Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-04
Дугаар 359
Хэргийн индекс 128/2019/0215/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Я.Б
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Э
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

Я.Б-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн

Нийгмийн даатгалын хэлтсийн

улсын байцаагч А.Э-т холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг        

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0442 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч Я.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг  баримтлан нэхэмжлэгч Я.Б-ийн гаргасан  “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0442 магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч Я.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгапын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэсний дагуу иргэн Д.Б-ийн хувийн хэрэгт намайг тэтгэврийг тогтоосноос хойш 4 удаагийн үйлдээр доорх өөрчлөлт орсон байдаг.

4. 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байцаагч Я.Б, хянасан байцаагч А.Т, дарга Д.Б, Тасгийн дарга Б.З, Ерөнхий нягтлан бодогч Л.О нар гарын үсэг зурснаар, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байцаагч (гарын үсэг тодорхойгүй), 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр З.О гэх байцаагч, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байцаагч А.Ц, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байцаагч А.Ц, Хянасан байцаагч А.Э, дарга Б.Ж, Тасгийн дарга Н.Б, Ерөнхий нягтлан бодогч Б.Д гэх мэт албан тушаалтнууд хянаж, 4 удаагийн тэтгэвэр тогтоолтод өөрчлөлт орсон байдаг.

5. Миний бие 2012 онд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаанд Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоосон хэдий ч зөрчлийг 5 жилийн дараах байдлаар тэтгэврийн зөрүү болох 6,362,824 төгрөгийг ганц Я.Б-гаар хариуцуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Б-ийн өндөр насны тэтгэврийн өөрчлөлтүүдийг тухай бүр хийсэн албан тушаалтнуудыг огт буруугүй мэтээр дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан (тэдгээрийн үйлдлийг зөвтгөн) дүгнэлт хийсэн.

7. Мөн “нэхэмжлэгч тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөв хэрэгжүүлээгүйгээс нийгмийн даатгалын санд хохирол учруулсан” гэж дүгнэсэн бөгөөд 5 жилийн хугацаанд ч гэсэн нэр бүхий байцаагч нар ч гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасан “тэтгэврийн өөрчлөлтийг цаг тухайд нь үнэн зөв хийх” чиг үүргээ мөн адил хангалттай хэрэгжүүлээгүйгээс нийгмийн даатгалын санд энэ хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна.

8. Миний бие өөрийн ажиллаж байсан хугацааных буюу 2012 оны 12 сараас 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацааны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин үлдсэн 4 жилийн хугацааныхыг ажиллаж байсан байцаагч бусад холбогдох албан тушаалтнаар хариуцуулах нь зүйтэй гэж маргасан байхад “нийгмийн даатгалын байцаагч үндсэн чиг үүргээ гүйцэтгээгүйгээр нийгмийн даатгалын санд хохирол учирсан” гэж дүгнэхээс гадна иргэн Д.Б-ийн өндөр насны тэтгэвэр тогтоосны дараа буюу 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох шалгалт хийж, тэтгэвэр олголтын хувийн хэргийг шалгаж “шалгав” тэмдэг дарж зөрчилгүй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр “тэтгэвэр олголт” гэдэг зүйл ганц тэтгэврийн байцаагчийн бодолтод тулгуурлан олгогддоггүй, эрх бүхий албан тушаалтнууд (тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга) хянасны үндсэн дээр олгогддог тухай байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод “тэтгэврийн бодолтыг хуулийн зохих заалтын дагуу хийж тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар хянуулан эзэнд нь танилцуулж дэвтрийг олгох” гэж заасныг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

9. Маргаан бүхий Захиргааны акт нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гарсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан байтал Я.Б-д захиргааны акт гарсан тухай мэдэгдээгүй, танилцуулаагүй, жирэмсний амралттай буцаж ажилдаа орох эрхээр хангахгүйгээр хариуцагч байгууллагаас “актаар тогтоосон төлбөрөө төл” гэж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаж байгааг та бүхэн анхаарч үзнэ үү.

10. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмж” гэж нийгмийн даатгалын байгууллагын ажилтан албан үүрэгтээ хайнга хандсанаас шалтгаалан тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон, эсхүл тогтоогдсон хэмжээнээс илүү олгогдсон байхыг хэлнэ” гэж тайлбарласнаас үзвэл анх тогтоосон байцаагчийг ойлгоно гэж тайлбарлаагүй байна.

11. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            13. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актаар “... нэр бүхий 45 хүнд илүү олгосон 42219700 төгрөгийг ... нийгмийн даатгалын байцаагч болон байцаагчаар ажиллаж байсан холбогдох хүмүүсээр хариуцан төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн, уг актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсэгт “...иргэн Д.Баатардоржид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.3.5 заалтыг зөрчиж энгийн, цэргийн жил давхардаж орсон” гэх зөрчлийн улмаас “... нэг сард 167312 төгрөгийн тэтгэвэрийн зөрүү, ... 52 сар тэтгэвэр авсан, нийт 6,362,824 төгрөгийн өндөр насны тэтгэвэр илүү олгосон” болох нь тогтоогдож, уг төлбөрийг 2012 онд Д.Б-ийн тэтгэвэрийг өөрчлөн тогтоосон байцаагч Я.Б-д хариуцуулсан, хэргийн оролцогчид уг зөрчил гарсан эсэх болон төлбөрийн дүнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч Я.Б-аас“...  тэтгэврийн байцаагч тэтгэврийн бодолтыг хийж, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар хянуулж эцсийн байдлаар тэтгэврийг тогтоодог... байхад ганц надад хариуцуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ... хууль бус” гэж маргажээ.

            14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, иргэн Д.Баатардоржоос 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “... тэтгэвэрээ өөрчлөн тогтоолгох” хүсэлт гаргасны дагуу тэтгэвэрийн байцаагч Я.Б 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Д.Б-ийн энгийн байгууллагад ажилласан жил, цэргийн байгууллагад ажилласан жилийг давхардуулан нийт 21 жил, 8 сараар” тооцож “тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг үйлдсэн, уг хуудсыг “... байцаагч А.Т /хянаж/”, Ерөнхий нягтлан бодогч, Тасгийн дарга, дарга гэх 3 албан тушаалтан баталгаажуулсан, үүний дараа иргэн Д.Б-ийн тэтгэвэрийг 2014 оны 03 дугаар сарын 20, 2015 оны 03 дугаар сарын 10, 2015 оны 08 дугаар сарын 28, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус өөрчлөн тогтоож байжээ.

            15. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар “тэтгэвэрийн байцаагч” Я.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс “орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагч”-ийн албан тушаалд томилсон,  мөн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар “... /жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан/ Я.Б-д 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө олгож” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Я.Б-аас“анх 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Б-ийн тэтгэвэрийг өөрчлөн тогтоохдоо хугацааг алдаатай тооцож тогтоосон” үйл баримттай маргаагүй, харин “... анх тэтгэвэрийг өөрчлөн тогтоосон актыг хянаж баталгаажуулсан бусад албан тушаалтнуудад хамтад нь хариуцуулаагүй, ... 2013 оны 09 дүгээр сараас эхлэн өөр ажилд шилжин ажилласан ... /байхад/ 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 52 сард илүү олгогдсон нийт төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн” гэж маргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

            16. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “... нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцах”-аар заасан, тухайн тохиолдолд, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэн Д.Б-ийн тэтгэвэрийг 2014-2017 оны хооронд 4 удаа өөрчлөн тогтоохдоо дээрх алдааг засаагүй атлаа “...2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 52 сарын туршид тэтгэвэр илүү олгосон” зөрчилд зөвхөн Я.Б-г буруутгаж, уг хугацааны туршид илүү олгосон нийт нийт 6,362,824 төгрөгийн тэтгэвэрийг нөхөн төлүүлэхээр түүнд хариуцуулсан нь буруу, хуулийн дээрх заалтад тодорхойлсон “гэм буруутай албан тушаалтан” гэдэгт алдаатай “тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг анх үйлдсэн байцаагчаас гадна, түүнийг хянасан, баталгаажуулсан албан тушаалтнуудыг нийтэд хамааруулан авч үзэх нь зөв байна.

            17. Анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан “...гэм буруутай албан тушаалтан” гэдгийг зөвхөн нэхэмжлэгч Я.Б-д хамаатуулан авч үзсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн “... иргэн Д.Баатардоржийн өндөр насны тэтгэврийн өөрчлөлтүүдийг тухай бүр хийсэн албан тушаалтнуудыг огт буруугүй мэтээр шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарласан” гэх гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.

            18. Хэдийгээр тэтгэвэр илүү олгосон зөрчил тогтоогдсон боловч маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар актаар тогтоосон “илүү олгосон 6,362,824 төгрөгийн төлбөр”-ийг хэн хэн хариуцан, ямар хэмжээгээр хуваан төлөх талаар цаашид тодруулах шаардлагатай, уг асуудлыг шүүх шууд тогтоох боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл ... түдгэлзүүлэх”-ээр заасны дагуу маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0442 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Б-д холбогдох хэсгийг энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргахгүй бол хүчингүй болохыг дурдсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА