Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-21
Дугаар 334
Хэргийн индекс 110/2018/0065/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч М.А
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэн
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

 М.А-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын

Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын

 салбарын төсөв хариуцсан мэргэжилтэнд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.К-ын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн М.А надад 12 сарын тэтгэмж олгох тухай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.А-д даалгах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШШ2019/0021 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0349 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШШ2019/0021 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 3 дугаар зүйлийн 3.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн боловсрол, соёлын төсвийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ж.А-д холбогдуулан гаргасан Дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.К-ын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн М.А надад 12 сарын тэтгэмж олгох тухай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.А-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0349 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Боловсролын байгууллагад ажиллаж тэтгэвэрт гарч байгаа учраас Боловсролын тухай хуульд заасны дагуу хувь тэнцүүлэн 12 сарын тэтгэмжийг авахаар болж байсан боловч аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 6 сарын тэтгэмжийг дутуу олгосны улмаас хуулийн дагуу авах ёстой тэтгэмжээ авч чадалгүй хохирч байна. Би 33 жил улсад ажилласны дараа өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Үүнээс боловсролын салбарт 15 жил 3 сар ажилласан. Боловсролын салбарт 15 жил ажилласан хүний хувьд Боловсролын тухай хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахыг хүссэн билээ.

4. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын байгууллагад энэ асуудлаар өргөдөл гаргахад тус байгууллагын дарга “...Танд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох нь зүйтэй” гэсэн агуулгатай хариу өгсөн. Дараа нь би аймгийн Засаг дарга А.Г-д орж энэ асуудлыг танилцуулахад, А.К орлогч даргад өргөдлийг маань шилжүүлж өгсөн. Төсөв мөнгө хариуцсан аймгийн Засаг даргын орлогч А.К нь “надад дутуу олгосон 6 сарын тэтгэмжийг олгож өг” гэж мэргэжилтэн Ж.А-д цохолт бичиж өгсөн. Гэтэл мэргэжилтэн Ж.А нь Төсөв мөнгө хариуцсан аймгийн Засаг даргын орлогч А.К-ийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа юм. Санхүүгийн хяналт, аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Хайратханы гэрчийн мэдүүлэгт “... М.А нь 12 сарын нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг хувь тэнцүүлэн хэрэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 25 жил ажилласан хүнд 25 жил, 13 жил ажилласан хүнд 13 жил гэх байдлаар хувь тэнцүүлэн тогтоож болно” гэж мэдүүлсэн байсан нь миний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг харуулж байгаа юм. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5-д “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэсэн заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн л нэг удаагийн тэтгэмж авна гэж шууд утгаар нь ойлгож хэрэглэх нь буруу юм. Миний бие улсад 33 жил ажилласан бөгөөд Боловсролын салбарт буюу 3.1.15-д заасан албан тушаалд 15 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэтэл надад чиний улсад 33 жил ажилласан нь огт хамаагүй, Боловсролын салбарт 25 жил ажиллаагүй учраас нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй гэх маягаар хандаж байгаа нь шударга бус байна. Аудитын улсын ахлах байцаагч нь хүртэл дээрх хуульд заасан хугацааны болзлыг хангаагүй бол хувь тэнцүүлэн олгох боломжтой гэдгээ хэлж байгаа. Дээрээс нь аймгийн Засаг даргын төсөв санхүү хариуцсан орлогч нь хүртэл хувь тэнцүүлэн 12 сараар нэг удаагийн тэтгэмжийг олгохыг шаардаж байхад мэргэжилтэн Ж.А-ын заавал 25 жил ажилласан хүнд тэтгэмж олгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хүн хөдөлмөрлөх эрхтэй, хөдөлмөрийн үр шимээ хүртэх эрхтэй, удаан жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж авах эрх нь байгаа гэж бодож байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалуудад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч М.А “Дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.К-ын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн М.А надад 12 сарын тэтгэмж олгох тухай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.А-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Боловсролын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, Боловсролын тухай хуульд заасны дагуу хувь тэнцүүлэн 12 сарын тэтгэмжийг авахаар болсон боловч аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 6 сарын тэтгэмжийг дутуу олгосны улмаас хуулийн дагуу авах ёстой тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна” гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчийн “...Миний бие улсад 33 жил ажилласан бөгөөд Боловсролын салбарт буюу 3.1.15-д заасан албан тушаалд 15 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэтэл чиний улсад 33 жил ажилласан нь огт хамаагүй, Боловсролын салбарт 25 жил ажиллаагүй учраас нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй гэж хандаж буй нь шударга бус” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

9. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т “боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг ойлгоно”, 43 дугаар зүйлийн 43.5-д “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэж хуульчилсан.

10. Хуулийн дээрх зохицуулалтаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан боловсролын туслах ажилтан нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч М.А-ы тухайд, тэрээр ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр 15 жил 1 сар ажилласан нь тогтоогдсон учир хуульд заасан шаардлага болох ерөнхий боловсролын сургуульд 25 ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг хангахгүй гэж үзнэ.     

11. Түүнчлэн, аймгийн Засаг даргын орлогч А.К-ын “Санхүүгийн хяналт, аудитын албанаас гарсан шийдвэрийг үндэслэн М.А-д тэтгэмжийг 12 сараар олгоё” гэсэн нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасантай нийцээгүй, хариуцагч Ж.А нь нэхэмжлэгч М.А-д хууль зөрчиж, улсад 33 жил ажилласан гэдгээр нь, 12 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хариуцагчийн, дээд шатны албан тушаалтны хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэхээс татгалзсаныг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй талаар 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.        

12. Харин анхан шатны шүүх, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0349 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА