Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-24
Дугаар 237
Хэргийн индекс 128/2018/0330/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "М.." ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“М..” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэс, Хан-Уул дүүргийн

 Засаг даргад тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Л.Атарцэцэг

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын “М..” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”,

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0077 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүнийг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “М..” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын “М..” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М..” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0077 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасныг баримтлан “М..” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”; 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн Засаг даргын тус компанийн менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах”, мөн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгийг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэснийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэрүүд гэж үзэж байна.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “М..” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан байгаль орчны шинэчилсэн төлөвлөгөөг батлуулж хүргүүлээгүй шалтгаан нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар шийдвэрийн улмаас батлуулаагүй болохыг мэдэж байсан болно /хүсэлтдээ хавсаргасан/. Нэхэмжлэгчийн зүгээс менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй Хан-Уул дүүргийн Засаг дарга буюу төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдлийн үр дагаврыг “М..” ХХК-д ногдуулж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж маргасан.

6. “М..” ХХК-ийн зүгээс 2014 оны 05 дугаар сараас хойш байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах, тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицолд өөрчлөлт оруулах асуудлаар маш их хөөцөлдөж, холбогдох бүх байгууллагад хандсан байдаг. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сард, 02 дугаар сарын албан тоотынх нь дагуу биечлэн уулзахад “Нийслэлийн байгаль орчны газар, байгаль орчны байцаагчтайгаа очиж уулз, нөхөн сэргээлт хийсэн эсэх талаарх баримтаа авч ир” гэдэг. Нөхөн сэргээлтийн ажлыг цаг тухайд нь хийсэн тодорхойлолт гаргуулахаар Байгаль орчны байцаагчид хандахаар “Нийслэлийн байгаль орчны газарт ханд, би мэдэхгүй” гэдэг. Байгаль орчны газар нь “Ашигт малтмалын газарт ханд” гэдэг бол Мэргэжлийн хяналтын газар нь “манайх тус асуудлыг хариуцахаа больсон” гэдэг. Харин Ашигт малтмал, газрын тосны газар нь “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэдэг хариуг тус тус өгч заавар, чиглэлийг нь өгдөггүй, асуудлыг өөрсдөөсөө бултуулдаг, төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлээс шалтгаалсныг “М..” ХХК-ийн буруутай үйлдэл хэмээн тогтоосон нь үндэслэлгүй байна.

7. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол зэргээр “М..” ХХК-ийн ХV-013682 дугаар тусгай зөвшөөрлийн 25.64 га талбайн зөвхөн 0.21 га талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарах болсон.

8. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч компаниас захиргааны байгууллагын шаардлагад ямар нэг байдлаар тайлбар, хүсэлт гаргаагүй” гэжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “М..” ХХК-иад албан ёсоор “Менежментийн төлөвлөгөө батлан ирүүлэх” тухай шаардлага албан тоотын дагуу нэг ч удаа ирж байгаагүй. Гэтэл шүүхээс “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах дотоод хяналтын хуудас”-д тэмдэглэгдсэн “Шинэчилсэн БХОТ-г шаардав” гэснийг үнэлэн шаардлага хүргүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь хэт нэг талыг баримталсан байдаг. Уг шаардлагыг хариуцагчаас хэнд хандаж, хэрхэн шаардлага хүргүүлсэн талаараа тайлбарлаагүй.

9. Анхан шатны шүүхээс “... өөрийгөө төлөөлөх этгээдийг зөв тодорхойлон ирүүлээгүй өөрийн компанид ажилладаггүй, хамааралгүй этгээдийг төлөөлөгчөөрөө заан явуулж байсан” гэжээ. “М..” ХХК-ийн зүгээс тус компанид ажилладаггүй Б.Э-А-г төлөөлөгчөөрөө явуулсан зүйл байхгүй бөгөөд итгэмжлэл олгон явуулж байгаагүй болно. Төрийн байгууллагын зүгээс “М..” ХХК-ийн ерөнхий захирал н.Б-аас уг асуудлыг хөөцөлдөөд явж байдаг талаар мэдсээр байж, түүнд холбогдох заавар зөвлөгөөг өгөөгүй, шаардлага тавьсан гэх боловч албан ёсоор компанийн хаягаар ирүүлэх ёстой байсан боловч нэг ч удаа тус байгууллагаас албан бичиг ирж байгаагүй юм.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” хэмээн заасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан “М..” ХХК-ийн өргөдлийг 4 жил 3 сарын хугацаанд шийдвэрлээгүй хууль зөрчсөн байдаг. Уг хугацаанд нэг ч удаа албан ёсоор шаардлага хүргүүлээгүй, “МВС" ХХК-ийн тайлбар, саналыг сонсоогүй, төлөвлөгөөг баталж чадахгүй байгаа шалтгааныг тодруулаагүй болно.

11. Анхан шатны шүүхээс “...нэгэнт компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар хариуцагчаас мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь дээрх байдлаар тогтоогдож байхад “...тус компанид хамааралгүй, ажилладаггүй этгээдэд мэдэгдсэн, гардуулсан, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ” гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрнйн 221/ШТ2018/0237 дугаар тогоолоор “...Захиргааны актыг мэдэгдэх үүргээ хуульд заасан журмын дагуу зохих ёсоор биелүүлээгүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа, мэдэгдлийг гардан авахаас татгалзаагүй Б.Э-А-ийн эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэгч “М..” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй ... актыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэсэн байтал, шүүхээс гарсан тухайн үйл баримтыг тогтоосон эцсийн шийдвэрийг /тогтоох хэсгийн зохицуулалт/ үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй ойлгомжгүй байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27.2 дахь хэсэгт “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1 дэх хэсэгт “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” хэмээн тус тус заасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг “М..” ХХК-нд шууд хүргүүлээгүй, улмаар дээрх хуулийн 27.4 дэх хэсэгт заасан “Сонсох ажиллагаа”-г огт явуулаагүй төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хэрхэн зөвтгөж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

13. Давж заалдах шатны шүүхээс ““М..” ХХК-нд өргөдлийн бүрдлийг хангуулах хугацааг хангалттай олгосон нь маргаан бүхий 515 дугаар шийдвэрийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргаснаар тогтоогдож байна” хэмээн үндэслэлгүй, хэт ерөнхий дүгнэлт хийжээ. Гэтэл Кадастрын хэлтээс уг хугацаанд нэг ч мэдэгдэл “М..” ХХК-д ирүүлж байгаагүй төдийгүй манай компаниас өдийг хүртэл менежментийн төлөвлөгөөг батлуулж чадахгүй байгаа шалтгаан нөхцлийг тодруулалгүй, мэдээгүй ирсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг.

14. “Хан-Уул дүүргиин Засаг даргын “М..” ХХК-ийн менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах” шаардлагын тухайд:

15. Шүүхээс “...”Монгол шуудан” ХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 08/703 дугаар албан бичигт “М..” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сар, 2017 оны 02 дугаар сар, 2018 оны 02 дугаар сард “Засаг даргад, Хан-Уул дүүрэг” хаягаар албан бичиг илгээсэн нь нотлогдохгүй байна” гэсэн нь үндэслэлгүй.

16. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Э-А-ийн зүгээс шүүхэд “н.Б захирал утсаар ярьж ах нь лицензээ хөөцөлдөөд яваад байгаа боловч сайн мэдэхгүй байна, маргааш Хан-Уул дүүрэг болон холбогдох газруудаар яваад өгөөч гэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсан бичиг өгөхөд нь хамт явсан... бичиг хэрэгт нь өгсөн... яг ямар бичгүүд өгснийг нарийн сайн мэдэхгүй байна” гэж тайлбарлаж байсан тайлбар, “М..” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг дарга н.Алдаржавхланд гаргасан хүсэлтийг “Монгол шуудан” ХК-ийн шуудан хүргэгчийн дэвтэрт тэмдэглэснээр 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Наранцацрал /Б.Наранцацрал үзлэг хийхэд оролцсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтсийн ажилтан/-д хүргүүлсэн байдаг.

17. Гэтэл шүүхээс зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж “М..” ХХК-иас хүсэлт ирээгүй хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

18 Ийнхүү ямар учраас “М..” ХХК-ийн хүргүүлсэн нэг ч хүсэлт, албан бичиг Хан-Уул дүүргийн Засаг даргад очоогүй нь ойлгомжгүй, ийнхүү тайлбарладаг хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байдгийг шүүх анхаарч үзээгүй.

19. “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

20. Анхан шатны шүүхээс “2014 оны 05/72 дугаар актын хувьд нэхэмжлэл гаргах хугацааг 2002 онд батлагдаж 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаагаар тооцохоор байна, ... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 05 дугаар сарын 16-нд дуусгавар болсон байна” гэж үзсэн давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн нь үндэслэлгүй байна.

21. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 05/72 дугаартай шийдвэр нь 2004 оноос мөрдөгдөж эхэлсэн, хүчингүй болгосон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн аль алинд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байдаг.

22. Нэгэнт илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд уг акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед гарсан акт хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт... холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” хэмээн тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

23. Процесс ажиллагааг зохицуулсан хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цагаас шууд үргэлжилж эхэлдэг. Иймд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үүссэн эсэхээс үл хамааран тус харилцааг дээрх хуулиар зохицуулна гэж үээж байна.

24. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар акт илт хууль бус эахиргааны акт болох тухайд:

25. Давж эаалдах шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгийг захиргааны акт биш гэж үзжээ. Гэтэл уг албан бичгийн улмаас “М..” ХХК нь тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, захирамжилсан, нэг удаагийн шинжтэй, захиргааны байгууллагаас гаргасан шууд үр дагавар бүхий акт байх тул эахиргааны акт биш гэж үзэх үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг акттай маргаад буй үндэслэлийг ойлгоогүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

26. Тус актаар Хан-Уул дүүргийн Засаг дарга “”МВС” ХХК-ийг үйл ажиллагаагаа зогсоон, нөхөн сэргээлт хийхийг мэдэгдэж”, менежментийн шинэчилсэн төлөвлөгөө баталж өгөөгүй нь хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг болон Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, 56.1.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй үйл ажиллагааг зогсоохыг шаардсан.

27. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөлтэй талбай ашигт малтмап хайх, ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалтад хамаарч байвал түүнд нөхөн олговрыг бүрэн төлснөөр тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаагаа зогсоо гэх эрхтэй байгууллага нь байтал дүүргийн Засаг даргаас хуулийн зохицуулалтад огт үндэслэлгүй, өөрийн бүрэн эрхт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан болно.

28. Хариуцагч Хан-Уул дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн уг шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “н”-д заасан хэсэг болон Байгапь орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх хэсгийг тус тус баримталсан боловч эдгээр зохицуулалт нь үйл ажиллагааг зогсоох эрхийг агуулсан эрхийн зохицуулалт биш юм.

29. “М..” ХХК нь 2011 онд хайгуулын талбайд нөхөн сэргээлтийг хийж байгаль орчны байцаагчид хүлээлгэж өгснөөс хойш уг талбайд огт хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаагүй байтал үндэслэлгүйгээр ийнхүү шийдвэрлэснээр менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй.

30. Иймд менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй Төрийн захиргааны байгууллагын буруутай ажиллагааны үр дагаварт “М..” ХХК-ийг буруутгаж олон жилийн хайгуул хийж, нөөц батлуулж, ихээхэн хэмжээний зардлаар хохироож байна.

31. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0077 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

32. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

33. ... – “Хан-Уул дүүргийн Засаг даргын “М..” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

34. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгээр “... Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын усан сан бүхий газарт танай байгууллагын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нэгж талбар давхардаж байгаа тул үйл ажиллагаагаа зогсоон, нөхөн сэргээлт хийх”-ийг “M..” ХХК-нд мэдэгдсэн, уг албан бичгийг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 ... , 47.1.6 ...-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болно” гэжээ.

35. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг тогтоож, үүний дотор 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдлуудыг заасан, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгийг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” үндэслэлүүдийг “... захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй, захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн /байх/”-аар зохицуулсан байжээ. 

36. Хан-Уул дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичиг нь Хан-Уул дүүргийн Засаг даргын нийтийн эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу, гадагш чиглэсэн, чиглэсэн этгээддээ “үйл ажиллагаагаа зогсоон, нөхөн сэргээлт хийх” үр дагавар бий болгосон шинжтэй байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “... нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа”-ний шинжийг агуулсан, “захиргааны акт” мөн гэж үзнэ, анхан шатны шүүх “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай (2016) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “... захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт ... илт хууль бус болох ...  нэхэмжлэлд ... /хөөн хэлэлцэх/ хугацаа үл хамаарах”-аар заасантай нийцээгүй, давж заалдах шатны шүүх уг маргаан бүхий актыг “... захиргааны актад хамаарахгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ. 

37. Нэхэмжлэгч “M..” ХХК-нд XV-013682 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь ХУД-ийн нутаг дэвсгэрт байрладаг, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагтай бүтэн давхцалтай, Туул голын хамгаалалтын бүсийн хилтэй хэсэгчлэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 5/1317 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт ирүүлсэн Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон, дүүргийн Засаг дарга нь “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” чиг үүргийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /н/ дахь заалтаар хүлээсэн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгийг  “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, эсхүл “... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх боломжгүй, маргаан бүхий акт “илт хууль бус” шинжийг агуулаагүй байна.

38. Иймд, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардалыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 39. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “... /хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа/ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаж ирүүлэх”-ээр, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх”-ээр тусгайлан заасан, нэхэмжлэгч “M..” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1/043 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-т хандан “хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай” хүсэлт гаргасан, уг хүсэлтдээ хуулиар тусгайлан шаардсан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт”-ыг хавсаргаж ирүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэр гарахаас өмнөх хугацаанд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж ирүүлээгүй байх тул “Хан-Уул дүүргийн Засаг даргын “М..” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж “М..” ХХК-иас хүсэлт ирээгүй хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ... ямар учраас “М..” ХХК-ийн хүргүүлсэн нэг ч хүсэлт, албан бичиг Хан-Уул дүүргийн Засаг даргад очоогүй нь ойлгомжгүй” гэх зэрэг гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй.

40. Түүнчлэн, нэхэмжлэгч “М..” ХХК-иас  “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус Хан-Уул дүүргийн Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар хандсан” гэх боловч  нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэх 47 хуудас материалыг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн нь шүүхийн үзлэг, нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07/2254 дүгээр албан бичгээр “... Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт ... /танай/ 47 хуудас хавсралт бүхий өргөдөл ирээгүй, бүртгэгдээгүй ...  танай компаниас ямар асуудлаар гомдол гаргасан нь тодорхойгүй байх тул хариу өгөх боломжгүй” гэх хариуг “М..” ХХК-нд ирүүлсэн нь хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг уг хугацаанаас тоолсныг буруутгах боломжгүй, давж заалдах шатны шүүх уг маргааны үйл баримтуудад холбогдуулж, нэхэмжлэл гаргах “... хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэсэн нь буруу гэж үзлээ.

41. ... – “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

42. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “M..” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1/043 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-т хандан “хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай” хүсэлт гаргасан, ингэхдээ  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт”-ыг хавсаргаж ирүүлээгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр “... байгаль орчны менежтентийн төлөвлөгөөг батлуулсан баримт ... /байхгүй/” гэх үндэслэлээр, “M..” ХХК-ийн эзэмшлийн XV-..... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан, нэхэмжлэгч “M..” ХХК-иас “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байсан” үйл баримттай маргаагүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг “хуульд нийцээгүй” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

43. Нэхэмжлэгчээс “... Хан-Уул дүүргийн Засаг дарга менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй” гэх боловч “М..” ХХК-иас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлж байгаагүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтаа ирүүлэх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлээс шалтгаалсныг “М..” ХХК-ийн буруутай үйлдэл хэмээн тогтоосон нь үндэслэлгүй, ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “М..” ХХК-нд албан ёсоор “Менежментийн төлөвлөгөө батлан ирүүлэх” тухай шаардлага нэг ч удаа ирүүлж байгаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

44. Нэхэмжлэгч “M..” ХХК-ийн эзэмшлийн XV-..... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь анх 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон,  “MBC” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн ирүүлээгүй, энэ тохиолдолд, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах үндэслэл шууд бүрдэнэ, ингэснээр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох хууль зүйн үр дагавар үүссэн байх тул  хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “М..” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... манай өргөдлийг 4 жил 3 сарын хугацаанд шийдвэрлээгүй хууль зөрчсөн”, “... манай компанийн тайлбар, саналыг сонсоогүй, төлөвлөгөөг баталж чадахгүй байгаа шалтгааныг тодруулаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

45. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

46. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ч.Эрхэмбаярт шүүх хуралдааны товыг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 56 минутад мэдэгдсэн нь шүүх хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй тул “... хэргийн материалтай танилцах шаардлагатай” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0077 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “M..” ХХК-ийн  “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын “М..” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “M..” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА