Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-14
Дугаар 315
Хэргийн индекс 221/2019/0008/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч С.Ж
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

С.Ж-ын нэхэмжлэлтэй,

Санхүүгийн зохицуулах хороонд

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Б.Мөнхтуяа

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                     Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2019/0013 дугаар шийдвэртэй,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2019/0013 дугаар шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-аас Санхүүгийн зохцуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гомдлын үндэслэл:

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө гомдолдоо: “... миний бие С.Ж нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ буюу найман зуун сая (800,000,000) төгрөгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан хамтрагчидтайгаа хамт бүрдүүлэн холбогдох бусад шаардлагуудыг хангаж Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч Санхүүгийн зохицуулах хорооноос Захиргааны өрөнхийн хууль зөрчиж гаргасан 2016 оны 271 тоот тогтоол нь энэ төрлийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох тусгай зөвшөөрөл авах миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн буюу зөрчиж болзошгүй нь илэрхий байсан тул энэхүү хууль бус тогтоолын шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаагүй болно. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 тоот тогтоол нь Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг найман зуун сая (800,000,000)-аас хоёр тэрбум таван зуун сая (2,500,000,000) төгрөг болгон огцом өсгөсөн шийдвэр гаргасан бөгөөд 2017 оны 27 дугаар тогтоолоор үйл ажиллагаагаа явуулж байсан Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх хуваарийг Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолын 3-т заасны дагуу гаргасан буюу энэ хоёр тогтоолууд нь нэг харилцааг зохицуулсан, үргэлжилсэн шинжтэй харилцааг зохицуулсан тул мөн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Энэ дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Цогтын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШЗ2019/0488 дугаартай захирамжаар үүсгэсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27-р тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий Захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2019/0013 тоот дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зерчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ж-ын хувьд маргаан бүхий тогтоолуудын улмаас Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах эрх, ашиг сонирхлыг нь илтэд зөрчиж болзошгүй байсан. Иргэн С.Ж нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хууль, холбогдох шаардлагуудыг судлуулахаар хуульч Н.Өлзийжаргалд 2018 оны 11 сард хандсан. Улмаар хуульч Н.Өлзийжаргал нь нэхэмжлэгч С.Ж-ын хүсэл, шаардлагын дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хандан дээрх маргаан бүхий тогтоолуудын бүртгэлийг тодруулж албан бичгээр хариу авсан зэрэг нь нэхэмжлэгч С.Ж-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж болзошгүйг тогтоох нотлох баримтууд хэргийн материалд хавсаргасан болно. Нэхэмжлэгч С.Ж нэгэнт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй нь илэрхий байсан хууль зөрчиж батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271-р топгоолын дагуу Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах шаардлага байгаагүй.

5. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн материалаа Санхүүгийн зохицуулах хороонд өгөх гэтэл тухайн үөд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр гарчихсан, хэрэгжиж байсан. Иймд шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн материал өгөх бол урьдчилж хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөгийг банкны дансанд байршуулсны дараа, холбогдох баримтаа өгөхийг шаардаж байсан дээрх журмын дагуу.

6. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй” гэдгийг буруугаар тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх маргаан бүхий тогтоолуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62, 64.3, 64.4, 65, 66, 67 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч Санхүүгийн зохицуулах хорооны дээрх тоггоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримт гаргаж өгөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7. Захиргааны ерөнхий хууль зөрчиж батлагдсан төрийн захиргааны байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан, боломжийг хаасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгч миний эрх ашиг хохирсон, бодитой хохирч болзошгүй байдал тогтоогдоод байхад шүүх Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг гаргах, бүртгэх болон бусад хохирсон байж болзошгүй нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, үнэлээгүй байна гэж үзэж байна.

8. Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 болон 106 дугаар зүйлийн 106.3.8 заалтуудыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2019/0013 дугаар шийдвэрийг бүхэлд нь харэгсэхгүй болгож, нахэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуулыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

            10. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор “... банк бус санхүүгийн үйл ажиллагааг шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байхаар шинэчлэн” тогтоож, мөн хорооны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “... Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарь”-ийг баталсан, уг хэм хэмжээний актууд нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 4120, 4121 дугаарт тус тус бүртгэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл дугаар 02-т хэвлэгдсэн, нэхэмжлэгчээс “... банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах гэж 800 сая төгрөг, холбогдох баримтуудыг бүрдүүлээд /байтал/... Санхүүгийн зохицуулах хороо маргаан бүхий тогтоолоор ... 2 тэрбум 500 сая төгрөг болгож огцом нэмэгдүүлснээс энэ төрлийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох тусгай зөвшөөрөл авах миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эдгээр тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй” гэх үндэслэлээр маргажээ.

            11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ж нь “... банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компанид хувьцаа эзэмшдэггүй, ... банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг тус хороонд гаргаж байгаагүй” болох нь тогтоогдсон, уг үйл баримттай талууд маргаагүй байна.

            12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “... захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн ... /талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “... захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох”-оор тус тус заасан тул маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудын улмаас нэхэмжлэгч С.Ж-ын “эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” нөхцөл байдал үүссэн эсэх талаар шүүх зайлшгүй дүгнэх ёстой, тухайн тохиолдолд, Санхүүгийн зохицуулах хорооноос  банк бус санхүүгийн үйл ажиллагааг шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталсаны улмаас нэхэмжлэгч С.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв гэж үзнэ.

            13. Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох” эрхтэй, түүнчлэн, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар “Санхүүгийн зохицуулах хороо ... /банк бус санхүүгийн байгууллагын/ дүрмийн сангийн доод хэмжээг ... /тогтоох/” бүрэн эрхийг хариуцагчид хуулиар олгосон байх тул банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой этгээд нь тус хорооноос тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангах үүрэгтэй, ийнхүү хуулиар олгогдсон эрхийн хүрээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг өсгөж тогтоосон, ийм үйл ажиллагаа одоо эрхэлж буй этгээдүүдэд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн хэм хэмжээний актууд нь “ирээдүйд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой” гэх нэхэмжлэгч С.Ж-ын “энэ төрлийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох тусгай зөвшөөрөл авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж үзэхгүй, “... тусгай зөвшөөрлийн материалаа Санхүүгийн зохицуулах хороонд өгөх гэтэл тухайн үөд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр гарчихсан, хэрэгжиж байсан” нь түүний “эрхийг зөрчиж болзошгүй” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

14. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо маргаан бүхий хэм хэмжээний актуудыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “... төсөлд санал авсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн талаарх” нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч, энэ нь хуульд заасан журмын дагуу хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хэвлэгдсэн хэм хэмжээний актын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх, тухайн актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй нэхэмжлэгч С.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

            15. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийжаргалын “... шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэдгийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн ... тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2019/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө-ын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан С.Ж-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА