаа хийсэн гэж үзэх үү” гэх мэт байсанд үнэлэлт дүгнэлт өгвөл Захиргааны ерөнхий хуульд байдаг зохицуулалтуудын хүрээнд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Энэ нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үг.

14. Иймд, Улсын дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн хуульд нийцээгүй буруу шийдвэр, магадлалыг өөрчилж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж “И э ө” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчигдөж болзошгүй байдлаас хамгаалж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            16. Нэхэмжлэгч ”З т г” ОНӨААТҮГ-аас анх 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж, 2015 оны А/435 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжийн “Автобус 3”, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн ”З т н” ОНӨААТҮГ-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус захиргааны актад тооцуулж, уг газрыг “З т н” ОНӨААТҮГ-д буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн ”З т н” ОНӨААТҮГ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан дээр “нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа “... /уг захирамжийн/ “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            17. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус “... хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... уг захирамжууд нь ... /2015, 2016 онд/ хүчингүй болсон” гэж тайлбарласан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж дүгнэлт, шийдэл хийлгүй, “өөрийн санаачлагаар” маргаан бүхий захиргааны актуудыг “хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох” зарчим, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.

            18. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг засаагүй тул, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И э ө” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх  боломжгүй байна.

            19. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт ... илт хууль бус болох ... /-ийг/ тогтоох ... нэхэмжлэлд ... /нэхэмжлэл гаргах/ хугацаа үл хамаарах”-аар заасан тул захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэхэд “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх”-ийг шалгах шаардлагагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг “хүчингүй болгуулах”-аар өөрчилж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааг шүүх шалгах зайлшгүй шаардлагатай.

            20. Нэхэмжлэгч ”З т г” ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007, 2015 оны захирамжууд, нийслэлийн Засаг даргын 2015, 2016 оны захирамжуудын холбогдох хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрчилж, “… хүчингүй болгуулах”-аар шаардсан, энэ тохиолдолд, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааг  нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх асуудлаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ үндэслэлээр гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

            21. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан эдгээр зөрчлийг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0175 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “И э ө” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА