Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-11-04
Дугаар 355
Хэргийн индекс 128/2019/0007/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч "МТ п"
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Л.Н
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“МТ п”” ХХК-ийн гомдлын шаардлагатай,

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн

орлого, хяналтын газрын татварын улсын

байцаагч Ж.Э, Л.Н нарт

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Эрдэнэтуул, Л.Нарантуяа нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоогдсон нөхцөл байдал 2, 3, 4, 5 дахь хэсгийн “МТ п”” ХХК-д 19.984.809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0451 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, С.Ц, Н.М,

Хариуцагч Ж.Э, Л.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “МТ п”” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Л.Н нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Эрдэнэтуул, Л.Нарантуяа нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаар тэмдэглэл /шийтгэлийн хуудас/-ийн тогтоогдсон нөхцөл байдал 2, 3, 4, 5 дахь хэсгийн “МТ п”” ХХК-д 19.984.809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0451 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “МТ п”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “МТ п”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Манай компанийн нэр дээр байгаа өрөнд авсан хоёр газар нь өмчлөх эрхийн бус эзэмших эрхийн гэрчилгээтэй тул дараах үндэслэлээр нягтлан бодох бүртгэл, татварын тайланд тусгагдсан. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д татвар төлөгч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй байна. Тиймээс Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-38-д НББОУС-аар биет бус хөрөнгийн бүртгэлийг тодорхойлдог. Биет бус хөрөнгө нь биет бус шинж чанартай, тодорхойлж болохуйц (гэрээ болон бусад хуулийн эрхээс үүсэлтэй) мөнгөн бус хөрөнгө байна. Тодорхой нөхцөлийг хангасан биет бус хөрөнгийн анхны бүртгэл нь өртгийн аргаар байх ба явцын дунд өртөг болон дахин үнэлгээний аргаар бүртгэгдэж болно. Биет бус хөрөнгийн хугацаа нь тодорхой бус байгаа тохиолдолд хорогдол тооцохгүй ба бусад тохиолдолд өгөгдсөн хугацаа (гэрээ. гэрчилгээний хугацаа) жигд тааруулж тооцно /38.12. 38.1, 38.8/, Нэгэнт хуулиар даалгасан үүргийнхээ хүрээнд бүртгэл хөтлөлт, тайлан тэнцлээ гаргасан байх тул эдгээр газар эзэмшлийн гэрээгээр ашиглаж байгаа, төрийн өмчийн газар учраас бидэнд ямар нэг байдлаар өмчлөх эрх үүсээгүй учраас түүнийг өөрийн өмчлөлд байгаа мэтээр бүртгэх үндэслэлгүй. Иймээс ААНОАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь хэсэгт ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/, Хүчин төгөлдөр байх хугацаанд гэж зааснаар шүүх огт харгалзан үзээгүй болно.

4. Манай компани “С” ХХК-д шатахуун борлуулсан бөгөөд шатахууны авлагаа барагдуулахгүйн улмаас нилээн хугацааг өнгөрөөсөн бөгөөд шүүхийн шийдвэр гарсаны дараа ч төлбөр хийгдэхгүй байсан тул “С” ХХК-аас авах авлагаа “М т” ХХК-д шилжүүлэн өгснийг бараа ажил үйлчилгээг хийсэн мэтээр тайлбарлан НӨАТ ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Манай тохиолдолд борлуулалтын гэрээний дагуу НӨАТ тооцсон шатахууны төлбөрөө /авлагаа/ зөвхөн мөнгөөр авч, авлагыг Магнай трейд ХХК-д шилжүүлсэн үйлдэл юм. Энэхүү авлагаас бусдаас авсны төлөө мөнгөнд НӨАТ ногдуулна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн аяган суурь болон хашааг жинхэнэ борлуулагч манайх биш тул магадгүй “С” ХХК борлуулсан учраас тэдний орлогод НӨАТ ногдохыг үгүйсгэхгүй юм.

5. Манай компани “А с с” ХХК болон “Б о” ХХК-уудад шатахуун борлуулсан бөгөөд авлагаа мөнгөн хөрөнгөөр барагдуулах боломжгүй гэсэн байдлаар цаашид хугацаа алдаж байсан учраас бид “М т” ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх” гэрээгээр уг авлагуудыг шилжүүлсэн бөгөөд үүний дараа “М т” ХХК нь тухайн компаниудаас шилжин ирсэн авлагадаа 3 ширхэг орон сууц авч, өөрийн ажилчдадаа бэлэглэсэн байдаг. Тухайн орон сууцнуудыг “Алтан сүлжээ системс” болон “Бөхчулуун орд” ХХК-иудад борлуулсан бөгөөд хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан этгээд буюу тухайн “А с с” ХХК, “Б о” ХХК-ууд хариуцан төлөх үүрэгтэй байдаг. Үүнийг шүүх манай компанийг борлуулсан мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

6. Татварын улсын байцаагч нар зөрчлийн хэрэг нээн холбогдогч буюу манай компанид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3,1 дүгээр зүйлд эрхийг хангаж, ямар зөрчил хэрхэн хобогдож байгаа болон эрх тайлбарлан өгөөгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж, зөрчлийн хэрэгт холбогдсон танилцуулсан баримт байхгүй бөгөөд одоо ч ямар заалт зөрчсөн нь ойлгомжгүй хэвээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд манай компанийг буруутай гэж үзсэн бол Зөрчлийн тухай хуулийн /1.4 дүгээр зүйлийн 4-т.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн. зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шаан хэрэглэнэ./ гэж заасны дагуу манай компанийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн /1.9 дүгээр зүйлийн 1,2.3өрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;/ заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолон хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байхад энэхүү хуулийг огт хэрэглээгүй болно.

7. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0451 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ж.Э, Л.Н нар “МТ п”” ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт,төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2-т заасныг зөрчсөн гэх 6 төрлийн 1,639,699,981.0 төгрөгийн зөрчил илрүүлж, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820026 дугаар шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.3-т заасны дагуу 44,507,848.4 төгрөгийн нөхөн татвар, 17,947,728.6 төгрөгийн торгууль, 21,714,059.0 төгрөгийн алданги нийт 84,169,636.0 төгрөгийн төлбөр ногдуулсныг, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор “татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнчлэн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд ногдуулсан торгууль, алдангийг өршөөсөн” зэргээр төлбөрийн хэмжээг бууруулан 19,984,809.3 төгрөг төлүүлэхээр өөрчилжээ.

10. Гомдол гаргагч нь татварын зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй, үндэслэлээ Татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж маргасан байна.

11. Харин, “хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татваруудыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй” гэх зөрчлөө хүлээн зөвшөөрсөн ба маргасан хүрээнд нь Татварын маргаан таслах зөвлөл шийдвэрлэж, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өмнөх уг зөрчилд ногдуулсан торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж “өршөөсөн”, энэ асуудлаар хяналтын гомдол гараагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

12. Гомдол гаргагч нь 2016 оны данс бүртгэлдээ тусгасан 209,536,577.94 төгрөгийн үнэлгээ бүхий газарт “элэгдлийн шимтгэл”-ийг 9,182,992.4 төгрөгөөр тооцсон, үндэслэлээ “гэрээний үндсэн дээр бий болсон гэрчилгээг даган өртгөөр биет бус хөрөнгө гэж бүртгэсэн, ашиглах хугацаанд элэгдэл байгуулах ёстой” гэж маргасан боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “газар, бараа, материалын нөөцөд элэгдэл хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж “газар”-т элэгдэл тооцохгүй болохыг тусгайлан заасан, мөн зүйлийн 13 дугаар зүйлийн 13.2-т “үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах байдлаар байгуулна: ...5/ ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ гэж зааснаас үзэхэд, уг заалт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай байна.

13. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.2.5 дахь хэсгийн хүчин төгөлдөр байх хугацаанд гэснийг шүүх харгалзан үзээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

14. Түүнчлэн, “С” ХХК-иас авах 32,713,960.0 төгрөгийн авлага, “А с с” болон “Б” ХХК-иудаас авах 299,931,000.0 төгрөгийн “авлага”-уудаа тэр чигт нь өөрийн хамаарал бүхий “Магнай трейд” компани руу шилжүүлсэн гэх баримтгүй, харин уг авлагуудад тооцон авсан суурь аяга, бетонон хашаа, 3 ширхэг орон сууц зэргийг орлогод авалгүйгээр “бодитойгоор” шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.3.3, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.5-д заасны дагуу татвар ногдуулан төсөвт төлөх үүрэгтэй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.

15. Үүний зэрэгцээ, Зөрчлийн тухай хуулийн 11.19-д тодорхойлсон “хариуцлага”-ын хэмжээ хөнгөрөөгүй, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “хуульд өөрөөр заагаагүй бол” гэснээс үзвэл, татварын хариуцлага хүлээлгэхэд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т тусгайлан тогтоосон “татвар ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, ... татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэснийг баримтлах тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолон хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байхад энэхүү хуулийг огт хэрэглээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

16. Иймд, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “МТ п”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/03451 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ