Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-21
Дугаар 328
Хэргийн индекс 112/2017/0035/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "З г" ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Г х" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“З г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын

Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын “Г х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгох, “Г х” ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”,

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0412 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “З г” ХХК-ийн захирал Б.Н болон түүний өмгөөлөгч Ө.Онарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1, 38.3.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг тогтоож, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын “Г х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгож, “Г х” ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0412 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З г” ХХК-ийн  “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоож, мөн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 13 дугаар захирамжийн “Г х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус  болохыг тогтоож хүчингүй болгох, “Г х” ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “З г” ХХК-ийн захирал Б.Н болон түүний өмгөөлөгч Ө.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

4. Давж заалдах шатны шүүх “Г х” компанид газар эзэмших эрх олгосон нь хуульд нийцээгүй үйл ажиллагаа хэдий ч Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа тул ... Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 19 дүгээр захирамжаар “Г х” ХХК-д үүссэн газар эзэмших эрхтэй холбоотойгоор “З г” компани нь маргах эрхгүй, “З г” компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй...” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн “... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэж байгааг анхан шатны шүүх анхаарах шаардлагатай байжээ...” гэж өөрийн шийдвэрээ үндэслэсэн.

5. Гэтэл Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоол нь зөвхөн газрын давхцлын маргааныг шийдвэрлэсэн, маргааныг шийдвэрлэхдээ “Г х” компанид газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийсэн, үндэслэсэн юм. Тухайн маргааныг хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Г х” компанийн газар эзэмших, ашиглах эрхтэй эсэхийг хянасны дараа маргааныг хянан шийдвэрлэхээр шийдвэрлэснийг Улсын дээд шүүх тухайн маргаанд хамааралгүй хэмээн үзэж хүчингүй болгож байсан.

6. Харин “З г” компанийн зүгээс Хонгор сумын Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэл нь дээрх хэрэгт огт хамааралгүй, газар эзэмших эрх олгосон захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар, “Г х” компанид газар эзэмших эрх олгоод байгаа захирамж, гэрчилгээ болон эдгээр захирамж, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшээд байгаа “Г х” компанийн газар эзэмших эрх нь хууль ёсны биш гэж үзэж гаргасан нэхэмжлэл юм.

7. Дээрх үндэслэл илт байхад давж заалдах шатны шүүх “... шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа тул “З г” компани нь “Г х” компанийн газар эзэмших эрхтэй холбоотойгоор маргах эрхгүй...” гэж үзсэн нь маргааныг хуулийн дагуу шийдвэрлээгүй, харин огт өөр асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хэт хөтлөгдөн, шүүгч хараат бус байх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн, хэрэглэх ёстой Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль бус шийдвэр болсон.

8. “З г” компани нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бөгөөд ийм хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулалтын журмаар олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй, эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмал эрэх, хайх эрхтэй гэдгийг Ашигт малтмалын тухай хуулиар баталгаажуулан хуульчилсан.

9. “Г х” компани нь “З г” компанид олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн хилийн дотор газар эзэмшиж байгаа үйл баримт нь нэгэнт шүүхээр тогтоогдсон тул бид маргаагүй. Харин “Г х” компанид хайгуулын тусгай зөвшөөрлийн хил дотор газар эзэмших эрх олгосон захиргааны актууд болон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь өөрөө хууль бус, энэ хууль бус актын улмаас манай компанийн “хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх, эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмал эрэх, хайх эрх”-ийг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэдэг үндэслэлийг нотлох баримтын хамт гарган шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан юмаа.

10. “Заамар гуолд” компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сараас эзэмшиж байгаа ба хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 он хүртэл байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно” гэсний дагуу шүүхэд хандсан.

11. “З г” компанитай харилцан хамаарал бүхий “ММНС” компани нь 2015 оны 10 дугаар сараас эхэлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс, “З г” компани нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг болтол “Доод буурт” нэртэй ХҮ-020526 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшиж байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 5 дугаар сарын 5 хүртэл сунгагдсан, хүчин төгөлдөр байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

12. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44 1-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ”, 17 дугаар зйүлйин 17.1.2-т “Улсын Их Хурал нь гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, концессын гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах”, 18 дугаарг зүйлийн 18.1 6-д “дээр заасан газрын зааг, ашиглах журмыг Засгийн газар тогтоох”-оор тус тус хуульчилсан.

13. “З г” хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “Г х” компанитай холбоотой Газрын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан эрхийн акт байгаагүй, харин 2012 онд “Сонгомол хүлэг” компанийн газар эзэмших эрх нь 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 19 тоот захирамжаар дуусгавар болсон байсан.

14. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг”, 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу ... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж... ийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг” гэж тус тус тодорхойлсон. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд эаасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэжээ.

15. Газрын тухай хуулийн дээрх заалтуудас харахад Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх захирамж гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрхгүй байна.

16. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын “Г х” компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 13 тоот захирамж болон түүний хавсралтын “Г х” компанид холбогдох хэсэг ч мөн л эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд байхгүй эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд олгосон захирамж болсон. Мөн “Г х” компани нь газар '”эзэмших” эрхээ сунгуулах хүсэл зоригоо ч илэрхийлээгүй байхад шууд л өөрийн санаачлагаар сунгах захирамж гаргаж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн.

17. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заажээ.

18. Иймээс дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0412 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            20. Нэхэмжлэгч “З г” ХХК-иас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр захирамж, 000322336 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, мөн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дугаар заалт, хавсралтын 5 дахь заалтын “Г х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгуулах, “Г х” ХХК-д олгосон 000346539 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “Г х” ХХК-нд газар эзэмшүүлсэн нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ... хариуцагч Засаг дарга нь 2016 онд газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газар эзэмших эрхгүй этгээдэд шилжүүлсэн, ... 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт өгөөгүй байхад газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэрчилгээ олгосон нь хууль бус” гэх зэргээр маргажээ.

            21. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаар захирамжаар “Хонгор сумын 2 дугаар багийн нутаг, Дээд бууртын орчимд”, усан сан байгуулах зориулалтаар 2.5 га газрыг “Сонгомол хүлэг” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газар эзэмших эрхийг мөн сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр захирамжаар “Г х” ХХК-нд шилжүүлсэн, гуравдагч этгээд “Г х” ХХК нь тухайн үед “гадаадын хөрөнгө оруулалттай” аж ахуйн нэгж байсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх”-ээр, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд, анх 2012 онд бусад этгээдэд үүссэн, маргаан бүхий “Хонгор сумын 2 дугаар багийн нутаг, Дээд бууртын орчимд”, усан сан байгуулах зориулалттай 2.5 га газар” эзэмших эрхийн улмаас “... 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцон нэгдүгээр байр эзэлж маргаан бүхий газарт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авсан” нэхэмжлэгч “З г” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

23. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар нэрлэн зааж, “хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар шаардаж буй захиргааны актууд нь “хууль зөрчсөн”, үүний улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн нь шүүхийн журмаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл бүрдэнэ, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “З г” ХХК-ийн маргаан бүхий газарт холбогдох “эрх, хууль ёсны ашиг сонирхол” нь “2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцож, ... хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сараас эзэмшсэн”-ээр үүссэн гэж үзнэ, энэ нь анх 2012 онд бусдад үүсч, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гуравдагч этгээдэд шилжсэн “эрх, хууль ёсны ашиг сонирхол”-ыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч “З г” ХХК-ийн захирал Б.Наранцэцэг болон түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “... манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хил дотор газар эзэмших эрх олгосон .../-ны улмаас/ манай компани ... ашигт малтмал эрэх, хайх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн”,  “... Засаг дарга нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх захирамж гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрхгүй, ... 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр /газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ/ ... Газрын тухай хуулийн ... /холбогдох заалтууд/-ыг зөрчсөн”, “...эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд байхгүй эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд олгосон, ... газар эзэмших эрхийг өөрийн санаачлагаар сунгах захирамж гаргаж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн”гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

            24. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхойлсон хуулийн заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан зөв тайлбарлаж, хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ маргаан бүхий захиргааны актын улмаас “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар тодорхойлох үүрэгтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх “... захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” зохицуулалттай нийцээгүй байна.

            25. Түүнчлэн, “Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-д олгосон ХV-020526 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г х” ХХК-ийн эзэмшлийн “Үйлдвэрлэлийн зориулалтаар усан сан байгуулах” зориулалтаар олгосон 2.3 га газартай давхцуулж олгосоныг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын ХV-020526 дугаар зөвшөөрөл бүхий талбайгаас “Г х” ХХК-ийн эзэмшлийн 2.3 га газрыг хасаж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг гурван шатны шүүх хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолд “... Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх ... нэхэмжлэгч “Г х” ХХК-д түрүүлж үүссэн, ... “түрүүлж үүссэн эрхийг хамгаалах” зарчмыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн шийдвэр /зөв/” болох талаар дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

          26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу маргаан бүхий газарт түрүүлж үүссэн эрхийн талаар шүүх дахин нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийхгүй, нэхэмжлэгч талын “... манай компанитай харилцан хамаарал бүхий “ММНС” компани нь 2015 оны 10 дугаар сараас эхэлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс, “З г” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс ... хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшиж байгаа..., хайгуулын тусгай зөвшөөрлийн хил дотор “Г х” ХХК-нд газар эзэмших эрх олгосон захиргааны актууд болон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь өөрөө хууль бус” гэх гомдлоор магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

       27. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0412 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “З г” ХХК-ийн захирал Б.Н, өмгөөлөгч Ө.О нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “З г” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА