Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-10-28
Дугаар 346
Хэргийн индекс 128/2019/0155/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн даргад
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“Ж д ж т м х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны

газар болон тус газрын Кадастрын хэлтсийн

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон “захиргааны акт”-ын улмаас учирсан хохирлыг барагдуулахгүй байгаа хариуцагчийн “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал 383 119 948, 6 төгрөг, ерөнхий эрэл хайгуулын ажил, гидрогеологийн төлөв байдал, усны эрэл хайгуулын ажлын зардал 44 740 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авах ажлын хөлс 6 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг буюу нийт 434 130 148, 6 төгрөгийг “хохирол”-д тооцон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн даргаас гаргуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0332 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0427 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0332 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 20 дугаар зүйлийн 20.3, 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ж д ж т м х” ХХК (ГХО)-д олгосон байсан XV-019690 тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох сонгон шалгаруулалтын үнэ, тусгай зөвшөөрлийн төлбөр, эрх олгох үйлчилгээний хөлс болон захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ж д ж т м х” ХХК /ГХО/-аас малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэнд төлсөн 375,378,285, XV-019690 тоот тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт төлсөн 1,581,000, 2 дахь жилийн төлбөрт төлсөн 3,160,663.6, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн 3,000,000, нийт 383,119,948.6 /гурван зуун наян гурван сая нэг зуун арван есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 23,500,000.00 /хорин гурван сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0427 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанид олгосон байсан XV-019690 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал болох 383,119,948.6 төгрөг, Ерөнхий эрэл хайгуулын ажил, Гидрогеологийн төлөв байдал, Усны эрэл ажлын зардал болох 44,740,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал 6,200,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 434,130,148 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... Ийнхүү шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосонтой холбоотойгоор учирсан хохирлоо шаардсаныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх боломжгүй болно...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д тус тус заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болон хяналт тавьж байсан цаг хугацааны турш нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагч маргах боломж, үндэслэлгүй байгаа байдал нь захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамт хохирлоо шаардсан мөн шаардаж буй хохирлын хэмжээ ямар нэгэн маргаангүй байгаа нь хэрэг цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбар зэргээс нотлогдож байгаа төдийгүй дээрх шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан шаардлагад хамаарах юм.

4. Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид санхүү, эдийн засаг, цаг хугацааны хувьд бодит хохирол учирсан хариуцагчийн зүгээс хэрхэн шийдвэрлэх талаар хууль ёсны зохих алхмуудыг хийж, хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмаар хамгаалагдах ёстой юм. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамааран тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус болсон байхад нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй, холбогдох байгууллагад хүсэлт уламжлаагүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус юм.

5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан нөхцөл, шаардлагад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг олон талын эх сурвалжаас бодит байдал үйл баримт, он цагийн дарааллаар тал бүрээс нь бүрэн гүйцэд судлан, холбогдох хуулиудад нийцүүлэн зөв тайлбарлан, дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 332 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон “захиргааны акт”-ын улмаас учирсан хохирлыг барагдуулахгүй байгаа хариуцагчийн “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгох, түүнчлэн, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гаргасан зардал 383 119 948, 6 төгрөг, ерөнхий эрэл хайгуулын ажил, гидрогеологийн төлөв байдал, усны эрэл хайгуулын ажлын зардал 44 740 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авах ажлын хөлс 6 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг зэрэгт зарцуулсан гэх нийт 434 130 148, 6 төгрөгийг “хохирол”-д тооцон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн даргаас гаргуулахаар “Ж д ж т м х” ХХК нь нэхэмжилжээ.

7. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан, Ашигт малтмалын газраас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, зохион байгуулж явуулсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Худагт” нэртэй газрын 10898.84 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад “Жин дэ жюн туо майнинг” /Жэн дэ жюн туо майнинг хөгжил/ ХХК-ийг ялагчаар шалгаруулж, хайгуул хийх эрх олгосон олгосон Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын үнэлгээний комиссын дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын болон Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг 3 шатны шүүх хянаж “хууль бус” болохыг тогтоож, хүчингүй болгосон, иймээс уг захиргааны шийдвэр, үйл ажиллагаагаар учирсан хохирлыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 217 дугаар шийдвэрээр “Жин дэ жюн туо майнинг” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 840 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын тус талбайд “Си Өү Эй Эл” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь “сонгон шалгаруулалтын үнийн санал, үйлчилгээний хөлс, сонгон шалгаруулалтын журмаар авсан хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, эрэл хайгуулын ажилд зарцуулсан зардал” зэргээ буцаан авахыг хүсч албан бичгээр удаа дараа хариуцагчид хандаж хүсэлтээ гаргасан, хариуцагч үүнийг шийдвэрлэж, хариу өгөөгүй зэрэг нь тогтоогдсон байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд “захиргааны акт”-тай хамтатган, энэ тохиолдлын хувьд захиргааны байгууллагын “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган “хохирол”-ыг нэхэмжилсэн байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн юм.

10. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргах үүрэгтэй, нэхэмжлэгч “Ж д ж т м х” ХХК нь захиргааны байгууллагын “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй хамтатган “хохирол”-ыг нэхэмжилсэн, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаар хамтатган нэхэмжилсэн “хохирол”-ыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой.

11. Гэтэл, давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар тодорхойлсны зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу “захиргааны акт”-тай хамтатган нэхэмжилсэн “хохирол”-ыг тогтоогдсон хэмжээгээр гаргуулж шийдвэрлэх эрх хэмжээ захиргааны хэргийн шүүхэд байхад мөн хуулийн 106.6-д “захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас бүхэлд нь татгалзаж, хэргийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгох үндэстэй.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7849 дүгээр мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 1 581 000 төгрөг, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, сонгон шалгаруулалтын үнийн санал 375 378 285 төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд 2 дахь жилийн төлбөрт 3 160 663.6 төгрөг тус тус төлсөн нь тогтоогдсон, эдгээр бодит “хохирол”-той хариуцагчаас маргаагүй бөгөөд холбогдох баримтаар нотлогдсон уг хохирлыг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасанд нийцсэн байна.

13. Харин, нэхэмжлэгчийн “ерөнхий эрэл хайгуул, гидрогеологийн төлөв байдал, усны эрлийн ажлын зардалд зарцуулсан” гэх 44 740 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, хэмжээний талаар маргаантай гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байхад шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад учруулсан гэм хор хорыг арилгах зохицуулалтыг тус маргаанд хамаатуулан буруу тайлбарлан хэрэглэжээ.

14. Иймээс, “хохирол” нэхэмжилсэн уг шаардлагыг анхан шатны шүүх хувийн эрх зүйн харилцаанд хамааралтай “гэм хор” учруулсны хохирол мэтээр дүгнэж, дүгнэвэл зохих захиргааны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан “хохирол”, түүний хэмжээний талаар дүгнээгүй учир шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг олгож, үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

15. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх, захиргааны хууль бус үйл ажиллагаатай хамтатган нэхэмжилсэн “хохирол”-ын хувьд шаардаж буй хохирлын хэмжээ ямар нэгэн маргаангүй бол захиргааны хэргийн шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэх мэтээр өрөөсгөл дүгнэсэн нь анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж, гаргах шийдвэрийн төрлийн нэг болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэсэнд нийцэхгүй, уг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон буруу.

16. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0427 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0332 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 51.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Ж д ж т м х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс, сонгон шалгаруулалтын үнийн санал зэрэгт төлсөн 383 119 948.6 /гурван зуун наян гурван сая нэг зуун арван есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг буцаан олгохыг хариуцагчид даалгаж, ерөнхий эрэл хайгуулын ажил, гидрогеологийн төлөв байдал, усны эрэл ажлын зардал болох 44 740 000 /дөчин дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх 6 270 200 /зургаан сая хоёр зуун далан мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ